“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэж, санал солилцлоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран өчигдөр /2019.03.14/ “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 17 хуулийн төслийн хамт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Тйимээс хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтууд, Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн санал, дүгнэлт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар баримтлах байр суурийг сонслоо. Тус хуулийн шинэчилсэн найруулгад дараах өөрчлөлтийг оруулах шаардлага үүсэнийг онцлов. Үүнд 

  • Ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн зохистой тэнцвэрт байдлыг бий болгох;
  • Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах;
  • Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох,
  • Мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох;
  • Төрөөс хөдөлмөрийн харилцаанд тавих хяналтыг Олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өөрчлөх зэрэг болно.  

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны баримтлах байр суурийг тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалын талаарх хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талын харилцан ойлголцлын баримт бичиг”-ийг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. МҮЭ-ийн холбооноос гаргах үндсэн саналын хувьд, салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүрэгтэй байхыг баталгаажуулах нь зүйтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажил олгогч, ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллуулах зохицуулалт оруулах хэрэгтэй. Учир нь, одоогийн үйлчилж буй хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тохиолдолд буюу байгалийн гамшиг, осол аюул, улс орны батлан хамгаалах зэрэгтэй холбоотойгоос бусад тохиолдолд илүү цагаар ажиллуулахыг хориглосон зохицуулалтыг дордуулсан. Үйлдвэрлэлийн ослын хувьд, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох” зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй. Мөн Маргааныг шийдвэрлэх хугацааны хувьд хэт сунжирч маргааны ач холбогдол алдагдана. /Одоогийн хуулиар хамтын маргаан 30 хоногт шийдэгдэж байгаа, ганцаарчилсан маргааныг 1 жилийн дотор шийдэж байгаа/ гэлээ. 

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Монголын ажил олгогч эздийн баримталж буй чиглэл, байр суурийг танилцуулав. Тэрээр, Хөдөлмөрийн хууль нь эдийн засгийн хөгжилд хүндрэл учруулаад зогсохгүй, ялангуяа хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд саад болох болов. Иймд шинэчилсэн хуулийн нэмэлтээр хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хоорондын харилцан үл итгэлцэлийг арилган баталгаажуулж,  хардалт, элдэв хэлбэрийн улс төржилт, хариуцлагагүйн зуд ноёрхсон өнөөгийн нөхцөл байдлыг, тухайлбал  ажилласан ч биш, ажиллаагүй ч биш тогтолцоог арилгаж, ажил хийвэл хийсэн шиг хийдэг, ажил хийлгэсэн бол өгсөн шиг өгдөг нийгмийн хариуцлагатай хөдөлмөрийн харилцааны шинэ тогтолцоог  бий болгох хуулийг батлуулах байр суурийг бид дэмжиж байна. Цаашид ажил олгогчоо, ажилтнаа аль алиныг нь хариуцлагатай байхыг хуулиар батлан гаргахад анхаарах хэрэгтэй хэмээв.  

Хэлэлцүүлгийн үеэр ажил олгогч болоод хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллөөс шинэчилсэн найруулгад илүү цагийн тухай заалтад нарийвчлал хийх шаардлагатайг онцолж байв. Мөн энэ хуулийн зарим заалт нь “уриа” төдий л болсон харагдаж байна. Энэ нь ажил хийх сонирхол, эрмэлзэллийг бууруулдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд хүний эрх, ашгийг хамгаалах бус хүнийг ажил хийлгэх тал руу чиглэсэн хууль байх нь зүйтэй. Эс бөгөөс өмнөх хуулийг мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Түүнчлэн, хуулийн 45.1.2 гэсэн заалтыг хасах санал гаргаж байв, учир нь ажилтан нь сонирхолгүйн улмаас ажлаас гарсан тохиолдолд ажил олгогч нь заавал тэтгэмж олгох үүрэг хүлээдэг. Энэ нь хэн дуртай нь ажилд бүртгүүлээд хэсэг хугацааны дараа ажлаас гарч, тэтгэмж авдаг тогтолцоог бий болгох хуулийн заалт болоод байна. Мөн шинэ ажилтан дадлага, туршлагатай болсны дараа ажил хаях тохиолдол түгээмэл, түүнд хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт байхгүй байна гэлээ. 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.