Г.Мөнхшатар: Гадаадад чанартай боловсрол эзэмшсэн залуус харь элэгтэй болж, монголоо зорихгүй байгаад эмзэглэдэг

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлиний Техникийн их сургуульд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мастерт суралцаж буй Г.Мөнхшатартай Германд хэрхэн суралцах талаар ярилцлаа. Берлиний Техникийн их сургууль дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалтад багтдаг билээ.

- Герман хэлийг хэрхэн суралцаж,  их сургуульд тэнцэж чадсан бэ?

- Би Монголд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Герман хэлний анхан шатанд суралцсан. Үүний дараагаар Zukunft Deutschzentrum герман хэлний сургалтын төвд үргэжлүүлэн суралцаж, АPS (Германы Дээд боловсролын хяналтын алба) болон бусад шалгалтууддаа бэлдсэн. Ингээд Германд анх хэлний курсын урилгаар ирж их сургуулийн харьяа хэлний курст суралцаж, Герман хэлний DSH (Deutsche Sprachprüfung für den Hochschulzugang)  шалгалтад тэнцсэнээр их сургуульдаа орсон.

- Герман хэлний түвшин, их сургуульд суралцах боломжийн талаар тайлбарлах уу? 

- Герман хэл А1, А2 В1, В2 С1, С2 гэсэн 6 түвшинтэй. А- анхан, В –дунд шат, С-ахисан буюу их сургуульд шаардлагатай хэлний түвшин. Германы их дээд  сургуульд бүртгүүлж урилгаа авахын тулд хамгийн багадаа В1 түвшний хэлний мэдлэг түүнийг батлах албан ёсны сертификатыг шаардах бѳгѳѳд Uni-Assist /https://www.uni-assist.de/ гэдэг байгууллагаар дамжуулан сургуульд орох ѳргѳдлѳѳ явуулдаг.  Энэ байгууллага нь таныг германы их сургуульд суралцах шаардлагыг хангасан эсэхийг шалгаж үзээд, хэрвээ тэнцсэн тохиолдолд таны хүсэлт гаргасан сургууль руу материалыг дамжуулна. Ингээд их сургууль таны материалыг дахин шалгаж үзээд тавигдах шаардлагуудыг хангасан тохиолдолд суралцах урилга өгдөг. Гэхдээ тухайн сургуулийнхаа хэлний шаардлагыг хангасан тохиолдолд шууд сонгосон мэргэжлээрээ сурч болно.

- Герман хэлний шалгалтуудын талаар хэлээч?

- Германы ихэнх их дээд сургуульд ороход DSH, Testdaf гэсэн 2 гол хэлний шалгалтын шаардлагатай оноог шаарддаг. Энэ нь хамгийн багадаа DSH 2, Testdaf 4 буюу дундаас дээш хэлний түвшин юм. Үүнээс гадна Гетёгийн С1, 2 түвшин, Герман хэлний чиглэлээр их сургууль төгссөн болон бусад шаардлага хангах хэлний шалгалтын сертификатыг мѳн хүлээн зѳвшѳѳрдѳг. DSH нь тухайн их сургууль өөрөө боловсруулж авдаг шалгалт юм. Харин Testdaf /https://www.testdaf.de/fuer-teilnehmende/die-pruefung/pruefungstermine/  нь дэлхий даяар нэг цагт зохион байгуулж авдаг сонсох, бичих, ярих, унших чадварыг шалгадаг шалгалт юм. Эдгээр шалгалтуудын  нь бүртгэлийн хураамж нь тухайн сургууль болон аль улсад авч байгаагаас хамаарч ѳѳр ѳѳр байдаг.

- Та герман хэлийг ямар хугацаанд сурсан бэ?   

- Герман хэлийг сурахад тийм ч амар байгаагүй. Сурах гэж байгаа хүний өөрийн хичээл зүтгэлээс маш их шалтгаална. Би одоо ч гэсэн Герман хэлний чадвараа сайжруулсаар л байна. Миний хувьд их сургуульд суралцах түвшинд хүртлээ Монгол болон Германд /ажил, хичээлийн хажуугаар суралцсан/ ойролцоогоор  2 жилийн хугацаа зарцуулсан. 

- Герман хэлийг Монголд, Германд суралцах ялгаатай байх? 

- Монгол хүүхдүүдийн хэл сурахад хамгийн том саад болж байгаа зүйл бол ичимхий зан. Олон орны хүүхдүүдтэй хамт хэл сурахад ямар ч ичих зүйлгүйгээр буруу зөв ярьж, чөлөөтэй суралцдаг. Гэтэл Монгол хүүхдүүд буруу ярьчих вий гэсэн айдсаасаа болоод хэл сурахад хүндрэл учирдаг. Тиймээс хэл сурахад ичимхий зангаа шууд орхих хэрэгтэй. Монгол болон Германд хэл суралцах нь өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Монголд герман хэлийг хямд зардлаар суралцах боломжтой байдаг.

Монголд герман хэлийг хямд зардлаар суралцах боломжтой байдаг.

Тухайлбал, Монголд хэлний курст суралцахад сард ойролцоогоор 60 евро төлдөг. Харин германд хамгийн хямд хэлний курс нь сард дунджаар 200-гаад евро болон түүнээс дээш тѳлбѳртэй. Миний хувьд аль болох Монголдоо хямд зардлаар герман хэлийг сайн суралцаад ирээрэй гэж хэлмээр байна. Харин германд суралцахад мэдээж орчин бий учир ярианы чадвар хурдан сайжирдаг. Хаяг, реклам хараад аяндаа үгсээ тогтоочихсон байдаг. 

- Германы зарим их дээд сургуулиуд сүүлийн үед төлбөртэй болсон гэсэн. Энэ талаар тайлбарлах уу? 

- Германд одоогийн байдлаар ихэнх их дээд сургууль нь үнэгүй байна. Гэхдээ хагас жилийн төлбөр нь дунджаар 250-350 евро байдаг. Хагас жилийн төлбөрөө төлсөнөөр оюутны үнэмлэхээрээ 1 семестерийн турш буюу 6 сарын хугацаанд хот, муж дотроо галт тэрэг, автобус зэргээр үнэгүй явах боломжтой. Мөн өөр янз бүрийн хөнгөлөлтүүд эдэлдэг. Сүүлийн үед зарим мужийн их сургууль төлбөртэй болох тухай яригдаж байна. Тухайн мужаасаа л шалтгаална. Жишээлбэл, Заксен мужийн  сургууль төлбөртэй болоход бусад мужууд дагаад төлбөртэй болно гэсэн үг биш. 

Герман хүүхдүүд заавал их сургуульд сурахыг зорьдоггүй. 

Германд ажиглагддаг нэг зүйл нь хүүхдүүд заавал их сургуульд сурахыг зорьдоггүй. Монголд заавал их сургууль төгсөж, ажилд орж, өндөр цалинтай болно гэсэн ойлголт байдаг.  Коллежийг тодорхой мэргэжлээр төгссөн бол хангалттай цалинтай ажлын байрууд бэлэн байдаг. 

- Та германд амьдарч, суралцах зардлаа хэрхэн зохицуулдаг вэ? 

- Би хичээлийнхээ хажуугаар ажил хийж суралцах зардлаа ѳѳрѳѳ олж суралцаж байна. Германд хичээлийн хажуугаар ажиллахад нэг их хүндрэл гардаггүй. Цагийн ажлын хөлс нь муж бүрээс хамаарч хамгийн багадаа дунджаар 9-10 евро байна. Гадаад оюутнуудад жилийн 120 бүтэн /ажлын 8цаг/ өдөр буюу 240 хагас өдөр ажиллах эрх олгодог.

- Монголын боловсролыг  Германд хэрхэн үнэлж байна вэ?

- Би Монголдоо Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр МУИС-д бакалавр болон мастерт суралцсан. Харин дараа нь Дрездений техникийн их сургуульд докторт суралцахаар зорьж хэлний курст сууж хэлний шалгалтаа амжилттай ѳгѳѳд, Монголд үзсэн хичээлүүдээ дүйцүүлэхээр 20 гаруй хичээл өгсөн ч 3 хичээл л дүйцүүлэн дипломын* хоёрдугаар семистрээс л сурах боломжтой гэсэн хариу ирсэн. Ингээд германд докторт суралцах зорилготой ирсэн ч харамсалтай нь бүтээгүй.   /* Германд бакалавр /4 жил/, диплом /5 жил/, мастер /2 жил/ байдаг.

Германд бакалавр 4, диплом 5, мастер 2 жилийн хугацаатай байдаг   

Гэхдээ диплом мастерын сургалттай ижил түвшинд хүлээн зѳвшѳѳрѳгддѳг/ Энэ үед хэнд ч гомдохоо мэдэхгүй сэтгэлээр жаахан унаж л байлаа.  Гэхдээ би цаг алдахыг хүсээгүй учир Берлиний техникийн их сургуульд мастерт суралцах хүсэлтээ явуулснаар одоо энэ сургуульдаа суралцаж байна даа. Хэдийгээр Монголын их сургуулиудын багш нар маань сайн ч манай боловсролын чанарыг тийм ч ѳндѳр хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харагддаг. Харин манай эхнэрийн хувьд Монголд СУИС-ийг Дуурийн дуулаачийн мэргэжлээр тѳгссөн. Одоо Дрездений Карль Мариа Веберийн нэрэмжит Хѳгжмийн дээд сургуульд Дуулаачийн багш мэргэжлээр суралцаж байна. Урлагийн чиглэлээр Монголд тѳгссѳн хүүхдүүдийн хувьд их сургуульд орох шаардлага нь арай ѳѳр байдаг. Хэлний оноо болон АPS (Германы Дээд боловсролын хяналтын алба) шалгалтаа ѳгѳхѳѳс гадна Германдаа ирсэн хойноо сургууль дээрээ дахин ур чадварын шалгалт ѳгч тэнцсэнээр элсэж суралцдаг. Урлагийн чиглэлээр Германд суралцах хүсэлтэй олон оюутан байдаг учраас маш их ѳрсѳлдѳѳн сургуульдаа ордог. Жишээлбэл, Дуулаачийн чиглэлээр аль нэг урлагийн сургуульд ур чадварын шалгалт ѳгѳхѳѳр 300 гаруй хүүхэд ѳрсѳлдѳж хамгийн сайн 10 гаруй хүүхэд л тэнцэж чаддаг. Тэгэхээр урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүд маань бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй гэж зѳвлѳх байна.

- Германы их дээд сургуульд орохын тулд ямар шаардлагыг хангах вэ? 

- Сурья гэж бодсон хүн аль болох эртнээс төлөвлөх хэрэгтэй. Одоогийн байдлаар Германд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын их дээд сургуулийг төгссөн болон хоёрдугаар курсээ төгссөн оюутан германд суралцах боломжтой. /Германд хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулиудыг эндээс харна уу/ Хоёрдугаар курс төгссөн байх гэсэн шаардлага нь Монголын Ерөнхий боловсролын сургууль 10 жилийн сургалттай /12 жилийн сургалттай болж байгаа/ учраас дахин 2 жил суралцсан байхыг шаарддаг. Германд 12 жилийн сургалттай. Тиймээс арван жилийн сургуулиа төгссөн хүүхэд Германд суралцахаар зорьж байгаа бол дээрхи хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуульд элсэн орох хэрэгтэй. Хэрвээ бакалавр төгссөн бол мэргэжлийн диплом, хэлний сертификат, APS-ийн шалгалт зэргийг шаарддаг. APS-ийн шалгалт нь таны мэргэжлийн мэдлэгийг шалгаж байгаа учир Англи Герман аль ч хэлээр өгч болно. Энэ шалгалтыг жилд 2 удаа оюутан тус бүрт ѳѳр ѳѳр шалгалтын материал бэлдэж авдагаараа онцлогтой. 

- Германд суралцахад амжиргааны зардлыг шаарддаг. Энэ талаар тайлбарлах уу? 

- Амжиргааны зардлыг ерѳнхийдѳѳ дараах 3 аргаар баталгаажуулж болно. Үүнд

  • Германы банкны хаалттай дансанд 8460 евро байршуулж, германд суралцахдаа сар болгон 600 гаруй евро авах замаар хэрэглэнэ. 
  • Тэтгэлэг /Засгийн газрын тэтгэлэг, Daad, Kas зэрэг байгууллагаас тэтгэлэг авах боломжтой. Сургуульдаа тэнцсэн ч амжиргааны зардлаа гаргах боломжгүй бол тэтгэлгийн шаардлагыг эртнээс харж, бэлдэх хэрэгтэй / 
  • Батлан даалт /германд ажиллаж амьдардаг ах дүү нараасаа германд суралцах зардлаа гаргуулах боломжтой тухай тодорхойлолт/  

Сүүлийн үед Германд банкны баталгаа гаргана гэсэн зар их харагдах болсон. Магадгүй та энэ талаар сонссон бол эхлээд сайтар судалж тухайн хүмүүстэйгээ уулзаж, маш болгоомжтой л хандаарай гэж хэлмээр байна.

- Германд амьдрах өртөг хэр байдаг вэ? 

- Германд амьдрахад байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал болон мах л үнэтэй дээ. Оюутны байр хамгийн хямдхан буюу дунджаар сард 200 евроноос дээш үнэтэй байдаг. Энэ нь бас л тухайн муж, хотоосоо хамаарч харилцан адилгүй. Харин бусад ѳргѳн хэрэглээний бараа сүү, хүнсний ногоо, жимс зэрэг зүйлс Монголоос хямд юмуу ойролцоо үнэтэй. Германд амьдрахад эрүүл мэндийн даатгал заавал төлөх ёстой. Хэдийгээр хувийн даатгал нь хямд байдаг ч зарим их сургуулиуд хүлээн зөвшөөрдөггүй учраас улсын даатгалд даатгуулсан байхыг шаарддаг. Энэ нь ойролцоогоор сарын 90 орчим евро байдаг.

- Германы их дээд сургуулиудын семистр, материалаа илгээх боломжтой хугацааны талаар тайлбарлах уу?

- Германы их сургуулиуд өвөл болон зуны семистрээр хичээллэдэг. Өвлийн семистр нь аравдугаар сарын 15, зуны семистр нь дөрөвдүгээр сарын 15-ны үед эхэлдэг /зарим сургуулиудын хичээлийн хуваарь ѳѳр байх тохиолдол бий/. Өвлийн семистрээс эхлэн суралцах бол долдугаар сарын 15-наас өмнө Uni-Assist-руу материалаа явуулах ёстой. Харин зуны семистрт суралцаж эхлэх бол нэгдүгээр сарын 15-наас өмнө материалаа явуулах ёстой. Германд суралцах хүүхдүүд Uni-Assist болон Германы элчин сайдын яамны сайттай сайн танилцаж, харах хэрэгтэй. Хэлний курсдээ явах, APS шалгалтанд бэлдэх, их сургуулиа сонгох зэргээс хамаарч,  суралцахаар зорьж байгаа залуус маань дор хаяж  2 жилийн өмнөөс л төлөвлөх хэрэгтэй.

- Германд суралцах урилгаа авсан бол виз шууд гардаг уу? 

- Та сургуульд материалаа явуулж тэнцсэн тохиолдолд Германы элчин сайдын яаманд хичээл орох хугацаагаа дурьдаж виз мэдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ Элчин сайдын яамны сайт дээр байгаа шаардах материалуудыг бүрэн бүрдүүлж өгөх юм. Шаардсан материал бүрэн бол виз гарахад асуудалгүй. 

- Герман оюутнуудын суралцах арга барилын талаар өөрийнхөө ажигласан зүйлээсээ хуваалцах уу?

- Хувь хүний өөрийн онцлог, арга барилаас шалтгаална. Жишээлбэл, Германд оюутнууд заавал 4 жилийн хугацаанд төгсөхгүй хичээлийн хажуугаар ажиллаад магадгүй 5,6 жилээр төгсөж болно.  Мэдээж Германчуудын нийтлэг хамгийн том давуу тал нь цаг баримтлалт, төлөвлөлт байдаг. Мөн аливаа зүйлийг хүний нүд хуурах гэж бус харин чанарын ѳндѳр түвшинд хийхийг зорьж бас хийж чаддаг нь хамгийн онцлог юмуу даа. 

Монгол хүмүүст Германаас суралцах зүйл маш их

Тухайлбал, хүүхэд нь төрөөгүй байхад явуулах цэцэрлэгээ захиалдаг. Шүдний эмч дээр цаг авах гэж байгаа бол 2,3 сарын дараа, зарим тохиолдолд жилийн ѳмнѳѳс ч цагаа захиалдаг. Ялангуяа Монгол хүмүүс Германаас суралцах зүйлс маш их байна. Би Монголчуудыг Герман хүн шиг бол гэж хэлэхгүй. Харин энэ хүмүүсийн чаддаг зүйлийг сураад ав л гэж хэлмээр  байна.

- Та төгсөөд яах бодолтой байна вэ?

- Би төгсөөд монгол руугаа явна аа. Миний мэргэжил сүүлийн үед эрэлттэй болж байна. Би Германд үлдэж, мэргэжлээрээ өндөр цалинтай ажиллах боломжтой. Гэхдээ л би өөрийн сурсан мэдсэн зүйлээ эх орондоо зориулмаар байна. Ѳөрийн сурсан зүйлээ эх орныхоо хөгжилд зориулах нь миний эрхэм үүрэг шүү дээ. Монголд байхдаа хүн болгон л гадаад руу явахыг хүсдэг. Хүний нутагт 1,2 жил боллоо эх орноо санаж эхэлнэ. Яваандаа эх орныхоо үнэ цэнийг ойлгоно доо. Өөрийн эрхгүй нутгаа санана. Монгол шиг сайхан орон дэлхий дээр байхгүйг гадаадад сурч, амьдрахдаа мэдэрдэг. Хүний нутагт өвдөж зовж, гуниж гутарч, шантарч яаж ч болно. Гэхдээ энэ бүхний хажууд эх орноо санах шиг хэцүү зүйл байхгүй дээ. Тийм учраас хурдхан шиг сургуулиа төгсөѳд эх орондоо очно доо.   

- Таныг эх орныхоо ирээдүй болсон залуустаа хандаж үг хэлээсэй гэж хүсэж байна? 

- Би гадаадад суралцаж төгссөн олон сайхан мэдлэг боловсролтой залуус эх орон руугаа буцахгүй байгаад үнэхээр их эмзэглэдэг. Монгол улс маань сайн боловсон хүчнээр маш их дутагдаж байгаа шүү дээ. 

Монгол улс маань сайн боловсон хүчнээр маш их дутагдаж байгаа шүү дээ. 

Гэтэл бид харийн нутагт бие сэтгэлээ зовоож суралцаж, амьдарсан хэрнээ яагаад эх орондоо мэдсэн сурснаа зориулахгүй байгаа юм бэ? Тиймээс гадаадад сурах гэж буй, суралцаж байгаа, суралцаад төгссөн Монголчуудаа эх орондоо очиж ажиллаж, хөдөлмөрлөцгѳѳе. Ингэсэн цагт Монгол улс маань нүд ирмэх зуур л ѳѳрчлѳгдѳнѳ дѳѳ.  Монгол улсын ирээдүйг авч явах чадварлаг залуус дэлхий даяар байна. Тиймээс бид бүгд цалин хөлсөө гололгүйгээр бие сэтгэлээ зориулж ажиллавал эх орны маань  хөгжил гэрлийн хурдаар урагшлах болно гэдэгт итгэл дүүрэн байна. 

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье!

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (34.204.169.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн (103.26.193.148) 2019-03-23 17:09:49
Би гадаадын сайн сургууль төгсөх гэж байгаа, нутагтаа очиж ажиллаж амьдармаар байна. Хэд хэдэн бодит бэрхшээлүүд байна. Нэгдүгээрт сайн цалинтай ажил олдохгүй байна. Боловсролдоо нилээд мөнгө зарцуулсан болохоор сайн цалин авч зардлаа бага ч гэсэн нөхөж авмаар байна. Хоёрдугаарт, нутгатаа дадлага хийж байхад анзаарсан: манайд бүх юмны үнэлэмж буруу байна, сайн ажиллаж байгаа нэгийг нь илүү зарж байгаа мөртлөө урамшуулалт байхгүй, харин хариуцлагагүй залхүү нэг нь адилхан цалин аваад сууж байх жишээтэй. Гуравдугаарт мэдээж цалингаас татвар төлнө, тэр мөнгөөр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн оронд юунд зарцуулагдаж байна вэ? бид ямар замаар явж, гуанзанд ямар чанарын хоол идэж, ямар чанарын эмнэлэгт үйлчлүүлж байна вэ? Гадаадад татвар өндөр, гэхдээ тэх мөнгө эргээд иргэддэ зориулагддаг. Гуравдугаарт бага насны хүүхэд өсгөхөд хэцүү: агаарын бохирдол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар. Хүн нэг л удаа амьдардаг учраас, баталгаатай, чанартай орчинд амьдарч хүүхдээ өсгөж, залуу насаа өнгөрөөх гэж боддог нь залуучуудын буруу гэх үү?
Зочин (176.198.183.111) 2019-03-17 17:11:48
Маш сайн байна
(150.129.142.193) 2019-03-17 14:47:42
Эх орондоо л сурсан мэдсэн зүйлээ зориулмаар байна гэдэг хэсэг нь үнэхээр сайхан сонсогдож байна. Ийм залуус олон байгаасай.
zochin (202.9.42.91) 2019-03-17 07:51:23
Sain bn