УИХ өөрөө Хонгилд хэвтэж байна

Шударга бусын хонгил гээчийн түлхүүрийг атгаж суугаа эзэн УИХ-ын 30 гишүүнийг тав таваар нь ээлж дараалан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлж чадаж байгаа нь нэг талаар УИХ өөрөө тэрхүү хонгилд хэвтэж байгааг илтгэх, нөгөө талаар Улс орны өмнө тулгамдсан асуудлыг нэн түрүүнд хэлэлцэх ёстой УИХ нь эзний захиалгаар ажиллаж байгаа нь УИХ өөрөө Улсын Их Хонгил болсныг илтгэх мэт

Өнгөрсөн намрын чуулган нийт 85 хоног хуралджээ. Энэ хугацаанд УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг 53 хоног, УИХ-ын гишүүн Ч.Улааныг сайдаар томилох асуудлыг 50 хоног хэлэлцсэн байна. Мөн У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах, ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Б.Батзориг сайдыг огцруулах, Я.Содбаатар сайдыг огцруулах, танхимаасаа “урвасан” Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудлуудыг ар араас нь шил дараалан “хэлэлцэн шийдвэрлэжээ”. Мөн энэ хугацаанд УИХ-ын 40 гишүүн бойкот хийж УИХ-ын чуулганыг 36 хоног тасалдуулсан бөгөөд намрын чуулганаар нийт 32 хууль тогтоомж хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч ердөө тавхан хууль баталсан байна.

Харин өнөөдөр УИХ-ын “Ээлжит бус” чуулган эхэлж байна. Тус хуралдаанаар хэлэлцнэ хэмээн 8 асуудлын дарааллыг жагсаагаад байгаа хэдий ч энэ сарын 18-29-ний хооронд хуралдах тус “Ээлжит бус” чуулган дахиад л “Ээлжит” сандал суудлын хэрүүл, огцруулах түдгэлзүүлэх асуудал ярих нь ойлгомжтой болоод байна.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлаар УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн.

Мөн тус чуулганаар нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа гэнэ.  Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, “Таваар тогтохгүй ээ. МАН-ын 30 орчим гишүүн байгаа бөгөөд асуудал нь шалгагдаад явж байгаа. Яг одоо яллагдагчаар татагдахаар яригдаж байгаа 10 гаруй гишүүн байгаа. Үүний тавыг нь өмнө нь оруулж ирсэн ч эрх баригчид олонхоороо аваад үлдсэн. Одоо дараагийн тавыг оруулах тухай яригдаж байгаа гэж би сонссон” хэмээн мэдэгдсэн.

МАН-ын 30 гишүүнийг тав таваар нь УИХ-ын чуулганаар оруулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай хэлэлцнэ хэмээн тунхаглаж байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил” хэрхэн яаж ажилладгийг маш тодорхой тайлбарласан. Тэр хонгилд АТГ, Прокурор, Шүүх бүгд өөр өөрийн үндсэн функцтэйгээр ажилладаг бөгөөд өөрсдийнх нь эсрэг дуугарсан болгоныг хэрхэн хилс хэрэгээр хэлмэгдүүлж, хичнээн олон аав ээж, үр хүүхдийг нус нулимстай нь хольж хохироосон тухай ч дэлгэв. Тэгэхээр Улсын их хурлын гишүүн байсан ч эзний өөдөөс дуугарсан бол Хонгилоор орох нигууртай.

Тэрхүү шударга бусын хонгил гээчийн түлхүүрийг атгаж суугаа эзэн УИХ-ын 30 гишүүнийг тав таваар нь ээлж дараалан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлж чадаж байгаа нь нэг талаар УИХ өөрөө тэрхүү хонгилд хэвтэж байгааг илтгэх, нөгөө талаар Улс орны өмнө тулгамдсан асуудлыг нэн түрүүнд хэлэлцэх ёстой УИХ нь эзний залхиалгаар ажиллаж байгаа нь УИХ өөрөө Улсын Их Хонгил болсныг илтгэх мэт.

Алийг нь яаж ч шийдвэрлэсэн ард түмэнд гоё харагдахгүй. Сөрөг хүчний дарга нь эрх баригч намынхаа гишүүдийг амаараа “яллаж” сууна. Яллах, яллагдах, томилох, томилогдохоосоо урьтаж өмнөх ажлаа хийхгүй бол улс төржилт хэрээс хэтэрч, урдах ажил хойшлов.

Хэн нэгний гэм буруутайг шүүх нь УИХ-ын ажил бус шүүх хяналтын байгууллагын ажил. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар прокурор Эрүүгийн хэрэгт заасан гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзвэл Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад шүүхэд шилжүүлэх ёстой. Энэ нь бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, түдгэлзүүлээгүй шүүхээс гэм буруутай нь тогтоогдож ял хүлээнэ гэсэн үг юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болно.

Стратегийн орд, Лиценз, Бонд, Концесс, ЖДҮ-зээл, Үнэ тогтворжуулах хөтөлбөр... Энэ бүх асуудалд хэн нэгнийг онилж улс төр хийхээ зогсооё. Угтаа хэн нэгэн огцрох, хэн нэгэн дэвших бус урдах ажлаа хийсэн улс төрчид илүү үнэлэгдэнэ гэдгийг ухамсарлая. Улстөржилт, талцлаа зогсоож, судалгаа үндэслэлтэй хөгжлийн бодлогоо ярьмаар байна. Утаа, хөрсний бохирдол, ажилгүйдэл, ядуурал... Шийдвэрлэх ёстой олон асуудал бидний өмнө байна.

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.204.169.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.21.127.219) 2019-03-18 13:22:18
unen