Өсвөр насны хүүхэдтэй хүн бүхэнд өгөх зөвлөгөө: Өсвөр нас эрсдэл биш боломж

N24 мэдээллийн сайт "Focus on the Family Mongolia"байгууллагын тэргүүн, клиник сэтгэл зүйч Т. Хонгорзулын сэтгэл зүйн зөвлөгөө нийтлэлийг тогтмол хүргэж байна.

Өсвөр Үе бол өөрийгөө олох үе юм

Уураг тархины хөгжил хурдацтай явагддаг учраас маш олон гүн гүнзгий асуултуудыг асууж эхэлдэг. Би хэн бэ? Би юунд итгэх вэ? Амьдралын утга учир юу вэ? гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуудаг бөгөөд хариултаа олж чадахгүй тохиолдолд сэтгэлээр унадаг. Энэ үед Эго центризм буюу өөртөө төвлөрөх үзэл хүчтэй явагддаг учир өөрийнх нь бодол зөв гэдэгт итгэдэг ба бусад хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэдэгт маш их санаа зовдог. Тэдний үзэл бодлыг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлэх нь тэднийг ойлгож байгаагийн нэг илрэл болж өгдөг.

Харилцааны хүрээлэл тэлэх үе

Өсвөр үеийнхэнд найз нөхдийн харилцаа чухалд тавигддаг бөгөөд ганцаардах мэдрэмж  нь тэдэнд сэтгэлээр гутрах болон аливаа төрлийн донтолтонд өртөх магадлалыг ихэсгэдэг. Энэ үед эцэг эхчүүд хүүхэддээ бусадтай найзалж нөхөрлөх боломжийг олгохоос гадна нийгмийн харилцааг дэмжсэн дугуйлан дамжаанд хүүхдүүдээ явуулах нь нийгмийн олон ур чадварт сурахаас гадна стресс тайлах ба өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Дийлэнхдээ өсвөр үеийнхэн спортонд дуртай болох хандлагатай байдаг.

Хэрвээ хүүхэд тань бусадтай харилцахаас зайлсхийж өрөөндөө ганцаараа байх хандлагатай байвал сэтгэл зүйн хувьд таагүй байгаагийн нэг шинж юм.

Эцэг эхчүүд өсвөр үеийнхэнтэй хэрхэн харилцах хэрэгтэй вэ?

Ямар ч үед сэтгэл зүйн хэрэгцээ зөвхөн харилцах үед л хангагдах боломжтой байдаг. Тиймээс хэдийгээр өсвөр үеийнхэн биеэ дааж эхлэх төдийгүй найз нөхдийн харилцаанд цагаа зориулдаг ч эцэг эхтэйгээ харилцах хэрэгцээ хэвээрээ байдаг. Энэ үед эцэг эхчүүд өмнөх шигээ зөвхөн өөрийнхөө бодлыг тулган шаардах болон үглэхээс илүүтэйгээр миний хүүхэд юунд сонирхолтой байна, сэтгэл санаа нь ямар байна, ямар үзэл бодол төлөвшиж байна гэдгийг сонирхон мэдэхийн тулд сайн сонсогч байх нь тустай. Түүнчлэн хүүхэддээ сонголт хийх боломжийг олговол илүү үр дүнтэй ойлгоцож чаддаг. Чи яг одоо миний хэлснийг л хий гэж тулгахын оронд чамд ийм сонголтуудыг өгье чи алийг нь сонгохыг хүсч байна хэмээн асууж харилцан зөвшилцөх замаар асуудлыг шийдэх нь үр нөлөөтэй.

Өсвөр үеийг аюул эрсдэлтэй үе биш харин боломж гэдгээр харах нь чухал

Өсвөр үеийнхнийг харахдаа тогтворгүй, төлөвшөөгүй юмуу барьцгүй гэх мэтээр харахаас илүүтэй ирээдүйд сайн бие хүн болж төлөвших үе гэж харах нь тэдэнд хэрхэн хандах хандлагыг өөрчилдөг. Өсвөр үеийнхэн бусдыг даган дуурайх замаар өөрийнхөө хэн болохыг тодорхойлдог учир сайн үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал байдаг. Та хүүхэддээ ямар ч үед хайртай гэдгээ илэрхийлээд зогсохгүй үйлдлээр харуулах нь аливаа асуудлыг даван туулах чадварыг нь нэмэгдүүлж өгдөг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.208.202.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.