Этиопт осолдсон Boeing 737 Max 8 онгоц онцгой тохиолдолд хамраа доош залах системтэй 

Энэ сарын 10-нд Этиопын нийслэл Аддис Абеба хотод “Boeing 737 Max 8” онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан билээ. Үүнээс гадна өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн дээрхтэй ижил загварын онгоц Явагийн тэнгист осолдож, 189 хүн амиа алдсан юм.

Агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг үзэхэд өнгөрсөн онд Индонезид гарсан осолтой ижил төстэй тал ажиглагдсан байна. Энэ тухай Этиопын Зам тээврийн сайд Дагмавит Могес мэдээлэв. Д.Могес өнгөрсөн ням гарагт “AFP” агентлагт ярилцлага өгөхдөө, хар хайрцгаас олдсон мэдээлэл нь мөрдөн шалгах ажиллагааны нэмэлт судлагдахуун болно гэжээ. Хоёр онгоц хоёул хөөрөөд удаагүй байхдаа огцом дээш доош савлаж, хурд нь тогтворгүй хувьсаж байсан байна.

Мөн Boeing 737 Max 8 онгоцонд анх удаа нэвтрүүлсэн онцгой тохиолдолд онгоцны хамрыг автоматаар доош залах систем осолд нөлөөлсөн гэх яриа гараад байна. Аравдугаар сарын 29-нд осолдсон Индонезийн онгоцны нисгэгч хөөрөөд удаагүй байхад нь автомат систем онгоцны хамрыг дахин дахин доош залж байсан бөгөөд үүнийг тогтоож, удирдлагыг гартаа авахаар тэмцэж байсныг хар хайрцагны мэдээлэл харуулсан байдаг. Этиопын онгоцны хар хайрцагнуудыг одоо Францын нислэгийн аюулгүй байдлыг судалдаг BEA байгууллага хүлээн аваад ажиллаж байгаа. Онгоц газарт хамраараа хатган унахдаа хүчтэй дэлбэрсний улмаас хохирогчдын цогцос бараг үлдээгүй юм. Тиймээс зорчигчдын цогцосны үлдэгдлийг таниулах ажиллагаа зургаан сар үргэлжилнэ гэж Этиопын засгийн газар мэдээлжээ. Осолд нийт 35 улсын иргэд өртжээ.   

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.