М.Бямбаа: Хүн дэлхийн татах хүчний нөлөөнд автдаг учир үүний эсрэг дасгал хөдөлгөөн хийснээр залууждаг

МУСТА, Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин М.Бямбаагийн "Byambaa dance studio"-д "Эртэч Монгол" сургалтын залуус зочилж, "Бүжиг, гоо сайхан" сэдвээр ярилцаж, шинэ бүжиг суран нэгэн өглөөг эрч хүчтэй эхлүүллээ.

Бүжигчин М.Бямбаа нь Монголын бүжгийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг хэдийнэ бүтээж, "Зогсошгүй бүжигчин" хэмээн нэрлэгддэг. Тэрээр бүжиглэхээс гадна "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Шуугиан таригч", "Миний эхнэр тагнуулч" зэрэг олон кинонд дүр бүтээсэн билээ.  

Бүжгийн студийн зааланд хүний сэтгэлийн торгон утсыг хөндсөн намуун ая эгшиглэж, аажмаар эрч хүч гал цог өгөх хурдтай хэмнэл бүхий аянд шилжинэ. Бүжигчин М.Бямбааг дагаж 15 залуу амьсгаадан хөдөлсөөр... Үнэндээ бүжгийн хамгийн энгийн элементийг эхлэн зааж, дараа нь аян дээр бүжиглэж байгаа юм. Зааланд хөшиж ирсэн залуус бие халаалт, сунгалт, эрч хүчтэй хөдөлгөөн хийснээр бие нь баясаж, сэтгэл нь сэргэв бололтой дахиад нэг бүжиглэе гэж хэлцгээнэ.  

Бүжиг нь маш олон талын ач холбогдолтой. Ялангуяа байнгын суурин ажил эрхэлдэг хүмүүсийн бие махбодод хөшилт үүсэж, хөдөлж чадахаа больсон байдаг. Тиймээс зөвхөн бүжиг гэлтгүй иог, биеийн тамирын идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байх хэрэгтэй. Хамгийн чухал нь хөлсөө гаргах юм. Бүжигчин хүмүүсийг их залуухан харагддаг гэж ярьцгаадаг. Манай Үндэсний Урлагийн их Театрын ахмад бүжигчид, тэтгэвэртээ гарсан эгч, ах нар дандаа цэмбийж, гал цогтой явдаг. Хүн хөшиж үхдэг болохоос хөгширч үхдэггүй гэдэг. Бүжиг бол гоо сайхны урлаг.

Хүн байнгын хөдөлгөөн хийж цусны эргэлтээ бүтэн эргүүлэх ёстой.

Жишээлбэл, хүн нуруу цэх явбал нурууны муруйлт болон бусад элдэв гажиг үүсэхээс сэргийлнэ. Мөн гэдсээ татаж сурвал таргалж, биеийн галбираа алдахгүй. Ингэж биеэ авч явсанаар ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн, цусны эргэлт сайжирдаг. Хүний биеийн цусны эргэлт бүтэн нэг тойрдог бол хөдөлгөөн хийхгүй байснаар хөлний хэсэгт цусны эргэлт удааширч, толгой биеийн бусад хэсэгт очиход хүндрэлтэй болно. Тиймээс хүн байнгын хөдөлгөөн хийж цусны эргэлтээ бүтэн эргүүлэх ёстой.

Дэлхийн татах хүчний улмаас хүний бие махбод үргэлж доош "татагдаж" байдаг. Тухайлбал, жилээс жилд жижгэрээд байна гэхчилэн ярьдаг. Энэ нь хүн дэлхийн татах хүчний нөлөөнд автдагтай холбоотой. Хэрвээ та ядаж толгойгоо доош нь харуулж моост унаж, нүүрний иог хийвэл хөгшрөлтөөс сэргийлж чадна. Яагаад гэвэл эдгээр дасгал нь дэлхийн татах хүчний эсрэг үйлдэл юм. Хүүхэд байхаасаа бүжгийн спортоор хичээллэснээр зөв биеийн галбирыг олж, сунгалт хийснээр хурдтай өсдөг. Түүгээр ч зогсохгүй бүжиг хүнд маш их тэсвэр хатуужлыг суулгадаг. Сунгалт хийж, түүнийг 10 секунтын турш тэвчсэнээр хүн өөрийнхөө сул дорой байдалтай тэмцэж ялж сурна. Эмэгтэй хүмүүс хүүхэд төрүүлэхэд маш их өвдөлтийг мэдэрдэг шүү дээ. Гэтэл бүжигчин эмэгтэйчүүд төрөхдөө тэр бүх өвдөлтийг чимээгүй шүд зуун давдаг. Үүнээс бүжгийн спортын чанга хатуу хэрнээ хүнд суулгах чадвар харагддаг. Бүжиг бол тэсвэр хатуужил, биеийн хэлэмж, гоо сайхан, эрүүл ахуйн маш өндөр ач холбогдолтой урлаг юм. 

Бүжиг бол тэсвэр хатуужил, биеийн хэлэмж, гоо сайхан, эрүүл ахуйн маш өндөр ач холбогдолтой урлаг юм.

Тэр дундаа Монгол бүжгийн урлаг бол Монгол зан заншил, ахуй байдлын толь. Үндэстэн, ястны өөрийн онцлог, ёс жаягаас улбаалан бүжгийн хөдөлгөөн, элементүүд нь үүссэн байдаг. Ямар ч бүжгийн эвсэл үгүй гэсэн ч Монгол хүн л бол Монгол бүжгийн өгөгдөл, ерөнхий суурьтай байдаг шүү. Мөн монгол бүжиг бүжиглэхэд өөрийн эрхгүй омогшил төрж, хйиморь сэргэдэг. Морины хатираа, жороо, шогшоо зэргээс эхлээд бүжигчид энэ бүхнийг хөлийн хурд хүч, авхаалж самбаагаар илэрхийлж чаддаг.  Тиймээс би залууст зөв бие галбир, эрч хүчийг хүсэж байгаа бол бүжиглэ гэж хэлмээр байна. 

Аливаа бүжиг ёсолгоогоор төгсдөг учир сургалтын залуус бүжгийн ёсолгоог хийж сурсанаар сургалт өндөрлөв. Бүжигчин М.Бямбаагаас тэд сонирхсон асуултуудаа асууж, хариулт авцгаана. Тэрээр багаасаа л бүжигчин болох мөрөөдөл тээж, эдүгээ 15 дахь жилдээ бүжиглэж бас зааж байна. Бүжгийн спортыг хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж үздэг учир тэтгэвэрт эрт гардаг. Тиймээс бүжгийн зам мөрөөр алхах замд шантрах, өвдөх зэрэг олон эрсдэл тулгардаг. Яагаад гэвэл биеийн хөл, гар, өвдөг, тохой, дотор эрхтэн доргих, гэмтэх аюултай. Гэхдээ тайзан дээр гараад бүхий л зовлонгоо мартаж, хамгийн аз жаргалтай нэгэн болдог хэмээж байв.  

Ийнхүү бүжиг бүжиглэснээр хүний бие махбод баясаж, сэтгэл сэргэдгийг "Эртэч Монгол"-ын залуус өөрийн биеэр мэдэрч, цаашид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхээр студитай хамтран ажиллахаа хэлж байлаа. Нээрээ ч эрүүл бие, зөв сайхан галбир, түүнээс авах эрч хүчийг бодохоор залуус бид бүжиг бүжиглэх, үгүй юмаа гэхэд өөрийн чадах идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвших нь чухал юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас насанд хүрэгчид хөдөлгөөний дутагдалд орсны улмаас зүрх судас болон сэтгэцийн олдмол өвчин эмгэг, чихрийн шижин, хорт хавдар тусах эрсдэлд ороод байгааг анхааруулжээ. Харин идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байснаар өвчиллөөс ангижрах магадлал 80 гаруй хувьтай байдгийг Техасын их сургуулийн эрдэмтэд нотолсон байна. Тиймээс залуус эрүүл чийрэг байж, эрч хүчтэй амьдрахын тулд ДЭМБ-ын зөвлөмж болох долоо хоногт 150 минутын эрчимтэй хөдөлгөөн, эсвэл 75 минутын өндөр эрчимтэй хөдөлгөөн хийх шаардлагатай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.