Ж.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг дарамталж байгаа бичлэгийг сэргээсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу Болд нар С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, "С.Зориг агсны амийг хороосон хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг буруутган шоронд оруулсан. Энэ зохиомол хэргийн золиос болж шоронд ял эдэлсэн явдалд өчигдөр хууль зүйн сайд Ц.Нямдорж уучлалт гуйсан. 2016 онд С.Зориг агсны амийг хороосон хэргийг яаралтай хааж шийдвэрлэсэн нь зохиомол хэрэг болохыг олон талаар нотлож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яг 1937 оны үйл явдал адил зүйл болжээ гэж Ц.Нямдорж сайд өчигдөр мэдэгдсэн. Бид хүний эрхийн дэд хорооны гишүүд. 2 жил энэ хэрэг зохиомол боллоо. МУ-ын олон иргэдийн эрх зөрчигдөж байна гэж бид мэдээлэл хийсэн. Нээлттэй сонсгол ч зохион байгуулсан. УИХ дээр түр ажлын хэсэг байгуулъя гэж 2 жил явсан. Тухайн үед 3 шатны шүүхэд шийдвэрлэгдсэн хэрэг дээр Батзандан, Болд, Нямдорж нар ингэж ярьж байгааг хаврын синдром мэтээр ярьцгааж, шүүмжилцгээсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг дарамталж байгаа бичлэгийг сэргээсэн байгаа. 1937 онд гэмгүй иргэнд хэрэг үйрүүлэхийн тулд нойргүй хонуулдаг байсан. 10 хоног нойргүй хоноход хүн юу болох вэ. Модон сандал дээр хоол өгөхгүйгээр хичнээн цаг байцаадаг байсан. Ингэвэл юу болох вэ? Шөнийн цагаар эмэгтэй хүний өрөөнд гяндангийн хүнд гэмт хэрэгтнүүдийг оруулж, айлган сүрдүүлбэл юу болох вэ? Ээжийнх нь гэрийн хаашаанд хүний цогцос хаяж айлгавал юу болох вэ? Ийм аймшигтай мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчлүүд гарч, 3 монгол залууг айлган сүрдүүлж, дарамталж энэ хэргийг зохиомлоор үйрүүлсэн. Хэрэгт холбогдсон хүмүүс айж, дарамтанд орсоноор мэдүүлэг өгсөн тухайгаа бидэнд бичгээр ирүүлсэн. Яг одоо ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байна. 

Дээд шүүхийн дарга С.Зоригт дээд шатны шүүх хуралдааныг удирдаж явуулсан. Энэ хүнийг Ц.Элбэгдорж томилж, 2 удаа хууль зөрчиж бүрэн эрхийг нь сунгасан. С.Зориг агсны хэрэгт оролцсон шүүгчдийн 70 хувь нь МАНАН-гийн гар хөл болсон төлөөлөгчид.  

Зориг агсны хэргийг зохиомлоор тохож, яаралтай хаасан хүн нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц. Энэ хэргийг шалгасан 2 мөрдөн байцаагч өнөөдөр шалгагдаж байгаа. Тагнуулын хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тавьж байгаад шоронд нь дарамтлах ажиллагааг хийсэн.

Ц.Нямдорж сайдын ярьсан бүх зүйл үнэн. Үүнийг хүний эрхийн хорооны гишүүн, УИХ-ын гишүүний хувьд хариуцлагатайгаар ард түмэндээ мэдэгдэхийг хүслээ. Жинхэнэ захиалагч нь үнэнд гүйцэгдэж байгаа. Удахгүй илэрнэ" хэмээлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.