А.Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.03.22) хуралдаан 11 цаг 35 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Үүний дотор Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв. Нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав.

Нэр дэвшигч Аюушийн Ганбат нь 1962 онд төрсөн, 1979-1983 онд хуучин ЗХУ-ын Одесс хотод Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1988-1991 онд Москва хотын Фрунзийн нэрэмжит Цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-д Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн. Газрын артиллерийн команд-штаб, оператив-тактик, оператив-стратегийн мэргэжилтэй, боловсролын докторын зэрэгтэй, 2005 онд хошууч генерал цол хүртжээ. Тэрбээр 1983 онд Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагчаас ажлын гараагаа эхэлж, 1983-1997 онд Батлан хамгаалах яамны 7 дугаар хэлтэс, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр газарт офицер, Ардын армийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчоор ажиллажээ. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж иржээ. Улмаар 2018 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орон тооны бус шинжээчээр ажиллаж байгаа аж. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 14 нь буюу 93.3 хувь нь Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжлээ.

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт цаашид анхаарч ажиллах зарим асуудлын талаар байр сууриа илэрхийлж захиас зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар олон улсад манай зэвсэгт хүчний нэр хүнд өндөр байгаа, энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож үүргээ нэр төртэй биелүүлж байгаа энэ үйл ажиллагааг улам өргөжүүлж, инженерийн анги салбарыг оролцуулахад анхаарахыг дурдаад барилга, инженерийн ангийг эх орны бүтээн байгуулалтад оролцуулахыг дэмжиж буйгаа хэллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав нар сүүлийн үед зэвсэгт хүчний анги салбарт сахилга, хариуцлага суларснаас энхийн цагт цэрэг эрс амь үрэгдэх, осол эндэглэлд өртөх явдал гарч, олон нийтийг цочроож байгаад дүгнэлт хийж, цаашид армийн хэмжээнд хариуцлага, сахилгыг дээшлүүлэх шаардлагатайг онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ цаг үе өөр болж байгаа ийм үед төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг хичээж, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг захилаа.

Нэр дэвшигч А.Ганбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өмнөх дарга нарын явуулж байсан бодлого, авч хэрэгжүүлж байсан арга хэмжээг үргэлжлүүлж зэвсэгт хүчний бүх шатанд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагааны оролцоог улам өргөжүүлж шинэ шатанд гаргах, инженерийн анги салбарыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Нэг цэрэг-нэг бүтээн байгуулалт” төслийг дэмжиж байгаа, энэ ажиллагаанд зэвсэгт хүчний анги салбарыг ямар хэлбэрээр, хэрхэн яаж оролцуулахыг хуулийн хүрээнд, зэвсэгт хүчний боломж бололцооныхоо хэрээр хийж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа хэлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.93.74.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.