НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТУХАЙ НЭГ ХОЁР ҮГ

Монодрам буюу нэг хүний жүжиглэх урлаг нь нэг л дүрээр зохиолын бүхий л нөхцөлүүдийг нэвтрүүлэн илэрхийлэх мэргэжлийн ур чадвар, мэдрэмж, туршлага, авьяас шаардсан тоглолт болоод дэглэлт.


Театр болоод уран зохиолын харилцан төгс зохицолын үндсэн дээр жинхэнэ театрын бүтээлийг бид хүлээн авдаг. Дэлхий дахинд театр анх үүссэн цагаас жүжиг хэмээх төрөл нийлмэл урлагийн сонирхолтой шинжээ хадгалахын зэрэгцээ өвөрмөц хэв шинжийг өөртөө үргэлжид бүрдүүлэн хөгжсөөр иржээ. Магад театр, уран зохиол хоёрын хамгийн ихээр ойртон хиллэсэн хэлбэр нь өнөөгийн театрын содон өнгө төрх бүхий моно жүжиг юм.
Монодрам буюу нэг хүний жүжиглэх урлаг нь нэг л дүрээр зохиолын бүхий л нөхцөлүүдийг нэвтрүүлэн илэрхийлэх мэргэжлийн ур чадвар, мэдрэмж, туршлага, авьяас шаардсан тоглолт болоод дэглэлт. Нэг жүжигчин олон хүний дүрийг бүтээх, найрал дуучидтай харьцан өгүүлэлдэх зэрэг нэн эртний тоглолтоос авахуулаад олон хүн нэг жүжигт тоглосноо ч моно жүжиг гэж нэрлэх гээд моно жүжгийн үүслийн тухай маргаантай зүйл их байдаг. Гэхдээ “монодрамын эцэг” гэж Грекийн жүжигчин Феспидийг/МТӨ VI зуун/ нэрлэдэг юм. Тэрбээр анх драмын жүжигт найрал  дуучдын зэрэгцээ жүжигчин-өгүүлэгчийг гаргаж иржээ." Мэдээж театрын урлагийн бүхий л цаг үед монодрамын хэлбэршил байсан ч моно жүжгийн үндсэн мөн чанарыг илтгэх монолог хэрхэн төгс боловсрон ялгарч бичигдсэнтэй холбож судлах нь хамгийн чухал юм.


Америкийн зохиолч, шүүмжлэгч, багш Эдвин Вилсон “Theatre  experience” (2015) номдоо моно жүжгийн бүтэц болоод онцлогийг:
  • Театрын ирээдүйн эрэлхийлэлд шаардлагатай драмын шинэлэг хэлбэр (new dramatic form needed to introduce into theatre intuitive events)
  • Хэсэгчилсэн яриа(talking pieces)
  • Цомхон тайз засал болон монолог голлох(features monologues and minimal staging)
  • Томоохон театрчилсан тоглолтуудад тайзны  арын  гэрэл, дуу шум,  өсгөгч, холограм, мультмедиа зэргийг ашиглах(but also often uses large theatrical moments with big FX, soliloquies, amplifiers, holograms, multi-media aspects, voice-overs)
  • Гол  дүрийн  ухамсарт  болон  ухамсарт  бус  үйл  явцуудыг (ухамсрын урсгал)  илэрхийлэх зорилго(goal is to present conscious and unconscious thought processes of the speaker (stream of consciousness)
гэж тодорхойлжээ. Эндээс дүгнэж харахад бурханаас хүнд (Эсхил “Цовдлуулсан Прометей”), хүнээс бурханд (Софокл “Эдип хаан”), хүнээс хүндээ хандах( Эврипид “Медея”) маягтай хувьсаж ирсэн утга санаа хийгээд уран сайхны өгүүлэмж моно жүжгийн үед өөрөө өөртөө хандахуй (Нина Мазур “Би Эдит Пиаф”) болж өөрчлөгдсөн байна.
 

 

 
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (54.226.23.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.185.23) 2018-09-21 19:00:24
Тэст