Ч.Жаргалбаатар: С.Зоригийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн байж болзошгүй нотлох баримтууд хураагдсан

Хэвлэлийн хурлын дараа Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Түүний хариултыг дор сийрүүлэв.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал ямар хэргээр шалгагдаж байгаа вэ?

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой гурван асуудалд манай байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгний санхүүжилт олгохдоо тогтоосон хүүгээс хэт бага хүүтэйгээр олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж эхнэрийнхээ нэр дээр барилга, орон сууц худалдан авсан болон хууль бус хэлцэлтэй холбоотой асуудлуудыг шалгаж байна. Гадаад улсад хийлгэсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дунд цугларсан нотлох баримтуудыг Австри улсаас хүлээн авсан учир хэргийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэнэ.

-УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой асуудлаар эрүүдэн шүүсэн хэмээн хуулийн байгууллагынхныг шалгаж байгаа юу?

-С.Зориг агсаны амиа алдсан хэрэг гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Өнөөдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр учраас хэрэгт хэн буруутай болох, хэргийн шийдвэрийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Харин энэ хэргийг шалгах явцдаа бусдыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх асуудлууд яригдаад прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ирүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим нэг хүн хууль зөрчсөн байж болох нотлох баримтууд хураагдсан. Одоогоор нотлох баримтуудаа үнэлэх, бэхжүүлэх ажлууд хийгдэж байгаа. Тухайн ажлын хэсэгт ажиллаж байсан нэр бүхий хоёр хүнийг 15 хоногийн хугацаатайгаар цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлаар нэр бүхий шүүгч нарыг шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна?

-Эрдэнэт үйлдвэрийг худалдан авсан санхүүжилттэй холбоотой асуудлыг шалгах ажлын хүрээнд  өнөөдрийн байдлаар хэн нэг шүүгчийг шалгуулах хүсэлт ирээгүй. Зарим нэг шүүгч энэ асуудалтай холбоотойгоор өөрийн ХАСУМ болон ХОМ-ийг хянуулахаар хүсэлт гаргасан, одоо шалгах ажиллагаа явагдаж байгаа.

Энэ хэргээс гадна шүүгч нартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хоёр төрлийн асуудал шалгагдаж байна. Мэдүүлсэн хөрөнгө, орлогоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, мөн хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй гэх, нөгөө нь тодорхой төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсний төлөө бусдаас авлига, хээл хахууль авсан байж болзошгүй талаарх асуудал шалгагдаж буй юм. Авлигатай тэмцэх газраас өнөөдрийн байдлаар найман шүүгчийн бүрэн эрхийг түлгэлзүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Шүүгчийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь барьснаас бусад тохиолдолд шүүгчийн бүрэн эрхэд халдах, түүнийг баривчлах зарим төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг нь хуулиар хязгаарласан байдаг. Хориглолт, хязгаарлалт тогтоосон хуультай учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах боломжгүй юм. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гэсэн саналыг удаа дараа тавиад байгаа юм.

Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, мэдүүлсэн хөрөнгө, орлогоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэсэн үндэслэлээр Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 18 шүүгчид холбогдох баримт материал шилжүүлэн ирүүлсэн. Үүнээс найман шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх саналаа прокурорт тавьсан. Зарим шүүгч нарын хувьд өөрсдөө ирж мэдүүлэг, тайлбар, нотлох баримтаа өгөөд явж байгаа. Зөрчилгүй хүмүүсийн асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдээд явна.

-Талийгаач шүүгч асан Л.Бямбаагийн амь насаа алдсан шалтгаан эцэслэн тогтоогдсон уу?

-Талийгаач Л.Бямбааг нэг биш хэд хэдэн асуудалд холбогдуулан шалгаж байсан. Хэргийг шалгах явцад харамсалтай хэрэг гарсан. Нас барсантай холбоотой хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас манайд таны хүссэн мэдээлэл байхгүй учир хэргийг шалгаж байгаа газраас  мэдээлэл авах нь зүйтэй.

-Сайд асан С.Баярцогт дансны хуулгаа өөрөө танайд гаргаж өгч байсан гэсэн. Швейцараас ирсэн баримт өөрийнх нь гаргаж өгснөөс өөр гэсэн үг үү?

- Монгол Улс Швейцарь улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх 20 орчим гэрээг л гадаадын улс орнуудтай байгуулсан байдаг. бид тухайн улс орнуудад очоод мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй. НҮБ-ийн Авлигын эсрэг конвецид заасан эрх зүйн боломжийг үндэслэл болгон тухайн конвецид нэгдэн орсон улс орнуудын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаараа өмнө нь мэдээлж байсан. Энэ боломжийг ашиглаад бидэнд тодорхой  хэргүүд дээр нотлох баримтууд ирж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн улсын мөрдөн шалгах байгууллагатай хамтарсан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, түүний үр дүнд бэхжүүлэн авсан нотлох баримтууд бидэнд ирж байгаа. Уг баримтууд ГХЯ-аар дамжин, Прокурорын газар хянагдаад өнгөрсөн баасан гарагийн орой бид хүлээн авсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрт холбоотой нотлох баримтыг өгөх эрх нь нээлттэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд С.Баярцогт зарим нэг материалыг өгсөн. Гэхдээ Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохих журмын дагуу олж авсан нотлох баримт л нотлох баримтад тооцогддог юм.

-ЖДҮХС-аас зээл авсан хэдэн гишүүнийг шалгаж байгаа вэ?

-ЖДҮХС-ын гэх хэрэгт нийт 60 орчим албан тушаалтан, тэр тусмаа улс төрд нөлөө бүхий этгээдүүд хамаарал бүхий  эдгээдүүд, нэгдмэл сонирхолтой хүмүүсийнхээ үүсгэн байгуулсан, хувьцааг нь эзэмшдэг компаниуддаа зээл олгосон байж болзошгүй гэсэн мэдээлэл шалгалтын үр дүнд тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна. Бусад албан тушаалтны хувьд гэм буруутай эсэхийг нь шалгаж байна. Гэм буруутай үйлдэл нь нотлогдсон тохиолдолд саналаа гаргаад дараагийн шатны байгууллагад хүргүүлнэ. Гэхдээ дээр дурдсан 60 албан тушаалтан бүгд гэм буруутай гэсэн үг биш. Зарим нэг нь сонгогдсон тойрогтоо мөрийн хөтөлбөрт тусгагдсан жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийн хүрээнд үйлдвэрлэгчтэйгээ хамтран ажиллаж байсан хүмүүс ч бий. Зарим нь орон нутгаас ирсэн хүсэлтүүдийг зохих байгууллагад уламжилсан байна. Энэ нь тусдаа эрх зүйн зохицуулалт бүхий асуудал учраас шууд гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.