Хуульч О.Алтангэрэл: Эрүүдэн шүүгдсэн нь тогтоогдсон ч шууд суллах боломжгүй. Гэхдээ...

Салбар яамны сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэрийнхнээс уучлал гуйсан юм. Тэрбээр, “С.Зориг агсны хэргийг зохиомлоор илрүүлжээ. 1937 оны бүх аргыг хэрэглэж эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан байна. Гэм зэмгүй хүмүүсийг хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгэсэн байна” хэмээн мэдэгдсэн.

Энэ долоо хоногт С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг камерын өрөөнд нь эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн нь шуугиан тариад байна. Бичлэгийг үзсэн гишүүд энэхүү эрүүдэн шүүх ажиллагааг хүн ёсноос гадуур зүйл хэмээн эгдүүцэн хүлээн авч сэтгэгдлээ илэрхийлсэн. Хуулийн дагуу энэ хэрэгт ямар арга хэмжээ авах талаар хуульч О.Алтангэрэлээс утсаар холбогдож тодрууллаа.

-Эрүүдэн шүүлт хэрэглэсэн хүнд ямар ял шийтгэл оногдуулна гэж заасан байдаг вэ?

-Эрүүгийн хуулийн 21-р бүлэг дэх Хэрэг шалган шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг дэх заалтын дагуу шийдвэрлэнэ. Тодруулбал, /Эрүү шүүлт тулгах/ 21.12 дугаар зүйлд , “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. 

-Хууль зүйн яамны сайд нь хилс хэрэг хэмээн хүлээн зөвшөөрлөө. Тэгэхээр яллагдагч нарыг шууд суллах хууль эрх зүйн орчин бий юу. Шууд цагаатгах буюу суллагдах хууль эрх зүйн орчин байхгүй гэдэг үнэн үү?

-Гурван шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн хэрэг учир шууд суллах боломжгүй. Тэгэхээр хэргийг дахин шүүхээр хэлэлцэж, дээрх хүмүүс гэм буруугүй нь тогтоогдсон нөхцөлд суллагдана. Дээд шүүхээр эдгээр хүмүүсийн гэм буруутай юу, үгүй юу гэдгийг тогтоож, суллах хүртэл нэлээдгүй хугацаа зарцуулагдана. Эсвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 33 зүйлд зааснаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу уучлал үзүүлсэн нөхцөлд суллагдах боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэнийг ч уучлах эрхтэй. Тийм ялтай хүнийг уучилж болохгүй гэж заасан юм байхгүй.

-Хэрвээ яллагдагчид хилс хэрэг хүлээсэн нь нотлогдож, гэм буруугүй нь шүүхээр тогтоогдвол 3 жил ял эдэлсэн эдгээр хүмүүст ямар нөхөн олговор олгох вэ?

-Тухайн иргэн хэрхэн нэхэмжлэл гаргахаас шалтгаална. Төстэй хэргийн жишээ татвал, “Завханы Эрдэнэ-Очирын” хэрэг. Завхан аймгийн шүүхээс бусдыг санаатай алсан хэрэгт гурван удаа цаазаар авах ял сонсож, дээд шатны шүүх тухай бүрд нь хэргийн бүрдэл хангагдаагүй, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр цаазаар авах ял ногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байсан. Энэ хугацаанд Эрдэнэ-Очир цаазаар авах ял сонсож, гурван жил шоронд хоригдож эрүүл мэнд, сэтгэл санааны ихээхэн хэмжээний хохирол амссан бөгөөд төрөөс 53 сая төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилснийг шүүхээс 18 сая  төгрөгөөр тогтоож барагдуулсан байдаг.

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (178.165.131.17) 2019-04-02 17:27:50
Энэ улсуудын асуудлыг хурдан шийдэж суллаачээ Жинхэнэ хүн алсан хүнээ ингэж тамлаач эгэл жирийн ядуу ард түмнээр бүү тоглооч