С.Болд-Эрдэнэ: Бусдад таалагдахын тулд хичээхдээ өөрийгөө гээж болохгүй гэдгийг "Бүсгүйн зурвас" харуулна

Орчин цагийн “Гамлет” хэмээн нэрлэгддэг, Соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр энэ сарын 5-наас 21-ний өдрүүдэд УДЭТ-ийн тайзнаа амилах “Бүсгүйн зурвас” жүжгийн Архайн дүрд тоглохоор бэлтгэлээ хийж байгаа юм.

-“Бүсгүйн зурвас” жүжиг УДЭТ-ийн оны эхний жүжиг гэдгээрээ онцлог. Та уг жүжгийн талаар манай уншигчдад танилцуулж болох уу. Мөн сүүлд зохиолч, найруулагч хоёрын дунд үүссэн маргаан олон нийтийн анхаарлыг нэлээдгүй татлаа л даа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-“Бүсгүйн зурвас” жүжгийн эх зохиолыг бид уншсан. Жүжигчин хүний хувьд энэ зохиол тун сонирхолтой санагдсан. “Бүсгүйн зурвас” жүжиг өнөөгийн нийгэм, соёл, улс төрийн нөхцөл байдлыг хөндөж, үзэгчийн өмнө дэлгэсэн. Аливааг сохроор дагадаг, туйлширдаг байдлыг шүүмжилсэн. Мэдээж жүжигчин хүн гэдэг гүйцэтгэгчийн үүрэгтэй ажилладаг гэдгийг ойлгох ёстой. Зохиолчийн шүүмжлэл, найруулагчийн байр суурийг надаас асуулаа. Миний хувьд Зохиолч Л.Өлзийтөгсийн хэлсэн шүүмжлэлийг зөв хэмээн хүлээн авч байгаа. Яагаад гэвэл зохиолч хүн өөрийн бүтээлдээ сэтгэл зүрх, оюун бодол бүх л зүйлээ шингээдэг болохоор үг үсэг, таслал цэг бүрдээ харам байна шүү дээ. Хүн өөрийн үр хүүхдэд ямар хайртай байдаг билээ яг түүнтэй ижил зохиолч хүн ч өөрийн бүтээлийг тэгж хайрладаг байх гэж бодож байна. Бид зохиолыг задалж, сайтар ярилцсан. Найруулагч хүн жүжгийн тавилт, шийдлүүдийг дэглэдэг учир тодорхой хэмжээнд өөрчлөлт орно. Үүнийг бид бас ойлгох ёстой. Магадгүй зохиолч өөрөө жүжгийн найруулгад оролцож, харилцан ярилцаж цаг тухай бүрд нь ойлголцоод явсан илүү үр дүнтэй байх байсан. Миний харж байгаагаар найруулагч өнөөгийн улс төрийн бусармаг байдлыг жүжгээрээ илэрхийлэхийг зорьсон. Тиймээс зохиолч, найруулагчийн аль, алийг нь буруутгаж бас зөвтгөх аргагүй юм. “Бүсгүйн зурвас”-ыг үзвэл үзэгчид өөрийн гэсэн дүгнэлт төрөх байх. Аливаа уран бүтээлийг бэлтгээд хүнд хүргэх ёстой. Л.Өлзийтөгсийн Ярилцлагыг уншихад их тансаг, минималист бүтээл байсан. Харин УДЭТ бол цөөнхөд биш олон нийтэд зориулан жүжиг тавьдаг. Өнөөдөр Монгол Улсын театрын бүх ачааг УДЭТ нуруун дээрээ үүрч байна. Хөгшин, залуу, хүүхэд аль ч насныханд хүрч үйлчлэхээр зорьж байна шүү дээ.

-Яг ямар нэмэлт хэсгүүд орсон бэ. Мөн таны хувьд Дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн Гамтлетийн дүрийг бүтээсэн төдийгүй “Саран хөхөө”, “Атга нөж”, “Парисын дарь эхийн сүм”, “Ромео Жултетта”, “Дон Кихот” зэрэг театрын сор болсон жүжгүүдэд дүр бүтээсэн. Тэгэхээр одоо таны бүтээх Архайн дүр хэр чанартай дүр болсон гэж бодож байна вэ?

-Жүжгийн бараг 50 хувь нь зохиолын хэсэг дээр нэмэлтээр орсон. Тухайлбал, улс төрчийн ар гэрийнхэн, найз нөхөд эх зохиол дээр гардаггүй. Сонирхолтой болгох үүднээс л эх зохиолыг задалж, үзэгдлүүдийг нэмсэн. Харин Гамлеттай харьцуулахад Гамлет бол дэлхийн сонгодог зохиол. Харин “Бүсгүйн зурвасыг зохиолч Өлзийтөгс бичихдээ ямар өнцөг, мэдрэмж, утга санааг илэрхийлэхийг зорьсон нь сонин. Магадгүй зохиол дээрх улс төрчийг сайн гэж бодож бичсэнийг ч үгүйсгэхгүй. Энэ зохиол дээр улс төрчийг сэтгэл зүрхтэй хүн шүү дээ гэдгийг тодотгож өгсөн. Өөрөө өөрийнхөө дотоод ертөнцөд төөрч, өөрийгөө ч танихаа больж, учраа ч олохоо больсон хүнийг харуулж буй. Архайн дүрийг бүтээж буй жүжигчний хувьд Архайгийн нүүрэн дэх маск хуулагдаж илчлэгдэж байгаа нь нэгийг бодогдуулна байх гэж найдаж байна.Ерөөсөө хүн өөрөө өөрийгөө хянаж, анзаарч л явахгүй бол эцэст нь амьдралынхаа утга учрыг алдана. Улс төрч ч гэлтгүй хүн өөртөө биш бусдад таалагдах гэж хэт их тэмцэлдсэнээс өөрийгөө гээж, эргээд өөртөө таалагдахгүй болдог ч байж магадгүй юм.

Мөн зөвхөн жүжигчинд зориулсан, жүжигчний авьяас чадварыг шавхаж гаргаж өнгөлөх зохиол болсон юм шиг санагдсан. Дүрийн олон өнгийн хувирлууд, ярианы илэрхийлэл зэрэг нь жүжигчний чадварыг сорьж байна. Хүн нийгмийн харилцаанд оролцохдоо өөр, өөр багийг зүүдэг. Магадгүй нийгэмшинэ гэдэг нь хүн өөрийнхөөрөө байж сурахыг хэлдэг юм болов уу. Архай улс төрч хүнийхээ үүднээс нийгмийн харилцаанд орохдоо элдэв төрлийн баг зүүдэг. Үнэн худал нь холилдсон, сэтгэл зүйн дотоод зөрчилтэй, олон ааштай, олон дүртэй хүнийг бүтээж байгаа учир би тоглох юмтай, хүч сорьсон дүр гэж дүгнэж байгаа. Архайн дүрийг бүтээхдээ маш их сэтгэл хөдлөл гаргах хэрэгтэй болж байна. Жүжгийн бэлтгэлээ одоо хийж л байна. Өөрийгөө сайн бэлтгээд, дүрээ амилуулна гэж хичээж байгаа.

“Бүсгүйн зурвас” жүжиг бусдад сайнаар хүрч байна. Тухайн хүн жүжгийг үзээд яаж ч дүгнэж, эргэцүүлж болно. Энэ бол үзэгчдийн эрх. Гэхдээ хүмүүсийн дунд ойлгоогүй хэрнээ нэгнийхээ хэлсэн зүйлд автагдаж үнэлж дүгнэх явдал түгээмэл байдаг. Өөрийнхөөрөө л сайн тунгааж үз. Магадгүй таалагдахгүй бол бусдыг дуурайж магтах шаардлагагүй шүү дээ.  

-Жүжгийн хэсгээс таныг тодорхойлох хэсэг байв уу. Эсвэл таны сэтгэл зүйд хүчтэй туссан хэсэг  ч юм уу?

-Хоёрдугаар бүлэг дээр согтуу байгаа хэсэг бий. Яг тэр үед Архай өөрийн үнэнийг хэлж байна уу даа гэж надад бодогдсон. Өмнөх хэсэг дээрээ зүүсэн байсан өөрийн багийг хуулаад ярьж эхэлдэг. Ер нь хүн бусдад таалагдахын тулд амьдардаг гэдэг. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд сайхан харагдах гэж хичээдэг. Бусдад сайхан харагдах гэж хичээдэг нийтлэг энэ төрх надад ч гэсэн бий. Гэхдээ энэ зүйл тохирсон хэмжээндээ л байх ёстой. Хүн бас өөртөө таалагдахын тулд хичээж амьдрах ёстой. Жишээлбэл би хувцаслахдаа бусдад таалагдахаас гадна өөртөө таалагдсан байж сэтгэл өөдрөг байна. Өөртөө таалагдаж байгаа нь энэ гээд өөрийгөө бас сул тавиад байж болохгүй. Хүн хөгжиж байх ёстой. Хүнд ер нь байгалиас өгөгдсөн өгөгдөл гэж байдаг.  Чамд цэвэр ариун сэтгэл, гадаад төрх, дотоод сэтгэл гээд энэ бүхэн байгалиас өгөгдсөн байлаа гэж бодъё. Харин энэ өгөгдлөө хүн хөгжүүлэх нь чухал юм. Эсвэл байгалиас өгөгдсөн тэр өгөгдөл дорой байж болох юм. Тэгвэл тэр өгөгдлөө өнгөлж, сэтгэл оюунаа хөгжүүлж, өөрт давуу өгөгдсөн өгөгдлөө хөгжүүлэх ёстой. Хүн зөвхөн өөрт зориулагдсан өгөгдлөө олж авснаар амжилтад хүрдэг. Тиймээс өөрийгөө хөгжүүлэхийг ямагт хичээж байх хэрэгтэй байх. Ингэж гэмээнэ өөртөө болон бусдад таалагдаж амьдарна.

-Архайн хэлдэг үгээс эшлэл хэлж болох уу?

-Архайн дүрд гоё, гоё текст олон. Жишээлбэл, Бүгд таныг тэгж ярьж байна гээд Архайд нэг хүн хэлдэг юм. Тэгэхэд Архай, Бүгд гэж хэн юм бэ гэж асуухад бүгд л тэгж ярьж байна гэсэн хариултыг авдаг. Эцэст нь тэр бүгдэд чинь зүрх сэтгэл, эзэн бие бий юм уу хэмээн халагладаг.

Үнэнд биш үлгэрт итгэдэг масс улс төрчийг худлаа ярь гэсэн "захиалга" өгдөг

Өнөөдөр бид сошиолд бүгдээрээ бий. Нэг л их хүмүүс дэлгэцний цаанаас нэг нэгнээ дүгнэдэг. Нэг хүн биш нийтээрээ нэгдээд нэг дүгнэлт гаргачихсан мөртлөө тэр дүгнэлтийн эзэн бие БҮГД гээч нь нүүр нь харагдахгүй, нүд нь үзэгдэхгүй, зовж шаналж үзээгүй...Хүмүүс үнэнд итгэдэггүй мөртлөө үлгэр ярихад итгэдэг гэдэг Архайгийн дүр дээрээс тод харагдана. Олны санал авч, улс төрч болох гэж байгаа хүн магадгүй худлаа ярихаас өөр аргагүй ч байж магадгүй юм. Хүмүүс үнэнг биш чамин, ганган худалд илүү итгэдэг. Үнэнг үл тоомсорлодог. Хэрэгтэй үнэнийг хэлбэл итгэхгүй хэрнээ, худлаа сенсаци тарьсан мэдээнд итгэдэг БҮГД-ээс Архайн дүрийг өмгөөлж болох юм. Үнэнд биш үлгэрт итгэдэг масс улс төрчийг худлаа ярь гэсэн "захиалга" өгдөг ч юм шиг. Үнэн их энгийн. Тэгэхээр энгийн  л зүйл ярьж байгаа нэгнээ бид мундаг гэж бодоод өргөн магтаад сонгоод гаргаад ирж чадах билүү?

-Үзэгчид яагаад энэ жүжгийг үзэх ёстой вэ?

-Хүн жүжиг үзэх ёстой. Биднийг бага байхад зохион байгуулалттайгаар жүжиг үзүүлдэг байлаа. Жүжиг хүнийг хөгжүүлдэг. Олон нийтийн харилцаанд орохоос эхлээд үзвэр үзэх соёлд суралцана. Хэрвээ үзэгч эх зохиолыг нь уншсан бол сэтгэлдээ урьдчилан найруулаад ирдэг. Ингээд тухайн дүрийг өөрийнхөөрөө төсөөлөөд ирж байгаа хүн төсөөллөөс нь хэрхэн өөр эсвэл ижил тусгасан байна гэдгийг харьцуулж, эргэцүүлэнэ. Бодож төвлөрнө. Хүн ер нь жүжиг үздэг байх хэрэгтэй. Жүжиг үзээд ирэхээр жүжгийг сайн муугаар ч дүгнэдэг болно. Ялангуяа театрын жүжиг хүн олон зүйл өгдөг. Эрхэмсэг оршихуй, амьд урлаг, тансаг орчин шүү дээ.

“Бүсгүйн зурвас” жүжиг тавигдсанаар олон шүүмжлэл, магтаалд өртөж байна. Ингэж шүүмжлэлд өртсөнөөр олон нийтийн дунд ойлголт, эргэцүүллийг төрүүлж, оюун санааг хөгжүүлж байна. Алхаж, гүйж яваа хүн л унадаг. Харин мөлхөж яваа хүн бүдэрдэггүй гэдэг. Тиймээс үзэж, уншиж, судалж амьдрах л ёстой. Сайн болсон байвал тэр биз. Муу болсон байвал ч тэр биз. Өөрийн дүгнэлтийг үзэгч л өгөх ёстой.

-Бусдад таалагдахын тулд худал хэлж, хуурамч баг зүүдэг олон хүн бий. Таны хувьд худал хэлэхийг хэрхэн хүлээн авдаг вэ. Та худлаа хэлдэг үү?

-Амьдрал л болсон хойно худлаа ярих тохиолдол гардаг. Хүний итгэл, сэтгэл, мөрөөдөл нь болж байгаа бол худал хэлж яагаад болохгүй гэж. Жишээлбэл, Санта клаус байдаг гэж худлаа хэлэх хэрэгтэй болдог. Санта клаус байдаг. Гэхдээ хүүхдэд аль болох үнэн хэлж, үнэнээр тайлбарлахыг хичээх ёстой. Гэвч зарим зүйлсийг би биш цаг хугацаа хэлж өгсөн нь зөв байх.

-Өгөгдлийн талаар та дээр ярьсан. Энэ нь магадгүй элитийн онолтой ч юм уу холбогдох байх. Та Дон Кихот жүжигт бас дүр бүтээж байсан. Жүжгийн гол санаа бас үүнтэй уялддаг.  Алтан дундаж хүн, түмний түрэлт гэдэг ойлголт бас холбогддог тийм үү?

-Би ажлаа хийгээд л явж байгаа хүн. Аль болох чимээгүй байхыг хүсдэг. Хэтэрхий их ярьж, гайхуулдаг хүмүүс худлаа даа... Мөн дунджийн онол маш чухал ойлголт. Аливаа зүйл хэмжээ нь хэтэрвэл эсвэл дутвал л худлаа болчихдог. Яг тэр алтан голч, дунджийг мэдэрч түүнийг барьж явна гэдэг хэцүү. Нээрээ би Дон Кихотод гахайчны дүрд тоглодог шүү. (инээв) Дон Кихот өөрөө бүх зүйлийг сайхан болгохыг хичээдэг. Үнэндээ хэзээ ч бүх зүйлийг сайхан болгож болохгүй. Энэ утопи, хэзээ ч үл гүйцэлдэх зүйл. Төгс төгөлдөр гэж зүйл огт байдаггүй. Аливаа зүйл нэгдмэл л чанартай байдаг. Жишээлбэл, Сайн ба муу хоёр нэг зүйл дээр нэгдэж сайн муу гэж дүгнэгддэг. Туйлын муу гэдэг ойлголт байхгүй шиг л.

-Таны амьдралын зарчим дунджийг баримтлах гэж ойлгож болох уу?

-Хүний амьдрал их богинохон гэж боддог. Тиймээс би одоо дуртай ажлаа хийж, хайртай хүмүүстэйгээ илүү их цаг хамт байж, эрүүл аз жаргалтай амьдарч байна. Хүн ер нь яг өөртөө байгаа бүхнээсээ сайн сайхан мэдрэмжийг авч аз жаргалтай байж сурах хэрэгтэй л гэж боддог. Хэт их шуналтай эсвэл хэт хүсэлгүй байснаас яг дундаж л байсан нь дээр байх.

Хүсэл мөрөөдлөө бусдад ярина гэдэг утгагүй хэрэг.

-Таны цаашдын зорилго, хүсэл мөрөөдлийн талаар сонирхож болох уу?

-Хүсэл мөрөөдлөө бусдад ярина гэдэг утгагүй хэрэг. Хүн жинхэнэ хүсэл мөрөөдлөө дотроо нууж, нандигнаж, түүгээрээ хөглөгдөж явах хэрэгтэй. Хүн бүрийн зорилго, мөрөөдөл том байдаг. Мөрөөдөл том байж хэмээнэ түүндээ хүрэх алхам, зориг бүхэн сайн байна. Тэгээд мөрөөдөлдөө хүрэхийн тулд хөдөлмөрлөх нь л гол байх. Би тэгж мөрөөдөж байна гэж хошуугаа хөдөлгөж байхаар мөрөөдөлдөө ганц алхам ойртохын тулд хуруугаа л хөдөлгөх хэрэгтэй гэж боддог.

-Та хэнийг хүндэлж биширч, урам зориг авдаг вэ?

-Ардыг жүжигчин Цэрэндагва болон Мягмар ахаас их суралцдаг. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж гэмээнэ үр шимийг нь хүртдэг гэдгийг Цэрэндагва гуайгаас тод хардаг. Бүхий л сэтгэл зүрхээ зориулдаг хүн шүү дээ. Бид хамтдаа 20 жил ажиллаж байна. Жижигхэн ялгаа том өөрчлөлтийг авчирдаг гэж. Бүхий л хугацаанд ажилдаа сэтгэлээсээ хандаж байсан нь хоцордоггүй, дандаа цагаасаа эрт ирдэг гэдгээс ч харагдана шүү дээ. Мөн бодол нь их агуу хүн.

-Жүжигчид өөр өөрийнхөөрөө дүрдээ ханддаг юм шиг санагдсан. Та дүрдээ хэрхэн орж, хэрхэн гардаг вэ?

-Дүрээс гарч бас ордог зүйл бий. Жүжиглэнэ гэдэг ерөөсөө амьдарна л гэсэн үг. Яг тэр цаг хугацаа, орон зайн хамааралд тухайн хүний амьдралаар амьдардаг. Тэрнээс за дүрдээ орчихлоо, за дүрээсээ гарчихлаа гэж ажиглаад хянаад байдаг зүйл ердөөсөө байхгүй. Ер нь тийм хяналт ч байдаггүй. Тайзан дээр жүжигчин хүн гараад тухайн нөхцөлд хамтран жүжигчинтэйгээ харилцана, сэтгэл хөдлөлийг мэдэрнэ давхар үзэгчдийн хариу үйлдэл, сэтгэл хөдлөлийг ажиглана. Жүжигчний санаа бодолд бүхий л зүйл эргэлдэж байж тэр нь торгон мэдрэмж, үйлдэл болон гардаг. Гал цогтой байх ёстой бол дүрэлзэн асаж, сөхрөн унах ёстой бол унах л ёстой.

-Та өөрийн цагийг хэрхэн төлөвлөдөг вэ. Би УДЭТ-ийн жүжигчидтэй ярилцахаар цаг товлоход амралтын ч, ажлын ч бүх өдөр бүр ажил дээрээ байдаг?

-Ихэнх цагаа театр дээрээ л өнгөрүүлдэг. Завсар зайгаар нь бусад ажлаа амжуулна даа. Театр амралтын өдрөөр бүр илүү ажилладаг. Яагаад гэвэл хүмүүс амралтын өдрөөр их үздэг. Хүний амьдрал юм чинь шантрах үе гардаг байсан. Одоо бол харьцангуй сурчихлаа даа.

-Зарим хүмүүс яг ажлын 6 цагтаа ажиллах ёстой гэдэг. Харин зарим хүмүүс сэтгэл зүрхээ зориулах ёстой гэж хэлдэг?

-Цагаа зөв хуваарилах, сэтгэл зүрхээ зориулах хоёр хоёулаа чухал. Ер нь бол сэтгэл зүрхээ зориулах нь чухал хэдий ч хүн ажилдаа л бүх зүйлээ зориулаад бусад зүйлээ хаях ёсгүй. Амьдрал хугацаатай, унтаж, амрах цагтай. Цагийн нарийн хуваарийн дагуу ажиллах хэрэгтэй юм болов уу.

-Ярилцлагынхаа төгсгөлд манай нийгэмд энэ 3 зүйл ингэж өөрчлөгдөөсэй гэж боддог бодлоосоо онцол болох уу?

-Их сайхан асуулт байна. Нэгдүгээрт, Шударга ёсыг хүсч байна. Энэ нь их энгийн. Хүн бүр хуулийн дор эрх тэгш л байхад бүх зүйл сайхан болно. Эрх тэгш орчинд би үр хүүхдээ амьдруулмаар байна. Бидний амьдрал ингээд дуусна. Гэхдээ бидний үр хүүхдийг хэн нэгэн дээрэлхэж, давуу эрх эдэлбэл яана. Ерөөсөө л ордонд суудаг ерөнхийлөгч, гудамж цэвэрлэдэг цэвэрлэгч ялгаагүй хуулийн өмнө ижил тэгш иргэн хүн байж чаддаг нийгмийг бүх нийтээр хүсч байгаа ч гэж бодож байна.  Хоёрдугаарт, Улс орондоо эрүүл, аюулгүй тохилог орчин бүрдүүлмээр байна. Мөн Монгол хүн өөрөө хөгжвөл аяндаа бүх зүйл хөгжинө. Хүнийг хөгжөөгүй байхад хэчнээн мөнгө өгөөд зөв ашиглаж, чадахгүй. Орон сууцанд орлоо гээд тохилог орчин бүрдчихлээ гэж ойлгож болохгүй. Бид наад зах нь хогоо зөв хаяж, цэвэрхэн амьдарч сурах ёстой. Тиймээс эрүүл орчинд амьдрахын тулд бид бүгдээрээ  хөгжиж, хүмүүжих хэрэгтэй. Гуравдугаарт, Хүн бүр ажлаа хамгийн сайнаараа хийдэг болоосой гэж хүсч байна. Ерөөсөө л хүн бүр ажилтай, тэгээд ажлаа хамгийн сайнаараа хийдэг байхад болоод л явчихна. Манай улсад хөгжих маш том боломж, давуу тал, ирээдүй бий гэж хардаг. Эерэгээр харвал бид хөгжиж байна. Залуус өөрөөр сэтгэж, өөрсдийгөө хөгжүүлдэг болж. Дэлхий бидний өмнө нээлттэй, бид дэлхийн өмнө нээлттэй болж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.