М.Алтанцэцэг: Дэмий зүйлд удаан сэтгэл зовних нь бие болон сэтгэцийг өвчлүүлдэг

Сэтгэл зовнил, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие, сэтгэцийн онцлог сэдвээр Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Сэтгэл зовнилын талаар яриагаа эхлүүлье

-Хүмүүс баярлах, хөөрөх аль эсвэл гуниглах уйтгарлах мэт сэтгэл хөдлөлтэй байдаг. Сөрөг сэтгэл хөдлөл талыг нь сэтгэл зовнил гэж ангилж авч үздэг. Хүн байгаа газар сэтгэл зовнил байж л байдаг. Айдас, түгшүүр, дарамт, болохгүй, бүтэхгүй гэсэн бодлуудаас үүдэлтэй сөрөг сэтгэл хөдлөлийг л сэтгэл зовнил гээд байгаа юм. Мэдээж сөрөг зүйл учир маш хор хөнөөлтэй. Харин богино хугацаанд бол байх ёстой зүйл. Богино хугацаанд байснаараа тэрнээсээ сэдэлжээд ямар нэгэн зүйлийг хийж бүтээх сэдэл олж авдаг. Жишээлбэл оюутан хүүхэд "Яанаа шалгалт дөхөөд байна, хэдхэн хоног үлдчихлээ" гэж санаа зовлоо гэж үзье. Энэ үед хугацаа ойртоод байгаа талаар сэтгэл зовнилоосоо болоод хичээлээ илүү сайн бэлдэж, давтах сэдэл төрдөг. Сэтгэл зовнил ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийж түүнийхээ төлөө санаачлагатай байхгүй, зүгээр л сэтгэл зовон удаан хугацаанд үргэлжлэхээрээ өвчин болж хувирдаг. Юу ч хийхгүй удаан хугацаанд сэтгэл зовиноод байхаар сүүлдээ бүр зуршил болдог. Маш энгийн юманд санаа зовдог, юу ч хийдэггүй, санаачлагагүй, улбагар, сул дорой хүн болон хувирдаг гэсэн үг. Санаа зоволт удаан үргэлжлээд байх тусам стресс, депресс, дарамт болон хувирч, хүний бие махбод, сэтгэл санааг өвчлүүлдэг. Эмэгтэй хүмүүс санаа зовж, юманд санаашрах илүү байдаг.

-Яагаад эмэгтэй хүн сэтгэл зовинолд илүү өртдөг юм бэ?

-Эрчүүд сугараас, эмэгтэйчүүд ангарагаас ирсэн гээд ярьдаг шүү дээ. Үүнтэй ижлээр эрэгтэй эмэгтэй хүний бодох, сэтгэх нь их өөр байдаг. Үүнийг эрэгтэй хүнийг эрэгтэйлэг байлгадаг тестостерон, эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлгадаг эстроген гормоны нөлөө ч гэж үздэг. Энэ хоёр гормон нь өөр үйлдэл хийх, юмыг өөрөөр харах, өөр дүгнэлт хийх зэрэгт нөлөөлдөг. Эрэгтэй хүмүүс юмыг тоймлож, базаж, ерөнхийлж авч үздэг бол эмэгтэй хүмүүс илүү детальчилж, нарийн төвөгтэй бүх зүйлс рүү орж шалган, шалтгааныг тодруулдаг сэтгэл зүйн онцлогтой. Энэ онцлог нь юманд санаа зовоход нь илүү нөлөөлдөг гэсэн үг. Жишээлбэл хүүхэд яльгүй муу сурлаа гэж бодоход ээж маш их санаа зовон "Яагаад миний хүүхэд ингэчихвээ? Ирээдүйд яанаа? Энэ хүүхдийн амьдрал одоо дууслаа, Юу нөлөөлөв" гэх мэтээр маш олон талаас нь бодон, шалтгааныг нь хайж санаа зовдог. Энэ нь сүүлдээ гэр бүлийн зөрчил маргаанд нь хүртэл нөлөөлдөг. Гэтэл эрэгтэй хүмүүс ихэнх тохиолдолд "Миний хүү ганц нэг хичээл дээрээ муу аваа л биз дээ. Тэгсэн ч гэсэн миний хүү том болоод сайн хүн болно" гэсэн ерөнхий тойм маягаар асуудалд ханддаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийг бодвол санаа зовох нь хавьгүй бага. Харин ээжүүд хүүхдүүдээ хоолоо идэж байна уу үгүй юу, ямар үг хэллэг хэлээд байна, ямар үйлдлүүдийг дахин давтаад байна, ямар хүмүүстэй нөхөрлөж байна гэх мэт маш олон зүйлд санаа зовдог. Аливаа юманд ханддаг хандлагаасаа болоод эмэгтэйчүүд илүү санаа зовомтгой байдаг. Эмэгтэйчүүд бараг санаа зовох дуртай гэж хэлэхэд ч болохоор.

-Ерөнхийдөө ямар хүмүүс сэтгэл зовнилд илүү өртдөг вэ?

-Ихэнхдээ өөртөө итгэлгүй, өөрийн үнэлэмж багатай хүмүүст сэтгэл зовинож, санааширч, амархан дарамтад ордог. Ямар нэгэн юмыг даван туулах чадвартай, шийдвэр гаргахдаа хурдан, асуудлыг эерэгээр харж чаддаг хүмүүс санаа зовинох нь хамаагүй бага байдаг. Дотоод хүч, сэтгэлийн тэнхээ их чухал. Юманд сөрөг хандлагатай байх тусам хүний сэтгэл, сөрөг сэтгэл хөдлөлд амархан автдаг. Жишээлбэл хавар болж байгаатай холбоотойгоор хүмүүсийн дархлаа буурч, бие организмд өөрчлөлт гардаг шүү дээ. Хүмүүс хаврын синдром ч гэдэг. Энэ нь бидний эрс тэс уур амьсгалтай амьдралтай ч холбоотой гэж үздэг. Өвөл болохоор хамаг дулаан хувцсаа өмсөөд, гэрээсээ гарахыг хүсэхгүй бүгж, амьтад ичээндээ орон унтдаг. Харин хавар дулааран байгаль дэлхий сэргэх тусам бүх юм нимгэрч, сэргэж, тайлагдаж эхэлдэг шүү дээ. Үүнтэй ижлээр хүмүүсийн мэдрэмжүүд ч гэсэн сэргэг, эмзэг болдог. Санаа зовнилд мөн нас ч гэсэн нөлөөлнө. Залуус санаа зовох нь хамаагүй бага байна. Яагаад гэвэл амьдралд туулсан туршлага, үзэж харсан зүйлс багатай байдаг учраас галзуу барын аманд гараа хийхээс ч буцамгүй байдаг. Нас ахих тусам санаа зовнил нэмэгддэг гэж үздэг. Илүү их зүйлийг үзэн туулж, зовлон бэрхшээлүүдтэй нүүр тулна. Тэр бүхнээс зарим нь халшран айна. Хүүхэд төрүүлж, өсгөөд, гэр бүлийн харилцаанд орох тусмаа санаа зовомтгой болох нь харагддаг. Ялангуяа эмэгтэй хүмүүс. Хүүхэд олон байх тусам санаа зовох сэдэв олширч байдаг. Нэг хүүхэдтэй айл нэг л хүүхдийнхээ төлөө асуудлыг шийддэг бол таван хүүхэдтэй айл таван хүүхдийн асуудлыг шийдэж, таван тал руу санаагаа чилээнэ гэсэн үг.

-Хүн санаа зовнил, сөрөг бодолтойгоо яаж тэмцэх вэ?

-Санаа зоволтыг дотор нь хоёр хувааж үздэг. Идэвхтэй, идэвхгүй. Идэвхтэй санаа зоволт гэдэг нь санаа зовоож буй асуудлуудаа барьж аваад шийдвэрлээд, ямар нэгэн үйлдэл хийхийг хэлнэ. Идэвхгүй санаа зовнил нь зүгээр л санаа зовоод байгаад байхыг хэлнэ. "Тэгэх юмсан, тэгмээр байна, яанаа" гээд л байгаад байдаг. Гэвч амьдралд хүч хүрэхгүй, огт шийдэж чадахгүй асуудлууд зөндөө бий шүү дээ. Ийм үед зүгээр хүлээн зөвшөөрөөд орхих ёстой гэж үздэг.  Ингэж хүлээн зөвшөөрсний дараа хүний далд санаа зовнилууд байхаа болино. Энэ нь хүн өөрөө өөртөө тусалж буй хамгийн чухал зүйлсийн нэг  юм. Санаа зовоож буй асуудлуудаа жагсааж бичээд шийдэж чадах, чадахгүйгээр нь ангилаад шийдэж чадахгүй асуудлуудаа орхи гэсэн үг. Энэ тохиолдолд санаа зовнилоос ангижирч чаддаг. Яг юун дээр илүү санаа зовоод байгаа гэдэг дээрээ хүн дүгнэлт хийх ёстой. Ялангуяа эмэгтэй хүмүүс өдөр тутмын амьдрал, хэвийн энгийн үзэгдэл шиг түүнтэйгээ эвлэрчихсэн байж байдаг. Санаа зоволт өөрт нь нөлөөлж, ажил амьдралд нь саад болдгийг анзаардаггүй. Сэтгэл нь санаа зовнилдоо хэмлэгдээд байж байдаг. Санаа зовоож буй асуудлуудаа жагсаагаад бич гэхээр санаанд нь орж ирдэггүй. Гэвч үнэн хэрэгтээ маш их зүйл дээр сэтгэлээ зовоож байдаг. Нэлээд бодуулаад, тайвшруулж байгаад сэдэл өгч байж л гаргаж ирдэг.

-Санаа зовинилоо удаан тоохгүй байснаар ямар хор уршигтай вэ?

-Санаа зовинол удаан үргэлжлэхээрээ хамгийн түрүүнд эрүүл мэндэд нөлөөлдөг. Эхлээд нойргүйддэг. Санаа зовж байна гэдэг нь тухайн асуудлаа үргэлж бодож байна гэсэн үг. Ингэхээр тархи амрахгүй. Тархи амрахгүй байхаар нойргүйдэж, стрессд автуулж, ажлын бүтээмжид ч сөргөөр нөлөөлдөг. Ажлаа хийх гээд сууж байхад нөгөө асуудал нь бодогдоод урвайгаад эхэлдэг. Хүн стресстхээр цусанд "кортизол" гэдэг бодис ихээр ялгардаг. Кортизол цусанд их ялгараад ирэхээрээ даралт ихсэх, толгой өвдөх, үе мөч өвдөх зэрэг өвчлөлүүдийг бий болгодог. Хүн стрессдчихээд буцаад кортизолоо бууруулж байх ёстой байдаг. Гэтэл санаа зовнилд өртсөн хүмүүс өсгөчихсөн хэвэнд нь бариад байдаг гэсэн үг. Кортизол удаан хугацаагаар ялгарах эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй. Дээрээс нь идэвхгүй санаа зовж байгаа зүйлсээ орхин, хийж чадах зүйлсээ шийдвэрлэх идэвхтэй байдалд орохын тулд хооллолтоо зөв тохируулах ёстой. Манайхан өглөө оройгүй махан хоол идэж ундаа уугаад эсвэл өлсөж явж байгаад гэнэт маш их идээд, шингэн юм бага уудаг зуршилтай. Энэ нь эргээд санаа зовнилд нөлөөлдөг. Сэргэг, бүтээмжтэй байхын тулд бид хооллолтдоо анхаарч, хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Хөлсөө гартал хөдөлгөөн хийхээр хүн маш идэвхтэй болдог. Ялангуяа оюуны ачаалал ихтэй, оюуны хөдөлмөр эрхэлдэг, удаан сууж ажилладаг хүмүүсийн хувьд хөдөлгөөнийг маш чухал гэж үздэг. Өдөрт дор хаяж 30 минут хөдөлж байх ёстой. Дахиад базаад хэлэхэд шийдэж чадахгүй асуудлаа зүгээр хогийн саванд хогоо хаяж байгаа юм шиг хая. Толгойноосоо арчиж хая. Шийдэж чадах бүхнээ шийдээд явчих хэрэгтэй. Ингэснээр хүн амар тайвныг олно. Өөрөөр хэлбэл тархин дотор байгаа файлаа хоёр ангилан хэрэггүй файлаа шууд "delete" хийгээд үлдсэн файлаа шууд үйлдэл болго. Жишээлбэл нэгэн нойргүйдэлд орсон эмэгтэй тусламж авахаар ирж байсан. Санаа зовоож буй асуудлуудыг бүгдийг нь жагсааж бичээд хоёр хуваагаад яг энэ дасгалыг хийж байсан юм. Ингэсний үр дүнд 14 хоногийн дараа хэвийн нойртой болж ирсэн. Нойргүйдэл нь маш их санаа зоволттой холбоотой болж таарсан. Ангарагаас эрчүүд сугараас бүсгүйчүүд номоос нэгэн жишээ ярья. Нэг хүн эмчид үзүүлтэл хорт хавдар туссан учир амьдрах хугацаа бага гэж хэлж гэнэ. Гэтэл өнөөх хүн нэгэнт ийм юм болсноос хойш бүх зүйлийг мартаад унтъя гэж шийддэг. Ингээд маш удаан хугацааны турш унтаад босоод ирэхэд бие нь бараг л эрүүл болчихсон юм шиг байдаг. Санаа зоволт, айдастай байхад үед хүний бүх булчин чангардаг. Бүх булчин чангарахаар элдэв эм, тариа хэрэглэсэн ч үйлчилгээ нь бага байдаг. Чангарсан булчингуудаас кортизол маш ихээр ялгардаг. Өөрөөр хэлбэл санаа зовоож байсан асуудлуудаа мартаж, бие, тархиа амрааснаар тэр хүнд эдгэрэл явагдаж эхэлсэн гэсэн үг.

-Хүмүүс ихэвчлэн ямар асуудлаас болж сэтгэлээ зовоодог вэ?

-Их олон зүйл нөлөөлдөг. Хүний амьдралын турш далд ухамсарт хуримтлагдсан мэдлэг, мэдээлэлтэй холбоотой. Хамтрагчаа харддаг хүний хувьд хардалт нь өөрөө маш том санаа зовнил болдог. Яг юу болсныг нь мэдэхгүй таамаглаж хардаж байгаа үйлдлүүд шүү дээ. Жирэмсэн эмэгтэй хүн төрөх үед яах бол гэж санаа зовдог, оюутнууд шалгалтаа яах бол гэж сэтгэлээ зовоож, айдастай байдаг. Ихэнх нь ирээдүйд байгаа болоогүй зүйлээс болж санаа зовдог. Ирээдүйд болоогүй зүйлсийг муугаар төсөөлөн боддог. Зарим хүмүүс толгой нь өвдөнгүүт л тархины хорт хавдар тусчихсан юм байх даа гэж маш дөвийлгөж, сөргөөр сэтгэдэг. Энэ бүх сөрөг бодол, айдас, түгшүүртэй бодлуудад нөлөөлж байгаа зүйлс нь нөгөө л өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө үнэлүүлж чадаагүй дутуугийн мэдрэмжүүд байдаг. 

-Сэтгэл зовнилтой хүн эргэн тойрон дахь хүмүүстээ яаж нөлөөлдөг вэ?

-Сэтгэл зовнилтой, стресс ихтэй хүмүүсийн гаргаж байгаа хандлага нь үргэлж сөрөг байдаг. Бараг тухайн хүнтэй уулзмааргүй санагдам сөрөг мэдрэмжийг бусдад төрүүлдэг. Дотроо айдас түгшүүр тээчихсэн хүн бусадтай ярихдаа гоё, сайхан зүйлс ярихгүй шүү дээ. Дандаа л бүтэхгүй, болохгүй, чадахгүй гэх мэт үгүйсгэсэн үг, өгүүлбэрүүдийг хэлж ярьдаг. Өөрөө ч гэсэн хувийн амьдрал дээрээ баяр баясгалангүй болж жижиг зүйлсээс ч таашаал авч чадахаа байдаг. Ээжүүдийн энэ байдал нь хүүхдүүддээ маш их сөргөөр нөлөөлдөг. Ер нь сэтгэл зовнилтой хүмүүс бусдаас хараат болчихдог.

-Удаан хугацааны туршид санаа зовнилтой явсан хүмүүс яаж үүнээсээ ангижрах вэ?

-Хамгийн чухал нь өөрийнхөө дэмий юманд санаа зовоод байгааг хүлээн зөвшөөрөх. Өөрийнхөө нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсний эцэст л эдгэрэл явагддаг. Хүлээн зөвшөөрч чадахгүй бол хамгаалах механизмууд нь ажиллаад, янз бүрийн юм нэвтрүүлдэггүй. Бусдыг, өнгөрснийг, нийгэм, цаг үеэ буруутгаж эхэлдэг. Хамгаалах механизм богино хугацаанд ажиллавал сайн. Харин урт хугацаанд байнга ажиллаад байх нь сөрөг нөлөөтэй. Тэгэхээр архаг санаа зовнилтой хүмүүс хүлээн зөвшөөрч байж л хүлээснээсээ тайлагдана даа.

-Ар гэрийн асуудалдаа санаа зовсноос болоод эмэгтэйчүүд санаа зовнилд ихээр өртдөг гэлээ. Энэ үед нөхрүүд яаж дэмжих хэрэгтэй вэ?

-Эмэгтэйчүүд бол маш их ярих хэрэгцээтэй хүмүүс. Сүүлийн үеийн судлаач, сэтгэл зүйчид эмэгтэйчүүдийг сардаа ядаж нэг удаа найзуудтайгаа гарч өөрийгөө тайвшруулж бай гэж зөвлөдөг. Яг эмэгтэйчүүдээрээ цуглаад, санаа зовоож буй зүйлсийнхээ талаар ярих үед эмэгтэй хүн тайвширч байдаг. Ярьж байгаа асуудал нь шийдэгдэх эсэх нь хамаагүй. Зүгээр л дотор байгаа зүйлсээ гадагшлуулж ярих нь л чухал.Тиймээс нөхөр, найз залуучуудын хувьд эхнэрээ, найз охиноо найзуудтайгаа гарах үед нь ойлгож, дэмжих хэрэгтэй. Ярих хэрэгцээ нь хангагдаад ороод ирэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын зөрчил ч гэсэн багасдаг. Ярих хэрэгцээ нь хангагдахгүй бол хуримтлагдсаар байгаад нөхөрлүүгээ асгардаг.

-Эхнэрийнхээ ярих хэрэгцээг нөхөр нь хангаж болох уу ?

-Маш сайн сонсогч байх хэрэгтэй. Эрэгтэй хүний бие махбод цаанаасаа заяагдахдаа эмэгтэй хүн шиг сайн сонсогч, харилцааны хамтрагч байхаар бүтээгүй. Гэсэн ч нөхрүүд сайн сонсогч байж чадвал хоорондын харилцаан дахь зөрчлөө багасгаж чадна. Үүнээс гадна гэр бүлийн хүрээн дэх харилцааны асуудлуудаа хоорондоо ярилцаж сурах хэрэгтэй.

-Эхнэрүүд нөхөртөө яаж өөрийгөө зөвөөр ойлгуулах вэ?

-Мэдээж нээлттэй байж ярилцах ёстой. Эмэгтэй хүн аливаа зүйлсийг маш нарийн детальчилж харж, мэдэрдэг шигээ эрэгтэй хүнийг ч тийм байлгах гээд байдаг. Иймд эрэгтэй хүнтэй суусан гэдгээ хүлээн зөвшөөрөөд элдэв нарийн зүйлсийг хүсэхээ болих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүнд байхгүй зүйлсийг хүсдэг гэсэн үг. Нэгнийхээ бие физиологи, сэтгэл санааны онцлогийг ойлгож харилцах хэрэгтэй. Жишээлбэл арслан мах, үнээ өвс иддэг. Гэтэл арсланд өвс өгөөд байдаг. Эрэгтэй хүнээс эмэгтэй хүнд байхаар зан чанаруудыг хүсээд байхаар зөрчил үүсэж эхэлдэг. Эмэгтэй хүн өөрийгөө хөгжүүлж, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт суралцах хэрэгтэй гэж үздэг. Өөртөө итгэлтэй байх ёстой. Эрэгтэй хүнийг бодвол эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл хамаагүй бага байдаг. Тиймээс эмэгтэй хүн бүх зүйлийг нөхрөөсөө хүсэх биш зарим зүйлсийг өөрөө хийж бүтээх идэвхтэй амьдралыг сонгох нь чухал. Эмэгтэй хүн амьдралаас маш их зүйлийг хүсэж байдгийг эрэгтэй хүн хэзээ ч ойлгодоггүй. Эрэгтэй хүмүүст шийдвэр гаргаж, асуудлыг шийдэж урагшлах нь чухал байдаг бол эмэгтэй хүмүүст асуудлын шийдвэр, гарц сонин биш. Зүгээр л өөрсдийг нь сонсохыг хүсдэг.

-Та хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Амьдралд хөнгөн хандахыг зөвлөе. Хөнгөн байна гэдэг нь хөнгөмсөг гэсэн үг биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Амьдралаас таашаал авч сур. Жишээлбэл нэг эмэгтэй намайг ярилцъя гээд гэртээ урьсан юм.. Суугаад, урдах кофеныхоо амтыг мэдрээд ярилцах гэтэл өнөөх эмэгтэй босож, суугаад, шалаа арчаад тайван ч байж чадахгүй байсан. Зүгээр л идэж байгаа жигнэмэг, ууж байгаа кофеныхоо амтыг мэдрээд, тамшаалаад суух гэдэг нь юманд хөнгөн хандахыг хэлж байгаа юм. Дотроо санаа зовнил, айдас түгшүүр ихтэй хүмүүс тухайн цаг үеэсээ таашаал авч чадахгүй. Бас эмэгтэйчүүд хавийг юмыг хамж аваад санаа зовоод байдаг. Юунд ч хамаагүй санаа зовдог. “Тэр айлын хүүхэд тэгсэн байна, энэ ингэсэн байна” гээд л өөртөө ямар ч хамааралгүй зүйлсэд санаагаа зовоодог. Утга учиргүй бүх зүйлд санаа зовдгоо болох хэрэгтэй. Түүний оронд ирээдүйг сайн сайхнаар төсөөлөөд хийж чадах зүйлсээ хий. Эмэгтэйчүүд хүүхдийнхээ ирээдүйд хамгийн их санаагаа чилээдэг. Дэмий баахан санаа зовохын оронд бодитой тусламжуудыг хайж эрэлхийл. Чадах юмаа хийгээд чадахгүй зүйлс дээрээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Дэмий санаа зовохын оронд бүх зүйлийг хаяад унтаж амарч сур.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (34.204.169.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
sarantuya (150.129.141.106) 2019-04-02 06:45:10
Taalagdlaa.
Moogii (77.119.129.67) 2019-04-01 21:54:12
Ene yariltslaga ogson zahiraltai yaj holbogdoh we. Asuuh zuil bn
0 1 Хариулах
(202.126.89.18) 2019-04-01 21:54:12
99101405