Л.Наранбаатар: “Эрдэнэс Тавантолгой”-н Ганхуягийг дефакто мэтгэлцээнд урьж байна

Нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг тараана гэдэг ард түмнээ басамжилсан хэрэг. Үүний эсрэг бид тэмцэнэ гэдгээ "Гложекс консалтинг” компанийн ерөнхий захирал, уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатар мэдэгдлээ.

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа. Түүний эхлүүлсэн санаачилгыг иргэд дэмжиж, цахим орчинд буюу “1072 хувьцаа” фэйсбүүк группт 90 мянгуулаа нэгджээ. Тус холбооноос “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад хандан хүлээгдэж буй ногдол ашиг болон 2019 оны компанийн төсөвтэй холбогдуулан шаардлага хүргүүлээд байгаа. Уг шаардлагыг долоо хоногийн хугацаатай тавьсан ч өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н зүгээс тодорхой хариу ирүүлээгүй байна.

-“Эрдэнэс Тавантолгой”-д хүргүүлсэн шаардлагыг долоо хоногийн хугацаатай тавьсан ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй гэж байна. Шаардлага хүргүүлэх болсон шалтгаанаа манай уншигчдад тайлбарлаж өгөөч. Үнэхээр 2019 оны төсөв тийм үрэлгэн болчихсон юм уу?

-“Эрдэнэс Тавантолгой”-н 2019 оны хөрөнгө оруулалтын төсөв маш үрэлгэн болсон гэдэгтэй олон хүн санал нэгдэж байгаа. Үүнээс шалтгаалж иргэдийн авах ногдол ашгийн хэмжээ багасаж байна. Төсвийг нь задалж харвал, удирдлагын зардалд гэхэд 22 тэрбум төгрөг, программ хангамж авахад 7.7 тэрбум төгрөг гээд нийт 481 тэрбум төгрөгийн асар өндөр зардалтай төсөв оруулж ирсэн. Төсөв, төлөвлөгөөнд нь нүүрс борлуулах  тоо хэмжээ болон үнэ одоо хүртэл тодорхойгүй байгаа. Энэ их үрэлгэн зардал эргээд иргэд бидний ногдол ашгийг хулгайлж байна. Үүний эсрэг 90 мянгуулаа бид нэгдээд байна. Иргэддээ хандаж хэлэхэд цаашид бид улам олуулаа болж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг бол төсвийг илүү бодитой болгох хэрэгтэй байна.  Хөндлөнгийн хяналт гэж энэ компанид үнэхээр алга. Төлөөлөн удирдах зөвлөл нь зүгээр л цалин урамшуулал аваад явж явдаг тийм хүмүүс байна. Ийм нөхцөлд иргэд бид өөрсдөө шаардаж, шахаж, компанийн засаглалыг нь зөв болгож, хувьцаа эзэмшигчийн хувиар мэдээллийг нь ил тод, нээлттэй авдаг болмоор байна. “Эрдэнэс Тавантолгой”-г зөвхөн дарга нарт зориулсан компани гэж ойлгохгүй байгаа. Харамсалтай нь ийм зам руу явж байна. Манай холбооноос маш тодорхой шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүргүүлэх үеэрээ бид хэвлэлийн хурал хийж, төсөв болон ногдол ашгийн асуудлыг хөндөж тавьсан.

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт асуулга тавьсан байсан. Үүний хариу ирж, нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 26800 төгрөгийн ногдол ашиг иргэнд хуваарилахаар компанийн ТУЗ нь шийдвэрлэсэн байна. Та бүхэн ногдол ашгийн энэ дүнтэй санал нийлж байгаа юу?

-Нэгж хувьцаанд 25-хан төгрөгийн ашиг өгнө гэдэг иргэдээ доромжилсон, басамжилсан хэрэг. 2018 оноос “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ногдол ашиг тараана гэж мэдэгдэж ирсэн. Өнгөрсөн онд компани 2017 онтой харьцуулахад хоёр дахин ашигтай ажилласан атлаа өнөөдөр ийм тоо яриад сууж байгаад харамсаж байна. Бидний хувьд он гарснаас хойш ногдол ашиг болон 2019 оны төсөвтэй нь холбогдуулан өөрсдийн санал, хүсэлтээ “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудад удаа дараа хэлж, шаардлага хүртэл хүргүүлсэн. Хэдэн төгрөгийн ногдол ашиг олгохоо Төлөөлөн удирдах зөвлөл нь цагаан сарын дараа шийдвэрлэсэн мөртлөө олон нийтээс үүнийгээ нууж, тэр нь өнөөдөр ил болж байна. Ард түмнээрээ ингэж тохуурхаж болохгүй. Иргэдийн ногдол ашгийг хулгайлж байгаа гэдэг нь үүгээр илчлэгдэж байна. Манай холбоо олон түмний хүсэл, шаардлага дээр бий болж, иргэдийн дуу хоолой болж яваа. Тиймээс бид шаардлага хүргүүлээд зогсохгүй, тэмцлээ үргэлжүүлнэ.

-Нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээг 25 төгрөгөөс дээш нь нэмэгдүүлэх тийм боломж байгаа юм уу?

-Бид компанийн үйлдвэрлэлийн тайлан, санхүүгийн тайлан, ногдол ашгийн тооцоо зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээллээр хангаж өгөх, хамтарсан ажлын хэсэг томилон 2018 оны ногдол ашгийн тооцоог ил тод, ойлгомжтой болгох шаардлагыг “Эрдэнэс Тавантолгой”-д хүргүүлсэн. Мөн энэ оны төсвийг илүү бодитой болгох, улмаар ногдол ашгийг нэмэгдүүлэх гарц, хувилбарыг хүртэл шаардлагадаа тодорхой дурдсан. Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг гээд байгаа 25 төгрөгийг хамгийн багадаа тав дахин нэмэгдүүлэх тийм боломж “Эрдэнэс Тавантолгой”-д байгаа. Гэтэл маш хариуцлагагүй 481 тэрбум төгрөгийн асар өндөр зардалтай төсөв баталлаа. Үүн дотор танах боломжтой зардал маш их байгаа. Тухайлбал, программ хангамж авахад 7.7 тэрбум төгрөг, борлуулалт, маркетингийн зардалд 303 тэрбум төгрөг төсөвлөсөн. IPO хийх гэж байгаа компани ийм төсөвтэй нөхцөлд хэн ч хувьцааг нь худалдан авч хөрөнгө оруулалт хийхгүй, төсвөө эргэж харах ёстой гэж Ч.Хашчулуун эдийн засагч хэлсэн байсан. Зөвхөн Наранбаатар гэж хүн өнөөдрийн энэ байдлыг хараад эсэргүүцээд, хуурай шүүмжлээд байгаа юм биш. Олон хүнд үүнд эгдүүцэж байна, бухимдаж байна.

-Ер нь танай холбоо яагаад байгуулагдах болсон бэ. Гол  шалтгаан нь юу байв. Өнөөдөр янз бүрийн ашиг сонирхол тээсэн төрийн бус байгууллага, холбоо олширсон. Үүний нэг байх вий гэж л хардаад байна л даа?

-Ойлголоо. Төрийн бус байгууллага байгуулах болсон шалтгаанаа юуны өмнө тайлбарлая. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг Монголын 2.5 сая иргэн эзэмшиж байна.  Тэдний эрх ашгийг хамгаалж байгаа ТУЗ гэж алга. Нэр төдий цалин авдаг хэдэн хүн компанийн удирдлагуудын хүсэл сонирхолд нийцсэн шийдвэр гаргаад сууж байна. Нөгөө талдаа энэ компани сайн засаглалтай байгаасай, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн компани болж ажиллаасай гэж хүссэн. Харамсалтай нь үүний эсрэг компани яваад байна. Компанийн үйл ажиллагаа, худалдан авалт нь шилэн тунгалаг болж чадахгүй байна. Тиймээс холбооны удирдах зөвлөлд есөн залуу мэргэжилтэн сонгосон. Хуульч, эдийн засагч, геологич, нягтлан бодогч, бизнесийн удирдлага, хөрөнгийн зах зээл судлаач манай холбоонд байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-д ногдол ашгийн асуудлаар иргэдийн төлөөлөл анх хандсан ч тодорхой хариу өгөөгүй. Үүнд маш олон хүн бухимдсан. Эндээс “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулах хэрэгтэй юм байна олон мянган  хүн үзсэн. Энэ хүлээлтийг хангаж холбоо байгуулагдсан. Холбооны зорилго бол ардчилсан Монгол Улсад төрийн бус байгууллага өөрөө ил тод, манлайлалтай, шилэн тунгалаг үйл ажиллагаатай яваад төрийн өмчит компанийг шахвал иргэн бүрийн халаасанд очих тэр өгөөжийг мөнгөн хэлбэрээр өгүүлэх боломжтой. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н зардлыг ганц Наранбаатар ярьдаг байсан бол 90 мянган хүн ярьдаг боллоо. Дараа нь 2.5 сая иргэн ярьдаг болно шүү гэдгийг энд хэлье. Хүмүүс өөрсдийнхөө эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааныхаа хойноос идэвхтэй явдаг боллоо. Ногдол ашгаа байнга сураглаж эхэллээ.

- “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг өнгөрсөн онд 800 тэрбумыг давсан биз дээ?

-Тийм ээ. 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэрнээ үүнийхээ талаас давсан хэмжээний төсөв баталсан. Үлдсэнээс нь ногдол ашиг бодогдож байгаа. Гэтэл 481 тэрбум төгрөгийн төсөв хэр үндэслэлтэй вэ гэдэг асуудал гарч ирсэн. IPO гаргахад мэдээж зардал гарна. Гэхдээ гаднын зөвлөхөд 283 тэрбум төгрөг өгөхөөр төсөвт оруулсан нь олон хүний шүүмжлэлтэй тулгарсан. Үүнийг улстөрчид хүртэл шүүмжилж байна. 4.5 тэрбум төгрөгөөр комьпютер авна гэж төсөвлөсөн. Энэ болгоноос харахад бодит бус зардлыг 2-3 дахин өсгөж тавьсан байсан. Үүнийг эргэн нягталж, илүү улсаа бодож, ард түмнийхээ өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзаж, үр ашигтай тооцож чадвал ногдол ашгийг нэмэгдүүлэх боломж байна. Манай төрийн бус байгууллагын зорилго ч үүнд чиглэсэн. Нэгж хувьцаанд өнөөдөр 25 төгрөгийн ногдол ашиг тараах болсонтой холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой”-ын Ганхуяг захирлыг дефакто мэтгэлцээнд манай холбооноос урьж байгаа. Яагаад ийм ногдол ашиг тараах болсноо тайлбарлаасай гэж бодож байна. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Арай л юм аа (202.131.235.234) 2019-04-02 11:57:03
Ногдол ашгаа нэмээч,
Б. Оюунсайтар 89100174 (66.181.164.132) 2019-04-02 11:46:17
Хасуй гээд манай зурагчин найзын зургийг хулгайлах аа болино уу.