Хоол болгон хор биш, эм болгон тус биш

Анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулган эмчийн нийтлэлийг хүргэж байна.

Монголчууд бид эмийн хэрэглээ, хэрэгцээ гэдгийг сайтар ойлгоогүй улс шиг санагддаг. Эмийг жороор авч, эмчийн заавраар уух ёстой гэдгийг мэдсээр атлаа л өдөр тутмын чихэр жимс лугаа адил хэрэглэх нь элбэг болсон. Эмийн тухай (Монгол улсын) хуульд эмийг импортлох, экспортлохоос эхлээд худалдан борлуулах, ангилах, үйлдвэрлэх гээд бүх зүйл заалтаараа орсон байдаг ч анагаахын хөгжил дэвшил маш хурдацтай хөгжихийн хэрээр хэрэглээ нэмэгдсээр байдаг. Гэтэл хууль хэвээрээ л. Мөн чанартаа бол тухайн бүрд нэмэлт өөрчлөлт оруулж байх нь хөгжингүй улс орнуудын туршлагаас харагдаж байдаг. Эм болгон тус хүргэхгүй гэдгийг миний бие алхам бүрдээ үйлчлүүлэгч нарт чадлынхаа хэрээр зөвлөдөг. Яагаад эм уулгахгүй, эмчлэхгүй байгаа юм бэ гэж асууж магад. Эм бол өөрийн гэсэн өвөрмөц болон ерөнхий үйлдэлтэй. Гэхдээ 100 хувь өвөрмөц үйлдэлтэй юу гэвэл бас үгүй байна. Би эм зүйч, эм судлаач, эм баригч биш. Гэхдээ эмч хүн учраас өдөр тутам эм бичиж эмнэх үүрэгтэй нэгэн. Мэдээж бүх эмийг хамруулж болохгүй. Одоо харин ямар асуудалд ул суурьтай хандах вэ гэдэг асуудлаар хэлэлцье.

Антибиотик

Антибиотик- бол нянгийн гаралтай үүсгэгчээр үүсгэгдсэн халдварт өвчний эсвэл үрэвсэлт өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэгддэг эм. Бид хэрэглээд ч сурчихсан, хэрэглэхдээ ч дуртай ард түмэн. Сав л хийвэл антибиотик барьж авч уучих гээд байдаг “БУРУУ ЗУРШИЛ” суучихсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Нэгэн жишээ дурдахад, Швед улсын нэгэн жижиг эмнэлгийн эмч (манайхаар өрхийн эмнэлэг) 15 настай хүүхдэд өвчний улмаас эмчилгээ зааж явуулсан байна. Сургуулийн эмч хүүхдэд эмчилгээг хийж хянаж байгаад орой гэрт нь хүргэсэн боловч сургуулийн эмчид эцэг эх талархахын оронд маш ихээр эгдүүцэж маргаан үүсгэсэн байдаг. Гол учир бол эмчилгээнд өгсөн эмийн дотор антибиотик байсанд байв. Эцэг эхийн зөвшөөрөлгүй антибиотик уулгасан, ямар заалтаар өгч байгаа, мөн антибиотикоос өөр эмээр эмчлэх боломжгүйг асуусан боловч анх үзүүлсэн эмчийн зааврыг мөрдсөнг уламжилж. Гэтэл эцэг эх анх үзсэн эмчийг хуулийн байгууллагад мэдэгдсэн байна. Ерөөсөө л "биологийн эсрэг эмээр миний үр удамд аюултай нөхцөл байдал үүсгэсэн" гэх үндэслэлээр хандсан байдаг. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр антибиотик  өвчнийг эмнэхээс гадна эрүүл биеийг ч гэмтээх байдлыг бий болгодог.

Хамгийн гол үйл нь антибиотикт дасал болох асуудал. Антибиотикийг хэдий чинээ их хэрэглэнэ төдий чинээ тухайн биед дасал болж цаашид үйлчлэх чанар буурдаг. Тийм болохоор аль болох шаардлагагүй тохиолдолд хэрэглэхгүй байхыг сануулж байна. Бид үр хүүхдээ ханиад томуугаар өвчлөхөд антибиотикийг өгч уулгадаг. Харамсалтай нь, ханиад томуу бол вирүсээр халдварладаг өвчин атал бид нянгийн үүсгийн эсрэг эм уулгаад байдаг. Жишиж хэлбэл бензин түлшээр явдаг машинд дизель түлш хийгээд хий дэмий хар утаа гаргаад хаазлаад байгаа гэсэн үг юм. Тэгэхээр зөв түлшийг нь хийвэл машин асуудалгүй асна. Яг үүнтэй л адил зөв эмийг нь хэрэглэвэл ханиад хурдан эдгэрнэ. Саяхан эрүүл мэндийн салбарын “Монголын эрүүл мэнд хаана явна вэ” гэсэн нэгэн хэлэлцүүлэгт сууж байхад 21-р зуунд нянгийн тэсвэрлэх чанар улам ихсэж байгаа бөгөөд удахгүй маш хүчтэй тэсвэртэй нян тархах аюул ойрхон байгааг сануулж байв. Хэрвээ бид антибиотикийг энэ байдлаараа хэрэглэсээр байвал тэр нянгаар үүсгэгдсэн өвчин эмгэгийг эдгээж чадахгүй нөхцөл байдал үүсэхэд хүрэх юм байна.

Элэгний вирусийн эсрэг эмүүд

Сүүлийн хэдэн жилд дэлхий нийтэд маш ололттой амжилттай байсан нэгэн зүйл бол элэгний вирус болох В, С-ийн эсрэг эм байв. Харвони гэх мөнхийн ус лугаа адил энэ эмийг монгол улсад маш хөнгөлөлттэй байдлаар олгож буян болсон Америк ах нарт талархаад баршгүй гэж хэлмээр санагдсан ч сайны хажуугаар саар зүйл бас байна. Мэдээж элэгний виүрс гэгч муухай амьтан эцсийн бүлэгт элэгний хатуурал, хавдар үүсгэж байж санасандаа хүрдэг. Монгол улсад өвчлөлийн 2 дугаарт хорт хавдар, түүн дотроо элэгний өвчлөл нэгдүгээрт бичигдэж байна. Бүх өвчлөл, нас баралтын 30 гаруй хувийг элэгний өвчлөл дангаараа эзэлж байна гэхээр маш эмгэнэлтэй тоо баримт юм. Элэгний өвчлөлийн үе шатаар үзэхэд 75-80 хувь нь хожуу буюу эмчилгээгүй гэсэн үедээ оношлогдож байна. Зөвхөн 20 хүрэхгүй хувь нь эмчлэгдэнэ гэсэн хариу сонсдог. Энэ нөхцөл байдлыг бий болгодог өнөөх вирүсийг бид эмчилж байж эдгэнэ гэсэн бодол вирүс тээж яваа хүн бүхэнд бий байх. Гэхдээ хэзээ уух ёстой, хэрхэн үр дүнд хүрэх вэ гэдэг зөвлөгөөг өгөх нь мэргэжлийн эмчийн үүрэг. Би элэгтэй зууралдаж, суралцаж яваагийн хувьд нэгэн зүйлийг анзаарсан юм. Элэгний вирүс элгийг урт удаан хугацааны туршид гэмтээдэг. Халдвар авсны дараа дунджаар 15-20 жилийн дараа элэгний хатуурал, элэгний хавдар үүсгэдэг бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд ямар нэгэн зовиур өгдөггүй. Ингэж явсаар вирүсийн халдвар элэгний эдийг гэмтээж эргээд сэргэхгүй болсон байдаг нь хатуурал хэмээх өвчинд хүрсэн гэсэн үг юм. В болон С вирусийн өвчлүүлэх хугацаа ойролцоо боловч В вирүс нь Дельта вирүстэй хавсрах тохиолдол сүүлийн үед ихээр илрэх болсон. Дельта бол дангаараа өвчлөл үүсгэх чадваргүй, зөвхөн В вирусийг дагалддаг. Гэтэл энэ вирусүүд нь элгийг эргэлт бүцалтгүй гэмтэл учруулахаас өмнө буюу үрэвслийн шатанд нь вирусийн эм хэрэглэвэл үр дүнтэй. Нэгэнт хатуурал болсон бол эм уух асуудлыг маш нухацтай мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж байж хэрэглэх хэрэгтэй. Маш энгийнээр тайлбарлавал, вирүс бол гал. Гал асаад нэгэнт түймэр дэгдээж бүх зүйлийг шатаагаад дууссаны дараа түүнийг унтраахаар гал сөнөөгч ирээд ямар ч хэрэггүй.

Маш энгийнээр тайлбарлавал, вирүс бол гал. Гал асаад нэгэнт түймэр дэгдээж бүх зүйлийг шатаагаад дууссаны дараа түүнийг унтраахаар гал сөнөөгч ирээд ямар ч хэрэггүй.

Бүх зүйл эргэж сэргэхээргүй шатаад дууссан. Харин түймэрт нэрвэгдсэн нэгж болгоны үйл ажиллагааг хадгалж үлдэх арга хэмжээ хамгийн чухал. Эсвэл нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаас өөр гарцгүй. Үүнтэй яг адил, элэгний хатуурал болсон бол цаашид хүндрэл үүсгэхгүй талаас арга хэмжээ авах, эсвэл элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх сонголт үлдсэн байдаг. Вирус элгийг хатуурал хүргэх, хавдар үүсгэх гэсэн 2 үндсэн зорилготой. Хатуурал үүссэн бол вирүсийн эм уух эсэхийг дахин хэлэхэд анхааралтай хандаарай.

Би ажиллаж байх хугацаандаа элэгний хавдартай олон хүнд эмчилгээ хийж эдгэсэн түүх бий. Бидний хоорондын уялдаа холбоо, мэдээллийн дутуу байдлаас үүдэлтэйгээр хавдрын эмчилгээ хийлгээд эдгэсэн хүмүүст В болон С вирусийн эмчилгээ зөвлөж уусан тохиолдол нэлээд байдаг. Харамсалтай нь вирусийн эм уугаад хавдрын дахилтыг маш хурдан хугацаанд идэвхжүүлээд эмчилгээгүй болсон олон (олон гэдэг нь 10-с дээш) эмгэнэлтэй түүхийг би хэлж чадна. Зарим тохиолдлыг товч дурдахад, элэгний хатууралтай гэж оношлогдон олон жил тогтвортой явж байгаад вирүсийн эм уусны дараа дөнгөж 3 сарын дотор хорт хавдар үүссэн гэх хэд хэдэн тохиолдлыг мөн л мэднэ. Энэ мэтчилэн вирусийн эм болгон эрүүл болгохгүй, гагцхүү ямар үе шатандаа уувал эрүүл болох вэ гэдгийг л бид мэдэх шаардлагатай байна.

Хорт хавдар бол архаг явцтай, хожуу үедээ шинж тэмдэг илэрдэг, тавилан муутай өвчин

Өнгөрсөн жил C вирүсийн эсрэг хэрэглэдэг Харвони эмийг үйлдвэрлэгч GILEAD компанитай хийсэн гэрээгээ Испани, Итали, Их Британийн улсууд цуцалж хилээр оруулахыг хориг тавьсан байдаг. Энэ нь юутай холбоотой ийм шийдвэр гарсанг нийтэд ил зарлаагүйд гол нууц оршиж байгаа юм. Хар буруу санавал дээрх эрсдэл илэрсэн байхыг үгүйсгэхгүй, харин эерэгээр харвал өөрсдөө ижил төстэй эм үйлдвэрлэгч болохыг зорьсонг ч үгүйсгэхгүй юм.

Хорт хавдар бол архаг явцтай, хожуу үедээ шинж тэмдэг илэрдэг, тавилан муутай өвчин юм... гэж манай алтан үеийн багш нарын маань нэг хэлж байсныг мартдаггүй юм. Энэ өвчинтэй дэлхий нийтээрээ тэмцээд одоогоор ууж, идэхээр үр дүнд хүрсэн хавдрын эм хараахан гараагүй л байна. Удахгүй гарах байх гэж найдаж байна. Гэхдээ эмийн зөв хэрэглээ гэдгийг та бүхэн бага ч болов ойлгосон болов уу гэж бодож байна. Эм болгон тусыг авчрахгүй гэдгийг та санаж яваарай.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.215.182.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
оюун-эрдэнэ (103.212.117.240) 2019-04-08 22:41:02
Сайн байна уу Эрдэнэбулган эмчтэй яаж холбоо барих вэ туслаач
0 1 Хариулах
bayrmaa (202.126.89.36) 2019-04-08 22:41:02
huhnii tuviin utsiig avaad yri
зочин (64.119.23.26) 2019-04-08 20:27:15
Элэгний хатуурлыг яаж эмчлэх вэ