Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д ямар “бэлэгтэй” очих вэ

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлчээр БНХАУ-д зохион байгуулах “Бүс ба зам” уулзалтад оролцохоор болжээ. Хоёр жилд нэг удаа болдог тус арга хэмжээнд өмнө нь Монголын талаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцож байсан аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлчээр БНХАУ-д зохион байгуулах “Бүс ба зам” уулзалтад оролцохоор болжээ. Хоёр жилд нэг удаа болдог тус арга хэмжээнд өмнө нь Монголын талаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцож байсан аж. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Ц.Цогтбаатар өнгөрөгч долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэхүү айлчлал нь Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын бэлтгэл ажлыг хангах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой байжээ. Тэрбээр энэ сарын 1-нд БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньд бараалхаж, 2-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И-тэй хэлэлцээ хийжээ. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И “Нэг бүс нэг зам санаачилгыг Монголын хөгжлийн стратегитай холбон, хөгжил, иргэдийн ахуй амьдралын салбар дахь тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлж, эрчим хүч, ашигт малтмалын том төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагаагаа түргэтгэн, олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй” гэжээ. Хятадын зарим сайтад мэдээлснээр  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Хятадын талтай хамт Нэг бүс нэг зам санаачилгын хүрээнд хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбар дахь хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг улам баяжуулахад Монгол Улс бэлэн байна” гэсэн байна. Гэхдээ манай улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд үүнийг “Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлалын бэлтгэлийг сайтар хангаж, хоёр талын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд талууд санал нэгдэв” хэмээн бичсэн.   

Ямартай ч харилцаагаа шинэ шатанд гаргахаар санал нэгдсэн юм байна. Тэгвэл тэр нь ямар шат вэ. ШХАБ-ын ажиглагч гишүүнээс жинхэнэ гишүүн болох тэр “ахиц”-ыг хэлэв үү. УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд “өөрийг нь огцруулах зорилго бүхий” хуулийн дагуу ажлаа өгсөн. Тэрбээр ажлаа өгөхөөс хэдхэн хоногийн өмнө ҮАБЗ-д өөрийгөө ганцаардаж буй тухай сэтгүүлчдэд хэлчихсэн. Тэр ч байтугай “ШХАБ-д гишүүнээр элсэх асуудал дээр үү” гэж тодотгоход нь “”ШХАБ дээр ч гэсэн” хэмээсэн нь “Өөр юу байж болох вэ” гэх асуултыг үлдээсэн юм.

Харин түүнийг УИХ-ын даргаас огцруулах үеэс бүх зүйл тодорхой болсон. Тодорхой харагдаж байсанчлан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу, Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Хуулийн төслийг анх өргөн барьсан хэлбэрээр нь УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар баталсан. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 90 хувийн саналаар, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 92 хувийн саналаар тус тус дэмжсэн. Одоогоор Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилоод байна. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилуулах саналыг гардаж авсан, тун удахгүй шийдвэрээ гаргах биз. Хамгийн их “хүсэн хүлээсэн” АТГ-ын дарга, дэд даргаар хэнийг томилох нь ч олны анхаарлын төвд байгаа билээ. Ийнхүү Ерөнхийлөгч УИХ-аар УИХ-ын даргыг огцруулах хууль батлуулж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр түрээ барьж АТГ, Дээд шүүх, Прокурорын байгууллагын удирдлагуудыг сольж чадлаа.

Үүний зэрэгцээ ҮАБЗ 2019 оны гуравдугаар сарын 4-нд хуралдаж “Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялагт ард түмний өмч, 6.2-т төр менежментийг нь авч явна гэсэн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авна” гэсэн утгатай зөвлөмж гаргасан. Ерөнхий сайд 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд УИХ-ын чуулганы индрээс “Цагаан суваргын ордыг буцааж өгөөрэй” гэсэндээ хүрч, авч байгаа нь тэр. Үүний дараа 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар Ерөнхий сайдын чиглэлийн дагуу, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь ч мөн л ҮАБЗ-ийн зөвлөмжөөс өрссөн л болохоос “айлгах төлөвлөгөө” буюу бэлтэл ажиллагаа байж.

Дараа нь Эрдэнэт үйлдвэр ҮАБЗ-ийн зөвлөмжийн ээлжит “бай” болов. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсан “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, ХХБ-ны “эзэн” Д.Эрдэнэбилэг, тус банкы Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг гавлаж “үзүүлэв”. Энэ “детектив үзүүлбэр”-ийнхээ үргэлжлэл болгож Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм зарласныхаа үр дүнд БНХАУ-ын ICBC банкинд 60 хувиа эзэмшүүлсэн “Стандарт банк”-ны өрөөс эхний ээлжинд 40 сая ам.долларыг төлснөө өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Ажиглагчдын үзэж байгаагаар ийм шийдэлд хүрэхийн тулд дор хаяж 20 тэрбум төгрөгийг хуулийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан байх гэж таамаглаж байна. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоосныхоо дүнд төр дангаараа мэдэж тус үйлдвэрийн Эрсдлийн сангаас 40 сая ам.доллар, дээр нь хуулийн зөвлөх үйлчилгээнд үлэмж хэмжээний хөрөнгө зарцуулж “Монголын Эрдэнэт үйлдвэрийн өрийг дарж”, Өмнөд Африкийн Стандарт банкнаас 60 хувийг нь худалдан авсан БНХАУ-ын ICBC банкинд “тушаалаа”. Дээр нь “төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авна” гэх нэрийдлээр хэнтэй, хэрхэн наймаалцахыг таашгүй. Мөн дураараа дургихад нь саад болоод байсан Шүүх, Прокурор, АТГ-ын удирдлагуудыг сольчихлоо.

Ийм “рапорттой”, бас “бэлэгтэйгээр” БНХАУ-д айлчилж “харилцаагаа шинэ түвшинд хүргэх чухал боломж”-ийн тухай яриад байгаа цаг үед “ШХАБ-ын жинхэнэ гишүүн болоход ойртжээ” гэж хардахаас өөр аргагүй үлдэж байна. Гэвч юу болохыг энэ сарын сүүлчээр болох айлчлалын явц, үр дүн харуулна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (54.226.102.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.