Жули Вэлүү: Таны гарт хэн нэгний амьдралыг өөрчлөх боломж байхад та яагаад татгалзах ёстой гэж

2010 оноос хойш Улаанчулуутын хогийн цэг орчимд ажиллаж амьдарч буй хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа "Вэлүү" сангийн дэд ерөнхийлөгч Жули Вэлүүтэй ярилцлаа. Тэрбээр Нарны хүүхдүүд 1, 2 цэцэрлэгийг санаачлан байгуулсан бөгөөд өнөөдөр түүний ачаар Улаанчулуутын хүүхэд бүр ая тухтай тохилог орчинд сурч боловсрох боломж бүрджээ. Улаанчулуут дээр хог түүдэг байсан бүсгүй цэцэрлэгт цэвэрлэгчээр ажиллаж, хэсэг хугацааны дараа мэргэжлийн боловсрол эзэмшиж цэцэрлэгтээ багшлах болж, "Хүүхдүүд намайг багшаа гэж дуудсан" хэмээн уйлж байсан түүхийг тэр эргэн дурсахдаа "Бид яг л ийм олон, олон түүхийг бүтээхийг зорьж явна" хэмээн хатагтай Жули Вэлүү нүүр бардам, итгэлтэйгээр хэлсэн юм.

-Сайн байна уу. “Вэлүү сан” хэдэн оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулсан бэ. Үүнээс хойш онцлох ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Анх 2010 онд нөхөр маань Оюу-толгой компанид ажиллахаар ирсэн юм. Энэ үеэс гэр бүлийн “Вэлүү сан” Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монголд ирээд хогийн цэг дээрх иргэдэд туслахаар очихдоо өвлийн -40 градусын хүйтэнд дөрвөн настай жаахан хүүхэд хог түүгээд зогсож байхыг хараад сэтгэл маш эмзэглэсэн. Ингээд анх Улаанчулуутын хогийн цэгт өдөр өнжүүлэх ажлуулж эхэлсэн бол өнөөдөр үйл ажиллагаа маань улам өргөжин тэлж “Нарны хүүхдүүд 1, 2” гэсэн нийт 300 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн барилга  байгууламжтай, мэргэжлийн багштай цэцэрлэг болон өргөжсөн байна. Нийтдээ “Нарны хүүхдүүд 1” цэцэрлэгт 33, “Нарны хүүхдүүд 2” цэцэрлэгт 26 багш ажилтантай. Нарны хүүхдүүд цэцэрлэг ашиглалтад орсноор Улаанчулуут орчимд амьдарч буй зургаагаас доош насны хүүхдүүд цоожтой хаалганы ард үлдэх, хог дээр гарч ажиллах нөхцөл багасч 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн. Харамсалтай нь зарим хайнга эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгөхгүй тохиолдол гарч байна. Хүүхдүүд дулаан тохилог орчинд, чанартай хоол хүнс хэрэглэж, сургуульд суралцахдаа бэлтгэгдэж, сургуулийн өмнөх боловсрол авах боломжоор хангагдаж байгаа нь үнэхээр сайхан боломж шүү дээ. Үүний зэрэгцээ Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг өрхийн хүүхдүүдийг зун бүр “Дүүлэн нисэх тогоруу” зуны зусландаа амраадаг. Бид хүүхдийн цэцэрлэг ажлуулахаас гадна хогийн цэг дээрээс амьжиргаагаа залгуулж буй хүмүүст зориулсан ажил мэргэжил олгох сургалт, чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Өнөөдөр оёдлын цехэд маань 6 хүн ажиллаж байна. Тэднийг бид ажил мэргэжлийн сургалтад хамруулж мэргэшүүлж авсан. Цаашид энэ тоо улам олон болно. “Вэлүү” сангийн тухайд Канад улсад үүсгэн байгуулагдсан, Монгол Улсад Канадын салбар гэж бүртгэгддэг. Одоо хэрэгжүүлж байгаа төсөлд маань сар бүр 15 мянган доллар хэрэг болдог. Төслөө нэгэнт эхлүүлээд явж байгаа учир тогтвортой байлгахын тулд хандивлагчдаас хөрөнгө татдаг. Гэхдээ нөхөр бид хоёр хувиасаа урсгал зардлын хөрөнгийг гаргаж, хандивлагч нарын хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж, хүмүүст туслахыг зорьдог.

-Вэлүү сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 10 орчим жил болж байгаа юм байна. Энэ хугацаанд хэдий хэр олон хүнд тусламжийн гараа сунгаж ажилласан бэ?

-Яг тэдэн хүнд тусаллаа гэж хэлэх тодорхой тоо бидэнд алгаа. Гэхдээ жилдээ 2 мянга орчим хүнд хүрч ажилладаг. Нэг цэцэрлэгт жил бүр 150 хүүхэд суралцаж байна, өдөр өнжүүлэх төвд 15 хүүхдийг хамруулж байна гээд олон ажлыг дурдаж болно. Үүний зэрэгцээ бид амьжиргааны түвшин доогуур Сонгинохайрхан дүүргийн хүүхэд залуучуудын болосвролын асуудалд анхаарал хандуулж, тэтгэлэгт хөтөлбөр мөн хэрэгжүүлж байгаа. Ер нь бол боловсрол ядуурлыг таслан зогсоох хамгийн зөв зам. Тиймээс амьдралын бололцоогүйгээс сургуульд суралцаж чадахгүй байгаа хүүхдүүдийг Улаанбаатар хот дахь элит сургуулиудад “Вэлүү” сангийн тэтгэлгээр суралцуулдаг. Энэ жилийн тухайд Улаанчулуутаас амьжиргаагаа залгуулдаг өрхүүдийн 9 хүүхэд “Шинэ Монгол”, “Хобби” зэрэг чанартай боловсролтой сургуулиудад тэтгэлгээр суралцаж байна. Амьжиргааны түвшин доогуур 200-300 өрхөд Монголын уламжлалт баяраар сар шинийн бэлтгэлийг хангаж өгөх, зул сарын баяраар хүүхдүүдэд бэлэг хүргүүлэх, хамгийн өндөр настай хоёр хүнийг сонгож өвчүүг нь авч өгөх гэх мэт буяны ажлуудаа дурдаад байвал олон. Орон гэргүй өрхүүдэд туслахаар 15 гэр бүлийг өргөө цагаан гэртэй болгосон. Багш нараа чадавхжуулах, иргэдээ хөгжүүлэх гээд олон хүмүүст хүрч ажиллаж байна.

-Жил бүр 2 мянга орчим хүнд тусламжийн гараа сунгадаг гэхээр их тоо байна л даа. Та энэ хугацаанд сэтгэлд үлдсэн сайхан дурсамж, хэн нэгний амьдралыг өөрчилсөн онцгой түүхээс хуваалцаж болох уу?

-Би энд хоёр түүх хуваалцъя. Нэгд, 2012 онд төрөөд 10-хан хонож буй хүүд тусламж хэрэгтэй болсон юм. Эмч нар хүүг зүрхний өвчтэй, эмчлэхгүй бол хэдхэн сар л амьдарна гэсэн хүнд онош тавиад байлаа. Хүүд туслахын тулд бид Энэтхэг улс руу хүүгийн хагалгааг хийлгэхээр ээж, эмч, хүү гурвыг явуулсан. Маш хүнд хоёр хагалгаа хийгдэнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр Энэтхэг улсад очиход Монголд хүүгийн оношийг буруу тавьсан байсан. Бид маш өндөр төлбөртэй хагалгаа хийлгэнэ гэж санаа зовж байсан ч хагалгааны төлбөр төсөөлснөөс хэд дахин бага буюу ердөө 16 мянган доллар болсон. Тэгэхэд би үнэхээр их баярласан. Хүүгийн хагалгаа амжилттай болж, эсэн мэнд өсч торнин одоо 2 дугаар ангид сурч байна. Маш сэргэлэн, ухаалаг хүүн болж өссөн. Миний хувьд 16 мянган доллараар нэгэн хүүгийн амьдралыг аварсан нь их гайхалтай түүх болж үлдсэн. Тэр өхөөрдөм жаахан хүү 16 мянган доллар байхгүйгээс болж амиа алдсан бол миний хувьд үнэхээр хамарсалтай санагдаж, маш их уур хүрэх байсан байх. Өнөөдөр хүүг сургуульдаа явж байгааг, өсч том болж байгааг харах маш сайхан байдаг. Тиймээс ч би хүүтэй болон хүүгийн гэр бүлтэй нь үргэлж холбоотой байдаг. Бас нэгэн сайхан түүх бол 2013 онд бид Нарны хүүхдүүд 1 цэцэрлэгээ Улаанчулуутад нээж байхад нэгэн эмэгтэй биднээс ажилд орохыг хүссэн юм. Тухайн үед бид тэр бүсгүйг ажилд авах боломжгүй байлаа.  Гэсэн ч тэр өдөр бүр “би та бүхэнд тусалмаар байна, юу хийх хэрэгтэй вэ” гэж хүрч ирсээр л байсан юм. Хана будалцах уу, шал угаах уу гээд л өөрийн санаачлагаар хийх боломжтой бүхнийг хийж байлаа. “Уучлаарай бидэнд одоохондоо танд өгөх мөнгө байхгүй шүү” гэхэд тэр “Хамаагүй ээ би та бүхэнд тусалъя” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа бид бүхэн ярилцаж байгаад тэр бүсгүйг эхний жил цэвэрлэгчээр ажиллуулж, хоёр дахь жилээс багшийн сургалтад суулгаж цэцэрлэгийн багшаар ажилуулж эхэлсэн.  Одоо тэр бүсгүй “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгт багшилж байна. Тэр анх багшилж байхдаа “Хүүхдүүд намайг багшаа гэж дуудсан” гэж хэлээд баярын нулимс унагааж билээ. Тэр үед миний сэтгэл маш их хөдөлж байлаа. Бүсгүйд багшаа гэж дуудуулах нь маш их аз жаргалыг өгсөн юм. Бид ийм олон олон түүхийг бүтээхийг хүсч байна.

Өдөр бүр хог дээр амьдардаг тэр хүмүүсийн хувьд ажиллаж олсон мөнгөнөөсөө угаалгын нунтаг авч, холоос ус зөөж хувцас, биеэ угаана гэдэг маш том өөрчлөлт юм шүү дээ.

-Таныг анх ирж байсан 9 жилийн өмнөхөөс өнөөдрийн “Улаанчулуут-д ямар өөрчлөлт гарсан бэ. Орчин нөхцөл, хүмүүсийн хандлага яаж өөрчлөгдав?

-Үнэхээр нүдэнд харагдахуйц өөрчлөлт маш их гарсан. Дэлхийн бусад улс оронд үе дамжин хог дээр амьдрах тохиолдол түгээмэл байдаг бол Монгол Улсад хог түүж амьжиргаагаа залгуулах гэдэг нь шинэ ойлголт. Хог дээр төрөөд, хог дээр өссөн хүн маш ховор. Харж байхад бүгд л ямар нэгэн сайхан амьдралтай байж байгаад амьдралын гэнэтийн өөрчлөлтөд бүдэрч, хогийн цэг дээр ирсэн байдаг юм билээ. Тэгэхээр хогийн цэг дээр амьдарч буй хүмүүсийн амьдралыг өөрчилж, энэ байдлыг таслан зогсоох боломж бидэнд бий. Үе удам дамжсан амьдрал болон үргэлжлэхээс нь өмнө таслан зогсоох хэрэгтэй. Анх биднийг цэцэрлэгээ нээхэд эцэг эхчүүд хүүхдүүдээ маш халтар авчирч өгдөг байв. Хүүхдүүд бөөстэй, хиртэй хувцастай, сайртай ирдэг байсан учраас багш нар маань хувцасыг нь угааж, усанд оруулж сайрыг нь арилгах гээд маш их хүчин чармайлт гаргадаг байлаа. Гэтэл өнөөдөр эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ хувцсыг угаагаад, хүүхдээ усанд оруулаад авчирч өгдөг болсон. Үүнийг би олж хараад маш их баярласан. Өөрийн эрхгүй “хөөх халтар хүүхэд байхгүй болчихож” гэж уулга алдсанаа тод санаж байна. Тэгэхэд манай багш нар “бөөстэй хүүхэд ирэхээ больсон” гэж хэлээд инээмсэглэж байсан юм. Магадгүй эцэг эхчүүд ч хүүхдээ цэцэрлэгт нь авчрахдаа өөрсдийнхөө хувцаслалтад анхаардаг болсон байх. Энэ бүхнийг хотын төвийн хүмүүс анзаарахгүй байж магадгүй юм. Өдөр бүр хог дээр амьдардаг тэр хүмүүсийн хувьд ажиллаж олсон мөнгөнөөсөө угаалгын нунтаг авч, холоос ус зөөж хувцас, биеэ угаана гэдэг маш том өөрчлөлт юм шүү дээ. Анх бид цэцэрлэгээ нээхдээ хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоно, гэхдээ хүүхэд цаашаа ерөнхий боловсролын сургуульд суралцах нь эргэлзээтэй юм гэсэн бодолтой байсан. Харин өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд үргэлжлүүлэн сургуульд суралцаж байна. Ингээд харахад боловсрол эзэмших зорилгод нь бид нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна.

-Хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгосноор маш олон хүнийг ажилтай болгож байгаа шүү дээ. Мөн цэцэрлэг барихад хамтран ажилласан, тусалсан хүмүүс олон байгаа байх тийм үү?

-Тиймээ. Олон эцэг эх хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадсанаараа өөрсдийн амьжиргаагаа дээшлүүлж чадсан. Зарим хүмүүс хогийн цэг дээр ирээд гайхах байх л даа. Гэхдээ хогийн цэг дээр машинтай болсон олон гэр бүл бий шүү. Улаанчулуутад маш их өөрчлөлт гарч байна. Энэ бүхэнд Х.Нямбаатар даргын оролцоо ч их бий гэдгийг онцолмоор байна. Түүнийг би УИХ-ын гишүүн болохоос нь өмнө Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан цагаас нь л мэднэ. Бид 20 хүнийг хүнд машин механизмын оператораар сургаж, сайн цалинтай ажилд зуучилж байлаа. Үүний дүнд бид 20 гэр бүлийг хогийн цэгийн амьдралаас салгасан байгаа биз дээ. Энэ мэт олон сайхан жишээ бий.

“Нарны хүүхдүүд 1” цэцэрлэгийг барих үед Х.Нямбаатар УИХ-ын гишүүн биш дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан. Тухайн үед бид хамтран анхны төслөө амжилттай хэрэгжүүлсэн юм. Харин УИХ-ын гишүүн болоод 2018 оны хавар над руу Улаанчуулт дээр “Нарны хүүхдүүд 2” төслийг эхлүүлье гэж өөрөө холбогдож, 4 дүгээр сард нь бид тус цэцэрлэгийн шавыг тавьж, 2019 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм. Бид 50:50 хувиар хөрөнгө оруулж цэцэрлэгээ босгоцгооё гэж тохирсон юм. Цэцэрлэгийг барьж байгуулахад сайн санаат олон хүмүүс хандив тусламж үзүүлсэн бол “Өгөөдэй-Ази” компани ямар нэгэн бизнесийн ашиг авалгүй зөвхөн төсөвт өртгөөр барьж гүйцэтгэж тусалсанд талархах ёстой. “Нарны хүүхдүүд” цэцэрдэг бол улсын төсвөөс ганц ч төгрөгний төсөв гаргуулахгүй баригдсан ч бид цэцэрлэгээ улсад хүлээлгэн өгсөн юм. Учир нь урсгал зардлыг хангана гэдэг бас их төвөгтэй ажил. Тэгэхээр энэ төсөл нь хувийн байгууллага болон улсын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжсэн сайн жишиг гэж хэлж болно. Улсаас урсгал зардлыг нь гаргахаар болж хүлээн авсан нь цэцэрлэг цаашид тогтвортой ажиллах баталгаа болсон. Х.Нямбаатар гишүүнтэй олон жил хамтран ажиллаж томоохон төсөл хөтөлбөрүүдийн ард гарсан, цаашид ч хамтран ажиллана. Х.Нямбаатар гишүүн бол нэг ажил эхлүүлбэл маш тууштай ажиллаж, зогсоохын аргагүй эрчимтэйгээр шуурхай дуусгаж эцсийг нь үздэг дайчин хүн. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр өнөөдөр Улаанчулуутын хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон.

-Таны цаашдын зорилго юу вэ. Та Улаанчулуутын амьдрал хэрхэн өөрчлөгдөөсэй гэж хүсч байна вэ. Магадгүй 5 жилийн дараах Улаанчулуутын амьдралыг хэрхэн төсөөлж байна?

-5 жилийн дараах гэхээр их хол сонсогдож магадгүй юм. Гэхдээ бид 5 жилийн дараа гэхэд эдгээр хүмүүс биднээс хамааралгүй болоосой гэж хүсч байна. Хэн нэгнээс тусламж авах шаардлагагүй сайхан амьдралтай болоосой гэж хүсч байна. Магадгүй эдгээр хүмүүс сайхан ажилтай, амьдралтай болчихвол бид цэцэрлэгээ төлбөртэй болгож, төлбөрөөр нь өөр хүмүүст тусалж болох юм. Ерөөсөө л 5 жилийн дараа гэхэд Улаанчулуут Улаанбаатарын жирийн л амьдралтай хэсэг бүлэг хүмүүсийн амьдардаг газар болоосой. Ийм л Улаанчулуутыг бид бүтээмээр байна. Ингэж бид өөрчилмөөр байна. Үүний төлөө тэмцэж, үүний төлөө хамтарч байгаа шүү дээ. Тиймээс л бид хичээж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд тулгарсан хамгийн том саад бэрхшээл юу байсан бэ. Цаашдаа зорилгодоо хүрэхэд та бүхэнд юу хамгийн их хэрэгцээтэй байна вэ?

-Соёлын ялгаа маш их бэрхшээлтэй байсан. Канадын амьдрал, Монголын амьдрал хоёр маш өөр. Канад хүн, Монгол хүн өөр. Гадаад улсад өөр улсын соёлоор үйл ажиллагаа явуулна гэдэг их ярвигтай. Маш энгийн жишээ татъя л даа. Бид цэцэрлэгээ ашиглалтад оруулаад хүүхдүүддээ өдрийн цайнд нь сэндвич өгч байхаар төлөвлөсөн. Гэтэл яагаад хүүхдүүдэд шим тэжээлтэй шөл биш талх өгч байгаа юм бэ гэдэг шүүмжлэлийг маш их сонссон. Ингээд энэ мэт жижиг зүйлсээс эхлээд хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй олон ялгаатай байдлыг олж харсан ч яваандаа дасан зохицсон. Бид цэцэрлэгээ олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаатай болгохын тулд багагүй хүчин чармайлт гаргадаг. Канадаас сайн дурын багш нарыг авчирч энд ажлуулдаг. Тэд багш нартай, хүүхдүүдтэй хамтран ажилласнаар нэг нэгнээсээ суралцах, соёлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхөд суралцдаг. Бид сургуулийн өмнөх боловсролыг чанартай олгож, хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд орохдоо онц сурдаг болоосой гэж хүсч байгаа. Улсын цэцэрлэгүүдээс ялгаатай нь бид тоглоомын аргаар хүүхдэд хүмүүжил олгох Канадын боловсролын системийг амжилттай нэвтрүүлсэн. Би өөрөө Канад сэтгэлгээнээсээ салахад их хэцүү байсан. Энэ есөн жилийн хугацаанд монгол соёлд суралцаж байна. Харин бидэнд юу хэрэгтэй байна вэ гэвэл мэдээж санхүү, мөнгө. Түүнээс гадна Засгийн газар дахин боловсруулах үйлдвэрээ яаралтай бариасай гэж хүсч байна. Мөн хогийн цэг дээр хүмүүсийг ажлуулахгүй байх хуулийг яаралтай хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.

-Анх Монголд ирэхэд юу таныг хамгийн их гайхшруулж байсан бэ. Таныг бас Монголын соёлд их хайртай гэж би сонссон?

-Надад өөрийн гэсэн үхэр бас морьд бий. Манайх “Дүүлэн нисэх тогоруу” зуны зуслантай гэж дээр хэлсэн дээ. Тэндээ хүүхдүүд үнээ саах, морь унахыг заадаг. Анх 2010 онд Монголд ирээд, 50 насандаа анх морь унаж үзэж байлаа. Би үүнээс өмнө морь унахаас маш их айдаг байсан. Гэтэл наймхан настай Монгол хүү морь унаад айх зүйлгүй маш аз жаргалтай, эрэмгий зоримог эрч хүчтэй байгааг хараад бахархсан. Тэгээд би яагаад унаж болохгүй гэж бодож билээ. Ингээд л би эргэлт буцалтгүй моринд дурласан юм. Монголын соёлыг ойлгохын тулд морь заавал унаж үзэх ёстой. Морьгүйгээр монгол соёлыг төсөөлөхийн аргагүй юм. Бид удахгүй Баян-өлгий аймгаас Дорнод аймаг хүртэл 3 мянган километр морьтай аялал хийхээр төлөвлөж байна. Энэ аялал нийт 2 сар гаруй буюу 70 хоног үргэлжилнэ.

Мөн намайг маш их гайхшруулсан зүйл бол Канадад хэзээ ч хийхгүй зүйлийг Монголчууд маш энгийнээр хүлээж авдаг. Жишээлбэл, Канадад шөнийн 1 цагт дотны айлдаа очиход зэмлэл хүлээнэ. Ер нь хэзээ ч ийм зүйл байна уу, тийм зүйл байна уу гэж нэгнээсээ асууж шөнийн 1 цагт нэгнийдээ очихгүй. Гэтэл Монголчууд бол хэн ч яваад орсон маш найрсгаар хүлээж авч, юу хэрэгтэй байгааг тодруулдаг. Энэ бол Канадчуудын хувьд алдагдсан соёл. Надад энэ нь маш сайхан санагддаг. Бид хөдөө ажлаар явж байхдаа шөнийн 2 болж байхад шаварт суучихсан юм л даа. Ингээд ойр байсан айлд очиж асуухад бидэнд уриалагханаар туслахад би “хөөх” гэж уулга алдаж, маш их баярласан юм. Бас маш их гайхширсан. Магадгүй гэрт амьдарвал энэ соёлыг илүү ойлгох юм болов уу. Тиймээс л би Монгол гэрт очиж хонох дуртай. Бас Монголчууд нэг нэгэнтэйгээ эелдэг харилцдаг, өргөн уудам газар нутагтай шигээ уужим сэтгэлтэй ард түмэн. Мөн Монголчууд үе удмаа маш сайн мэддэг, энэ ёс заншлаа хэзээ ч битгий алдаасай гэж хүсч байна.

-Вэлүү сан гэр бүлийн сан болон өргөжсөн. Таны нөхөр таныг дэмжиж ажилладаг бололтой. Вэлүү санг анх байгуулсан талаараа ярьж өгөөч?

-Миний нөхөр асрамжийн газарт амьдардаг байсан юм. Түүнийг сайн санаатай, сайхан хүмүүс өргөж авч хүмүүжүүлсэн. Бага байхад нь зовлон тохиолдсон ч сайн хүмүүс тусалсан учраас тэр өдий зэрэгтэй хүн болж өссөн юм. Тиймээс ч өөрийн авсан тусламжаа бусдад үзүүлэх хэрэгтэй гэж үздэг юм. Харин миний гэр бүл тийм ч баян биш. Би ядуу амьдралын зовлонг мэднэ. Бид Энэтхэг, Малайз улсад ажиллаж байхдаа мөн л тус улсын өнчин хүүхдүүдэд тусалдаг байсан. Бид урсгал зардлаа өөрсдөө гаргаж, бусдын өргөсөн хандиваар бүтээн байгуулалтын ажил хийхийг зорьдог. Миний нөхөр байгаагүй бол би энэ бүхнийг хийж чадахгүй байсан. Одоо тэр тэтгэвэртээ гарч хувийн бизнесээ эхлүүлээд байгаа. Бид хуримтлуулсан мөнгө болон тэтгэврийнхээ мөнгөөр бусдад туслахыг илүүд үзнэ. Өөрсдийн хөрөнгөөр бусдын амьдралыг өөрчилнө гэдэг маш сайхан хэрэг. Бид өөрчлөлт гаргахын төлөө ажиллана. Нөхөр маань Вэлүү сангийн Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг. Хамгийн сайн удирдагч, хамгийн сайн зөвлөгч маань юм.

-Танай сан хандивыг хэрхэн цуглуулдаг вэ. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүст туршлага болох байх л даа?

-Хандив цуглуулах үндсэн дөрвөн арга бий. Нэгд, сар бүрийн ивээн тэтгэгч гэж байдаг. Монголчууд болон гадаадын иргэд өөрийн сайн дураар сар бүр хүссэн хэмжээгээрээ санхүүгийн хандив өгдөг. Өнөөдөр өгөхөө болилоо гэж бодоход маргааш шинэ хандивлагч нэмэгдэж л байдаг. Тиймээс сар бүрийн хандивлагч нар бидний тогтвортой ажиллагааг хангадаг. Хоёрт, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнд хандив өгч хамтран ажилладаг байгууллагууд олон бий. Гуравт, Гадаад улс орны засгийн газар, төрийн сангийн санхүүжилтэд хамрагдахын тулд бид төсөл бичиж илгээдэг. Жишээлбэл бид Канадын Засгийн газрын санхүүжилтийг гурван удаа авсан. Дөрөвт нь, Gobi Gala арга хэмжээг жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ нь арга хэмжээнээс бид төсвийн дийлэнх хувиа бүрдүүлдэг. Энэ жил зургаан сарын 15-нд эхэлнэ. 700 км замыг 10 хоног морьтой туулах аялал. Тус аялалд оролцохын тулд “Вэлүү” санд хандив өгдөг. Бид олон улсын хандивлагч нараас 10 хүнийг сонгон шалгаруулж хөтөлбөртөө оролцуулдаг юм. Хорвоо дэлхий дээр сайхан сэтгэлтэй хүмүүс маш олон бий. Хүмүүст тусламжийн гараа сунгах сайхан сэтгэлтэй хүмүүс үргэлж байдаг учир хандивлагч олоход хэцүү байдаггүй ээ. Бид арга хэмжээгээ сайн танилцуулах, багагүй хичээх л хэрэгтэй болдог.

-Таны бодлоор бид яагаад хандивлагч болох ёстой вэ. Бид яагаад нэг нэгэндээ туслах хэрэгтэй вэ?

-Яагаад хандивлагч болох ёстой вэ гэж үү... Их сайхан асуулт байна. Бид нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас, бид нэг агаараар амьсгалж байгаа учраас, бид бүгдээрээ ижилхэн хүмүүс учраас...хамгийн гол нь танд олдсон сайхан боломж өөр хүнд адилхан олдохгүй учраас бид өөрсдийн сайхан боломжийг бусадтай хуваалцсанаар хэн нэгний амьдралыг өөрчилж чадах учраас бид нэг нэгэндээ туслах ёстой. Бид нэг нэгэндээ сайхан сэтгэлийн хандив өргөж, өөрсдийн боломжоос багахан хэсгийг бусдад хандивлах хэрэгтэй.  Таны гарт нэг хүний амьдралыг өөрчлөх боломж байхад та тэр сайхан боломжоос яагаад татгалзах ёстой гэж. Тэр боломжийг ашиглах ёстой. Өөрсдийн буруугаас бус амьдралын гэнэтийн сорилтод бүдэрсэн учраас хогийн цэг дээр ирсэн хүмүүс маш олон. Хэцүү нөхцөл байдалд орж, хаашаа хандахаа мэдэхгүй байгаа хүнд та багахан туслахад л амьдрал нь төсөөлөхийн аргагүй өөрчлөгддөг. Бид өөрчлөлтийн маш олон жишээг харсан. Өөрчлөлт бол боломжтой зүйл. Маш ажилсаг, маш ухаалаг, маш сайхан сэтгэлтэй гайхалтай хүмүүс хогийн цэг дээр хаачихаа мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй, яах ёстойгоо мэдэхгүй хэцүү нөхцөлд орчихсон сууж байгаа. Багахан тус л энэ орон зайгаас тэр хүнийг салахад тусалж чадна. Монголчууд цөөхүүлээ шүү дээ. Магадгүй хогийн цэг дээр сууж байгаа хүн таны хамаатан байхаас зайлахгүй гээд хэлчихвэл надад уурлаж магадгүй юм. Гэхдээ би 50 мянган доллараар мөрийций. Монгол Улс 3.2-хон сая хүнтэй шүү дээ.Таньтай хамаатан л байж таараа... Маш холын ч байж магадгүй юм.

Нэг нэгэндээ элэгсэг явахаас илүү сайхан юм энэ ертөнц дээр байхгүй юм шүү.

-Өнөөдөр Улаанчулуут дээр хүмүүс ямар нөхцөл шалтгааны улмаас түлхүү очиж байна вэ. Яагаад тэд ядуу байна вэ. Юу тэднийг хогийн цэг дээр очиход хүргэсэн гэж та бодож байна?

-Улаанчулуут дээр хог түүж амьжиргаагаа залгуулахад хүргэж буй гурван нөхцөл шалтгаан байна гэж би хэлнэ. Нэгд, Амьдралын гэнэтийн өөрчлөлтөөс болж зайлшгүй хог дээр гарч байгаа тохиолдол. Хөдөөнөөс хотод шилжин суурьших хөдөлгөөний улмаас хүмүүс хог дээр гарч байна. Монгол Улсын Засгийн газар хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг дэмждэггүй ч гэсэн энэ хөдөлгөөн хэзээ ч зогсохгүй. Малчид сайхан амьдралыг төсөөлөн хамаг хөрөнгөө зарж үрээд ирдэг ч Улаанбаатарт тэднийг төсөөлөөгүй бүхэн нь угтан авдаг. Үүний дээр иргэний үнэмлэх, бичиг баримтгүй хүн маш олон байна. Тиймээс Засгийн газрын зүгээс хөдөөнөөс хотод шилжин суурьших гэж байгаа хүмүүст зориулсан чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Хоёрт, Компаниуд цалингаа найдвартай өгдөггүйгээс өөрийн сонголтоор хог дээр гарч ажиллаж байгаа тохиолдол. Найдвартай ажлын байр маш цөөхөн байна. Жишээлбэл барилга дээр хэдэн сар жилээр ажилласан байхад цалинг нь өгөлгүй хөөчихдөг. Тиймээс хог дээр ажиллах нь санхүүгийн хувьд илүү найдвартай сонголт болдог. Бид хог түүдэг хүмүүс гэж хардаг ч тэд ажил хийж гэр бүлээ тэжээх гэж л яваа энгийн иргэн хүн шүү дээ. Гуравт, Сэтгэл зүй, нийгмийн харилцааны асуудлаас болж өөрсдийгөө тусгаарласан хүмүүс хог дээр гарч буй тохиолдол. Сэтгэл зүйн хүнд дарамтыг мэдэрсэн, архины хамааралд орсон, нийгмийн харилцаанд орохоос зугтсан хэсэг бүлэг хүмүүс бий. Гэхдээ энэ гурван тохиолдлоос хамгийн их нь буюу бараг хог дээр гарсан бүх хүмүүс малчид байна. Тэдэнд мал маллах ухаан, цагаан идээ боловсруулах чадвар байгаа хэдий ч ашиглах боломж байхгүй болчихсон.

Ядуу эмэгтэйчүүд тэтгэмжийн мөнгө авах гэж хүүхэд төрүүлээд улам хэцүү нөхцөл байдалд орж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд та юу гэж хэлмээр байна вэ. Та гадаад улсын иргэн учир Монголын амьдралыг илүү соргог, шинэ нүдээр харж байгаа шүү дээ. Бид амархан өөрчилж болох мөртлөө хийдэггүй, нийгэмд тулгамдсан асуудал болоод байгаа тийм зүйл бий юу?

-Өнөөдөр Улаанчулуутын хогийн цэг дээр өрх толгойлсон эмэгтэйчүүд маш олон байна. Засгийн газрын зүгээс хүүхэд бүрт тэтгэмжийн мөнгө олгодог учраас тэд олон хүүхэд төрүүлж байна. Тэтгэмжийн мөнгө авахын тулд хүүхэд төрүүлнэ гэдэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Энэ бодлогыг арай өөрөөр хэрэгжүүлж болдоггүй юм болов уу гэж боддог. Арай өөр арга зам байх л ёстой. Тэгэхгүй бол ядуу эмэгтэйчүүд тэтгэмжийн мөнгө авах гэж хүүхэд төрүүлээд улам хэцүү нөхцөл байдалд орж байна. Эцсийн эцэст Улаанчулуутын хогийн цэг дээр жирийн л нэг амьдрал үргэлжилдэг. Энд хүмүүс ар гэрээ тэжээхийн тулд ажиллаж хөдөлмөрлөдөг. Зарим сэтгэлгүй баячууд энэ хүмүүс ядуу эсвэл залхуу байгаа болохоор хог дээр байгаа юм гэж бодож магадгүй. Гэхдээ эцсийн эцэст танд заяасан тэр сайхан боломж өөр нэг хүнд адилхан заяагаагүй юм шүү гэдгийг ойлгох ёстой. Хүмүүс ядуу амьдрахыг хүсэхгүй. Аргагүй нөхцөл байдал тэр хүмүүсийг ядууралд хүргэсэн. Гэтэл жижигхэн тусламж л тэр хүмүүсийн амьдралд асар том өөрчлөлт авчрах чадалтай. Нэг нэгэндээ элэгсэг явахаас илүү сайхан юм энэ ертөнц дээр байхгүй юм шүү. Ярилцсанд баярлалаа. Ярилцахыг хүссэн, хамтрахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй шүү.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (19)
Таны IP: (54.226.102.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Цэцэгмаа (211.246.69.91) 2019-04-15 20:56:18
Энэ хүн маш зөв ярьж байна
Зүчи (202.126.89.175) 2019-04-15 05:20:11
Буян нь дэлгэрэг....
Сэлэнгэ (139.5.216.122) 2019-04-14 19:52:52
Суралцах ухаарах юм их байна даа монголчууд минь
Хөөж гарга (182.160.33.78) 2019-04-13 22:41:46
Энэ Есүсийнх байх. Зул сар нтр гэсэн бгааздээ. Саяхан нэг Есүсийн байгууллагыг хөөж гаргасан нь их сайн болсон. Эднийг ч хөөж гарга.бас тэр хоспис гэдэг газрын хүмүүсийг хөөж гаргаад байшингуудыг нь шатаа
1 2 Хариулах
(202.126.89.32) 2019-04-13 22:41:46
ЧИ ЯГ ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН ХҮН БЭ
(66.181.188.152) 2019-04-13 22:41:46
Юу вэ юу ч ойлгохгүй ямар сонин хүн бэ юун хөөж гаргах энэ сайхан гадны гэр бүлд чин сэтгэлээсээ талархаж байна танай гэр бүлийн сайхан сэтгэлийн үр улам их дэлгэрэх болтухай
Дариймаа (202.9.43.39) 2019-04-13 14:53:16
Гадаадын иргэнд ийм сайхан сэтгэл байхад зүгээр сайхан ажлаа хийж явсан улсыг ардчилал, өмч хувьчлал энэ тэр гэж хог дээр гаргачихаад өөрсдөө тэр бумаар нь идэж ууж шамшигдуулж яваа монголын төрийг эргүүлсэн улсын ой тойнд нь ортол энэ мэдээллийг хүргэхиймсан. Ичих нүүр гэж байдаггүй тэр хүмүүс одоо малчид, ажилчидыг бараг л нийгмийн хог шаар гэж үзээд нэг нүдээр ч харахгүй тэнэгтэж яваа даа. Яанаа. Энэ эмэгтэйн сайхан сэтгэлийг ойлгож дэмждэг нэг монгол залуу Х.Нямбаатар байгаад нь талархаж байнаа.Буян заяа нь дэлгэрэг.
Nergui (66.181.180.104) 2019-04-13 14:48:30
Гайхалтай мундаг эмэгтэй юм.Бид тэднээс маш их зүйл суралцах хэрэгтэй бас тэдэнд талархах хэрэгтэй. ТАНАЙ ГЭР БҮЛ-д маш их баярлаж талархаж байна.
Үнэн үг (103.10.21.53) 2019-04-13 09:33:23
Мундаг юмаа. Юу нь гээч? 1. Хог дээр гарсан хүмүүсийн шалтгааныг бүрэн тодорхойлжээ 2. Төр засгийнханд, бас монголчуудад хөдөөгөөс шилжин ирэгсэд болон хогийн цэгдээрээс амьдралаа залгуулагсадын төлөө юу хийихийг нь заасан том хичээл заажээ. Удам залгасан хогийн цэгдээр амьдрагсад байхгүй гдг нь үнэн. Түр зуурын амьдралын шуурганд төөрөгсөд хөөрхий. Миний чиний хамаатан байгаа нь ч үнэн
(112.72.11.106) 2019-04-13 01:57:17
Gaihaltai saihan ulsuud yum daa
(203.91.116.185) 2019-04-12 18:50:02
Эвгүй нэртэй эгч вэээээээ
Oyuna (66.181.190.244) 2019-04-12 17:27:23
Sain bn uu. Tanii hiisen buteesen buhend bayarlalaa . Tend ajild ormoor l bn
Зочин (150.129.143.91) 2019-04-12 16:02:31
Үүнийг уншаад уйллаа. Бид хэтэрхий ойрхон харж амьдрах юмаа. Жаахан холыг томруулаад харвал энэ хүн шиг энэрэнгүй, буяны сэтгэлтэй болох байх даа.
(202.126.89.185) 2019-04-12 08:55:28
mundag hun bna buyan ni delgerch yavag!
Зочин (202.126.89.39) 2019-04-12 06:46:13
Ямар сайхан сэтгэл вэ? Танд болон гэр булд чинь аз жаргал,эруул энхийг хусэе.УИХ гишуундээ ч баярлалаа.Ажил уйлс нь дэлгэрч яваарай.
Равдан (202.179.25.8) 2019-04-11 20:37:00
Сайхан сэтгэлээр ядарсан нэгэнд нь туслаж байгаа танд болон танай гэр бүлд талархаж бн. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Zochin (122.201.22.43) 2019-04-11 19:49:20
Saxiusan tenger bidnii dund amidarch bna
Baatar (202.126.89.237) 2019-04-11 17:13:32
Bayarlalaa tand
(106.73.2.0) 2019-04-11 16:56:19
Tand mash ih bayarlalaa. Buyan zaya tani urgelj oodoo delgereh boltugai.