ХҮЛЭЭСНЭЭС АНГИЖРАХУЙ

Хэрэв та үнэхээр энэ үйлдлийг хийж чадсан бол та тэр үед өөр ертөнцөд байгаа мэт сэтгэгдэл төрж яг л өмнө нь унтаж байсан одоо сэрсэн юм шиг болж эргэн тойрны тань амьдрал боломжоор дүүрэн гэдгийг олж харах болно.  Мөн та зарим хийж чаддаггүй зүйлсээ зүгээр л хийж чадахгүй гэж бодсоноос болж хийж чаддаггүй байснаа ойлгоно. Өмнө нь, яагаад би анзаараагүй юм бол оо? гэж та хэлэх вий.

Энэтхэг, Тайвань, Филлипин, Малайз зэрэг халуун чийглэг уур амьсгалтай орнуудад зааныг сургадаг нэгэн арга бий. Тэд зааны тугалыг модон баганаас бөх гэгч нь уяагаар уядаг ба зааны жаахан тугал байдаг чадлаараа хичээсэн ч уяаг ч, модыг ч тэр тасалж, сугалж чаддаггүй. Туйлдаа хүртэл ядарсан зааны тугалд ер нь энэ үйлдэл ямар ч боломжгүй юм байна гэсэн бодол төрдөг. Өсөж томрох явцдаа бүр энэ тухай төсөөлдөг ч үгүй. Нас биед хүрсэн зааныг богинохон нарийн утсаар хөтөлж явдаг ба зааны тугалд багаас нь зугтаах гэдэг боломжгүй зүйл, энэ уяаг тастах нь бүтэхгүй гэх ухамсар суусан учир өөрөөсөө хэд дахин жижиг биетэй олс барьсан хүний гарын аясаар даган алхана.

Бид бүгд энэ зааны тухай түүхтэй юугаараа адилхан бэ? Магадгүй та мөн өөр хэн нэгэн таны оюун ухааныг хүлээсэнд байлгаад байгаа юм биш биз. Аль нь ч байлаа гэсэн хамгийн бөх утастай хүлээс бол таны өөрөө өөрийгөө хүлсэн тэр хүлээс. Та өөрөө ч үүнийгээ анзаарахгүй байж магад. Хэрэв та амнаасаа би чадахгүй , үгүй ээ, ямар хэцүү юм бэ? Аль эсвэл би ийм зүйлд ерөөсөө авьяасгүй надад ер нь чадах юм алга гэх үгийг гаргадаг бол та өөрөө өөрийгөө хорьсон хоригдол мөн. Хүний сэтгэн бодох чадварын бүрэн боломжтой харьцуулах юм бол бид маш бага хувиа ашигладгаа мэднэ. Мөн олонхоос багахан л илүү сэтгэн бодох чадвартай хүмүүс суут хүн гэгддэгийг ч мэднэ. Тэгвэл тэрхүү ашиглагдаагүй үлдсэн нөөц боломж хаашаа явж одов. Хэн биднээс авсан байж болох вэ? Бурхан уу? Үгүй шүү.

Хэн ч авч одоогүй харин та өөрөө өөрөөсөө л энэ бүгдийг нуусан. Таны төрсөн цагаас эхлэн хуримтлагдсан туршлага, орчин тойрны тань уур амьсгал, гэр бүлийн мөн сургуулийн тань хүмүүжил энэ бүгдээс үүссэн бодлын хуримтлалтай холбоотой. Та анх мэндлэхдээ оюун ухааны хувьд бүхнийг шинээр хүлээж авч байсан ба та юу чадах эсвэл юу чадахгүйгээ ялгаж чадахгүй тийм төлөвт байсан гэж хэлж болно. Таны тархи болоод, сэтгэлд ямар нэгэн хуурмаг чанар, дарамт байгаагүй та яг л юуг ч үл бодон салхины аясаар найгах өвс, ургамал шиг байжээ. Будда хүртэл тантай  ижил зүйл бодож байгаа хүн байгаа болов уу? гэж асуухад дөнгөж төрсөн хүүхэд гэж хариулж байсан удаатай гэдэг.  Таныг төрсөн цагаас эхлэн гэр бүлийн хүмүүжлийн нөлөө, нийгмээс ирж буй тогтсон хэм хэмжээнүүдийн цогц таны тархийг бага багаар боолчилж, сэтгэх хязгаарыг тань хумхиж давчуу орон зайд оруулжээ. 

Таныг төрсөн цагаас эхлэн гэр бүлийн хүмүүжлийн нөлөө, нийгмээс ирж буй тогтсон хэм хэмжээнүүдийн цогц таны тархийг бага багаар боолчилж, сэтгэх хязгаарыг тань хумхиж давчуу орон зайд оруулжээ.

Та өөрөө үүнийг анзаарахгүй байж магадгүй. Ихэнх хүмүүс суут хүмүүс тусдаа төрдөг гэдэг бодол байдаг. Тэр яаж ийм амьдралаар амьдардаг байна?, санаанд ч оромгүй юм гэх мэт бодлууд төрсөөр та нэг л мэдэхэд би бол би шүү дээ, тэд бол тусдаа төрлийн хүмүүс гэх хачин ойлголт суучихжээ. Таны нээгдээгүй олон боломжийг агуулсан анхдагч оюун ухаан олон давхар тоосонд дарагдсан тольтой ижил ба та хэнд ч хэрэггүй тэрхүү тоос шороог арчиж байж л сая өөрийнхөө оюун ухааныхаа анхдагч байдлыг нээх боломжтой. Тоос гэдэг нь шашны сургаал номлол, улс төрийн дэглэм, нийгмийн тогтсон үнэт зүйлсээс танд ийм л байх ёстой мэтээр төсөөлөгддөг тэр зүйлс билээ. Та магадгүй чи чинь одоо юу ярина вэ? яаж өөрсдийн шашин шүтлэг, нийгмийн нийтлэг үнэт зүйлсийнхээ эсрэг зогсох  вэ? гэж хэлж болно. Харин та бүхий л цаг үе дэх шинэчлэгчид, бүтээгчид тухайн цаг үе дэх шашин, улс төр хоёртой үзэл бодлын хувьд ямагт зөрчилддөг байсныг санах хэрэгтэй.

Таны оюун ухаан тунгалаг толь лугаа адил болсноор юуг ч бодит байдлаар  олж харах нүд тань нээгдэж буй хэрэг юм. Хэрэв та үнэхээр энэ үйлдлийг хийж чадсан бол та тэр үед өөр ертөнцөд байгаа мэт сэтгэгдэл төрж яг л өмнө нь унтаж байгаад одоо сэрсэн юм шиг болж эргэн тойрны тань амьдрал боломжоор дүүрэн гэдгийг олж харах болно.  Мөн та зарим хийж чаддаггүй зүйлсээ зүгээр л хийж чадахгүй гэж бодсоноос болж хийж чаддаггүй байснаа ойлгоно. Өмнө нь яагаад би анзаараагүй юм бол оо? гэж та хэлэхвий.

Энэ үйл явцыг Будда гэгээрэл гэж нэрлэсэн гэж би боддог. Өөрийгөө давах тэр мөчид л аз жаргал ирнэ, тэрхүү аз жаргалыг тэрээр гэгээрэл гэж нэрлэсэн байх.  Энд агуйд очин бясалган суухыг огт хэлээгүй гэдгийг санаарай. Илүү тодорхой хэлбэл: Өмнө нь олж авсан буруу, хэрэгцээгүй мэдлэг, мэдээллүүд нь биднийг шинэ зүйл сурч, өнөөдөртөө төвлөрөхөд саад болдог. Тиймээс тэдгээрийг орхисны дараа сийрэг болсон таны тархи илүү хурдан ажиллах болно. Энэ үед заан уяагаа тастан ойн гүнрүү гүйн одох болно.

“Хязгаар үгүй”, М. Дөлгөөнбаяр, УБ, 2013, 9-10-р тал.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.169.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.