ОЛИГАРХ ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Хамгийн тогтвортой, хариуцлагатай, дээрээс нь ардчилсан, хууль засагладаг дэглэм бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдийг тус тусад нь харилцан хамааралгүйгээр байгуулах замаар эрх мэдлүүдийг салгах төдийгүй, харилцан хазаарлаж, тэнцвэржүүлж хуулийн засаглалыг тогтоодог.

ОЛИГАРХ ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Тогтворгүй, хариуцлагагүй тогтолцоо бий болсныг хүн болгон, түүний дотор Лүндээжанцан нарын боловсруулсан Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг (үүнээс хойш, Төсөл) боловсруулагчид ч мэдэх. Тэдний нэмэлт, өөрчлөлтөө ч зөвтгөж байгаа үндэслэл нь ч энэ. Гэвч Төслийн үнэн зорилго нь хариуцлагатай, тогтвортой засаглалыг бий болгох, хуулийн засаглалыг тогтоох явдал огтхон ч  биш. Харин Элбэгдорж-Баярын үед бүрэлдсэн МАНАН гэж нэрлэгддэг олигарх бүлэглэлийн засаглалыг бэхжүүлэх. Уг зорилгод хүрэхийн тулд Төсөл нь 1. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг дахин хураах, булаах, 2. УИХ-ын эрхийг хумьж, түүнийг улам дуулгавартай ёсчлогч болгох, 3. Ерөнхий сайдыг бамбай, хамгаалалтгүй болгох замаар Сайханбилэг шиг утсан хүүхэлдэй болгон, түүгээр дамжуулан Засгийн газрыг хяналтдаа авах явдал. Хэрвээ Төсөв Монгол улсад хариуцлагатай, тогтвортой гүйцэтгэх засаглал байгуулах зорилготой байсан бол хоёр үндсэн сонголт бий. Хамгийн тогтвортой, хариуцлагатай, дээрээс нь ардчилсан, хууль засагладаг дэглэм бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдийг тус тусад нь харилцан хамааралгүйгээр байгуулах замаар эрх мэдлүүдийг салгах төдийгүй, харилцан хазаарлаж, тэнцвэржүүлж хуулийн засаглалыг тогтоодог АНУ-д байгаа засаглалын систeм.

Энэ системд ард түмнээс 4 жилийн хугацаагаар сонгогдсон ерөнхийлөгч нь хуулийг хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг учир засгийн газраа толгойлох буюу манайхаар ерөнхий сайдын үүргийг хэрэгжүүлдэг. Нэгэнт ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар сонгогддог учир засгийн газар 4 жил тогтвортой. Зөвхөн хугацааны хувьд тогтвортой төдийгүй, огцруулах аюул заналхийлэл байдаггүй учир бодлогын хувьд ч тогтвортой дэглэм. Ерөнхийлөгч нь засгийн газрын сайд (нарийн бичиг гэдэг) нараас эхлээд улсын чанартай бүх хууль хэрэгжүүлэх албадын тэргүүнүүдийг сенатын дэмжлэгтэйгээр томилж, өөрөө дангаар огцруулах эрхтэй учир томилогдсон сайд, албан тушаалтнууд түүний өмнө ажлаа хариуцаж, тайлагнаж байдаг учир хариуцлагын яруу тод тогтолцоотой дэглэм. Хэрвээ ерөнхийлөгч болон түүний томилсон аливаа албан тушаалтан нийтийн итгэлийг эвдэх, албан тушаалаа урвуулан ашиглавал парламентын доод танхим тэднийг импийч хийж, дахин “итгэлийн алба” (office of trust) хаших боломжгүй болгодог. Улмаар тэр этгээд хууль зөрчсөн бол шүүхээр шүүгдэж зохих ял, шийтгэлээ хүлээдэг. Парламент засгийн газрыг байгуулдаггүй буюу парламент, засгийн газар хоёрын хооронд хүйн холбоо байхгүй учир бие биеэ өмгөөлөн хамгаалах, дэмжих шаардлага байхгүй төдийгүй, харин үзэл санаа, зохион байгуулалтын хувьд харилцан бие биеэ хазаарлан, тэнцвэржүүлж, хянаж байх ёстой учир парламент нь үргэлж хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлдэг. Нэгэнт парламент нь зөвхөн хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг, парламентын гишүүд өөр албан тушаал хаших, түүний дотор засгийн газарт орох боломж бүрмөсөн хаалттай учир парламентад сайд болохыг хүсэгчид бус харин ард түмний эрх, эрх чөлөөг хамгаалан, хууль тогтоох, засгийн газрыг хянахыг хүсэгчид л орж ирдэг юм. Тиймээс энэ тогтолцоо нь хамгийн тогтвортой, хариуцлагатай тогтолцоо.

Нэгэнт Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн тогтолцоонд нь бүх ард түмнээсээ 4 жилээр сонгогддог ерөнхийлөгч байдаг бөгөөд уг институц нь засгийн газартай зэрэгцэн гадаад бодлого зэрэг өргөн хүрээний гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг учир хэрвээ Төслийн зорилго Монгол улсад хариуцлагатай, тогтвортой дэглэм урлах явдал байсан бол Төслийн хамгийн түрүүний, хамгийн мэдээжийн сонголт нь нь ерөнхий сайд, засгийн газрын хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгчийн институцэд шилжүүлэх явдал. Гэтэл Төсөл огт тэгсэнгүй. Харин ч эсрэгээр парламентын засаглалыг бэхжүүлж, “сонгодог” парламентын засаглал тогтоох гэж тайлбарлах. Хэрвээ Төсөл Монгол улсын засаглалын тогтолцоог “сонгодог” парламентын буюу Англи, Герман зэрэг дээр дурдсан орнуудын засаглалын тогтолцоо шиг болгох гэж байгаа бол ерөнхий сайдыг, засгийн газрын гишүүдийг томилох эрхийг, яг дээрх улсуудын нэгэн адилаар “төрийн тэргүүнд”, Монгол улсын Ерөнхийлөгчид өгөх ёстой. Гэтэл Төсөл Монгол улсын Ерөнхийлөгчид энэ эрх мэдлийг өгөх нь битгий хэл харин эсрэгээр Ерөнхий сайдыг томилох эрхийг УИХ-д хадгалахын зэрэгцээ, Засгийн газрын сайд нарыг томилох, огцруулах эрхийг УИХ-аас хураан авч дан ганц Ерөнхий сайдад өгөхөөр төлөвлөсөн байх. Тиймээс Төслийн зорилго “сонгодог” парламентын засаглалын тогтолцоо тогтоох явдал огтхон ч биш.

Харин эсрэгээр Төслийн зорилго нь Засгийн газрыг байгуулах эрх мэдлийг бүхэлд нь намын “төв байгууллага” буюу цөөн тооны эрхтнүүд (олигарх) болон хөшигний арын хуйвалдаанд хөндлөнгөөс оролцогчдод төвлөрүүлэн өгөх явдал. Сайд нарыг “УИХ хүн бүрээр хэлэлцэж томилох” заалтыг устгах нь дээр нэгэнт өгүүлсэн ардчилсан, болон хөндлөнгийн нөлөөний хамгаалалтыг бүрмөсөн устгаж байгаа хэрэг. Ингэснээр Ерөнхий сайдыг хөшигний арын хуйвалдаанд оролцогчдод барьж өгч бултах газаргүй, барих бамбайгүй болгож түүнийг тэдний хүүхэлдэй болгох үүдийг нээж өгөх болно. Нөгөө талаар Ерөнхий сайд нь өөрийн хувийн эрх ашгийн үүднээс Монгол улсын, нийтийн, бүгдийн эрх ашгийг хөндлөнгийн эрх ашгаар солих, Засгийн газрыг өөрийн гар хөлөөр дүүргэхийг хүсвэл Төсөл нь мөн тэр үүд хаалгыг цэлийтэл нээж өгч байгаа юм. Энэ нөхцөлд нам, фракцын боссууд, хөшигний арын бүлэг өөрсдийн хүссэн этгээдээ сайдаар тавьж, зарцлах нь ойлгомжтой. Харин олигархууд өөрсдийн байгуулсан засгаа хамгаалах, бэхжүүлэхийн тулд дээр дурдсан Герман зэрэг орнуудад хэрэглэдэг конструктив итгэл үл хүлээлгэх аргыг авч хэрэглэхээр шийдсэн байх. Мэдээж энэ оршин буй засгийг хамгаалах талаараа зартай арга гэдгийг дээр дурдсан.  

 Гэвч энэ бүхэн нь засгийн газрын тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ гэж Төсөл үзэж байгаа нь эндүүрэл. Нэгэнт л Ерөнхий сайдыг УИХ томилж, огцруулж байгаа тохиолдолд УИХ огцруулах дээрээ хүрвэл 65 суудал авсандаа эрдэж, олонхынхоо олон талын оролцоог үл хангасны учир Энхболд-Эрдэнэбатын Засгийн газар годройтсон шиг Засгийн газар годройтох л болно. Ялангуяа “давхар дээлийг тайлах” буюу сайд нарын гуравны хоёрыг УИХ-ын гаднаас томилох нөхцөлд УИХ-ын Засгийн газраа хамгаалах сонирхол эрс буурах тул Засгийн газрын тогтвортой байдал нэмэгдэх магадлал эрс буурна. Парламентын засаглалын системд парламентын туйлын зорилго нь хууль тогтоох бус харин засаглах буюу гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх явдал учир парламентын гишүүдийн туйлын зорилго нь хууль тогтоох бус харин засгийн газрын сайд болох явдал. Тиймээс ч парламентын системд чухам парламентын гишүүд нь сайд болдог юм. Чухам тийм учир эвсэл бүрдүүлэгч талын боссууд ч, фракцын боссууд ч олонхыг бүрдүүлэхэд эзэлж буй суудлынхаа хувь хэмжээ ба түүнийхээ ач холбогдлоор кабинетад суудал шаарддаг бөгөөд, ерөнхий сайд нь ч аль болох олон боссыг танхимдаа багтааж “хамтдаа эрсдэл хүлээх” (skin in the game) тактикийг хэрэглэдэг юм. Чухам эл учир Энхсайханы засгийн газраас эхлээд “давхар дээлийг” тайлах асуудал байнга тавигдаж ирсэн ч үе үеийн ерөнхий сайд нар кабинетаа үргэлж парламентын гишүүдээс бүрдүүлэхийг төдийгүй суудлын тоогоо нэмж илүү олон парламентын гишүүдийг оруулахыг хичээж ирсэн юм. Чухам ингэж байж засгийн газар олонхын дэмжлэгийг олж авдаг юм. Энхсайханы засгийн газар чухам тийм биш байсан учир олонх түүнийг хялбархан огцруулсан юм. Ийм төрлийн засгийн газарт Наранцацралтын ч засгийн газар орно. Тиймээс “давхар дээлийг тайлах” нь парламентын засаглалын үзэл санаанд ч, зарчимд ч, парламентын улс төрд ч үл нийцэх төдийгүй өөрөө шууд Засгийн газрыг байгуулдаг УИХ-ын зөвлөлийн засаглалын тогтолцоон бүр үл нийцэх.

Харин яагаад Монголын ард түмэн “давхар дээлийг тайлахыг” шаардаж байгаа вэ гэдэг нь эрс өөр асуудал. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлүүд нэг өвөр түрүүнд орж,  харилцан бие биедээ тал засаж, нэг нэгнийгээ өмгөөлж, хамгаалж, хуйвалдаж, авлигадаж байхыг Монголын ард түмэн тэвчихгүй байгаа юм. Харин эсрэгээр тэд УИХ, Засгийн газар хоёр тус тусдаа заагтай, ялгаатай оршиж харилцан бие биеэ хазаарлаж, хянаж, тэнцвэржүүлж байхыг хүсэж байгаа юм. Онолын хэлээр бол тэд хууль тогтоох, гүйцэтгэх хоёр эрх мэдлийг салгахыг шаардаж байгаа юм. Ингэж салгах үндсэн арга нь ард түмний сонгож байгуулсан, тийм учраас парламенттай бус харин ард түмэнтэйгээ хүйн холбоотой ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг буюу засгийн газрыг тэргүүлж байх явдал. Чухам үүнийг нь сурах бичгийн ангиллаар Ерөнхийлөгчийн засаглал гэдэг юм. Чухам энэ тогтолцоонд парламент нь засгийн газраа хазаарласан шиг хазаарлаж, хянасан шиг хянадаг юм. Харин Төслийн санал болгож байгаа “давхар дээл тайлалт” УИХ ба Засгийн газрын хоорондын хүйн холбоог хэзээ ч таслахгүй. Учир нь Төслөөр Ерөнхий сайдыг УИХ-ын олонх сонгодог томилдог хэвээрээ, тэр нь ч, Засгийн газaр нь ч заавал УИХ-ын олонхын дэмжлэгт дулдуйдаж орших хэвээрээ. Засгийн газар нь УИХ-аас төрсөн хүү нь төдийгүй үргэлж УИХ-ынхаа өмгөөлөл, хамгаалал дор орших хүү хэвээр үлдэнэ. Ийм нөхцөлд Засгийн газар оршин тогтнохын тулд УИХ-даа ач санаж, тал засаж, өвөр түрүүндээ орж, бие биеэ өмгөөлж, хамгаалж, хуйвалдаж, авлигадах нь хэвээр үлдэнэ. Ямар ч өөрчлөлт гарахгүй.

Харин Засгийн газрын сайд нарын гуравны хоёрыг УИХ-ын гаднаас томилох гэдэг нь нүд хуурсан чулуу хөөлгөлт төдийгүй парламентыг улам бүр цөөхөн олигархын гарт өгөх арга. Нэгэнт УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд болж чадахгүй учир Засгийн газрын гуравны хоёр нь ард түмний өмнө амлалт, ам тангаргаа өгч, улаан нүүрээ улалзуулж УИХ-д сонгогдсон, буух тойрогтой буцах хаягтай хэн нэгэн биш харин нам, фракцын боссууд, болон хөшигний арын хуйвалдаанд оролцдог хөндлөнгийн томоохон эрх ашгийн төлөөлөгчид байх болно. Энэ нь олигарх дэглэм л бэхэжнэ гэсэн хэрэг. Засгийн газар ард түмний өмнө хариуцлага хүлээх нь улам бүр суларна гэсэн үг. Мэдээж үүнийг УИХ-ын олонх ч хүсэхгүй. Тиймээс УИХ-ын олонхын дэмжлэгийг хангахын тулд Ерөнхий сайд нь Засгийн газраа тогтвортой болгохын тулд “хамтдаа эрсдэл хүлээх” тактик хэрэглэх, фракцууд нь хувиа хүртэж Засгийн газар суудалтай болохын тулд тэд сонгуулийн системийг өөрчилж пропорционал буюу хувь тэнцүүлэх системд шилжиж намын жагсаалтаар сонгууль зохион байгуулах болно. Ингэснээр УИХ-ын олонх өөрсдийн нам, фракцын төлөөлөгчдөө засгийн газартаа оруулж, УИХ дахь тэдний суларсан суудалд намын жагсаалтын удаад байгаа хүмүүсээ суулгах замаар асуудлыг шийдэх гэх нь ойлгомжтой. Чухам энэ нь УИХ-ыг цөөн эрхтний гарт улам бүр лав атгуулна.

Пропорционал буюу хувь тэнцүүлэх сонгуулийн системийг хэрэглэх нь юуны түрүүнд Үндсэн хуулийн УИХ-ын “гишүүнээр…шууд сонгох”, “иргэнийг...сонгох” (21.2, 21.3) гэдэг заалтуудыг зөрчих болно. Мэдээж иргэдийн бие даан нэр дэвших эрх хаагдана. Үндсэн хуулийн дээрх заалтууд нь намыг сонгоно, эсвэл намаар дамжуулан дам сонгоно гээгүй нь ойлгомжтой. Гэвч өмнө нь нэг биш удаа зөрчиж байсан учир намын жагсаалтаар сонгууль явуулах нь ойлгомжтой. Намын жагсаалтаар сонгууль явуулахад жагсаалтыг нээлттэй, хаалттай байдлаар явуулах хоёр хувилбар бий. Нээлттэй жагсаалтаар явуулах нөхцөлд сонгогчид намын жагсаалтад орсон нэрсээс сонгох этгээдээ сонгож болдог учир энэ нөхцөлд нам, фракцын боссууд үл сонгогдох эрсдэлтэй байдаг. Тиймээс энэ нь нам, фракцын боссуудад аюултай учир эрх баригчид хаалттай жагсаалтаар зөвхөн намд санал өгөх хувилбарыг сонгодог юм. Энэ нь нам, фракцын босс, тэдний хүрээлэгчдэд хамгийн ашигтай байдаг юм. Чухам энэ хувилбар нь парламентад хэнийг суулгах эрх мэдлийг нам, фракцын боссуудын гарт өгдөг юм. Учир нь тэд намын жагсаалтад хэний нэрсийг оруулахыг шийддэг төдийгүй тэдгээр нэрсийн дарааллыг ч шийддэг юм. Өөрөөр хэлбэл энэ хувилбараар нам, фракцын боссууд сонгогчдоос хэнийг сонгох эрхийг нь өөрсдөдөө хураан авч байгаа юм. Улмаар тэд өөрсдийн болон  өөрсдийн гар хөлийн нэрсийг жагсаалтын хамгийн эхэнд зоодог бөгөөд МАН, АН шиг олон гишүүд, дэмжигчидтэй намуудын хувьд нэрсээ жагсаалтын эхэн зоосон этгээдүүд зөвхөн намынхаа гишүүд, дэмжигчдийнхээ саналаар л УИХ-д заларчихдаг юм. Тэд тойрогт очиж нүүрээ улайлгаж, ам тангаргаа өгч зүтгэхгүй, мөн болзошгүй унах эрсдэлээс ч бүрмөсөн хамгаалагддаг юм. Энэ нь М.Энхболд, С.Эрдэнэ болон тэдний тойрон хүрээлэгчид УИХ-д бүх насаараа заларна гэсэнтэй адил хэрэг. Улмаар тэдний  нам, эвсэл нь олонх болбол тэд хамгийн түрүүнд Засгийн газарт сайдын суудалд заларч, харин УИХ-д орон гарсан суудалдаа ард түмний итгэж сонгоогүй, 76-д оруулаагүй, нэг үгээр хэлбэл ялагдсан, хожигдсон нөхдийг оруулдаг юм. Тиймээс энэ хувилбараар үндсэндээ нам, фракцын боссууд сонгогчдын саналыг эзэмшдэг, төдийгүй тэд Засгийн газраа УИХ-аасaa байгуулаад, орон гарсан суудал дээр сонгогдоогүй хүмүүсийг УИХ-д оруулдаг гэсэн үг. Тиймээс энэ нь нүд хуурсан арга төдийгүй, олигарх боссуудын засаглалыг улам бэхжүүлэх хувилбар. УИХ, Засгийн газар хоёрын хүйн холбоо хэвээр үлдэх төдийгүй тэд өвөр түрүүндээ орсон, бие биеэ харилцан өмгөөлсөн, хамгаалсан хэвээр үлдэнэ. Энэ бол эрх мэдлийг салгаж, харилцан хазаарлаж, хянах болгож байгаа хэрэг огтхон ч биш. Харин байдлыг хэвээр хадгалахын хамт, сонгогчдын сонгох эрхийг хязгаарлаж, олигарх боссуудын засаглалыг УИХ-д ч, засагт ч улам бэхжүүлж өгч байгаа л хэрэг. Өөрөөр хэлбэл энэ нь ард түмэн, сонгогчдыг чулуу хөөлгөж, молиго үмхүүлж, хууран мэхэлж байгаа хэрэг төдийгүй олигарх боссууд эрх мэдэл, засаглалаа бэхжүүлж авч байгаа л хэрэг.

Нөгөө талаар пропорциональ буюу хувь тэнцүүлэх сонгуулийн систем нь парламентад олон нам орж ирэхэд хүргэдэг учир сонгуулийн энэ системээр шийдвэртэй олонх бүрдэх боломж багасдаг. Өмнөх сонгуулиуд ч үүнийг харуулсан. Тиймээс сонгуулийн пропорциональ тогтолцоо нь эвслийн улс төрд хүргэдэг бөгөөд эвсэл нь тогтвортой засгийн газар байгуулах сайн жор биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Тиймээс энэ хувилбар нь Засгийн газрыг улам тогтворгүй болгох магадлал өндөртэй хувилбар. Гэхдээ Монголын олигархууд улс төрийн өрсөлдөөний талбарт өөр нам, улс төрийн хүчин бий болгохгүйн тулд хэрхэн ажилладгийг өнгөрсөн сонгуулиуд болон ХҮН нам зэргийн хувь заяанаас харж болно. 

Төсөл Ерөнхий сайд нь УИХ-ын оролцоогүйгээр сайд нараа томилж, огцруулах нь хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж үзэж. Гэвч Ерөнхий сайдыг олонх тодруулж УИХ хэлэлцэн томилж байгаа нөхцөлд хөндлөнгийн нөлөө л орохгүй бол сайд нар нь Ерөнхий сайдын томилгоо бус харин Ерөнхий сайдын нэгэн адил олонхыг бүрдүүлж байгаа нам, фракцуудын томилгоо хэвээр байх болно. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд хэзээ ч сайд нараа томилохгүй. Эсрэгээр сайд нар нь олонхыг бүрдүүлж байгаа нам, фракцын төлөөлөл байх бөгөөд тэднийг тэдгээр нам, фракц нь л томилж байх болно. Ерөнхий сайд зүгээр л нэр зүүгч хэвээр үлдэнэ. Учир нь олонх хэн Ерөнхий сайд байхыг шийдэх бөгөөд, олонхыг бүрдүүлж байгаа нам, фракцын гишүүд, лидерүүд өөрсдийн эрх ашгийг хамгийн сайнаар хамгаалах этгээдийг Ерөнхий сайдаар шилж сонгохын хамт, Засгийн газрын суудлуудыг хуваан авах төдийгүй, хэн хэнийг сайдаар томилохоо урьдчилан тохирох нь ойлгомжтой. Мэдээж Ерөнхий сайд томилогдсоны дараа өгсөн амлалтаасаа бултах арга байхгүй. Буцвал амлалтаасаа няцсан хэрэг байх бөгөөд хууртагдсан нам, фракц түүний эсрэг бослого гаргах нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газар нам, фракцуудын төлөөллийн байгууллага хэвээр үлдэх бөгөөд Ерөнхий сайд хэн нэгэн сайдыг огцруулах нь түүний намын, фракцын эрх ашгийг хөндөнө, зөрчинө гэсэн хэрэг. Тиймээс Ерөнхий сайдыг УИХ хэлэлцэн томилж байгаа нөхцөлд нам, фракцын ижил тэгш эрхтэй төлөөлөл болсон сайд нар Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх тухай ойлголт байхгүй. Тиймээс Төслийн хувилбараар хариуцлага сайжрахгүй.

Харин эсрэгээр Ерөнхий сайд ч, түүгээр дамжаад Засгийн газар ч хөндлөнгийн нөлөөнд эмзэг болно. Парламентын засаглалыг хамгаалагчдын нэг үндсэн том үндэслэгээ нь парламентын 76 толгой нь Монголын Засгийн газрыг хөндлөнгийн нөлөөнөөс хамгаалдаг гэдэг явдал. Тэдний номлож буйгаар хэрвээ Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол нэг хүнийг хөндлөнгөөс нөлөөлөх, дарамтлахад хялбар учир Монгол улс хөндлөнгийн нөлөөнд хялбар автах байсан. Харин парламентын засаглалтай байгаа учир Ерөнхий сайдыг хөндлөнгөөс дарамтлах гэхээр тэр нь УИХ-аар хэлэлцэх ёстой гэж хэлээд УИХ-ынхаа ард нуугдаад хөндлөнгийн дарамтаас мултарч, хөндлөнгийн нөлөөнд засгаа ч, улс орноо ч оруулдаггүй гэж тэд номлодог юм. Хэрвээ тийм бол дан ганц хар толгойгоороо мэдэн Засгийн газрын сайд нараа томилох эрхтэй Ерөнхий сайд сайд нараа томилохдоо хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх ямар баталгаа байх вэ? Сайд нарыг нь хүн бүрээр нь хэлэлцдэг байсан УИХ гэдэг хаалт, хамгаалалтыг нь аваад хаячихсан. Ерөнхий сайд хэнийхээ араар орж нуугдах вэ? Түүнд нуугдах, бултах газар байхгүй. Тиймээс Төслийн санаа нь огтхон ч Монгол улсын Засгийн газрыг Монголын ард түмний өмнө хариуцлагатай болгох явдал биш. Харин сонгогдсон, хэзээ мөдгүй огцрох нь тодорхой сайд нар амжуулж, эрх мэдлээ урвуулан ашиглаж улс орны болон нийтийн эрх ашгийг хөндлөнгийн эрх ашгаар арилжиж авлига идэж хөрөнгөжиж, баяжиж ирснийг, улмаар авлига авсан этгээдийнхээ дарамтад орж тэднийхээ төлөө морь нохой мэт улайран зүтгэхийг нь ч бид өнгөрсөн гучаад жилд хаширвал хаширтлаа харсан. Тиймээс Төслийн зорилго Монгол улсын Засгийн газрыг хариуцлагатай болгох бус харин хөндлөнгийн эрх ашгийн нөлөөнд өгөх явдал мэт.

Хэрвээ Төслийн зорилго үнэхээр л Монгол улсын Засгийн газрыг хариуцлагатай болгох явдал байсан бол бэлээхэн байгаа хамгийн шилдэг туршлагыг авах ёстой байсан. Тэр нь мэдээж нэгэнт Монгол улсад бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байгаа учир Засгийн газрын сайд нарыг нэрлэх, томилох эрхийг Ерөнхийлөгчид шилжүүлж, улмаар Ерөнхийлөгч нь парламентын гишүүн бус, тиймээс давхар дээлгүй, холбогдох салбарын шилдэг мэргэжилтнүүдийн нэрсийг парламентад дэвшүүлэн, улмаар парламент нь хүн бүрээр нь шүүн хэлэлцэж санал хураан дэмжиж, зөвшөөрснийг нь Ерөнхийлөгч нь сайдаар томилж Засгийн газрыг бүрдүүлэхийн хамт, Ерөнхийлөгч нь сайд нараа огцруулах эрхийг дангаар эдлэх явдал. Энэ нь сайд нарыг Ерөнхийлөгчийн өмнө шууд хариуцлага хүлээдэг болгодог төдийгүй, нэгэнт парламентын шүүлтүүрээр орж байгаа учир хөндлөнгийн нөлөө, эсвэл Ерөнхийлөгч өөрийн гар хөлийг Засгийн газарт томилох боломжийг хаадаг хамгийн шилдэг зохицуулалт. Гэтэл Төсөл энэ шилдэг туршлагыг огт авч хэлэлцэхгүй парламентын засаглалыг бэхжүүлж “сонгодог” парламентын засаглал байгуулна гэж зүтгэж байгаа юм. Гэтэл тэр сонгодог парламентын засаглалд нь ч нэг бол Хаан нь, эсвэл Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд нарыг томилж, Ерөнхий сайдын саналаар бусад сайд нарыг томилдог юм. Ингэх нь нэг талаас парламентын улс төр ба тохиролцооны харилцаанаас Засгийн газрыг, нөгөө талаар, Ерөнхий сайд, сайд нарын томилгоог хөндлөнгийн ба хувийн ашиг сонирхлоос нь тусгаарлах, жийрэглэх, төдийгүй гүйцэтгэх эрх мэдлийн нэгдмэл байдлыг хангах учир холбогдолтой юм. Гэтэл Төсөл энэ аргыг ч хэрэглэхгүй байгаа юм. Тиймээс Төслийн зорилго Монгол улсын Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай болгох явдал огтхон ч биш. Харин түүний зорилго нь Монгол дахь олигарх дэглэмийг бэхжүүлэх явдал.

ШҮҮХ УЛС БАЙГУУЛАХ БА БАС БУС

Үнэндээ Төслийн илэрхий байгаа зорилго нь Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хураах, булаах замаар уг институцийг цаасан малгай, хоосон төрх (figure head) болгох явдал. Чухам эл зорилгоор хийсэн өөрчлөлт нь “шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах” гэдэг хэсэг. Энэ хэсгийн зорилго нь шүүгчийг улс төрөөс хараат бус болгох явдал огт бус. Харин Ерөнхийлөгчөөс, магадгүй, чухам одоогийн Ерөнхийлөгчөөс шүүгч нарыг томилох эрх мэдлийг нь л хураах явдал. Зүй нь хараат бус шүүх байгуулах хамгийн шилдэг арга нь шүүгч нарыг Ерөнхийлөгч нь нэрлэж, парламентын дээд танхим нь шүүн хэлэлцэж дэмжсэн нөхцөлд Ерөнхийлөгч нь шүүгчийг бүх насаар нь томилох явдал. Нэгэнт шүүгчид бүх насаар томилогддог төдийгүй, нэгэнт томилогдсон шүүгчийг Ерөнхийлөгч огцруулах, халах ямар ч эрхгүй учир шүүгч Ерөнхийлөгчөөс хараат бус болдог. Нөгөө талаар шүүгчийн бие даасан байдлыг хангахын тулд түүнд зохих төвшний үл буурах цалин олгодог. Тиймээс шүүгч парламентаас ч хараат бус болдог. Гэхдээ шүүгч эрх мэдлээ урвуулан ашиглавал түүнийг парламентын доод танхим импийч хийж, дахин итгэлийн алба хаших боломжгүй болгодог. Мэдээж тэр этгээд хууль зөрчсөн бол шүүхээр шүүгдэж зохих ял, шийтгэлээ хүлээдэг. Энэ нь бүгд найрамдах байгууллын хувьд хараат бус шүүх байгуулах хамгийн шилдэг арга. Тиймээс Төсөл шүүх, шүүгч нарыг үнэхээр улс төрөөс хараат бус болгохыг зорьсон бол Ерөнхийлөгч шүүгчийн нэрийг нь дэвшүүлж, УИХ-аар авч хэлэлцэж, санал хураан дэмжих, эсвэл буцаах. Дэмжигдсэн тохиолдолд Ерөнхийлөгч шүүгчийг үүргээ сайн биелүүлж байгаа буюу нийтийн итгэлийг эвдэхгүй, эрх мэдлээ урвуулан ашиглахгүй нөхцөлд бүх насаараа хашихаар томилох ёстой. Ингэхдээ шүүгч зохист хэмжээний үл буурах цалин хөлстэй байхаар шийдэж болох байсан. 2018 оны Монгол 1992 оны Монгол биш. Стрейэрээс Харвард хүртэл төгссөн Америк боловсролтнууд Монголоор дүүрэн байгаа. Энэ энгийн шилдэг жишиг, туршлагыг мэдэхгүй байх зовлон Монголд арилсан байх ёстой бус уу. Эсвэл энэ нь Төслийг Лүндээжанцангийн боловсрол боловсруулсны харгай юу?

Америкийг больё гэвэл магтан дуулж, бахархан дуурайж, бэхжүүлэх гээд байгаа “сонгодог” парламентын системд шүүгчийг хэрхэн томилж байгааг бас дуурайж болох. Англид бол төрийн тэргүүн, эзэн, хаан нь Дээд Шүүхийн (High Court) шүүгчдээ Америкийн нэг адил бүх насаар нь томилох, өөрөөр хэлбэл, Монгол улсынхаар бол Ерөнхийлөгч нь томилж байгаа хэрэг. Үгүй гэвэл Германы арга. Германы холбооны 16 улсын шүүхийн сайд нар болон Бундестагийн 16 гишүүдээс буюу 32 этгээдээс бүрдсэн Шүүгчийг Сонгох Хороо тангараг өргөж, нууц санал хураалтаар шүүгчийг сонгож, олонхын санал авсан шүүгчийг Германы Ерөнхийлөгч нь бүх насаар нь томилдог юм.    Гэтэл Төсөл эдгээр аргуудын алиныг нь ч авсангүй.

Түүний оронд шүүгч нарыг УИХ-ын (даргa) ба шүүгч нарын өөрсдийнх сонгож байгуулсан Шүүхийн захиргааны байгууллагаас томилдог байхаар шийдсэн байх. Түүгээр ч барахгүй бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч нарыг шүүгч нар өөрсдөө 3 жилийн хугацаагаар сонгодог байхаар шийдэж байгаа аж. Ингэснээр Төсөл шүүхийг улс төрөөс хараат бус болгох юм гэнэ. Энэ харин хаанаас олж ирсэн шилдэг туршлага вэ? Тахин шүтээд, магтан дуулаад байгаа “сонгодог” парламентын системд нь ийм туршлага байхгүй. Англид байхгүй. Ярих дуртай, тэр ч байтугай конструктив итгэл үл хүлээлгэх аргыг нь авах гэж байгаа Германд ийм систем байхгүй. Үнэндээ хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал мөрддөггүй юмаа гэхэд ядахдаа тунхагладаг дэглэмд ч ийм юм байхгүй, байх ч үндэсгүй. Яагаад? Шүүх бол эрх мэдэл. Эрх мэдэл дотроо эцсийн эцэст хүний амь, амьдрал, эрх, эрх чөлөөг шийддэг эрх мэдэл. Тиймээс иргэд өөрсдийн амь, амьдрал, эрх, эрх чөлөөгөө өөрсдөө өөрсдөдөө үйлчилдэг, гэхдээ өөр хоорондоо уг эрх мэдлийг олж авахын төлөө тэмцэлддэг, өөрөө өөртөө орших, өөрсдөө өөрсдийгөө бүтээдэг энэ утгаараа бие даасан, тусгаар тогтносон, бүрэн эрхт анги, каст, бүлэгт өгдөггүй юм. Яагаад Төслөөр шүүх, шүүгч нар өөрсдөө өөрсдөдөө үйлчилдэг, гэхдээ өөр хоорондоо уг эрх мэдлийг олж авахын төлөө тэмцэлддэг, нийгмээс ангид өөрөө өөртөө орших, өөрсдөө өөрсдийгөө бүтээдэг энэ утгаараа бие даасан, тусгаар тогтносон бүрэн эрхт анги, каст, бүлэг болох гэж? Асуудлын учир жанцан нь сонгууль, уг сонгуулийн сонгогчид ба сонгогдогчдын бүлэгт (constituency) оршино. Сонгууль гэж юу вэ? Сонгууль юуны тулд байдаг вэ? Сонгуулийн бүлэг, өөрөөр хэлбэл, сонгуульд оролцогчид нь буюу сонгогчид ба сонгогдогчид хэн байх ёстой вэ? Яагаад чухам тухайн оролцогчид оролцогчид байх ёстой, байдаг вэ гэдэг асуудал. Нэгдүгээрт сонгууль улс төр. Учир нь сонгууль эрх мэдлийг өгөх, авах тухай асуудал. Хэний эрх мэдлийг хэнд өгөх, хэн авах? Сонгуульд оролцогчид эрх мэдлээ нэг хэсэгтээ өгөх, нөгөө нь авах өөрөөр хэлбэл, сонгогчид эрх мэдлээ сонгогдогчдодоо өгөх, тэднээр бариулах. Яагаад эрх мэдлээ өгдөг, бариулдаг вэ? Өөрсдийн амь, амьдрал, эрх, эрх чөлөөгөө хамгаалуулах, өөрсдөдөө үйлчлүүлэхийн тулд. Авч байгаа нь өгч байгаадаа үйлчлэхийн тулд. Тиймээс аливаа сонгуулийн бүлэг өөрөө өөртөө үйлчлэх бүлэг байдаг юм. Чухам тийм учир Монголын сонгогчид Монголын эрх баригчдыг сонгодог юм. Үүнийг нь бүрэн эрх, эзэн эрх (sovereignty), тусгаар тогтнол (independence), бие даасан байдал (autonomy) гэдэг юм. Чухам тиймээс л Монгол улс, аливаа тусгаар улс үндэстэн бүгд бүрэн эзэн эрхтэй, тусгаар тогтносон, бие даасан эрх мэдлийн, сонгуулийн бүлэг байдаг юм. Тиймээс аливаа тусгаар улс үндэстний сонгуульд хөндлөнгийн оролцоо байх ёсгүй юм. Чухам эл учир шүүгчид өөрсдөө өөрсдийгөө сонгоно гэдэг нь тэд өөрсдөө өөрсдөдөө орших, өөрсдөө өөрсдөдөө үйлчлэх анги, каст, бүлэг болж хувирч байгаа юм. Чухам эл учир Төсөл шүүгчдийг бие даасан, тусгаар тогтносон, бүрэн эзэн эрхт “шүүх улс” болгон хувиргах бөгөөд тэдний бүрэн эзэн эрхэнд Монгол улсын шүүх эрх мэдлийг өгч байгаа бөгөөд Монгол улсын шүүх эрх мэдэл нь шүүгчдийн буюу “шүүх улсын” өөрсдөө өөрсдөдөө үйлчлэх эрх мэдэл, бизнес болж хувирах юм.

Улмаар шүүгчид буюу “шүүх-улс” өөрсдөө өөрсдийн төрийн эрх баригчдаа сонгоно. Түүний төлөө, сонгох, сонгогдохын төлөө тэд өөр хоорондоо өрсөлдөх, тэмцэлдэх учир шүүх нь улс төрийн эрх мэдэл буюу шүүхийн улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, өрсөлдөөн болж хувирна. Үүний улмаас “шүүх-улс” буюу шүүгчид шүүхийн улс төрийн эрх мэдлийн төлөөх улс төрчид болж шүүгч нар ил ч бай далд ч бай улс төрийн нам, бүлэг, фракцуудад хуваагдах болно. Шүүгчдийн улс төрийн нам, бүлэг, фракцууд өөрсдийн хүмүүсийг ил ч бай далд ч бай нэр дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө ил ч бай далд ч бай дэвшүүлж өрсөлдөх болно. Улмаар шүүгчдийн нам, бүлэг, фракцын гишүүд л санал өгч шүүхийн эрх мэдлийг барих Ерөнхий шүүгч хэмээх Ерөнхий дарга нараа сонгоно. Нэгэнт “шүүх улсын” иргэншлийг Шүүхийн захиргаа буюу Шүүх улсын засгийн газар олгох учир тэр нь өөрсдийн улсдаа үнэнч хуульчдаар “шүүх улсаа” бүрдүүлэх нь ойлгомжтой. Тэд нь өөрсдийнхөө төлөө зүтгэх шүүгчдийг өөрсдийн Ерөнхийлөгчөөр сонгох нь ойлгомжтой. Төсөл ийм шүүхэд, шүүгчдэд Монгол улсын иргэдийн амь, амьдрал, эрх, эрх чөлөөг даатгах гэж байгаа юм.

Нөгөө талаар глобалчлагдсан орчинд “шүүх улсын” сонгууль сонгууль л болсон хойно ил далд сонгуулийн кампани явагдана. Сонгуулийн элдэв будилаан, санал худалдах, худалдан авах явдал ч гарна. Маргаан ч гарна. Хоорондоо ч хэрэлдэнэ. Орос Америкийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон шиг Монгол улс “шүүх-улсын” сонгуульд хөндлөнгөөс нөлөөлнө. Нөгөө талаас “шүүх-улсын” сонгуулийн хэрүүл түүний хана, хилийг нь ч давна. Монгол улсаас ч дэмжлэг, тусламж хүснэ. Мэдээж хамгийн түрүүнд Монгол улсын эрх баригчид “шүүх-улсад” нөлөөлөх болно. Үнэндээ өөрөө өөрийгөө тэжээх эдийн засаг, үйлдвэрлэл байхгүй “шүүх-улс” эдийн засаг, мөнгөний хувьд Монгол улсаас үргэлж хараат байх болно. Төсөл ийм шүүх, ийм шүүгчид байгуулах гэж байгаа юм. Хэрвээ ийм шүүх хуулийн засаглал, шударга ёсыг тогтоодог, хүний амь, амьдрал, эрх, чөлөөг хуулийн дагуу шийддэг байсан бол хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг либерал ардчилсан дэглэмтэй улс орнууд ийм шүүхийн системийг өргөн дэлгэр байгуулсан байх учиртай байсан л даа. Тиймээс Төслийн зорилго “шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах” явдал огт бус, харин Монгол улсын Ерөнхийлөгчөөс, одоогийн Ерөнхийлөгчөөс эрх мэдлийг нь, шүүхтэй холбогдсон эрх мэдлийг нь булаан авах явдал, боловсруулсан схем нь УИХ буюу УИХ-ын дарга улаан цаймаар авч чадахгүй учир ухаан зарж бодож олсон “мэргэн” арга, гарц нь.

Төсөл 1) Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай болгох, 2) “шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах” гэсэн 2 үндсэн зорилт дээрээ Америкийнхаас ч, Английнхаас ч, Германыхаас ч өөр зам сонгосныг та бүхэн харж байгаа байх. Америкийнхийг яах вэ, Ерөнхийлөгчийнх гээд хаялаа гэж зөвтгөе. Харин яагаад бишрээд, бахдаад, магтаад байгаа “сонгодог” парламентын системийн хамгийн шилдэг жишиг болсон Англи, Германыхыг биш гэж. Германы конструктив итгэл үл хүлээлгэх аргыг сонгон авч байгаа Төсөл боловсруулагчид Германы Ерөнхийлөгч Канцлераа, сайдуудаа томилдгийг, мөн Германы Ерөнхийлөгч нь 32-ын буюу Шүүгчийг Сонгох Хороогоор сонгогдсон шүүгчийг бүх насаар нь томилдгийг мэдээгүй, уншаагүй гэвэл та бүхэн итгэх үү? Бас дахиад л Лүндээжанцангийн боловсролын түвшин энэ гэх үү? Та ч итгэхгүй, бишрэхгүй, би ч итгэхгүй, бишрэхгүй. Тиймээс энэ бүхэн бол санаатай зайлсхийлт. Санаатай үйлдэл.

Үнэндээ Төслийн зорилго 1) Ерөнхийлөгчөөс шүүгчдийг томилдог эрх мэдлийг нь, 2) УИХ-ын гишүүдээс Засгийн газрын сайд нарыг томилоход явагддаг хөшигний арын хуйвалдааныг илчлэх, дэлгэх, Монгол улсын засгийн газрыг хөндлөнгийн нөлөөнөөс сэргийлэх эрх мэдлийг нь хурааж хөндлөнгийн, хөшигний арын олигарх бүлэгт төвлөрүүлэх. Улмаар УИХ-ын гишүүнд сонгогдох насыг 30 болгох, Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт ба хууль зөрчсөн тохиолдол улс төрийн намыг тараах, орон нутгийн сонгуульд намын оролцоог хориглох зэрэг нь бүхэлдээ иргэд, сонгогчдын улс төрийн эрх, эрх чөлөөг хасаж, иргэдийн улс төрийн идэвхийг хөнөөж, улс төрийн өрсөлдөөний талбайг аль болох цөөн олигарх этгээд, тэдний засаглалын хөсөг болсон МАН, АН мэтэд төвлөрүүлэх гэсэн оролдлого гэж харагдаж байна.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Sodon (73.15.240.158) 2019-04-23 21:28:39
Энгийн мулгуу хүн ойлгохоор энгийн хар хэлээр, товчхон болгоод түгээвэл зүгээр дээ
ха ха (202.179.24.133) 2019-04-20 19:00:37
ХЭТ нуршуу юма .. шууд гол юма 5-10 өгүүлбэрт багтааж хэл л дэ. Доор нь харин яагаадыг нь тайлбарла. Залхуу гарууд нэг нь уншихгүй л бх