М.Алтанцэцэг: Хүний өөрийнх нь дотор маш хүчтэй, чадалтай нэгэн хүн дуг нойрондоо дугжирч байдаг

Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэгтэй хаврын улиралд хэрхэн эрч хүчтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой хүчирхэг байх талаар ярилцлаа.

Туршлагатай тогооч бүрт өөрийн гэсэн жор бий. Харин туршлагатай сэтгэлзүйч бүрт өөрийн гэсэн баримталдаг зарчим бий. Уншигчдын хэзээний танил болсон туршлагатай сэтгэл зүйч түүнээс олон, олон хүмүүст зөвлөгөө өгсөн туршлагаасаа үндэслэн хүн бүхэнд хэрэг болж магадгүй гэсэн түүхийг ярьж өгөхийг хүссэн юм. Сэтгэлзүйч М.Алтанцэцэг: Би нэг үлгэр ярьж өгье. Гэхдээ үүнд хүн бүр дуртай байдаггүй ч дурласан хүн нь өөрчлөгддөг. Чи хэрхэн сийрүүлэн бичихээ өөрөө мэддээ хэмээн дараах үлгэрийг ярьж өглөө.

Үлгэр ингэж эхэлдэг. Эрт урьдын цагт нэгэн хаан байжээ. Өвдөж, шаналан хорин жил хэвтрийн дэглэм сахисан тул намайг эдгээсэн хүнийг хэмжээлшгүй их эд баялгаар шагнана хэмээгээд улсынхаа бүх эмчид хандсан байна. Харин хааныг эмчилж чадахгүй бол цаазаар авахуулна. Ийн явсаар улсынхаа бүх эмчийг цаазалж, эцэст нь нэг л эмч үлджээ. Тэр эмч хааны өмнө ирээд, “Би таны өмнө ирэх энэ өдрийг хүлээж байлаа. Чам шиг адгийн тэнэг, хөгийн заваан новшийг би амьдралдаа олж үзсэнгүй. Би чиний өмнөөс хараад чамайг хамаг байдаг муу үгээр доромжлохыг л хүсч байна” гэхэд хаан түүнийг цаазлах тушаал буулгасан байна. Гэтэл эмч “Би л чамайг эмчилж чадах байсан юм даа. Чиний эцсийн найдвар би шүү дээ” гэхэд хаан арга буюу зөвшөөрчээ.

Эдгэрэл зөвхөн чиний дотор л байдаг.

Эмч хаанд гурван шаардлага тавьсан бөгөөд Нэгд, Би таныг эмчилж байхад та өрөөнд ганцаар байх ёстой. Хоёрт, Таныг яаж ч орилж дуудаж байсан хэн ч танд туслах ёсгүй. Гуравт, Гадна хамгийн хурдан хүлэг морийг авчирч үлдээх хэрэгтэй. Эмчилгээ эхэлж өрөөнд эмч хаан хоёр үлдэхэд эмч “Хаан чи надад хууртлаа. Би чамайг эмчилж чадахгүй. Чи надад ингэж хууртах гэж. Одоо би чамайг энэ дэлхийн хамгийн муухайгаар доромжлох болно” гэхэд хааны уур аймшигтай ихээр хүрчээ. Гэсэн ч тэр хэвтрийн дэглэмтэй өвчтөн тул уурлахаас өөрийг хийж чадсангүй. Гэтэл эмч бүр ихээр доромжил хамаг нус цэрээ бөөгнүүлж байгаад хаан руу нулимж, хамгийн муухай гэсэн хараал болгоноор түүнийг доромжлов. Хаан орны толгойд байгаа сэлмээ гэнэт санаж арай хийн гараа хөдөлгөсөн боловч эмч гар дээр нь гишгэж, одоо би чиний толгой дээр “морь харах” болно хэмээжээ. Ингээд эмч түүнийг тэсвэрлэшгүй болтол доромжлоод зугтахад хааны цус нь буцалж уурандаа шатан орноосоо өндийн эмчийн араас гарав. Эмч гадна уяатай байсан хүлэг морио үнэн зугтахад хаан хилэгнэн зарц барлагтаа хурдан морь авчрахыг тушаан араас нь сэлмээ эргүүлэн элдэн хөөсөн байна. Хаан уурандаа шатан салхи зүсэн давхиж явахад ард түмэн “хаан мандтугай” хэмээн уухайлан үлджээ. Хэсэг хугацааны дараа хаан морин дээр давхиж явахдаа хорин жил морь унаагүй, сэлэм бариагүй гэдгээ санажээ. Эдгэрэл зөвхөн чиний дотор л байдаг. Өвдсөн ч, гунигласан ч, шаналсан ч, ганцаардсан ч энэ бүхэн зөвхөн чиний сонголт байдаг бөгөөд дотор байгаа хүчирхэг тэр хүнээ унтуулснаас болж үүнийг даван гарч чаддаггүй. Тиймээс өөрийн дотор байдаг тэр хүчирхэг хүнийг сэрээх ёстой юм.

Сэтгэл зүйчийн ярьсан уг үлгэр танд эрээ цээргүй эсвэл муухай санагдаж байвал үнэн үг хатуу ч явдалд тустай гэдэг үгийг сануулъя.

Тэгвэл доторх хүнээ хэрхэн сэрээх вэ гэдэг асуулт урган гарна. Хүний өөрийнх нь дотор маш хүчтэй, чадалтай нэгэн хүн дуг нойрондоо дугжирч байдаг. Хүн яагаад уйтгарлаад, гуниглаад, сэтгэлээр унаад, асуудалд сөхөрч унаад, уурлаад, стресстээд байдаг вэ гэхээр тэр л хүчирхэг хүнээ унтуулчихсан байдаг. Тиймээс тэр хүчирхэг хүнээ сэрээх ёстой. Нам унтаад сэрэхгүй бол өшиглөөд, ус цацаад ч хамаагүй сэрээ. Өөрөө өөрийнхөө доторх хүнийг өөрөө шанаад. Өөрөө сэрээ. Май чи сэр гээд хэл. Сэтгэцийн гаралтай эмүүд зөвхөн өвчнийг сэдрээхгүй байх үйлчилгээ үзүүлдэг. Та л өөрөө өөрийгөө эдгээнэ. Та өөрийнхөө доторх хүчирхэг хүнээ сэрээхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Сайхан бүсгүйчүүд би нөхрөө бусдад алдчихлаа, намайг араар тавиад байна гээд уйлаад ороод ирдэг. Сонирхолтой нь өөрөөсөө царай муутай, өөрөөсөө дорд гэж тооцож буй хэн нэгэнд алдчихсан байдаг. Энэ хачин юмаар намайг сольчихлоо гэж тэр хүнд уурлах биш яагаад ийм үйлдэл хийчихсэн юм бол гээд өөрөөсөө нэг асуугаад үзэх хэрэгтэй юм шүү дээ. Гэтэл хүмүүс үргэлж хэн нэгнийг буруутгадаг. Энэ хүн намайг гомдоолоо, тэр хүн намайг зовоолоо, үүнээс болж би шаналж байна, тэр ажлаас болж би шантарч байна, даргаас болж ажил урагшлахгүй байна, ажилтнуудаас болж байгууллага хөгжихгүй байна. Үгүй ээ. Түүнээс болж чи уйлаагүй, тэрнээс болж чи ядуу амьдраагүй, энэнээс болж чи зовоогүй. Эдгэрэл хаана байдаг вэ гэвэл таны өөрийн чинь дотор байдаг. Бид өөрөө өөрсдөөсөө л алдааг хайх ёстой. Зовоосон нь түүний буруу гэхэд зовсон нь таны зөв юм уу. Хүн өөр лүүгээ “салаавч” өгч доторх хүчтэй хүнээ сэрээж чадсан тэр мөчөөс л хүн өөрчлөгддөг.

За одоо хавар цагийн ядаргаа, урт өдрүүдэд өөрийгөө зөв, тэнцвэртэй удирдан залах талаар ярилцая.

Бид бие махбодио амрааж, эрүүл зөв хооллож, амьдралын зөв хэмнэлттэй байж амьдралаас сайн сайхан эерэг зүйлсийг олж харж, хийж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, ирээдүйдээ итгэл үнэмшилтэй байх юм бол эрч хүчтэйгээр, аз жаргалтайгаар, үр бүтээлтэйгээр амьдрах бүрэн боломжтой.

Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэж байна. Өвөл хөлдсөн газар гэсэж цэцэг, ногоо газар зүсэн дэлбээлдэг. Ичээндээ орсон ан амьтад хүртэл ичээнээсээ гарч хөдөлгөөнд ордог. Амьд байгаль тэр чигтээ сэргэдэг. Нар дээр гарч, өдөр уртсан хүн бүхний сэтгэл санаа өөдрөг болдог хэдий ч нөгөөтээгүүр нойр хүрч нозоорон, ядарч сульдан бие тавгүйрхэх нь элбэг. Учир нь хавар болохоор хүмүүс орой болсон ч анзаарахгүй бусад улирлыг бодвол илүү урт цагаар ажилладаг. Тиймээс гэнэт их ядарсан нозоорсон туйлдсан мэдрэмжийг авдаг

Жишээлбэл, саяхан нэгэн бүсгүй над дээр ирж зөвлөгөө авсан юм. Би ойрд их ядарч, нозоорч байна. Уг нь би их мундаг байгаа. Өглөө 6 цагт босоод өглөө дасгал хийж, хичээл давтаж, өдөр ажлаа хийж, орой фитнесст явж, амралтын өдөр уулан гарч, усанд сэлж, клубт хамрагдаж их үр бүтээлтэй байгаа гээд л маш давчуу цагийн хуваарь танилцуулсан. Аливаа зүйлийн хэмжээ нь таарч байх ёстой. Тэнцвэртэй байх хэрэгтэй. Дутах эсвэл илүүдэх нь өөрөө таатай биш. Хүний бие махбод заримдаа ямар ч үйлдэл хийлгүйгээр унтаж амарч, суларч тавирч байх ёстой. Тэгж байж бие сэргэнэ. Гэхдээ байнга л биеэ суль тавьчхаад юу ч бодолгүй унтаад байж болохгүй шүү дээ. Гэтэл байнга ямар ч зай завсар өгөлгүйгээр сэрүүлэг тавиад л дав хийтэл зочиж сэрээд үргэлж цагтай уралдаад, өөрийгөө хэтэрхий хүчлээд, маш яаруу яваад байвал энэ бүхэн нь таныг эргээд стресст оруулна. Үүнээс болж нойргүйдэх, ядрах, сульдах, уур уцаартай болох, хайртай хүмүүстээ хатуу ширүүн хандаж, стресст ордог.

Бид машиныг хөдөлгөж урагшлуулахын тулд шатахуун тос хийдэг шиг, гар утсаа цахилгаанд залгаж цэнэглэдэг шиг өөрсдийн бие махбодийн эрч хүч, энергиэ дараах 4 эх үүсвэрээс нөхөж байдаг. Spiritual Energy, Emotional Energy, Mental Energy, Physical Energy тэнцвэртэй байж та эрч хүчтэй, ажлын өндөр бүтээмжтэй, аз жаргалтай байна гэсэн үг.

Нэгд, Physical Energy: Бие махбодийн энергийг та нойр, хоол, амралт гурваар нөхнө. Стрессээс ангид байхын тулд зөв цагт хооллож, тогтмол цагт унтаж, сэрж сурах хэрэгтэй. Харин Монголчуудын хувьд амралт гэдэг ойлголт тун бага, алдаатай байдаг. Уламжлалын хувьд бид нүүдэлчин соёл иргэншилтэй байсан нь үүнд нөлөөлдөг байх. Бүтэн сайнд малаа бэлчээхгүй, 8 цагаас хойш үхрээ саахгүй гэхгүй шүү дээ. Бидний ажил амралт холимог байв. Суурин соёл иргэншилтэй улсын иргэд ихэнхдээ амралтаа нарийн төлөвлөдөг. Тэд жилийн өмнөөс төлөвлөдөг бол бид нэг хоногийн өмнө л амралтаа төлөвлөх нь түгээмэл. Манай монголчуудад нийтлэг үзэгддэг нэг тохиолдол нь амралтын төлөвлөгөөгөө мөрддөггүй.Жишээлбэл хагас сайнд бүгдээрээ салхинд гарна гэсэн бол тэр өдөр нь цасаар шуурвал больчихдог. Бас зөв амардаггүй. Зуны улиралд жуулчны бааз, амралтын газрууд монгол иргэдэд үйлчлэх дургүй байдаг. Энэ нь ч монголчууд ажлаараа, хамт олон найз нөхдөөрөө зугаалж, амрахдаа шөнөжин архидаад өдөржин шуугилдаад ирэхдээ ядарчихсан байдаг. Тэгээд зодоон цохион хийж, хэрүүл маргаан дэгдээх нь ч энүүхэнд. Гэтэл гадны иргэд Монголд ирэхээрээ шөнө нь од тоолж, тэнгэр ширтэж амарч байх жишээтэй. Бид амралтын талаар ойлголт мэдлэгтэй болох ёстой. Биеийн эрч хүчээ нөхөх гэж амардаг шүү дээ. Бид зөв амарч сурч байж биеийн эрч хүчээ нөхөж чадна.

Хоёрт, Mental Energy: Оюун ухаан, сэтгэхүйн хувьд эрч хүчтэй байхын тулд уншиж судалж суралцах хэрэгтэй гэдэг нь мэдээжийн хэрэг. Гэхдээ оюун ухааны хувьд сэргэг байхын тулд хийж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж сурах ёстой. Хэрвээ чи англи хэл сурах зорилго тавьсан бол хэдэн долоо хоногт хэдий хугацаанд үүнд анхаарлаа төвлөрүүлэхээ төлөвлөх хэрэгтэй. Нэг ном уншиж байя гэж бодъё. Гэтэл номоо минут тутамд тавиад, буцааж уншаад байвал тэр хүнд юу үлдэх билээ. Харин анхаарлаа бүрэн төвлөрүүлж уншвал илүү үр дүнтэй байх нь ойлгомжтой. Хүн  анхаарал төвлөрч байж л бүтээмжтэй ажилладаг. Анхаарал төвлөрөх боломжгүй, хэтэрхий олон зүйлд үсчиж оролцсоноор ажлын бүтээмжгүй болдог.Олон зүйлд анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээснээс тогтворгүй болно. Үүнээс болж хүн стрессдэж, бухимдаж уурладаг. Тиймээс юуны үр дүнг үзмээр байна түүнийгээ нарийн тодорхойлж анхаарлаа төвлөрүүлээрэй. Стресс хүнийг хамгийн амархан ядраадаг Харин ажил бол тийм ч амархан ядраадаггүй. Хүн хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй байж, дурлаж, төвлөрч хийвэл шөнөжин суусан ч ядардаггүй маргааш нь эрч хүчтэй хэвээрээ л байдаг шүү дээ.

Гуравт, Emotional Energy: Сэтгэл санааны хувьд эрч хүчтэй байхын тулд та аливаад эерэгээр хандаж сурах ёстой. Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй. Өөрийгөө тайван байлгаж сурах ёстой. Хүнд сэтгэл хөдлөлийн хувьд эерэг, сөрөг мэдрэмжүүд бий. Баярлах, хөөрөх, дурлах, инээх эерэг мэдрэмжүүд байхад санаа зовох, гуниглах, ганцаардах зэрэг сөрөг мэдрэмжүүд бий. Гэтэл хүн эерэг сэтгэл хөдлөл мэдрэмждээ 30 хувь автдаг мөртлөө сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмждээ 70 хувь автдаг. Жишээлбэл, хүн захиралдаа магтууллаа гэж бодоход 30 хувь баярлаж, загнууллаа гэхэд 70 хувь гуниглах нь байна. Үүнээс хүн муу, сөрөг зүйлийг хүлээж авахдаа илүү хүчтэй мэдрэмжтэй хүлээж авдаг гэсэн хүн. Хэн нэгэн хүнд гомдвол насаараа үзэн ядаж дургүй болдог нь үүнтэй холбоотой.

Дөрөвт, Spiritual Energy: Сүнслэг эрч хүч гээд орчуулчихвал хүмүүс сүнс, зургаа дахь мэдрэхүй гээд буруу ойлгоод байдаг. Харин үүнийг би үнэт зүйлийн итгэл үнэмшил, эрч хүч гэж тайлбарламаар санагддаг. Та өөртөө зорилго тавьж, хоёр жилийн дараа мастер хамгаална гэж төлөвлөсөн байлаа гэж бодъё. Үүндээ итгэл үнэмшилтэй, зүтгэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, ажилдаа дуртай, амьдралын идэвхтэй байвал үүнийг үнэт зүйлийн эрч хүч гэж нэрлэж болно. Биелэх ч юм шиг, биелэхгүй ч юм шиг тодорхойгүй нөхцөлд өөрийн зорилгодоо итгэл үнэмшил багатай байвал үнэт зүйлийн эрч хүчгүй болсон байна. Spiritual Energy бол хүнийг баяр жаргалтай болгодог хамгийн чухал хүчин зүйл. Зорилго, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, хийж буй зүйлдээ итгэл үнэмшилтэй байх зэрэг нь хүнийг бүтээмжтэй ажиллахад, амжилттай байхад чухал нөлөөтэй. Эдгээр 4 хүчин зүйл таны амьдралын аз жаргал, ажлын бүтээмжид нөлөөлдөг

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (202.126.89.59) 2019-04-26 09:07:37
Нийгмийн оюун ухаанд хэрэгтэй мэдээлэл оруулж байх нь маш зөв...Уншсанаа эмхэтгэл болгон түгээх, суралцах нь нэн чухал . Баярлалаа улам их амжилт хүсьe!
Tsogi (66.181.177.111) 2019-04-26 08:13:27
Niitleliin ehnii hesegt bgaa tuuh bolon uurtuu salaavch uguh zereg ni buheldee Norbekov Sanikulovichiin nomnoos avsan zuils bna, harin uldsen Mental, physical, spiritual, emotional energy g herhen nuhuh ni ter chigtee Harward Business Review bna shuudee. /Business Radio geed soundcloud s haigaad bugdiin sonsch boldog, angliaraa HBR ni tulburtei bdag/ Uug ni ene hunii uuriinh ni ugs baih bolovuu gej bodson ch tiim bish bj. Naranbaatar setgel zuich ch bas baahan nom, kinonoos l eshleed nomondoo oruulj bicheed fb tee post bicheed bdag. Bolohgui gej bgam bish l dee. Gehdee ene humuusiin uursdiinh ni tarhi zurhnees garsan ugs bish erduu l copy bhaar tiimhen l bh yum. Busdad heregtei gedeg deer bol uguisgehguiee gsn ch jo chamlamaar l boloh yumdaa. Ymartaa ch bayrlaloo.