МАН 100 жилийн ойгоо угтсан 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлаа ирэх Даваа гарагт эхлүүлнэ

Энэ сорилтыг давж гарахад МАН-д шинэчилсэн хүчирхэг бүтэц зохион байгуулалт, бодлого хэрэгтэй

Хэнтийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ намууд тавдугаар сарын 1-н гэхэд СЕХ-нд мэдэгдэх хуулийн хугацаатай. МАН-ын хувьд ирэх даваа гарагт буюу энэ сарын 29-нд товлосон бага хурлаараа Хэнтийн нөхөн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцэх бөгөөд өнгөрсөн сонгуульд дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэнэ. Хэнтийн нөхөн сонгууль ард түмний хувьд төдийлөн ач холбогдолгүй ч намуудын хувьд бага газрын их тулаан, 2020 оны сонгуулийн өмнөх их сунгаа юм. Угтаа АН, МАН, МАХН аль нь ч ялсан одоогийн УИХ дахь хүчний харьцаанд өөрчлөлт орохгүй. Харин ард иргэд, улстөрийн хүчнүүд энэ сонгуулиас 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг шинжинэ.  

2020 оны сонгуулийг залгуулаад 2021 онд МАН үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгал 110 жилийн ой хүлээж байгаа. Эдгээр түүхт ойг угтсан сонгуулиудад МАН нилээд ач холбогдол өгч оролцох нь дамжиггүй. МАН-ын даргын хувьд У.Хүрэлсүх одооноос намын эв нэгдэл, бүтэц зохион байгуулалтын асуудалд анхаарал хандуулж ирэх тавдугаар сарын сүүлээр намын бага хурлаа дахин хуралдуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

АН-ын хувьд 29 жилийн ойгоо энэ сарын эхний долоо хоногт тэмдэглэж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийсэн. Тус хуралдаанаар Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, З.Нарантуяа, Г.Батхүү, Б.Пүрэвдорж, ОХУ-ын суугаа онц бөгөөд Элчин сайд Б.Дэлгэрмаа нарыг дэд даргаар томилж, намын бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн хүчээ зузаатгасан. АН бүтэц зохион байгуулалтаа ийн “хүчирхэгжүүлж” байгаа нь ирэх зургаан сарын Хэнтийн нөхөн сонгууль, айсуй ирж буй 2020 оны УИХ-ын сонгуульд бэлтгэж байгаа хэрэг.

Харин 60 тэрбум, ЖДҮ-гээр давхар овоглогдсон МАН-ын хувьд ирэх сонгуулиуд нь томоохон сорилт "шалгуур” юм. Энэ сорилт, шалгуурыг давж гарахад МАН-д шинэчилсэн хүчирхэг бүтэц зохион байгуулалт, бодлого хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар МАН-ын төв аппаратын удирдлагад ЕНБД Д.Амарбаясгалангаас гадна Ц.Бат-Энх гэсэн нэг нарийн бичгийн дарга бий. Үүнийг АН-ын удирдлагын бүтэцтэй дүйцүүлвэл 6 акулын эсрэг 1 жараахай гэсэн дүр зураг харагдаж байна.

Түүх сөхвөл МАН есөн нарийн бичгийн даргатай данагар бүтэцтэй байсан үе бий. Үүнд Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар, Д.Сарангэрэл, Т.Бадамжунай, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Э.Мөнх-Очир, Б.Гарамжав гэсэн МАН-ын луугарууд багтаж байлаа. Харин М.Энхболд 2016 оны сонгуульд намаа удирдаж орохдоо ЕНБД Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Т.Гантулга, Нарийн бичгийн дарга  Х.Булгантуяа гэсэн шижигнэсэн залуусыг ардаа дагуулан орж байв. 

У.Хүрэлсүх одоо байгаа бүтцээрээ  буюу ЕНБД Д.Амарбаясгалан, орон тооны нарийн бичиг Ц.Бат-Энх хоёртой сонгуульд орно гэвэл АН-ын шижигнэсэн зургаад бараадахгүй нь тодорхой. Тийм ч учир түүхэн ач холбогдол бүхий, унах эрхгүй томоохон сорилтод тулж ирээд байгаа МАН товлогдоод байгаа бага хурлаараа 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүлж бүтэц бүрэлдхүүнээ өргөжүүлэн тэлхээр зэхэж буй бололтой.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.235.223.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.188.123) 2019-04-28 13:21:15
ЖДҮ-чин болон хариуцлагагүй нөхдөөсөө МАН салж байж л амжилт олох байхдаа?! Ер нь тэгээд энэ намд М.Энхболд шиг тулхтай хүн алгаа?!