1 асуулт 5 хариулт: Боловсрол-Амжилтын түлхүүр үү

Монгол Улсын Их Сургуулиас “1 асуулт 5 хариулт” төслийг эхлүүлжээ. Тус төслөөр нийгмийн тодорхой нэгэн асуудлыг сонгон авч тэрхүү асуудлыг даван гарч амжилттай шийдвэрлэж чадсан хүмүүсийг урьж асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, ямар гарц олсон, цаашид энэ асуудалд хэрхэн хандвал зохилтой талаар хэлэлцэх юм. Төслийн эхний хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 26-нд “Боловсрол-Амжилтын түлхүүр үү? -5 хариулт” сэдэвтэйгээр явагдлаа. 

Хэлэлцүүлэгт Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Оюунбилэг, МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам нар оролцож хариулт өглөө.

Монгол улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Оюунбилэг: Албан боловсрол сурах арга барил мэдлэг өгдөг. Ажил туршлага олгодог

С.Оюунбилэг хэлэхдээ, “Австралид очиж англи хэл сурсныг эс тооцвол надад гадаадад ажиллаж, амьдарсан туршлага байхгүй. Би 100 хувь Монголын боловсролын системийн бүтээгдэхүүн. Их сургуульд суралцаж, хажуугаар нь цагийн ажил хийж, гэр лүүгээ алхаж харьдаг байв. Өөрийн хүчээр боловсрол эзэмшихээр зорьж яваа залуу хүнд тохиох саад бэрхшээл, асуудлууд их. Цагийн ажил хийх, байрлах байраа олох, сургалтын төлбөрөө цуглуулах гээд л асуудлууд хөвөрнө. Би суралцаж байхдаа хичээлийнхээ хажуугаар үргэлж ажилладаг байв. Тэр үедээ асуудал юм шиг санагддаг байсан ч одоо ингээд эргээд харахад боломж байсан юм билээ. Энэ нь надад маш том туршлага болон үлдсэн. Миний үед оюутнуудад тохирсон цагийн ажил тун бага байв. Өнөөдөр ч бага байна. Оюутан болох жил аав, ээж хоёр минь миний сургалтын төлбөрийг төлөхийн тулд хашааныхаа талыг худалдаж байсан нь надад их хүн тусаж байв. Тэгээд би сургуулиа төгсөөд заавал хашааныхаа талыг авна даа гэдэг зорилго тавьж байв. Энэ нь надад сэдэл төрүүлж, урагш түлхэх хүч өгсөн байх. (инээв)

Эрээн явж Нарантуул дээр наймаа хийх гээд л төрөл бүрийн ажил хийж явсан. Харин оюутан байхдаа “Атар-Өргөө” компанийн бялууны цехэд шөнийн ээлжид ажилладаг байлаа. Ажиллаж байхдаа мэргэжлийн онцлогоос хамаараад ч тэр үү бялууны зах их хэмжээгээр хаягдаж байгааг анзаарч үүнийгээ бакалаврын дипломын ажлын сэдэв болгон авч зэрэг хамгаалсан. Дайвар бүтээгдэхүүний өртөг нөхөх сэдвээр зэрэг хамгаалаад зогсохгүй боловсруулсан судалгааны ажил минь “Атар-Өргөө” компанид зардлаа хэмнэхэд нь тус болсон.

Ажил хийж байхдаа цалин авч, дээр нь дипломынхоо сэдвийг олж, хийсэн судалгаа минь тухайн байгууллагад ашиг авчирч үр дүнгээ өгсөнд би баярлаж явдаг. Албан боловсрол хүнд сурах арга барил, академик боловсрол олгодог бол ажил хөдөлмөр хүнд туршлага олгодог. Үр дүнтэй судалгааны ажил минь надад тушаал ахиж, мэргэжлээрээ ажиллах олон боломжуудыг нээж өгсөн” гэсэн юм.

Тэргүүлэх аудитор С.Оюунбилэгээс МУИС-ийн оюутан “Ажилд орохдоо юуг анхаарах вэ” хэмээн асуухад Тэрбээр, “Ажилтны хэн бэ, ямар хандлагатай байна вэ, энэ ажилд тохирох нь уу гэдгийг хамгийн түрүүнд ажилтны анкет харуулдаг. Хайнга хандаж уу, нямбай хандаж уу гэдэг нь материал нь бүрэн байна уу, зураг нааж уу, бөглөх ёстой бүх талбарыг бөглөж үү гэдгээс харагддаг. Тэгэхээр нэн түрүүнд анкетаа зөв бөглөхөд суралцаарай” гэж захимаар байна гэсэн юм.

А.Ариунзаяа: Удирдлагууд эмэгтэй, эрэгтэй ялгалгүй ижил төвшинд харилцаж туршлага, чадварыг нь харгалзан тушаал дэвшүүлж сурах хэрэгтэй

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Боловсрол-Амжилтын түлхүүр үү?” асуултад статистикийн тоо баримт ашиглан “тийм бас үгүй” хэмээн хариулсан юм. Тэрбээр хэлэхдээ Боловсрол бол амжилтын түлхүүр мөн хэдий ч практик дээр манай улсын эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү боловсрол эзэмшдэг ч удирдах албан тушаалд эзлэх хувь бага, мөн цалингийн хэмжээ ч эрчүүдийнхээс бага байдаг гэдгийг онцолсон юм.

Манай улсын хүн ам хүйсийн хувьд тэнцвэртэй. Бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа иргэдийн тоо тэнцүү байдаг ч бакалавр, магистр, доктор гээд академик түвшинд эмэгтэйчүүд давамгайлдаг. ЭЕШ-ын дүнгээс харахад охид Газар зүй, Түүхээс бусад бүх хичээл дээр хөвгүүдээс өндөр оноо авсан байдаг. Эмэгтэйчүүд боловсрол эзэмшихдээ буюу суралцахдаа эрчүүдээс илүү хичээл зүтгэлтэй, сахилга баттай, хариуцлагатай ханддагтай холбоотой. Гэвч тэр бүсгүйчүүд ажлын талбар дээр эрчүүдээс 10 хувиар бага цалин авдаг. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган компанийн дөнгөж 36 хувь нь эмэгтэй захиралтай. Энэ нь удирдах төвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгааг харуулж байна” гэсэн юм.

Харин танхимаас МУИС-ийн эмэгтэй оюутан, “Энэ ялгааг хэрхэн даван гарч амжилтад хүрэх вэ” талаар Үндэсний статистикийн хорооны А.Ариунзаяа даргаас онцлон асуусан. Тэрбээр хариулахдаа, “Нэгд, Эмэгтэйчүүд бид нэг нэгнийгээ дэмжих ёстой. Хоёрт, Өөрөө өөртөө итгэлтэй байж өөрийгөө үнэлдэг байх хэрэгтэй. Гуравт, Удирдлагууд эмэгтэй, эрэгтэй ялгалгүй ижил төвшинд харилцаж туршлага, чадварыг нь харгалзан тушаал дэвшүүлж сурах хэрэгтэй ингээд тоочоод байвал их урт яриа болох байх л даа. Жишээлбэл өнөөдөр Монголд нэг бүсгүй ажилд орох гээд ажлын ярилцлагад орж байхад “Чи нөхөртэй юу, хүүхэдтэй юу, ажилд ороод удалгүй жирэмсэн болоод явчих уу” гэсэн хандлагаар ханддаг. Энэ нь маш буруу хандлага. Тиймээс бид хандлагаа өөрчилж охидыг хөвгүүдийн төвшинд үнэлж харьцах ёстой. Энд сууж байгаа эмэгтэй оюутнууд ч ажилд орохдоо өөртөө итгэлтэй байж өөрийгөө үнэлүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам: Амжилт=Боловсрол+Эерэг хандлага

"Би боловсрол бидэнд хэрэгтэй эсэх талаар эргэцүүлэхдээ өөрийнхөө хүндэлж, үлгэр жишээ авдаг хоёр хүний амьдралаас эш татаж, харьцуулж үзсэн юм. Миний хүндэлж, үлгэр дуурайлал авдаг хүний нэг нь Panasonic компанийг үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэ. Тэр албан боловсрол эзэмшиж чадаагүй ч 10 наснаасаа ажил хийж, дэлхийн томоохон компанийг бий болготлоо хөдөлмөрлөсөн. Хожим тэр өөртэй нь адил боловсрол эзэмших боломжгүй хүүхэд залуусыг боловсролтой болгохын төлөө ажилласан байдаг. Тэгэхээр зөвхөн боловсрол биш, хандлага, бүтээлч байдал маш чухал. Дээд боловсрол эзэмшсэн хэрнээ ажилд орж чадахгүй байх, ажилд орсон ч эзэмшсэн боловсрол нь тэр бүр хэрэглэгдэхгүй байх тохиолдол байна. Тиймээс боловсрол дээрээ нэмээд эерэг, зөв хандлагатай байвал амжилтын түлхүүрийг гартаа атгасан гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Залуу хүн та эерэг байж, чадварлаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, стрессээ зөв тайлах хоббитой болоорой

Сангийн дэд сайд Х.Булгантуяа Боловсрол-Амжилтын түлхүүр мөн гэдгийг онцлон хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Манай залуучууд Стив Жобс, Марк Зукерберг сургуулиа хаясан дээд боловсролгүй ч гэсэн амжилтад хүрсэн гэдэг жишээг ашиглах их дуртай. Тэд өндөр боловсрол эзэмшихгүйгээр амжилтад хүрч болоод байхад бид заавал яагаад боловсрол эзэмших ёстой юм бэ гэж та бүхэн асууж магадгүй.

Стив Жобс, Билл Гейтс, Марк Цукерберг нар тэрбумтан болох өгөгдөлтэй учраас сургуулиа хаясан болохоос сургуулиа хаясан болохоор тэрбумтан болоогүй. Стив Жобс 4-р ангид байхдаа ганцхан жилийн дотор намраас хавар болтол математик үзээд л ахлах ангийн математикийг төвөггүй боддог болчихсон тул сургуулиас нь хоёр анги дэвшиж суралцахыг санал болгосон байдаг ч аав ээж нь ярилцаж үзээд нэг анги дэвшүүлсэн байдаг. Мөн түүний амьдардаг таунд Hewlett Packard-ийн инженер долоохон хаалганы цаана амьдардаг байсан тул багаасаа электроникт дурласан түүнд олон зүйл заасан ба Apple-ийг хамтран үүсгэн байгуулсан Стив Возниактай ахлах сургуульд байх үедээ танилцжээ. Өөрөөсөө илүү электроникийн мэдлэгтэй хүнтэй анх удаа таарсан нь Возниак байсан гэж Стив Жобс дурссан байдаг. Тэр бага наснаасаа л их сургуулийн боловсрол эзэмшиж өөртөө хэрэгцээтэй чадваруудыг эзэмшсэн учир сургуулиа хаясан хэрэг. Харин та өөртөө хэрэгтэй чадваруудыг эзэмшсэн үү. Тэгэхээр боловсрол бол амжилтын түлхүүр мөн юм.

Өнөөдөр хөгжингүй улсууд өж үйлдвэрлэлийн IV-р хувьсгалыг ярьж байна. Үүнд улс орнууд ирээдүйн боловсон хүчнээ хэрхэн бэлдэж байгаа тухай асуудал бүр ч их хөндөгдөж байна. Технологи, инновацийн хөгжлийн шинэ эрин үе нь үйлдвэрлэл ба хэрэглээнд илүү өндөр хүлээлтүүдийг үүсгэх боллоо. Ойрын 20 жилд бидний өнөөдөр хийж буй ажлын тал нь ямар нэг робот юм уу програм хангамжаар хийгдэх болно.  Судалгаанаас үзэхэд 2022 онд гэхэд одоо ажиллаж байгаа хүмүүсийн 54 хувийг дахин бэлдэх, туршлагажуулах шаардлагатай тулгарна гэж тооцоолж байна. Тиймээс зарим ажил мэргэжил устаж үгүй болно. Энэ үйл явц дунд Монгол шиг орнууд хамгийн их хохирол амсах магадлалтай. Маш олон ажлын байрыг автоматжуулж, бидний олноороо Солонгост очиж хар ажил хийдэг үе дуусгавар болно гэсэн үг Саяхан Их наймын улсуудаас хэн нь Аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд бэлэн байна вэ гэдгийг тандсан том судалгаа явуулахсан. Герман улс тэргүүлсэн. Гэтэл Япон улс  арав хүрэхгүй жилийн дараа боловсон хүчний хомсдолд орох дүр зураг харагдаж байна. Дэлхийн чиг хандлагаар бол бид зарим салбарт машинтай өрсөлдөж ажиллах болчхоод байна. Бид хурдаар машиныг гүйцэхгүй, харин асуудлыг өөр өнцгөөс харах, үнэлэлт дүгнэлт өгөх, асуудлыг шийдвэрлэх тал дээр илүү байх боломжтой. Тиймээс машины эзэмшиж чадахгүй чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.

Харин чадварлаг боловсон хүчнийг нь өндөр цалин амлаж гадагшаа татаж эхэлнэ. Энэ бүхнийг бид одооноос бодолцож эхлэх хэрэгтэй. Одоогийн ур чадварыг нь нэмэгдүүлэх, шинэ ур чадвар олгох сургалтад дахин хамруулж байж ажлын байран дээрээ тогтож үлдэнэ гэсэн үг. Тиймээс залуучууд маань дэлхийд гарч өрсөлдье гэж бодож байвал өнөөдөр миний суралцаж буй салбар хаашаа хөгжиж байна вэ гэдгийг анзаарч, шинэ ном гарлаа гэхэд монгол хэл рүү орчуулагдахыг хүлээлгүйгээр түргэн шуурхай олоод унших чадвартай, хэлний мэдлэг өндөртэй байх хэрэгтэй. Амжилтанд хүрэх арга бол зөвхөн чи. Амьдралынхаа туршид ямар ч амжилт гаргаж чадахгүй байвал энэ зөвхөн чиний л буруу. Чи үнэхээр мундаг бол хаана ч ажиллана. Монголдоо ч амжилттай амьдарч болно. АНУ-д очвол, гадаадад амьдарвал амжилттай байна гэж бодож болохгүй. Би АНУ-д 10 мянган долларын цалинтай ажиллаад, хүүхэдтэйгээ амьдарна гэж тооцоолоод үзэхээр амьдрал хүрэлцхээргүй байгаа юм. Та нарт ирээд зовлонгоо ярихгүй байгаа болохоос гадаадад ч амьдрал хэцүү шүү дээ. Намайг гадаадад сурч байхад аав, ээж хоёр битгий асуудлуудаа яриад байгаарай, өөрөө шийд гэж хэлж байсан юм.  Хүн өөрөө, өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх ёстой. Эцэст нь залуучууддаа хандаж хэлэхэд “Залуучуудаа эерэг бай. Эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Чадвартай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Хоббитой бол. Стрессээ зөв тайлах аргад суралц. Төгслөө ажилд дарагдлаа, хүнтэй суулаа хүүхэдтэй боллоо. Төгсөөд олон дарамтыг мэдэрдэг учир сурагч, оюутан насныхаа цагийг өөртөө гарга. Өөрийгөө хөгжүүл. Хоббитой болж сонирхлоо ол. Оюутан нас бол өөрийгөө сорих нас юм шүү" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.