-Та цахим орчинд Дарханы хүүхдийн парк Улаанбаатарын паркийн эмгэнэлт түүхийг давтах гэж байгаа талаар мэдээлсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Миний бие Дархан хотод төрж өссөн, одоо эндээ ажиллаж амьдардаг. Хүүхдийн паркийг 1972 онд Дарханчууд өөрсдөө босгон тохижуулсан байдаг. Тэр үеэс хойш үе үеийн Засаг дарга нар Хүүхдийн паркийг додомдон тохижуулж ирсэн болно. Ялангуяа Д.Хаянхярваа даргын үед санаачлан "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэн болгон байгууллага хамт олны хамтын хүч хөрөнгөөр засч тохижуулан одоогийн өнгө төрхийг олсон байдаг юм. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь 45.5 га газартай. Үүнийг Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2008 оны Хоёрдугаар сарын 28-ы өдрийн 10/03 дугаар бүхий Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан. Үүнийг саяхан 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ы өдрийн ИТХ-ын “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай, соёл амралтын цогцолбор байгуулах болсонтой холбогдуулан, аймгийн ИТХ-ын 2018 оны Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 10/03 дугаар тогтоолоор батлагдсан хавсралтын 4 дэх хэсэг буюу “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох тусгай хамгаалалттай бүс нутаг, "Миний монгол" цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай хамгаалалтанд авсан нийт 44,5 га газраас 8,4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасугай” хэмээх тогтоол гарсан. Бид эхлээд тус компанийг хүүхдийн тоглоом байрлуулж, цогцолбор барих гэж байна гэж бодсон. Гэхдээ их сонин өөр нөхцөл байдал үүсээд байна.
Аймгийн дарга нарын үгээр бол, 2018 оны 06 дугаар сард аймгийн иргэдийн татварын буюу бидний бүрдүүлдэг төсвийн хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөг гаргаж, хүүхдийн тоглоом оруулж ирэх тендер зарласан байдаг. Тус тендерт Ти Эс Жи гээд хэн ч мэдэхгүй компани шалгарч 6 тоглоом оруулж ирсэн байна. Тэгэхдээ энэ тендер нь зөвхөн уг тоглоомуудыг худалдан авахаар буюу суурилуулах зардал оролгүйгээр зарласан байдаг. Үүнээс эхлээд л асуудал үүссэн гэж үзэж байгаа. Тэгээд төрийн мөнгөөр тоглоом худалдаж авсан мөртлөө тэр тоглоомоо байршуулахдаа дахин менежментийн тендер зарлан, түүнд Минж Проперти, Бурхантын Ирээдүй гэсэн 2 компани консорциум маягаар нэгдэн орж тус тендерт ялсан байдаг юм. Гэтэл уг хоёр компани хоёулаа Дархан Минж ХХК-нийн охин компаниуд байгаа юм. Ингээд менежментийн хувьчлал нэрээр ялсан Дархан минжийн охин компаниуд уг тоглоом суурилуулах газрын байгаа Олон улсын зам дагуух 8,4 га газрыг тэр чигээр нь Орон нутгийн тусгай хамгаалалтаас гарган өөрсдийн нэр дээр газрыг нь хувьчилж авахаар болсон байгаа юм. Үүнийг нь ч манай засаг дарга дэмжин ИТХ-аар оруулж, хэдхэн хуудас материал танилцуулан "хүчиндэж" шийдвэрлүүлсэн байгаа юм. Гэтэл хүүхдийн тоглоомыг төрийн мөнгөөр барьж байгаа бол тэр компани газар өмчлөн авах шаардлагагүй гэж бид харж байгаа юм. Энэ бол тусгай хамгаалалтаас гаргах зайлшгүй шалтгаан биш. Газрыг тусгай хамгаалалтаас гаргаж, хувьчилснаар цаашид зарж үрэгдүүлэх, өөр зориулалтаар ашиглах нөхцөл үүснэ. Өглөө, оройдоо тус паркаар маш олон дарханчууд аялаж зугаалж, алхаж амардаг.
Ойн амьтан, агнуур, түүх дурсгал хамгаалах, аялал жуулчлал, амралт зугаалгын газрыг тусгай хамгаалалтад авдаг. Дарханы хүүхдийн паркийн 44.5 га газрыг 2018 онд тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Газрын тухай хуулийг үндэслэн боловсруулсан Тусгай хамгаалалттай газрын тухай журам гэж бий. Тус журамд тусгай хамгаалалттай газрыг зориулалтын дагуу ашиглах ёстой гэж заасан байдаг. Зориулалтаар ашиглаж байгаа нөхцөлд гэрээгээ тав таван жилээр сунгадаг. Зориулалтыг өөрчлөн ашигласан бол гэрээг цуцалдаг хуулийн заалттай. Тусгай хамгаалалтаас гарснаар тус газар Засаг дарга, Газрын албаны даргын мэдэлд шилжиж байна. Ингэснээр Улаанбаатарын Хүүхдийн паркийн хувь заяаг давтах нөхцөл бүрдэж байна.
-Хүүхдийн паркийн газрыг яагаад тусгай хамгаалалтаас гаргасан гэж та хардаж байна вэ?
-Тусгай хамгаалалтаас гаргах сонирхол үүссэн. Угтаа гүйцэтгэлийн гэрээ хийгээд тоглоом оруулж ирж байгаа бол заавал газрыг нь өмчилж авах шаардлагагүй. Тусгай хамгаалалт дотор барьж болно. Улайран дайрч тусгай хамгаалалтаас гаргасан нь хүүхдийн паркийн газрыг өөр зорилгоор ашиглахаар төлөвлөж байгаа гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Газрыг өмчилж авах нь Дархан Минж компанийн шаардлага, түүнд үйлчилж байгаа нь Засаг дарга С.Насанбат гэж иргэн хүнийхээ хувьд харж байна Уг хэсгийг засч тохижуулан ажиллуулах менежментийн хувьчлалын тендерт ялсан “Дархан минж” компани нь барилгын үйл ажиллагаа явуулдаг. Яагаад тус тендерт шалгарсан нь тун бүрхэг. Тус компани яг паркийн дэргэд “Парк таун” гэдэг орон сууцны хороололтой. Дарханд ямар л том барилгын ажил явагдана, тендер зарлана тус компани авдаг жишиг тогтсон. Гуравдугаар хороололд 6 орчим га газарт барилга барьж байна. Мөн Дарханы дахин төлөвлөлтийн 5 давхар орон сууцыг барьж байгаа. Тус компанид уг нь барилга барих зай талбай мундаагүй их. Гэтэл заавал хүүхдийн паркын газар луу шунадаг нь ямар учиртай юм бэ. Нэгд, Хүүхдийн паркаас таслан авч байгаа 8.4 га газрын урдуур Олон улсын төв зам дайран өнгөрдөг. Хоёрт, тэнд нутгийн иргэдийн хандиваар босгож тохижуулсан нуур, 12 ордны хөшөө тохижуулсан талбайнууд бий. Би өөрөө Загасны ордыг Мэдээлэл Холбооны салбарынхантай хамтран тохижуулж байсан. 2006 оноос эхэлж тасралтгүй тохижуулсан бөгөөд одоо ч Дарханчууд энэ хэсгээр алхаж зугаалдаг. Асуудал байгаа биз.
Хүүхдийн паркад тоглоом оруулж ирж суурилуулах тендерт шалгарч, татвар төлөгч бидний 1.2 тэрбум төгрөгийг авчихаад тоглоомоо суурилуулахдаа газрыг нь өмчилж авна гэдэг байж болох үйлдэл үү. Хувийн байгууллага Дарханы Хүүхдийн паркад 20 гаруй тэрбумаар бүтээн байгуулалт хийнэ гэдэг нь баталгаагүй. Бизнесиийн байгууллагын хувьд ашгаа хэрхэн нөхөх нь тодорхоогүй.
-“Дархан минж” ХХК-д давуу эрх олгох ашиг сонирхлын зөрчил хаана байна вэ?
-Үүнийг би хэлэх биш хуулийн байгууллага шалгаж нягтлаад тогтоодог учиртай байх. Нэгд, Яг одоо Дархан хотын засаг дарга С.Насанбат гэдэг хүн “Дархан минж” ХХК-ийн “Парк таун”-д амьдардаг. Худалдаж авсан уу, бэлгэнд авсан уу, Нямдорж шиг түрээсээр амьдардаг уу би мэдэхгүй. Гэхдээ “Дархан минж”-ийн байранд их тансаг амьдардаг гэж олон нийт ярьдаг, засаг дарга амьдардаг гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Хоёрт, Дарханд барилга барьдаг компани “Дархан минж” л байдаг юм уу гэдэг яриа хүртэл бий. Тендер шалгаруулалт 100 хувь үнэн болдог гэдэгт эргэлздэг. Учир нь хотын А зэрэглэлийн бүхий л газарт энэ компани шалгарч барилга барьдаг. Сэлэнгийн зам дагуу дахин төлөвлөлтийн барилга барих тендерт өнгөрсөн жил “Дархан минж” ялсан. Ямарваа нэгэн зүйлд тодорхой хэмжээнд шалгуур байх ёстой. Гэтэл зүгээр л барилгын компанид хүүхдийн тоглоом оруулж ирэх 1.2 тэрбум төгрөг өгчихөөд буцаагаад улсын тусгай хамгаалалттай газар тасалж өгч хувьд эзэмшүүлэх гэж улайрах нь ёс зүйгүй үйлдэл шүү дээ. Ядаж л тэд 6 тоглоомоо байрлуулчих хэрэгтэй. Тэгээд цаашдаа тэр 6 тоглоомыг хэрхэн эзэмшүүлж, үйлчилгээ зохион байгуулалт бүтцийг ямар байхаар тодорхойлох юм гэдгээ шийдэх хэрэгтэй. Тэр тоглоомууд хувийн биш улсын хөрөнгө болох ёстой шүү дээ. Уг оруулж ирсэн 6 тоглоомыг суурилуулах цаашид засч тохижуулах газрынх нь баримжааг харахад 2,5 га-д багтахаар байгаа бөгөөд үлдсэн газарт нь яах нь тодорхойгүй байгаа. Эхний хэсгийн тохижилтонд олон улсын зам талдаа 100 машины зогсоол төлөвлөсөн зэрэг нь Дарханчуудад шууд хардлага төрүүлж байгаа.
-Та бүхэн ямар үр дүн гараасай гэж бодож байна вэ?
-Паркийн газрыг тусгай хамгаалалтад нь үлдээж, сая гарсан тогтоолыг цуцалж, олон нийтийн өмч хэвээр үлдээсэй гэж хүсч байна. Төсвийн хөрөнгөөр баригдсан учир хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчлэх хэрэгтэй. Иргэдээс орж ирсэн орлогоо төсөвтөө төвлөрүүлж өртгөө нөхөх боломжтой. Гэтэл хүүхдийн паркийн газрыг хувьчилж өгөөд, алдагдалтай ажиллах гээд байна гээд улсын 1.2 тэрбумын тендер олгоод, улсын газар олгоод, ард иргэдийн тохижуулсан талбайг хувьд өгдөг Засаг дарга яавч байж болохгүй. Хувийн компани зөвхөн ашиг олохын тулд л ажилладаг шүү дээ. Би Дарханы унаган хүүхдийн хувьд Дарханы хүүхдийн паркийн 8.4 га газрыг "худалдах"-аар болсныг эсэргүүцэж байна. Бид Улаанбаатарын паркийн гашуун түүхийг давтах ёсгүй. Дарханчууд гарын үсэг цуглуулж Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нарт шаардлага хүргүүлсэн байгаа. Хэрвээ тэд зөвшөөрөхгүй, энэ бусармаг үйлдлээ үргэлжлүүлбэл бид шаардлагаа өргөжүүлэн тэмцлийн бусад хэлбэрийг сонгох, жагсаал цуглаан хийх, бүр цаашилбал Авлигатай тэмцэх газарт хандана. Дарханы хуульчид энэ хууль бус илт ашиг сонирхлын зөрчилтэй тогтоолыг эсэргүүцээд эхэлчихсэн, аймгийн удирдлагуудыг мэтгэлцээнд дуудсан байгаа. Яагаад заавал Дархан Минж компани авах гээд байна. Энэ гэрээ хийсэн нь ямар учиртай юм. Гэрээ хийснээр засаг даргад ямар нэгэн давуу байдал үүссэн үү гээд шалгадаг газраар нь шалгуулна.-Дархан -Дархан хотын уугуул иргэний хувьд та аймгийнхаа хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Социализмын үед Дархан хотод томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн байдаг. Дарханы сангийн аж ахуй, Угсармал төмөр бетон үйлдвэр, Байшин үйлдвэрлэх комбинат, Шарын голын нүүрсний уурхай, цементийн завод, царууц тоосго шохойн үйлдвэр, мах комбинат, хүнсний комбинат, нэхий эдлэлийн үйлдвэр гээд олон үйлдвэр заводууд, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, эмнэлэг, урлаг соёлын олон арван газрууд бүтээн байгуулалтаар бий болсон. Дархан хот байгуулагдсан цагаасаа эхлэн нийгэм, улс төр, эдийн засгийн олон эргэлт, нугачаа, хувьсал, өөрчлөлтийг даван туулахдаа хөгжиж сүйд болоогүй ч өмнө нь хийсэн бүтээсэн бүхэн нь бүрэн бүтэн явсаар ирсэн. Бусад аймгуудаас өрсөлдөх чадвараараа хамаагүй илүү байж гэмт хэрэг гаралт архидалт ажилгүйдлээрээ тэргүүлж хөгжлөөрөө хоцорч яваа нь үе үеийн удирдлагуудын сэтгэлгүй, нэгдсэн төлөвлөгөөгүй Засаг даргын суудлаа ашиглан хурдан хөлжчих гэсэн бодол санаа үйлдлээс нь болсон гэж би хардаг. нэг үгээр Дархан хөгжихгүй байна, бусад аймгууд тасраад явчихлаа. Дарханд жил бүр 40 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт орж ирдэг, төсвөө өөрсдөө бүрдүүлдэг цөөхөн аймгуудын нэг. Хүүхдийн паркад тоглоом суурилуулах түүний хадгалалт хамгаалалтыг хариуцан санхүүжүүлж явах нь Засаг даргын үүрэг. Энэ үүргээсээ зугтан хувийн компани руу шилжүүлж байгаа нь тун хариуцлагагүй бас санаатай үйлдэл гэж харж байна.
Дархан хотод хийх ажил маш их байдаг ч одоогийн удирдлагууд нь үүнийг хийхгүй, зөвхөн өөрсдийн баяжих хөрөнгөжих үйл хэрэгт л зүтгэж байна. Жишээлбэл 1975 онд баригдсан Спортын ордон хэвээрээ л байгаа. Шинэ Спортын ордон баригдана гээд 8 жил болж байна. Жижиг задгай стадион байсан нь сөнөж балгас болсон. 1980-аад онд барьсан Цэнгэлдэх хүрээлэн сандал суудал ч үгүй болсон. Хөлбөмбөгийн ногоон талбайгүй ганц аймаг бол манайх. Дархан өөрөө хот гэж нэрлэгддэг мөртлөө номын сан нь сургуулийн номын сангаас жижигхэн. Томоохон номын сан ч байхгүй байна шүү дээ. Одоогийн дарга С.Насанбат 8, 9 жил Дарханыг удирдлаа. Яагаад энэ бүх хийх ёстой ажлаа хийхгүй байж, ганц болж бүтээд явж байгаа, дарханчуудын бахархал болсон Хүүхдийн паркаас газрыг нь хувийн компанид өгөх гээд байна вэ. Дарханчууд түүнд их ам муутай. Угаасаа манай Дархан-Уул аймагт төрөөгүй, амьдарч ч байгаагүй хүн. Хүний хүн хүрэн бөөртэй л байдаг юм байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.