Хорт хадвартай хүүхдүүдэд туслах, эмчилгээ оношилгоог дэлхийн жишигт хүргэх үндэсний аян эхэллээ

"Хүүхдийн хорт хавдрын дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг эх орондоо бий болгох нь" нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвийг төлөөллүүд, салбарын судлаач эрдэмтэд оролцож тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.

"Хүүхдийн хорт хавдрын дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг эх орондоо бий болгох нь" хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нээж үг хэлэхдээ, “Хүүхдийн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээг сайжруулах талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг хийе гэсэн санаачлагыг НҮБ-ийн хүүхдийн элч дуучин Б.Анхбаяр надад тавьж, миний бие Хавдар судлалын үндэсний төвийн захирал доктор Ж.Чинбүрэн эмчтэй хамтран төлөвлөгөө боловсруулсан. ДЭМБ-аас Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр боловсруулж, хорт хавдрын үед авч хэрэгжүүлэх эмчилгээ оношилгоог нарийн тодорхойлсон байдаг. Бид дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлж, хавдрын эсрэг авах арга хэмжээг илүү боловсронгуй болгох нөхцөл шаардлага үүсээд байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад жилд дунджаар 100 орчим хүүхэд хорт хавдраар өвчилж байна. Хавдраар өвчилсөн нэг хүүхдийг хандив тусламжаар аварч болох хэдий ч тэр хүүхдийн ард дахиад 100 хүүхэд байдаг. Тиймээс бид хандив тусламж гэхээсээ илүү зөв эрүүл мэндийн тогтолцоог бий болгох хэрэгтэй юм. Би Ж.Чинбүрэн эмчтэй Элэг шилжүүлэн суулгах арга хэмжээний талаар өмнө нь ярилцаж  байсан. Тус арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгаад таатай байна. Харин одоо бид бүхэн ирээдүй болсон бяцхан үрсээ хорт хавдраас сэргийлж, хорт хавдраар өвчилсөн бол шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлж чадах төвшинд хүрэх зорилт тавьж байна. Цаашид хавдрын эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлж, шаардлагатай арга хэмжээг авахад 750 мянган ам.доллар хэрэгтэй байгаа талаар судлаачид хэллээ. Уг хөрөнгийг Үндэсний хэмжээний компаниудаас хандиваар цуглуулах, төсөвт суутгах, ЭМЯ-ы багцад багтаах талаар авч хэлэлцэх болно. Монгол Улс хорт хавдартай хүүхдийн эмчилгээнд хэтэрхий бага төсөв баталдаг. Үүнийг цаашид нэмэгдүүлэх талаар анхаарах болно. Би анагаахын салбарын хүн биш учир миний үг бүдээн хадуун, хар яриа их ашиглаж байж магадгүй юм. Тиймээс хүлцэл өчье. Харин салбарын эмч мэргэжилтэн та бүхэнд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг авахын тулд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлж байна. Тиймээс та бүхэн нээлттэй, чөлөөтэй санал бодлоо солилцоорой” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр дараах дөрвөн судалгааг танилцуулсан юм. Нэгд, Хүүхдийн хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал сэдвээр, Хоёрт, Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээ төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл сэдвээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, Гуравт, Хүүхдийн хорт хавдрын туяа эмчилгээ сэдвээр АУ-ны Доктор Хавдрын өвөрмөц эмчилгээний клиникийн удирдагч Ц.Уранчимэг, Дөрөвт, Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах арга зам сэдвээр ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн илтгэл тавьлаа.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн хэлэхдээ, "Дэлхийд жилд  300 000 хорт хавдраар өвчилж байна. 80 000 хүүхэд нас барж байна. Үүнээс 80 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Хорт хавдартай 10 хүүхэд тутмын 8 нь бага дунд орлоготой орнуудад тохиолдож байна. Хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Харин Монголд, Жилд 97 хүүхэд хорт хавдраар өвдөж байна. Мөн жилд 45 хүүхэд хавдрын улмаас нас барж байна. 54,6% нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Нийт хорт хавдрын өвчлөлийн 1%-ийг эзэлж байна. Хүүхдийн нас баралтын 1,8%-ийг эзэлж байна. Хавдраар өвчилж байгаа бүсчлэлээр авч үзвэл уул уурхайн олборлолтын ажил хийгдэж байгаа газруудын хүүхдүүд илүү өвчлөөл байна уу гэсэн хардлага надад төрж байна. Учир нь Өмнөговь, Орхон зэрэг уул уурхай эрчимтэй явагдаж байгаа газруудад хорт хавдрын өвчлөл өндөр байна.

2008 онд хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн  ерөнхий түвшин 1 000 000 хүүхдэд 62.5, стандартчилсан түвшин 25.0 (Дэлхийн стандарт хүн амд) , байсан бол 2017 онд өвчлөлийн  ерөнхий түвшин 1 000 000 хүүхдэд 101,0  ба стандартчилсан түвшин 40,4 (дэлхийн стандарт хүн амд) болж өссөн байна.

Дэлхийн хэмжээнд хожуу оношлолт 80 хувь байгаа бол Монгол Улсад 54.6 хувь байна гэдэг нь бид тийм ч их хоцорчихоогүй байна гэдгийг харуулж байгаа юм. Бидэнд хоцрогдоод байгаа юм байхгүй. Гэхдээ анхаарч ажиллах шаардлагатай олон асуудлууд байна. Жил бүр хорт хавдраар өвчилж буй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна гэдгийг онцолж хэлмээр байна. Тиймээс үүнтэй уялдуулан төсвөө зангидаж явах шаардлага үүсч байна. Сүүлийн гурван жилийн дундажаар хорт хавдартай иргэдийн эмчилгээний хөрөнгийг төсөвлөдөг. Гэтэл эрчимтэй нэмэгдэж байгаа энэ нөхцөлд хөрөнгө санхүүгийн дутагдал үүсдэг" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.