Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Дэгийн тухай хууль парламентийн үйл ажиллагааг хөгжингүй улсын жишигт хүргэнэ

Хуучин Ардын Их Хурлын хэв шинжийг хадгалж үлдсэн, зарим талаараа Герман, Англи, Америкийн парламентийн бүтэц, нэр томъёо, чиг үүргүүдээс шууд хуулбарласан манай өнөөдрийн Парламентийн үйл ажиллагааг цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөн шинэчлэх нийгмийн хэрэгцээ шаардлага үүсээд байгаа. Тогтолцооны гажиг нь нийгэмд маш олон хэлбэрээр илэрч байгаагийн нэг том жишээ бол өнгөрсөн өвөл болсон МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэл юм. УИХ-ын дарга буюу Спикер нь бүхэл бүтэн институцийн хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн томоохон албан тушаал болж хувирсан энэ байдлыг өөрчлөхийг зорьж бид тэмцсэн. Дэгийн тухай хуулиар хийгдэж буй хамгийн том өөрчлөлт бол Спикерийг Спикер төвшинд байлгах асуудал. Тухайлбал, өнөөдөр УИХ-ын дарга чуулганы хуралдаанаар юу орох, юу орохгүй, юуг хойш тавихыг шийдэж байна. Тэгэхээр бид дэлхийн парламент ёс төлөвшсөн улс орнуудын жишгээр Дэгийн байнгын хороо байгуулах ёстой. Дэгийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааныг бүтэн сараар нь төлөвлөх ёстой. Тухайн сарын эхний нэгдүгээр долоо хоногт ямар асуудал хэлэлцэх юм. Хоёр, гурав, дөрөвдүгээр долоо хоногт яг ямар асуудлыг хэлэлцэх юм. Зохион байгуулалт нь ямар байх ёстой юм гэдгийг тодорхой зохион байгуулалттай болгоно. Энэ бол хамгийн том дэвшил.

Хоёрт, Чуулганы нэгдсэн хуралдаан муухан хошин шогийн продакшины тоглолтоос илүү инээдмийн жүжиг болоод хувирчихлаа. Зарим гишүүд хэлэлцэж байгаа асуудалтайгаа ямар ч холбоогүй танин мэдэхүйн асуулт асууж амьтны элэг доог болж байна. Зарим нь нэгнийгээ доромжлохын тулд, гутаахын тулд үг хэлж байна. Зарим нь асуудлаа ч ойлгохгүй нүдээ нухаж орж ирчихээд үг хэлж дууссан хойноо юу хэлэлцэж байгаагаа мэдэж байна. Гэтэл чуулганы хуралдаан дээр улс орны амин чухал асуудлуудыг хэлэлцэж байдаг. Тиймээс мэргэжлийн байнгын хороодуудыг байгуулж, тэндээ хэлэлцүүлэгээ чамбай хийж нэгдсэн чуулган дээрээ бүгд асуудлаа мэддэг байж хэлэлцдэг болох хэрэгтэй. Улс орны амин чухал асуудал болсон төсөв, татвар бүрдүүлэх болон аюулгүй байдлыг хангах чухал асуудлуудаа мэргэжлийн байр сууриас ханддаг болцгоох хэрэгтэй. Мэргэжлийн байнгын хороод дээрээ тухайн асуудлыг хэлэлцэж санал зөвлөмжийнхөө шүүсийг нь шахаж, хужрыг нь тунгааж байя гэсэн бүтцийн өөрчлөлт хийгдэнэ.

Гуравт, Нэгдсэн чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуудалд хандах хандлагыг сайжруулъя. Тухайн өдөр хэлэлцэх асуудал цахимаар аль эрт гарчихна. УИХ-ын гишүүн Байнгын хорооны хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ урьдчилж асуудлаа уншчихсан, үг хэлэх саналаа хүргүүлсэн байх ёстой. Тэгэхгүй бол зарим их хурлын гишүүдийн таван минут хэлсэн үгэн дотроос хоорондоо логик уялдаатай ганц ч үг олдохгүй байна. Энэ бол хайран цаг хий үрэгдэж байна гэсэн үг. Тиймээс Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хууль батлалцах, хууль бүтээх энэ үйл явцыг үр дүнтэй болгоно.

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2018 онд хийсэн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” судалгаанд суурилан, ХБНГУ, ОХУ, БНСУ, Австрали, Франц, Канад, Финланд зэрэг улсын парламентын дэгийг судалж, уг хуулийн төслийг боловсрууллаа.

эх сурвалж: http://www.parliament.mn/n/xipy

Сэтгэгдэл:
Таны IP: (35.173.48.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.