АНУ-ын Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд “МУИС-ийн Хүндэт доктор” цол олголоо

Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд “МУИС-ийн Хүндэт доктор” цол олголоо

Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвуд нь өрнөдийн нийгмийн хувьслын онолд шүүмжлэлтэй хандаж, нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн юм. Мөн Монголын эзэнт гүрэн, монголын шинэ түүх болон монголчуудын түүх бичлэг, нүүдэл зүйн онолын асуудлаар голлон судалгаа хийж, өрнөдийн монгол судлалыг түүчээлэн ажиллаж байгаа тэргүүлэх монгол судлаач эрдэмтэн билээ.

Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудын Нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол арга зүйн шинэ чиг хандлагыг нэвтрүүлсэн, Өрнөдөд монгол судлаачдыг бэлтгэх, Монгол улс дахь түүх, антропологийн сургалт, судалгаанд шинэ арга зүйн хандлага нэвтрүүлж, багш судлаачдын эрдмийн чадавхийг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулсан, МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багш судлаачдын эрдмийн чадавхийг сайжруулахад оруулсан хувь нэмэр, МУИС-ийн Түүхийн тэнхим, Индиана их сургуулийн Төв Еврази судлалын тэнхимийн хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн зэргийг үнэлж МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн шийдвэрээр МУИС-ийн Хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэсэн байна.

“МУИС-ийн Хүндэт доктор цол”-ыг шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, энх тайван, хүмүүнлэг, төр, олон нийтийн салбарын нэрт зүтгэлтэн гадаадын иргэнд олгодог.

Профессор Этвуд 1911-1931 оны Өвөр Монголын хувьсгалт хөдөлгөөний талаарх хоёр боть бүтээл нь /Young Mongols and Vigilantes in Inner Mongolia Interregnum Decades, 1911-1931. 2vols. Leiden:E.J Brill, 2002. Нийт 1168 тал/ Брилл хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Дотоод Азийн номын сан цувралд хэвлэгдсэн. Түүнчлэн олон жил Монголын түүхийн хичээлийг зааж, судалгаа хийсэн материалдаа тулгуурлан Монголын түүхийн бүхий л үеийг хамарсан “Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээл туурвисан нь Монголчуудын түүх, соёлыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн бүтээл болжээ.

Тэрээр Индиана их сургуульд Монгол судлалын хөтөлбөрийг төгссөн олон магистр, докторын ажлыг удирдаж хамгаалуулсан бөгөөд түүний шавь нар олон орны их дээд сургуульд багшилж байна. Түүнчлэн Монгол дахь түүхийн сургалт судалгаа, түүх антропологийн ухааны онол-арга зүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн мөн.

Профессор Кристофер П.Этвуд Монголын түүхийн бүхий л цаг үеийг судалж, өндөр түвшинд судалгаа хийдэг дэлхийн Монгол судлалын нэрт эрдэмтэн, судлаач юм.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Gishuun (202.126.89.106) 2019-05-21 22:16:26
Гайхалтай
Baagii (112.72.11.121) 2019-05-21 22:11:51
Woow
gishun (46.101.11.119) 2019-05-21 18:05:34
bayr hurgey