Дуу шуугиантай дэлхий дээрх Дуугай хүмүүсийн Чимээгүй ялалт    

Салхи исгэрч байхад уул чимээгүй дүнхийж байдаг \Япон ардын хэлц үг\

Бидний мэдэх хүмүүсийн гуравны нэг нь интроверт буюу дотогшоо хүмүүс байдаг. Тэд ярихаас илүү сонсохыг хүсдэг, бүтээлч сэтгэлгээтэй боловч өөрийгөө дөвийлгөхийг хүсдэггүй,  багаар бус ганцаар ажиллахыг илүүд үздэг хүмүүс. Жишээ нь: Роза Паркс, Шопен, Доктор Сьюз, Стив Возняк гээд нийгэмд жинтэй хувь нэмэр оруулсан олон дотогшоо хүмүүс байдаг.

“Дуугай хүний доодох нойтон”  гэж хэзээ, хэн хэлснийг  мэдэхгүй. Ямартай ч тохуурсан энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй биз. Зөвхөн монголчууд дуу цөөтэй нэгнээ ингэж даапаалаагүй, дэлхий нийтээрээ дуугай хүмүүсийн талаар эсрэг байр суурь, үзэл бодолтой байдаг байна. Гэвч үнэн хэрэгтээ дуу  шуугиантай дэлхий дээрхи ДУУГАЙ хүмүүсийн  жинхэнэ ХҮЧ ЧАДАЛ юунд оршдгийг хэн ч мэддэггүй. 

Хамгийн энгийнээр ойлгох гээд үзье... Ханс Кристиан Андерсены “The Ugle Duckling” буюу “Нугасны муухай дэгдээхэй” зохиолд мэдрэмтгий, дотогшоо занг “доожоогүй” туниа муутай, хөнгөн сэтгэлтэй  нугасаар төлөөлүүлдэг бол, дэлхийн хамгийн нөлөө бүхий манлайлагчдын нэг Ганди өөрийнх нь ичимхий, дуугай зан чанар улс орноо манлайлахад нь хэрхэн дэм болсоныг, мөн Льюс Керролл дотогшоо нэгэн биш байсан бол  “Алиса гайхамшгийн оронд” зохиол бий болох байсан гэж үү? Түүнчлэн Абрам Линколн ч “албан тушаалаараа далайлгадаггүй” ДУУГАЙ  нэгэн байсан гэдэг.

Тэгвэл “Дуугай” хэмээх энэ сэтгэл судлалын гүн гүнзгий судалгаа, баримт дээр тулгуурласан  сонирхолтой номоор дамжуулан зохиогч юу хэлэхийг зорив? 

Бид бусдаас онцгойрохын тулд амин хувиа бодож, утгагүй зүйлсээр өрсөлдөж, дуу чангатай нэгнийг дуугай нэгнээс илүү ухаантай хэмээн  бодож илүү үнэмшилтэй худлаа яригсдыг манлайлагч гэж хардаг уу? 

Хурдны галт тэрэг шиг салхи татуулам  үйл явдал, цаг хугацааг хаман өнгөрч буй ийм “солиотой”  нийгэм биднээс ямар ДҮР  илүү хүсэмжлэнэ вэ?

Нийгэм  зөвхөн ГОЛ ДҮРД тоглогчдын ядмагхан жүжиглэлтэнд итгэж, бас автчихсан нь үнэн үү?

 “Дуугай” ном нь,  нийгэм дотогшоогоо хүмүүсийг үнэлж чаддаггүй,  үүнээсээ болж алдаа гаргадаг, 20 дугаар зуунд түгэн дэлгэрсэн “экстраверт төгс байдлын” түүхийг нарийвчлан дэлгэхийн зэрэгцээ нийгэмд ямар гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн болохыг харуулжээ.

Судалгаанаас  үзэхэд ихэнх бүтээлч хүмүүс дуугай зантай байдгийг баталсан.  Чухамдаа болгоомжтой, бодлоготой, дуугай нэгэн шинэ санал санаачилга гаргахад шаардлагатай чимээгүй орчинг өөртөө бий болгож чаддаг. Нөгөөтэйгүүр, оновчтой санааг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа шаардагддаг гэдэг нь ойлгомжтой. Харин гадагшаа хүн өрсөлдөөнийг илүүд үздэг бол дотогшоо нэгэн хамтын ажиллагааг чухалчилдаг гэнэ.

Асуудлыг оновчтой дэвшүүлж, хүмүүсийн олон бодит жишээ, өргөн цар хүрээ бүхий судалгаан дээр тулгуурласан “Дуугай” ном нь бидний дотогшоо хүмүүст хандах хандлагыг өөрчлөөд зогсохгүй, өөрийгөө нэг л ойлгохгүй яваа ДУУГАЙ хүн та байгалийн энэ өвөрмөц өгөгдлийнхөө учрыг эндээс олж авах нь ээ...

Биднийг  цэцэрлэгт байхаас нь л тэдний хүүхэд ээж шигээ нүүрэмгий, аав шигээ “дүнсгэр”,  сургуульд мөн ялгаагүй багш нар, арай нүүрэмгийгээрээ БАТ чи урлагийн үзлэг хөтлөөрөй... Ажилд орохоор босс нь  уран бүтээлчээ “ордны” сэтгүүлчтэйгээ жишиж амбиц нэхэж шантаажлах гэм мэт үйлдлүүд алхам тутамд тохиолддог. Гэтэл энэ үзэгдэл дэлхийд өнгөрсөн зуунтай хамт улиран одож, одоо ДУУГАЙ байдал, ДУУГАЙ хүн  эсрэгээрээ шинэ тренд болж, шинэ үнэт зүйлийн жагсаалтанд хүч түрэн орж ирж байна. Аль 2500 жилийн өмнө хүртэл бурхан будда чимээгүй, дуугай байдлын цогц шидийг сургамжлан үлдээснийг хэдэн лам нар, цөөхөн настангуудаас бусад нь үл тоож ирсэн нь өдгөө бид  “Бага ярьж Их сонс”  гэдэг үгтэй үлдсэн нь зол юм.  

Нийгэм бараг бүхэлдээ гадагшаа, нүүрэмгий, “жүжиглэх”  чадвартай хүмүүст зориулсан бүтэц зохион байгуулалттай учраас ДОТОГШОО, ДУУГАЙ  нэгэн өөрийгөө “хэвийн” биш гэдэгт итгэж, гадагшаа байх гэж, ад үзэгдэхгүй гэж хичээж байна.

Улмаар энэ гадуурхах хандлага үлэмж хэмжээний авьяас чадвар, эрч хүч, аз жаргалыг үгүй хийхэд хүргэдэг.  Энэ өнцгөөс нь харвал байгууллагуудын  “Хүний нөөцийн” мэргэжилтнүүдийн “Ганжуур, Данжуур”  шахуу ширээнээсээ  үл салгах ашигт  ном юм. Мэдээж та өөрийн ажилтнаа бүтээмжтэй эрч хүчтэй, тууштай, чадварлаг нэгэн байлгаж гэмээнэ таны бизнес ганхашгүй бат суурийг эзлэх нь дамжиггүй биз дээ?  Тиймээс энэ бол дотогшоо зан чанарыг өнөөгийн нийгмийн харах өнцгөөс тольдсон бүтээл юм.

“... Би амбицгүй хүнд дургүй”  гэж нэг босс ярьж байсан нь санаанд орлоо. Тэр яг энүүгээрээ юу хэлэх гэсэн юм бол гэж тухайн үед зурвасхан  бодогдсон хэдий ч одоо би түүнийг ямар ч  харилцааны мэдрэмжгүй хүн болохыг илүү ойлгов. 

Түүнчлэн ихэнх зохион бүтээгчид, инженерүүд бүрэг ичимхий хүмүүс. Нэг талаараа тэд бол уран бүтээлчид. Уран бүтээлч хүмүүс бусдаас хараат бусаар буюу ганцаараа ажиллахдаа хамгийн өндөр бүтээмжтэй байж чаддаг. Ер нь ямар нэгэн зөвлөл, хэсэг бүлэг хүмүүс хувьсгал гаргахуйц хэмжээний нээлт хийж байсан нь үгүй. Хэрвээ та ховор тохиох зохион бүтээгч, уран бүтээлч, инженер бол итгэмээргүй нэг зөвлөгөө өгөх үү?  Юу гэвээс ТА  ганцаараа ажилла. Багаар бус, зөвлөлөөр бус харин ганцаараа ажиллаж байж л та хувьсгал хийх бүтээгдэхүүн бий болгох боломжтой.  Хэрвээ ганцаардал бүтээлч байдалд хүргэх түлхүүр гэдэг нь үнэн бол бид үүнийг дадал болгох хэрэгтэй.

Гэхдээ бүх дотогшоо хүмүүс гадагшаа хүмүүсээс илүү бүтээлч гэсэн үг биш боловч насан туршдаа бүтээлч байдлаа алдаагүй хүмүүсийн ихэнх нь дотогшоо хүмүүс байх магадлал өндөр байдаг гэнэ.

Дуугай зан чанар бүтээлч сэтгэлгээг өдөөх ямар нэгэн увидастай гэж үү? Ганцаардал ямар нэгэн онцгой шидтэй гэж үү? Энэ нь тэдний амжилтын нууц, ЧИМЭЭГҮЙ ЯЛАЛТ  мөн үү?

                                                                                Тэмдэглэл бичсэн А. Навчаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.169.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.