ШУТИС ирэх 30 жилд дэлхий нийтэд хамгийн их эрэлттэй байх мэргэжлүүдээр элсэлт авна

Өөрийн хүсэл сонирхлын дагуу, нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлийг сонгох нь сургуульд элсэгчдийн хувьд маш хариуцлагатай нухацтай хандах асуудал. Амьдралынхаа дөрвөн жилийг хий дэмий үрэхгүйн тулд дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага хаашаа явж буйг судалж байж, мэргэжилээ сонгох нь зүйтэй. Тэгвэл ирэх 30 жилд дэлхий нийтэд хамгийн эрэлттэй байх мэргэжлүүдээс Монгол Улсын ШУТИС-д элсэлт авч буй дараах 5 мэргэжилийн танилцуулгыг хүргэж байна.

1. МАТЕМАТИК СУУРЬ САЙТАЙ ИНЖЕНЕР БОЛОН БҮХИЙ Л САЛБАРТ ХӨРВӨН АЖИЛЛАДАГ СТАТИСТИКЧ

ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн хэрэгжүүлж буй “Статистик” БНХАУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөр хариуцсан багш А.Элбэгжаргал:

Шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийхэд танин мэдэхүйн гол хэрэгсэл нь статистик юм. Статистик нь өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах арга загваруудыг багтаасан математикийн шинжлэх ухаан юм. 

Төгсөгчид шинжлэх ухаан, инженер, технологи болон нийгэм эдийн засгийн салбарт орчин үеийн судалгааны арга, програм хангамжийг хэрэглэн статистик боловсруулалт хийдэг математик суурь сайтай инженер болон бүхий л салбарт хөрвөн ажилладаг статистикчдыг бэлтгэдэг. Тухайлбал санхүү ба хөрөнгийн зах зээл, даатгал, электроник, барилга, боловсрол, үйлдвэрлэл, үйлчилгээ, маркетинг, эрүүл мэндийн салбарууд, мэргэжлийн яам, статистикийн газруудад ажиллана.

Хамтарсан хөтөлбөрийн оюутан ШУТИС-д амжилттай суралцсан тохиолдолд 3 дахь жилээсээ БНХАУ-ын мужийн болон бусад тэтгэлэгээр Баруун хойд Политехникийн Их Сургуульд суралцаж хоёр улсын хосолсон дипломтой төгсөнө. Математикч, актуарч, статистикч нь математик актуар тооцоолол статистикийн үзэл баримтлал онол, үйлдлийн загвар, техник барилыг боловсруулах, хөгжүүлэх судалгаа хийх, энэхүү мэдлэгээ инженерчлэл, бизнес, нийгмийн зэрэг ухааны талбарт төрөл бүрийн ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглана.

2. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮХЭЛ САЛБАРТ ХУВЬСАЛ ХИЙХ НАНОТЕХНОЛОГИЧ

ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөр хариуцсан профессор, доктор  Т.Батдэмбэрэл:

Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөр нь нанохэмжээтэй шинэ дэвшилтэт материалыг гарган авах, боловсруулах, тэдгээрийн бүтэц ба физик-химийн шинж чанаруудыг судлах, уламжлалт материалын үзүүлэлтүүдийг сайжруулах, орчин үеийн нанотехнологийн симуляцийн аргуудыг үйлдвэрлэл, судалгааны ажилд нэвтрүүлэх, хөгжүүлэх, түүнийг стратегийг төлөвлөх мэдлэг олгодог. Нано шинжлэх ухаан, инженерчлэл нь физик-химийн аргуудыг ашиглан атом ба молекулын судалгаа, тэдгээрийн төвшинд ажиллахад чиглэгдсэн өндөр технологийн салбар юм. Өөрөөр хэлбэл, хуучин уламжлалт материалаа сайжруулах, эсвэл цоо шинэ наноматериалыг гарган авах. Энэ салбарын хүрээнд наноматериалыг шинээр бүтээх нь анагаах ухаан, эмийн үйлдвэрлэл, электроник, машин үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, хиймэл оюун ухааныг бүтээх зэрэг хувьсгалт амжилтанд хүргэнэ.

Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн сургалтын хөтөлбөр нь шинжлэх ухааны уулзвар салбарууд болох физик, хими, биологи, математикийн шинжлэх ухаануудыг нэгтгэснээрээ шинэлэг бөгөөд наношинжлэх ухааныг  матeриал судлал, биотехнологи,  анагаах ухаан, эрчим хүч, хүрээлэн буй орчны хэрэглээнд  ашиглах чадвартай олон салбарт ажиллах чадвартай боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг. Манай хөтөлбөрийн давуу онцлог шинж чанар гэвэл шинэ төрлийн эдийн засагт зориулагдсан шинэ боловсон хүчин бэлтгэнэ. Инновацийн боловсролын чухал хэсэг бүхэл бүтэн судалгааны чиглэл, эффектив төслүүдэд оролцоход нанотехнологийн боловсон хүчин чухал үүрэгтэй.              ШУТИС-д анх удаа нанотехнологийн чиглэлд мэргэжилтэн бэлтгэж байна.

3. ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ҮРГЭЛЖ ХЭРЭГЦЭЭТЭЙ БАЙХ “МАТЕРИАЛ СУДЛААЧ”

ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Материал судлалын ахлах багш, доктор Г.Саран:

Байгалийн эрдэс түүхий эдийг боловсруулах технологи, материал судлал, керамик, шил, металлурийн болон нано материал, композит материалын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн талаар мэдлэг олгоно. Уг мэргэжлээр төгсөгчид нь уул уурхай, барилга, замын компаниудын инженер, барилга, эрчим хүч, хүнс, металлургийн лабораторууд судалгаа шинжилгээний ажил хийхийн зэрэгцээ бие даан керамик эдлэл, тоосго, шил, замын материал, керамик хавтанцар зэрэг чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэлийг зохион байгуулан ажиллуулах чадвартай болно. Сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн шинэчлэл хийгдээд 2014 оноос хойш материал судлалаар төгсөгчид цөөрөөд эхэлсэн.

Харин боловсон хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдээд байна. Монгол улсын хэмжээнд барилгын материалын 900 гаруй үйлдвэр, 3900 гаруй барилга угсралтын болон 400 гаруй замын компани, 320 гаруй уул уурхайн компани, 30 гаруй металл хайлах цех, металлурын 40 үйлдвэр, арьс ширний 40 гаруй үйлдвэр, нэхмэлийн 200 орчим үйлдвэр гэх зэрэг үйлдвэрүүдэд материалын инженерээр ажиллах боломжтой. Эдгээр эрэлт хэрэгцээтэй байгаа ажлын байраа аваад үзэхэд манайд суралцаж буй оюутнууд маань харьцангуй цөөхөн байна. Одоогийн байдлаар тус мэргэжлээр төгсөгчид нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн Цемент-Шохой ХХК, МАК, ТЭСО, Хүннү ХХК зэрэг бетон зуурмагийн үйлдвэрүүдийн инженер ба чанарын менежер, зам барилга угсралтын компаниудын материалын инженер зэргээр ажиллаж байна.

4. НОГООН ДЭЛХИЙН МЭРГЭЖИЛТЭН – ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР

ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын хаягдал боловсруулах технологийн хөтөлбөрийн ахлах багш, доктор  Б.Лхагвадулам:  

Манай улсад хот, хөдөө орон нутагт хог хаягдлын нэгдсэн менежмент муу хаягдал боловсруулах ба нөхөн сэргээх үйлдвэр байхгүй, хатуу хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр устгах технологи хэрэгжүүлээгүйн улмаас хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд тулгамдсан олон асуудлууд үүсээд байна.

Эдгээр асуудлыг шийдэх энэ чиглэлийн инженер мэргэжилтэн цөөн, эрэлт хэрэгцээ их байгаа. Манай улсын хувьд өөр аль ч их дээд сургуульд энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгээгүй. Гэтэл гадны болон дотоодын төсөл хөтөлбөрүүд энэ чиглэлрүү чиглэж “Хаягдал боловсруулах технологи” инженер, мэргэжилтэн дутагдаж байна. Хаягдал боловсруулах технологи инженер нь математик, физикийн шинжлэх ухаан дээр суурилах бөгөөд хог хаягдлын менежмент, хүрээлэн буй орчны экологийн үнэлгээ, нөхөн сэргээлт, ахуйн, барилгын, үйлдвэрийн ба аюултай хаягдлын систем, дахин боловруулах ба нөхөн сэргээх үйлдвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан ландфил зэргийг төлөвлөх, ашиглалт, угсралт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг.

Бүх яам, хот, аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилга, үндэсний үйлдвэрүүд, уул уурхайн компаниуд, эрдэм шинжилгээний байгууллага, хаягдал боловсруулах үйлдвэрүүд, тохижилт үйлчилгээний компани, боловсролын байгууллага зэрэг олон салбарт хог хаягдлын асуудлыг шийдэх, удирдан зохион байгуулах мэргэжилтэн, менежер, зураг төсөл зохиогч, технологи инженер, багш, судлаач чиглэлээр ажиллах бүрэн боломжтой.

5. МОНГОЛ БРЭНДИЙГ ДЭЛХИЙД ТҮГЭЭГЧ ОЛОН УЛСЫН БИЗНЕСИЙН МЕНЕЖЕР

ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүлэгийн Сургуулийн дэд профессор,  доктор Г.Ариунаа: 

Олон улсын бизнесийн менежмент мэргэжил 1996 онд анх нээгдсэн. Миний хувьд анхны найман төгсөгчийн нэг. Энэ байгууллагад нийтдээ 19 жил багшилж байна.

Технологийн хурдацтай хөгжил, мэдлэгт суурилсан эдийн засаг, дэлхийн бизнесийн орчны хурдацтай хөгжил, олон улсын бизнес, байгууллагуудын  үйл ажиллагаа Монголд орж ирэхэд, Монгол хүн, бизнес, байгууллага дэлхийд танигдах тэдэнтэй хөл нийлүүлэн алхах асуудлууд нь олон улсын бизнесийн менежерийн үнэ цэнэ, хэрэгцээг бий болгож байна.

Олон улсын бизнесийн менежер нь байгууллагын гадаад үйл ажиллагааны нүүр царай, дүр төрх болсон байгууллагын үнэ цэнийг гадаад зах зээлд дэлгэрүүлэгч, гадаадын байгууллагын менежментийн үйл ажиллагааг нутагшуулагч, салбар хооронд, улс хоорондын бизнесийн асуудлыг оновчтой, үр дүнтэй шийдвэрлэгч хэлцэл хийгч, бизнесийн орчны шинжээч юм.

Бидний хувьд мэдээллийн технологийн хөгжилд тулгуурласан Монгол Улсыг олон улсын тавцанд гаргагч, дэлхийн бизнесийг монголд нутагшуулагч, Монгол хүний үнэ цэнийг тодорхойлогч, улс хоорондын олон улсын бизнест менежментийн оновчтой шийдвэр гаргах, багаар ажиллах чадвартай бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл математик, гадаад хэл хоёр байгаа юм. Ажлын байрны хувьд маш олон мэргэжлээр хөрвөж ажиллах боломжтой жишээлбэл гадаад худалдааны менежер, брокер диллэр, гадаад зах зээл хариуцсан менежер, гадаад зах зээлийн судалгаа, шинжилгээний мэргэжилтэн, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, бизнесийн гэх мэт олон салбарт ажиллах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.171.146.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.