Парламентын төлөөллийн зарчим ба УИХ-ын гишүүдийн тоо

Монгол улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн 21.1-д “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлснээр парламентын төлөөллийн зарчимд ямар нөлөө үзүүлэх талаар эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж байна.

Аливаа парламентын хууль тогтоохоос гадна нэг чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал байдаг. Ингэхдээ парламент хүн амын төлөөлөл байх ёстой юу, тойрог буюу газар нутгийн төлөөлөл байх ёстой юу гэдэг маргаантай хоёр байр суурийн алин дээр нь тухайн улс сонголт хийснээс хамаарч парламентын бүтэц өөр өөрөөр бүрддэг онцлогтой.

Парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юу?

Анхны бөгөөд сонгодог утгаар бол парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юм. Парламентын мөн чанар нь нүсэр биш аппараттай, гэхдээ ард түмнийг төлөөлөх чадвартай байх нь зүйтэй гэж засаглал хуваарилах онолыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн сэтгэгчид үзэж байлаа. Энэхүү сонгодог онолын дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчилнэ. Тэгш байдлын зарчим гэдэг нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэн парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм.

Парламентын гишүүн бүр тэнцүү тооны иргэдийг төлөөлнө гэдгийг сонгогчдын байр сууринаас авч үзвэл сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна гэсэн утга илэрхийлнэ. Энэ зарчмын дагуу тухайн сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байна. Нөгөө талаас сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой.

Парламентад иргэдийн тэгш төлөөллийг хангахын тулд хэрэглэдэг сонгуулийн систем нь хувь тэнцүүлэх систем юм. 2019 оны байдлаар дэлхийн 84 улс хувь тэнцүүлэх системээр хууль тогтоох байгууллагаа сонгож байна.

Парламент газар нутгийн төлөөлөл байх ёстой юу?

Парламент зөвхөн хүн ам, нийгмийн бүтцийг тусгаад зогсохгүй улс орны газар нутгийг төлөөлөх ёстой гэсэн байр суурь парламент үүсэн хөгжсөн хоёр, гурван зуугаад жилийн турш л хүчтэй байж ирсэн билээ. Ялангуяа АНУ гэх мэт түүхэн уламжлалын хувьд холбооны байгууламжтай, бүс нутаг, мужуудын хооронд ихээхэн ялгаатай байдаг улсуудад энэ хандлага улс төрийн тогтолцоонд хэрэгжиж ирсэн байдаг.

Хууль тогтоох байгууллагад газар нутгийн тэгш төлөөллийг хангах гол механизм бол хоёр танхимтай парламент юм. Парламентын доод танхим нь сонгогчдын тэгш төлөөлөл, нийгмийн бүтцийг хангах зорилготой байдаг бол дээд танхим нь газар нутгийн буюу муж улсуудын төлөөллийг хангах байдлаар бүрэлддэг юм.

Өдгөө дэлхийн улс орнуудын бараг тэн хагас нь хоёр танхимтай парламенттай байна.

Хууль тогтоох байгууллагад газар нутгийн төлөөллийг хангах дараагийн нэг арга зам нь сонгуулийн мажоритар тогтолцоо юм. Мажоритар тогтолцоо нь тухайн тойрог, бүс нутгийн төлөөллийг парламентад оруулж ирдгээрээ хувь тэнцүүлэх тогтолцооноос ялгаатай. 2019 оны байдлаар дэлхийн 64 улс мажоритар тогтолцооны янз бүрийн хувилбаруудыг хэрэглэж байна.

3,3 сая хүн амтай өргөн уудам газар нутагтай Монгол улсын хувьд 76 гишүүнтэй парламент хүн амын төлөөлөл болж чадаж байна уу?

Тэгвэл УИХ иргэдээ тэгш төлөөлж чадаж байна уу? Энэ асуултад шууд хариулбал Монголын парламент иргэдийг төлөөлж чадахгүй байгаа.

1992 оны Үндсэн хуулийг анх батлах үед УИХ-ын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд үндэслэн харьцуулан нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн зарчмаар оруулсан байдаг. 1992 онд 2,1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая хүн амтай болж, тэр хэрээр сонгогчдын тоо нэмэгдсэн тул УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүй ёсны зүйл. Нөгөө талаас дэлхийн ардчилсан орнуудын парламент ихэнхдээ 100-аас дээш гишүүдтэй байдаг. Тийм учраас судлаачид УИХ-ын гишүүдийн тоо 120-150 байх ёстой гэж үздэг. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд гишүүдийн тоог иймэрхүү дорвитой нэмэгдүүлэхээр заагаагүй ч ямар ч байсан өнөөгийн 76 гишүүнийг 32-оор буюу даруй 40 хувиар нэмэгдүүлэхээр санал болгосон нь сайшаалтай. Олон нийтийн дунд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэх хандлага байгаа учраас ерөнхийлөгчийн зүгээс ийнхүү дорвитой нэмэгдүүлээгүй байх талтай.

Дараагийн нэг төлөөллийн зарчим болох парламентын гишүүд сонгогчдыг тэгш төлөөлж байх ёстой гэдэг нь Монгол улсад мөн л хэрэгжихгүй байгаа. Жишээ нь 2016 оны УИХ-ын сонгуульд Булган аймаг 10-р тойрог нь 39490 сонгогч буюу Монгол улсын хамгийн олон сонгогчтой тойрог байсан бол Ховд аймгийн 34-р тойрог 14002 сонгогчтой хамгийн жижиг тойрог байгаа нь Булган, Сүхбаатар зэрэг аймгууд болон УБ хотын 30 мянгаас дээш хүн амтай тойргуудаас даруй хоёр дахин  цөөн хүн амтай байгаа нь парламентын тэгш төлөөллийг алдагдуулсан байдал юм.

Энэ бүхнээс дүгнэж үзвэл өнөөгийн 76 гишүүнтэй, мажоритар систем бүхий УИХ өнгөрсөн жилүүдэд иргэдийн төлөөлөл гэхээс илүү газар нутаг, тойргийн төлөөлөл болж ирсэн гэж үзэж болно.

Тэгвэл яаж иргэдийн төлөөллийг тэгш хангах уу, мөн өргөн уудам газар  нутгаа яаж төлөөлөх вэ гэсэн хоёр асуудлыг аль алиныг хангасан Үндсэн хуулийн тогтолцоог бид сонгох хэрэгтэй болчихоод байгаа юм. Үүний тулд дараах хоёр өөрчлөлт хийх ёстой. Нэгд, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх явдал. Тийм учраас Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дэх УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох хувилбарыг зарчмын хувьд судлаачид бид дэмжиж байгаа юм.

Хоёр дахь буюу аймаг орон нутгийн төлөөллийг тэгш тусгах хувилбар нь парламентын гишүүдийн тодорхой хувийг тойргоос сонгох буюу мажоритар системийг хадгалсан сонгуулийн тогтолцоог үргэлжлүүлэн хэрэглэх явдал юм. Гэхдээ дан ганц мажоритар системээр явах нь сонгогчдын саналыг үлэмж хэмжээгээр гээдэг, улс орон дахь улс төрийн намуудын хүчний харьцааг бодитоор тусгаж чаддаггүй тул парламентын тэгш төлөөллийн зарчмыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Тийм учраас сонгогчдын саналыг гээхгүй, улс орон дахь намуудын хүчний харьцааг парламентад хамгийн бодитоор оруулж ирдэг хувь тэнцүүлэх тогтолцоог мөн хослуулан хэрэглэх нь хамгийн боломжит хувилбар юм.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналд УИХ-ын гишүүдийн тэн хагасыг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, үлдсэн тэн хагасыг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгохоор зааж өгч байгаа нь дээр дурьдсан парламентын төлөөллийн зарчимд эерэгээр нөлөөлөх үр дүн авчирна.

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.95.131.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.127) 2019-07-24 15:25:18
Ер нь бол дэмжиж бнаа, гэхдээ 108 болгочихоод гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх ямар механизм оруулж байгаа вэ?