П.Эрхэмбулган: Анаболик стероидуудыг тогтмол хэрэглэдэг хүмүүс элэгний хорт хавдраар өвчлөх магадлал 7 дахин өндөр

Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор П.Эрхэмбулгантай ярилцлаа.

Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд допингийн асуудал нилээд хурцаар хөндөгдлөө. Түрүү бөхийн хувьд шинжилгээний сорьц солигдсон, дахин шинжлүүлнэ гээд байгаа нь хугацааны хувьд оройтоогүй юу? Ямар төрлийн допинг биеэс хурдан гадагшилдаг вэ.

Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн допингтой холбоотой асуудал дээр хариуцсан, эрх бүхий байгууллагууд нь тайлбар өгөх биз. Миний хувьд анагаахын мэргэжлийн зүгээс товч мэдээлэл өгөхийг хичээе.

Хориотой бодисуудын хүний биеэс гадагшлах хугацаа харилцан адилгүй. Анаболик стероидууд буюу хүчний төрлийн спортод түгээмэл хэрэглэгддэг бодисууд дотор нандролон мэтийн гурван жилийн дараа ч илэрдэг бодис байдаг. Мөн түүнчлэн 2 долоо хоногийн дотор хүний биеэс гараад явчдаг тестостероны пропионат мэтийн стероидууд ч байдаг. Тийм учраас одоо мөрдөж буй олон улсын допингийн шинжилгээний дүрэм, журмаар тухайн үед илэрсэн допингийн шинжилгээний хариу эерэг буюу допинг илэрсэн тохиолдолд допинг хэрэглэсэн гэж үздэг. Алдаатай хийчхэж, солигдсон байна гэх шалтгаанаар сарын дараа дахин шинжлүүлэх зохицуулалт байхгүй. Шаардлагатай бол анх авсан Б сорьцыг шинжилдэг.

Шинжилгээнээс зайлсхийх зорилгоор хиймэл эрхтэн ашиглах, шулуун гэдсэндээ өөр шээс агуулсан сав суулгах гэх мэт аргуудыг хэрэглэх тохиолдол олон улсын практикт гарч байсан учраас допингийн шинжилгээ өгч байх үед мэргэжилтэн хажууд нь хянаж байдаг. Тамирчин өөрөө шээсээ үл давтагдах дугаартай хоёр саванд хийгээд эргээд онгойх боломжгүй лацтай тагаар таглаад сорьцыг дагалдах анкетыг өөрийн гарын үсгээр баталгаажуулдаг. Тийм учраас сорьц солигдох боломжгүй.

Допинг гэж юу вэ? 

Допингийг зөвхөн уудаг, тарьдаг бэлдмэлүүд гэж ойлгож болохгүй. Спортод хэрэглэгддэг допинг гэдэг ойлголт нь тухайн тамирчны чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх чадвартай химийн бодисууд болон аргууд юм. Тухайлбал булчингийн масс нэмэгдүүлдэг, амьсгалах чадварыг сайжруулдаг, сэргээдэг бодисуудаас гадна тухайн тамирчин өөр хүний болон өөрийнхөө ядралтгүй үедээ хадгалсан цусыг тэмцээний өмнө юүлэх аргыг хориглодог. Үүнийг өвөрмөц биомаркер ашиглаад илрүүлэх аргууд ч улам сайжирч байна.

Эртний Грект олимпийн наадмын үеэр зарим тамирчид мансууруулах үйлчилгээтэй мөөг хэрэглэж байсан тухай дурьдсан байдаг. Орчин цагийн допингийн түүх нь 19-р зууны сүүлээс эхэлсэн. 1904 оны олимпийн наадмын марафон гүйлтийн тамирчин ачааллаа даахгүй бахардаж унахад дасгалжуулагч нь тамирчинд стрихнин гэдэг сэргээх үйлчилгээтэй бодис архинд хийж өгч сэргээгээд тус тэмцээнд түрүүлүүлсэн түүх байдаг. Мөн дугуйн уралдааны үеэр сэргээш хэрэглэсэн тамирчин нас барсан тохиолдол гарсан.

Ингээд тамирчдын шударга өрсөлдөөнийг дэмжих, тэдний эрүүл мэндэд хортой бодисуудыг хэрэглүүлэхгүй байх зорлгоор допингийг хориглож, 1999 онд Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA байгуулагдаж улс орнуудад салбар байгууллагуудтай болсон. Манай улсад Допингийн эсрэг үндэсний төв гэдэг нэртэй байгууллага албан ёсоор энэ асуудлыг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа.

Дэлхий дээр нийт магадлан итгэмжлэгдсэн 32 лаборатори байдгаас манай улстай хамгийн ойр нь Бээжин, Сөүл хотод байдаг лабораториуд. Допингийн эсрэг үндэсний төвөөс зохих журмын дагуу шинжилгээ аваад Сөүлийн лабораториор шинжлүүлдэг.

Тамирчдын дунд явуулсан судалгаагаар “та допингийн төрлийн бодис хэрэглээд гурван жилийн дараа олимпын аварга болоод арван жилийн дараа тахир дутуу хүн болно гэвэл яах вэ” гэсэн асуултад судалгаанд оролцсон тамирчдын 80 орчим хувь нь олимпийн аварга болоод тахир дутуу хүн больё гэж хариулсан байдаг. Тэгэхээр ихэнх тамирчид ямар ч хамаагүй аргаар их спортын оргилд хүрэх гэсэн зорилготой  байгаа юм. Допинг хэрэглэх нь тухайн тамирчны эрүүл мэндэд ноцтой үр дагавар  авчирхаас гадна  тухайн спортынхоо мөн чанар болон олимпын үзэл санаанд харш, шударга бус өрсөлдөөн гэж үзсэний үүднээс үүнийг олон улсын төвшинд хянаж ажилладаг. 

Хориотой бодисын жагсаалт шинэчлэгдэн нийтлэгддэг үү? Хориотой бодисуудын талаар тамирчид мэдээлэл багатай учраас допингийн төрлийн бодис илрээд байна гэж ойлгогдоод байгаа. Энэ тал дээр.

Жил бүр хориотой бодисын жагсаалтыг шинэчлэн гаргадаг. Хориотой бодисуудыг бүлэглэж авч үзвэл нэгдүгээрт батлагдаагүй бодисууд ордог. Үйлчилгээ нь туршилт судалгаагаар батлагдаагүй, өөрөөр хэлбэл ямар нэгэн эмийн бүртгэлд ороогүй үйлчилгээ нь тодорхой болоогүй бодисууд юм.

Хүчний төрлийн спортод хамгийн түгээмэл хэрэглэгддэг булчингийн масс, хүч нэмэгдүүлдэг бүлэг бодис бол анаболикууд юм. Ихэвчлэн стероид дааврууд, хүндийн өргөлтийн тамирчдад анх илэрч байсан.

Мөн пептид дааврууд болон өсөлтийн хүчин зүйлүүдийг хориглодог. Тухайлбал, эритропоэтин хэмээх даавар нь тэсвэр, ажиллах чадвар нэмэгдүүлдэг тул ихэвчлэн урт хугацаанд удаан үргэлжилдэг тэмцээний үед хэрэглэгддэг бөөрний дааврын аналог юм. ОХУ-ын хэд хэдэн биатлончидоос илэрч байсан, дугуйн спортын алдарт тамирчин Армстронг ийм төрлийн бодис хэрэглээд бүх цол шагналаа хураалган,  тэмцээнд  оролцох эрхээ хасуулсан түүх бий.

Дараагийн бүлэг бодис нь бэтта-2-агонистууд. Энэ нь энгийн үгээр хүний амьсгалах чадварыг нэмэгдүүлдэг сальбутамол мэтийн бодисууд. Бронхийн багтраатай хүмүүсд хэрэглэдэг эмийн бодис юм.

Даавар ба бодисын солилцоог идэвхжүүлэх активин, инсулин гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг хориглодог.

Булчигийн масс нэмэгдүүлдэг, тамирчны ажиллах чадварыг сайжруулдаг бодисуудаас гадна ийм төрлийн бодисуудыг хэрэглэчихээд нуун дарагдуулах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй бодисуудыг мөн хориглодог. Тухайлбал шээс хөөх бэлдмэлүүд. Эдгээр нь тухайн тамирчны чадварт нөлөөлөхгүй ч гэсэн хэрэглэсэн бодисоо хурдан гадагшлуулах, цэвэрлэх, шинжилгээнд илрүүлэхгүй байх зорилгоор хэрэглэсэн гэж үзээд албан ёсоор допингийн жагсаалтад оруулсан байдаг.

Бас рекомбинант ДНХ, ген эмчилгээний аргуудыг ашиглан зарим төрлийн уургуудыг хүний биед нийлэгжүүлэх боломжтой гэж үзэн хориглосон жагсаалтанд гений допинг гэсэн бүлэг оруулсан байдаг. Генетикийн аргуудыг ашигласан, ийм төрлийн допинг-тест эерэг гарсан тохиолдол байдаггүй ч, онолын хувьд боломжтой гэж үзэн илрүүлэх аргууд нь улам хөгжсөөр байна.

Зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодисын жагсаалт гэж тусдаа бас байгаа. Тухайлбал тэмцээн уралдааны үед амфетамин мэтийн стимуляторууд, сэргээх, мансууруулах төрлийн бодис хэрэглэхийг хориглосон байдаг.

Допингийн төрөлд ордог бодисуудыг эмчийн магадлагаатай, өвчтэй, эмчилгээнд хэрэглэж байгаа гэсэн нотолгоо гаргаад урьдчилаад журмын дагуу мэдэгдэж зөвшөөрөл аваад тамирчид хэрэглэж болох зохицуулалт бас бий л дээ.

Ямар ямар төрлийн витамин сэргээшд орох вэ?

Батлагдсан, үйлчилгээ нь тодорхой витаминуудыг хэрэглэж болно. Зарим олон витамины, эрдэс бодисын найрлагатай бэлдмэлүүд хориотой бодис агуулж байх боломжтой. Тухайлбал, кобальт мэтийн бодис агуулсан витаминыг тамирчин найрлагыг нь харахгүйгээр хэрэглэчихээд допингийн шинжилгээ өгөхөд өөрийнх нь цусанд хориотой бодис илрэх боломжтой.

Тийм учраас тамирчид хориглосон бодисуудын талаар маш сайн мэддэг байх хэрэгтэй. Дасгалжуулагч болон эмчтэйгээ зөвлөлдөж байж нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэх шаардлагатай. Цахим нээлттэй мэдээллийн сангууд байдаг. Өөрийн хэрэглэх гэж буй бодисын нэрийг оруулаад хориотой бодис мөн эсэхийг мэдэх боломжтой вэб сайтууд байдаг. Допингийн эсрэг байгууллагууд жилийн турш хүссэн үедээ очоод тухайн тамирчинд мэдэгдээд тэр дор нь шинжилгээний сорьц аваад явах журамтай. Тамирчин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн тохиолдолд допинг хэрэглэсэнд тооцдог. Иймээс тамирчид бэлтгэлээ хаана хийж байна, хаана байгаа гэдэг мэдээллээ оруулаад явдаг мэдээллийн систем ч олон улсын жишгээр бий болсон.

Эдгээр бодисууд нь хүний биед ямар гаж нөлөөтэй вэ?

Тамирчны биед үзүүлэх сөрөг нөлөөг олон талаас нь судалж тогтоосон байдаг. Жишээ нь анаболик стероид төрлийн бодисууд жирийн бэлтгэл сургуулилт хийж буй хүнээс илүү хурдтайгаар булчингийн масс нэмэгдүүлдэг ч тухайн хүний биед их сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээрийг тогтмол хэрэглэдэг хүмүүс элэгний хорт хавдраар өвчлөх магадлал 7 дахин, зүрх судасны өвчтэй болох магадлал 10 дахин, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгтэй болох магадлал 5 дахин өндөр байдаг. Жишээлбэл, зүрх өөрөө булчинлаг эрхтэн учраас стероид хэрэглэж байгаа хүний биеийн булчин хөгжихөөс гадна зүрхний булчин хурдтай томордог. Зүрхийг цусаар хангаж буй судаснууд дагаж хөгжихгүй учраас зүрхний булчингаа тэжээж чаддаггүй. Улмаар зүрхний дутагдалд орох, зүрхэнд үхжлийн голомтууд үүсэх гэх мэтийн өөрчлөлтүүд түгээмэл илэрдэг. Мөн анаболикууд эр бэлгийн дааврын гаралтай бодис учраас эмэгтэй тамирчид хэрэглэвэл маскулинизаци буюу эрших шинжүүд илэрдэг. Дуу хоолой бүдүүрэх, толгойны үс шингэрэх, сахал, биеийн үс ургах гэх мэт шинж тэмдэг гарна. Эрэгтэй хүмүүсд  батгаших, төмсөг хатингарших, түрүү булчирхай томрох, үргүй болох гэх шинж тэмдэг илэрдэг.  Гаднаас байнга эр бэлгийн даавар авахаар өөрийнх нь биеэс ялгарах дааврын хэмжээ нь багасч, хэрэглэхээ зогсоосон ч дахин сэргэх боломжгүйгээр өөрчлөлт үүссэн байх магадлалтай.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл: (12)
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.77) 2019-08-27 11:35:09
Сэргээшийг мэдсээр байж хэрэглэх олгой толгойт гэж хаана байх вэ! Орхонг яг ингэж нухсан. Оюунболд ч энэ замаар бүдэрлээ. Чөлөөт бөхийн холбооны хэрүүл талцал Чинбат Баянмөнхөөс эхтэй. МҮБХ талцал ч энэ төмс хар 2 үүдэлтэй. Хорлох ажиллагаа ч төстөй. Үнэнд гүйцэтгэх цаг гэж байна. Үйлийн үрээ эдэлнээ сонингууд.
1 3 Хариулах
buya (203.91.119.147) 2019-08-27 11:35:09
Бурууг бусдаас биш өөрөөсөө хайж сур малаа
(64.119.21.132) 2019-08-27 11:35:09
Муу тэнэг
(64.119.21.132) 2019-08-27 11:35:09
Муу тэнэг
jjj (66.181.182.28) 2019-08-26 23:39:06
medseer baij heregledeg. tegeheer boh bol uls torjsonii neg helber gj haragdaad bn
anu (66.181.182.28) 2019-08-26 23:37:38
doping hereglehguigeer ooriin huch chadal arga meheeree barildaj arai udaan ner tortei amidar
zochin (66.181.182.28) 2019-08-26 23:36:37
bohchuud es judagaa geejee
Mundag erdemten baina (66.181.161.80) 2019-08-26 18:24:47
Mash ih todorhoi medeeleltei saihan yariltslaga baina. Gol ni asuudliig zohitsuuldag huulinhan unshaasai
(64.119.19.203) 2019-08-26 16:05:19
Odoo orkdohoo bolih bolsoon. Shinjleh uhaan sons bohchuudee. 13-r zuun shig shidet beldmel uugaad saihirsan domog bhguishu
1 1 Хариулах
(66.181.166.60) 2019-08-26 16:05:19
chi uuruu hotsrogdson ork
Абу (202.131.235.234) 2019-08-26 15:41:00
Гоё хэрэгтэй ярилцлага болжээ
(202.9.42.247) 2019-08-26 15:33:41
Сайн бна, ийм мэргжлийн хүний үг дутаад бсан юм