“100 залуу-100 ажлын байр” хөтөлбөр хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “100 залуу-100 ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Манай улсын төмөр замын салбарт томоохон бүтээн байгуулалт хийж буй өнөө үед мэргэжлийн боловсон хүчин дутмаг, төмөр замын мэргэшсэн ажилтан эрэлт ихтэй байгаа тухай салбарын зөвлөх инженерүүд ам нэгтэй ярьдаг. Тэгвэл энэхүү орон зайг нөхөх, ажилгүй, орлогогүй иргэдээ ажил мэргэжилтэй болгох үүднээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар “Бүтээгч” сургалтын төвд Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” бүсийн залуус дөрвөн сарын хугацаанд үнэ төлбөргүй суралцаж өчигдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. Онол, практик хосолсон уг сургалт маш үр дүнтэй болсныг суралцагчид болон удирдсан багш нар онцолж байв. Уг сургалтад хамрагдсан залуус төмөр замд эрэлт хэрэгцээ их байдаг ачаа бараа хүлээлцэгч кассир, элчит тэрэгний засварчин, замчин зэрэг мэргэжлүүдээр суралцаж Төмөртэйн өртөө, УБТЗ Зүтгүүрийн депо, Зам барилгын машинч станц зэрэг байгууллагад нэг сарын онол, гурван сарын практик дадлага хийсэн байна. Суралцагчдын төлөөлөл “УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан “100 залуу-100 ажлын байр” хөтөлбөрт хамрагдан Улаанбаатар төмөр замын депо дээр засварчны сургалтад яваад одоо дадлагаа хийж байна. Энэ сургалтыг санаачилж, зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтаа баярлалаа.Ажлын өндөр амжилт хүсье. Бид мэргэжилтэй, ажилтай, орлоготой болохын тулд чин сэтгэл, хүсэл эрмэлзэлээрээ энэхүү сургалтад хамрагдлаа. Сургалтад суух хугацаандаа маш их зүйл сурч мэдсэн” хэмээн ярилаа. Харин хөтөлбөрийг санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Бүхнийг чаддаг байх албагүй. 100 хувь бүгдийг мэддэг байх албагүй. Нэр хүндтэй ч байх хэрэггүй. Гэхдээ хүнд нэг л чухал чанар байх ёстой юм. Аливааг чин сэтгэлээсээ хийх сэтгэлтэй байгаарай. Ямар ч зүйлийг багаас нь хийж чадвал гэрийн үйлчлэгч ч байсан тэр хүн амжилтад хүрнэ” гэв. Тэгвэл Улаанбаатар төмөр замын зөвлөх инженер Н.Хуягбаатар хэлэхдээ “Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замд мэргэжлийн боловсон хүчин маш дутмаг байгаа. Шинэ төмөр зам барьж байна. Үүнд та бүхний эзэмшсэн мэргэжил туйлын чухал үүрэг гүйцэтгэх юм. Та нар маш хэрэгтэй боловсон хүчин болно” гэж онцлов. Дөрвөн сар үргэлжилсэн сургалтын хичээлийг төмөр замын салбарын доктор, профессорууд заасан бөгөөд суралцагсад мэргэжлийн шалгалтаа амжилттай өгснөөр ийнхүү мэргэжлийн үнэмлэхээ гардан авсандаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Сургалтад хамрагдсан иргэдийн 30 хувь нь дахин сурч, давхар мэргэжилтэй болж байна. Үүнээс гадна дадлагаа сайн хийсэн найман суралцагч тухайн байгууллагатаа ажиллахаар өчигдөр хөдөлмөрийн гэрээгээ хийж, төмөр замчдын халуун ам бүлд багтав. Ажил, мэргэжилгүй иргэд үнэ төлбөргүй сургалтад хамрагдаж мэргэжил эзэмшсэнээр орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн хараат бус байдлаас ангижрахад томоохон түлхэц болж байгаа юм. Төмөр зам хэмээх их айлын гэр бүлд багтан ажил, мэргэжилтэй болсон залуус эзэмшсэн мэргэжилдээ дурлаж, идэвхийлэн зүтгэхээ илэрхийлснийг энэ дашрамд дуулгая.

ХЭН, ЮУ ХЭЛЭВ

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:

-Залуус маань мэргэжилтэй, мэдлэгтэй хүн болох ёстой. Ингэхийн тулд мэргэжлээ сонгох ёстой. Зарим нь амьдралын янз бүрийн шалтгаанаас болоод сурсан мэргэжлээрээ ажиллаж чадаагүй ч хүн бий. Манай тойрогт хамааралтай найман хорооны иргэдээс 100 ажлын байр бий болгох урилгыг төмөр замаас авсан юм. Энэ бол маш азтай боломж. Залуус маань амжилттай сурч төгслөө. Монголд олон чиглэлийн төмөр зам тавигдана. Тиймээс төмөр замын салбарт боловсон хүчин маш их хэрэгтэй. Энэ сургалтад хамрагдсанаар төмөр зам хэмээх том айлын гишүүн болох боломж бүрдэж байгаа юм. Богино хугацаанд сургалтад хамрагдсан ч та бүхэн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, мэдсэнээ улам ахиулахыг хүсье. Ажлын байран дээр гараад илүү хичээгээрэй. Төмөр замаас сайчуул олноор төрөн гарсан байдаг. Тэр хүмүүсийн хэмжээнд хүрч ажиллах боломж, ирээдүй та бүхэнд бий. Хүн өөрөө л хичээвэл ямар ч амжилтад хүрч болдог. Ингээд төмөр замын мэргэжил олгох сургалтад хамрагдаж, зүтгэлтэйгээр суралцсан та бүхэндээ баяр хүргэе.

“БҮТЭЭЛЧ” СУРГАЛТЫН ТӨВИЙН СУРГАЛТ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Ч.ДАШНЯМ:

-Энэ нь мэргэжил олгох богино хугацааны сургалт юм. Чадамжид суурилсан сургалтын гэрчилгээ олгоно. Суралцагчид маань үнэхээр чадамжтай бол бид хөндлөнгийн үнэлгээний төвөөс дахин шалгуулаад мэргэжлийн ажилтан гэсэн үнэмлэх олгох зорилготой. Сургалтын 20 хувийг танхимд, 80 хувийг дадлага байна. Сайн суралцагсад төгсөөд ажлын байраар хангагдах боломжтой гэдгээрээ онцлог. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын ажлын албаныхан ч төгсөгчдийг зуучилж ажилтай болгоход анхаарал хандуулж байгаа бөгөөд манай сургалтын төв, Монголын төмөр зам, гишүүний ажлын алба гэсэн хамтарсан ажил хийж байгаа юм. Хүмүүс мэргэжлийн сургууль төгссөн ч ажилгүйчүүдийн тоо их байна. Тэгвэл бидний гол зорилго төгсгөе, дараа нь ажилтай болгоход оршиж байгаа юм. 100 хувь биш юмаа гэхэд идэвх зүтгэлтэй суралцагсдаа ажилтай болгоно. Бид өмнө нь ч гэсэн ийм арга хэмжээ зохион байгуулж байсан.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН, ЗҮТГҮҮРИЙН ДЕПОГИЙН ЗӨВЛӨХ Н.ХУЯГ-ЭРДЭНЭ:

-УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан мэргэжил олгох сургалт амжилттай үргэлжилж байна. Дөрвөн чиглэлээр элс элтээ авсан. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хичээл дуусч, дадлага эхэлсэн. Зүтгүүрийн депо дээр шилмэл дөрвөн оюутан маань сайн ажиллаж, идэвх зүтгэлтэй байгаа. Ер нь төмөр замын мэргэжил буюу зүтгүүрийн мэргэжил эзэмших нь тийм амар ажил биш. Гэтэл манай дөрвөн залуу үнэхээр мэрийлттэй, ажлыг суръя, мэдье, мэргэжил эзэмшье гэсэн чин сэтгэл, эрмэлзлэлээр ажиллаж байгаад багш хүний хувьд баяртай байна. Дадлагаа амжилттай дуусгавал манай дөрвөн залуу төмөр замын аль ч салбарт ажиллах боломж бүрдэж байгаа юм. Багшилж байгаа миний бие болон УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, сургалтын төвийн удирдлагууд хамтраад залуучуудаа байнгын ажлын байртай болгохын тулд хичээнэ. Зөвхөн ажиллаад зогсохгүй төмөр замын мэргэжлээр их, дээд сургуульд суралцах боломжтой. Дөрвөн залуудаа болон бусад цехэд ажиллаж байгаа залуустаа амжилт гаргаарай гэж хүсье.

УБТЗ-ЫН ЗҮТГҮҮРИЙН ДЕПОД ЗАСВАРЫН ЦЕХИЙН МАСТЕР Н.НАЦАГДОРЖ:

-УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан “100 залуу-100 ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд сургалтад хамрагдсан залуус манай депо дээр дадлага хийж байна. Манай депо нь элчит тэргийг их засвар буюу бүрэн задаргаа хийж засварладаг. Эд ангиудыг нь мм-ийг 100 хуваасны нэгээр хэмжиж зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг магадлана. Улмаар зөвшөөрөгдөх хэмжээнд байхгүй эд ангийг засварлаж, бүрэн туршилт хийсний дараа галт тэрэгт нь хүлээлгэж өгдөг. Манай депо дээр суралцагчид 10 цехэд хуваагдан үйлдвэрлэлийн дадлагаа хийж байна. Манайд цахилгаан аппаратын цех, түлш, шүүрийн цех, дизелийн цех, туслах тоноглолын цех, хос дугуйн цех, цахилгаан машин, нарийн хэмжүүрийн цех, цахилгаан явах анги, автоматын цехэд суралцагсад маань дадлагаа хийж байгаа юм.

СХД-ИЙН 31 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭН Б.БУЯНЗАЯА:

-Юун түрүүнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон түүний ажлын албаныханд баярласнаа илэрхийлье. Залуус биднийг д эмжиж ажилтай, орлоготой, мэргэжилтэй байлгахын тулд энэ бүхнийг санаачилсанд чин сэтгэлээсээ баярлалаа. Би хүнд даацын механизмын сургалтад суух бодолтой байгаа. Яг өнөөдрийн хувьд гишүүний хамаарал бүхий нэг компанид ажилладаг.

СХД-ИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Н.АЗЗАЯА:

-Цаг үеэ мэдэрсэн сургалтыг зохион байгуулж, биднийг хамруулж байгаад баярлаж байна. Надаас гадна олон залуу хүнд үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Надад маш их таалагдсан. Би оёдлын технологич мэргэжилтэй ч төмөр замд ажилд орох гэж олон янзаар зүтгэсэн ч үр дүнд хүрээгүй. Харин одоо энэ сургалтаар дамжуулаад хүссэн газартаа орно байх гэж бодож байна. Маш их баяртай байна.

СХД-ИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Б.БЯМБАДОРЖ:

-Ц.Гарамжав гишүүний санаачилсан “100 залуу-100 ажлын байр” хөтөлбөрт хамрагдан УБТЗ-ын Зүтгүүрийн депо засварчны сургалтад суугаад, одоо дадлагаа хийж байна. Энэхүү сургалтыг зохион байгуулсан гишүүндээ талархсанаа илэрхийлж, ажлын амжилт хүсье. Миний бие энэ чиглэлээр цаашид дагнан ажиллах төлөвлөөгөтэй байгаа.

СХД-ИЙН 31 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭН С.БАТЧУЛУУН:

-Залуусын ирээдүйд том хөрөнгө оруулалт хийж, ажлын байртай, мэргэжилтэй болгох хөтөлбөрийг санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжавд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Дадлагын хугацаанд маш их зүйл сурч байгаа. Мэргэжлийн хүмүүсээс өгсөн үүрэг даалгаврыг сайн хийж, хэрэгжүүлж байна. Цаашдаа ажлын байран дээр гараад улам их хичээх болно.

СХД-ИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Н.ОКТЯБРЬ:

-УИХ-ын гишүүн Ц Гарамжавын санаачилсан хөтөлбөрийн ачаар УБТЗ-ын Зүтгүүрийн депод дагалдангаар ажиллаж  байна. Бидэнд маш том боломж олгосон гишүүндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ ажлын байрандаа тууштай ажиллахыг хүсдэг. Ажилд гарахын өмнө ХАБ-ын заавартай танилцаж, гарын үсгээ зурснаар ажилдаа гардаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.