Майкл Клечески: Нэст ахлах сургууль Монголын хөгжлийн гүүр болно гэдэгт эргэлзэхгүй байна

Мэдээллийн технологийн "Nest" ахлах сургууль нээлтээ хийлээ

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай Нэст ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт наймдугаар сарын 31-ний Бямба гаригт боллоо. Нээлтийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэм Майкл Клечески, төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар нар оролцож  сурагчдад хандан үг хэлж, хичээлийн жилд нь амжилт хүссэн юм.

Нэст ахлах сургуулийн түнш байгууллагуудын төлөөлөл болох Ай түүлс ХК-ийн захирал Б.Тамир, Инфинит солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Саруул нар сургуулийн нээлтэд ирэв.

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд нээлттэй хаалганы өдрөө зохион байгуулж байсан Нэст ахлах сургууль нийт 800 гаруй хүүхдээс элсэлтийн шалгалт авч 100 гаруй сурагчидтайгаар 2019-2020 оны хичээлийн жилээ угтаж байна.

Тус ахлах сургууль гурван жилийн хөтөлбөртэй бөгөөд эхний жилд хүүхдүүдэд программ хангамжийн суурь мэдлэг олгох бол хоёр дахь жилээс программ дизайн, программ хөгжүүлэлт, мобайл хөгжүүлэлт гэх мэт дагнасан чиглэлээр мэргэшүүлэхээр төлөвлөжээ.

Тодорхой нэг чиглэлд мэргэшиж эхэлсэн сурагчдыг сургалтын бус цагаар Монголын томоохон компаниудад цалинтай дадлага хийлгэх хөтөлбөрт хамруулна гэж тус сургуулийн сургалтын баг онцолж байна. 

Нэст ахлах сургуулийн Инноваци хариуцсан захирал Б.Габит

 хичээлийн шинэ жилийг нээж үг хэлэхдээ “Гурван удаагийн шалгалтыг даваад мөрөөдөлдөө бууж өгөөгүйд  сурагчдаараа бахархаж байна. Хуучин бидний мэддэг байсан мэргэжил цаашид ямар болохыг төсөөлөхөд хэцүү болсон.

Бүх юм технологижиж, хиймэл оюун ухаан руу орчихлоо. Ирээдүйн энэ өөрчлөлтөд бэлдэхийн тулд бид сургуулиа нээсэн. Өмнө нь би биологидоо сайн учраас эмч болно гэдэг байсан бол өнөөдөр биологийг технологитой нийлүүлснээр biotech болох боломжтой.

Хими сонирхдог хүүхэд технологитой хослуулвал medtech хийх боломж бүрдэнэ. Uber шиг компани байгуулах  боломж  ч бий. Тэр бүхэн та бүхний гарт байгаа. Гол нь бууж өгч болохгүй. Бууж өгсөн үед л хөгжил зогсдог.

Манай сургуульд өрсөлдөгч гэж байхгүй. Баг, гэр бүл, хамт олон л  гэж бий. Биенээ хүндэлж, хайрлаж, өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ бол Мөрөөдлийн чинь хамгийн гол үндэс” хэмээн онцолсон юм. 

Майкл Клечески: Нэст ахлах сургууль Монголын хөгжлийн гүүр болно гэдэгт эргэлзэхгүй байна

АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески, “Өнөөдөр болж буй үйл явдал  боловсролын салбарт төдийгүй Монголын ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт. Энэ чиглэлээр гүнзгийрүүлж сурахаар зорьсон сурагчид, эцэг эхээр нь бахархаж байна. 

Нэст ахлах сургууль Монголын хөгжлийн гүүр болно гэдэгт эргэлзэх зүйл алга. Сурагчдад олон мөрөөдөл бий байх. Зарим нь дэлхийн хэмжээний компаниудад ажиллах мөрөөдөл тээн сургуулийнхаа босгыг алхсан болов уу. Гаднынхан Монголын байгалийн баялагт татагддаг, гэхдээ монголчуудын билиг оюун авъяас чадварт илүүтэй татагддаг байх. Америк Монголын харилцаа батлан хамгаалах хууль сахиулах, бизнесийн түншлэл, соёл боловсролд анхаарч байгаа. Өнөөдрийн тухайд хоёр улсын анхаарч буй үндсэн гурван чиглэлийн хоёрт нь хандсан сайхан арга хэмжээ болж байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.