Хүүхэдтэйгээ хамт “хэрхэн” ном унших вэ?

24 цагийн ердөө 20 минут хүүхэдтэйгээ хамт ном уншихад хангалттай. Хүүхэд тань энэ цагийг тэсэн ядан хүлээх болно.

Завгүй амьдралын хэв маяг дунд хүүхдэдээ цаг гаргах нь ирээдүйдээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм. “Үрсээ зөв хүн болоосой, сайн сайхан байгаасай” гэж боддог ч ЗАВГҮЙ гэж шалтагласаар хүүхдэдээ “Идэвхтэй” цаг гаргахгүй явсаар  нэг л өдөр хүүхэдтэйгээ харилцааны зөрчилтэй болсон олон эцэг эхчүүдтэй бид таардаг. Тэдэнд хүүхэдтэйгээ хамт идэвхтэй амралт, аялал, ярилцлага, болзоо, тоглоом санал болгохын зэрэгцээ хүүхдэдээ ном уншиж өгөхийг зөвлөдөг. Тэгвэл бид одоо хэрхэн ном уншиж өгөх вэ? гэсэн товчхон зөвлөгөөг хүргэе. 

Аль болох бага наснаас нь өдөр бүр хүүхэдтэйгээ хамт ном унших нь ухаалаг эцэг эхийн дадал юм.

·24 цагийн ердөө 20 минут хүүхэдтэйгээ хамт  ном уншихад хангалттай. Хүүхэд тань энэ цагийг тэсэн ядан хүлээх болно.

· Зүрх сэтгэл, хайраа мэдрүүлэх нь хүүхдэд маш том боловсрол болдог. Гэрэлтүүлэг сайтай, тайван тухлаг орчинд дуртай номоо уншуулах үедээ ээж, аавынхаа тэвэрт суух нь хүүхдэд юутай ч зүйрлэшгүй.

Хүүхэд аав ээжийнхээ биеийн дулаан, зүрхний цохилт, тэврэлтийг мэдрэх нь чухал. Энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хат, харилцааны чадвар, ээнэгших явцад сайнаар нөлөөлдөг.

 · Ном унших үедээ хүүхэдтэйгээ нүдээрээ харилцаа тогтоож, тэдэнд анхаарал хандуулж байгаагаа мэдрүүлээрэй. Энэ нь хайрлагдаж байгаагаа мэдрэхэд нь тусална.

· Та хүүхдийнхээ асуултуудыг анхааралтай сонсоорой. Асуултад нь хариулах, харилцан ярилцах нь хүүхдийг тань сэтгэн бодох, төсөөлөх, өөрийгөө илэрхийлэх, оновчтой асуулт асуух, чадварт  сургадаг.

 Өдөр бүр ном уншиж өгөх нь таны хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжинэ. Ном уншиж өгөх нь хурдан уншиж, бичиж сурахад тусална.

· Уншиж өгөх номоо хамтдаа сонгож бай. Долоон хоног бүр хүүхдийн болон нийтийн номын сан явж шинэ номыг хүүхдүүддээ танилцуулж ямар номыг илүү сонирхож байгааг нь мэдэх нь гэр бүлийн зугаатай аялал байх болно.

 · Дуртай номыг нь нүдэнд харагдтал, хоолойны өнгө, мэдрэмжтэйгээ хослуулан ярьж өгвөл хүүхдийн тань сэтгэл хөдлөлийн оюун буюу IQ-г хөгжүүлнэ.

 Сүүлийн үеийн ажил олгогчид IQ-буюу оюуны чадвараас илүү сэтгэл хөдлөлөө зөв жолоодож, бусдын сэтгэл санаа, нөхцөл байдлыг илүү сайн ойлгох чадвартай, эерэг хандлага, сэтгэлтэй нэгнийг сонгох болсныг та ч бас мэдэж байгаа. Хамгийн чухал нь эцэг эхийн стресс тайлагдах, хүүхдэд аз жаргалтай дурсамж бүтээх шилдэг аргын нэг нь хамтдаа ном унших юм. Аз жаргал бол дотоод сэтгэл ханамжтай байдал,  эерэг сэтгэл хөдлөл юм. Хайртай хүн, хүүхдийн тэврэлт, бусадтай харьцах мэдрэмж, хүүхэдтэйгээ, эцэг эхтэйгээ бүтээсэн сайхан дурсамжууд нь серотонин, допамин, эндорфин зэрэг аз жаргалын гормонуудаас допамины  төвшинг илүү дээшлүүлдэг.

 

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Б. Алтанзаяа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.