ШУТИС-ийн төгсөгчид Япон улсын өндөр технологийн “Мирапро” компанид ажиллана

ШУТИС, Механик, тээврийн сургуулийн захирал доктор, профессор Д.Цолмонбаатартай ярилцлаа.

60 жилийн хугацаанд Механик, Тээврийн сургууль нь хичнээн инженер, мэргэжилтнүүд бэлтгэсэн бэ?      

ШУТИС нь үүсгэн байгуулагдаад 60 жил болсон байна. Энэ хугацаанд 80 гаруй мянган инженер техникийн мэргэжилтнүүдийг улс эх орныхоо маш олон салбарт бэлтгэсэн түүхтэй. Тэр дундаа ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль үүсгэн байгуулагдаад 57 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Улс орны хэмжээнд механик инженерчлэл, тээврийн салбарын гол мэргэжилтнүүдийг манай сургууль бэлддэг. Ойролцоогоор 8000 гаруй төгсөгч инженерийг бэлтгэсэн. Одоогийн байдлаар 2000 гаруй оюутан 100 гаруй профессор, багшийн бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Танай сургуулийн онцлог. Ойрын ирээдүйн гол зорилго юу вэ?

Манай сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид өөрсдийн мэргэжлийн салбартаа үр бүтээлтэй ажиллаж, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар яваа бөгөөд тэдний дундаас нэр цуутай олон эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн алдар гавьяатнууд төрөн гарсан нь манай хамт олны зүй ёсны бахархал юм. Сургалт, эрдэм шинжилгээ, инновацийг хөгжүүлж, олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлэн салбарын манлайлагчдыг төрүүлэх, механик, тээврийн чиглэлээр үндэсний чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Монгол улсдаа техникийн шинжлэх ухааны сургалт, судалгааны ажлаараа тэргүүлэгч эрдэм оюуны томоохон төв болтлоо өргөжин тэлж байна.

Ямар ямар сургалтын шинэлэг систем нэвтрүүлж ажиллаж байгаа вэ?

Сүүлийн үед үр дүнд суурилсан сургалтын системийг нэвтрүүлсэн. Энэ нь дэлхийн улс орнууд эрдэм мэдлэг, оюуны нөөц, мэдлэгийн эдийн засаг дахь оролцоо, хариуцлагаараа өрсөлдөн даяарчлагдаж байгаа орчин цагт манай сургууль энэхүү чиг хандлагыг харгалзан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын менежментийн тогтолцооны ISO-9001:2015 стандартын шаардлагад нийцүүлэн сургалтанд үр дүнг чухалчилсан идэвхитэй сургалтын арга (CDIO)-ыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Энэ систем нь зөвхөн онолын дадлагаас гадна ур чадварын дадлыг олгодог бүтээлч сэтгэхүй хөгжүүлдэг шинэлэг систем юм. Үүнийг нэвтрүүлэхэд БСШУЯ, Спортын яам маш их дэмжиж байгаа Азийн хөгжлийн санхүүжилтээр үндэсний хэмжээний сургагч багш нартай болсон. Оюутны хөгжлийг дэмжсэн лаборатори сургалтын орчин бий болж байна.

Японы 1000 инженерийн прожект гэдэг төсөл манай сургууль дээр хэрэгжсэн. Үүнд Япон улсын 12 их, дээд сургууль 2+2 хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Японы их сургуулиудтай гурван судалгааны төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Энэ төслийн хүрээнд манай сургуулийн сургалт судалгааны дийлэнх хувь нь иж бүрэн шинэчлэгдэж олон улсын төвшинд нийцсэн сургалтыг Японы сургуулиудтайгаа хамтран хийж байна. Мөн хувийн байгууллага, үндэсний хэмжээний том компаниуд сүүлийн жилүүдэд хөрөнгө  оруулалт хийх болсон. Үүний нэг жишээ өнгөрсөн онд 8 шинэ лабораторийг үндэсний найман компани манайд шинээр байгуулж өгсөн. Ингэснээр бид тэдэнд хамгийн сайн инженер бэлтгэж өгөх хамтын ажиллагаанууд бий болж байгаа юм. Онцолвол Трансвест Монголиа ХХК, Ланд Бридж ХХК, Хишиг Арвин Индустриал, Иргэний нисэхийн ерөнхий газар гэх мэтчилэн их олон газруудтай манай сургууль хамтарч бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна.

Танайхаас төгсөн гарсан инженерүүдийн ажлын байрны талаар

Сүүлийн жилүүдэд зөвхөн дотоодын компаниудаас гадна гадаадын олон компаниудтай хамтарч ажиллаж байна. Жишээ нь сүүлийн 2 жилийн хугацаанд манай сургуулийн 30 гаруй төгсөгчид Японы Тоёота, Мицубиши компаниудад амжилттай ажиллаж байна.

"Мирапро” компанийн ерөнхийлөгч ноён Хироюки Цуганэ
"Мирапро” компанийн ерөнхийлөгч ноён Хироюки Цуганэ

Өнөөдрийн байдлаар Япон улсын өндөр технологийн “Мирапро” дэлхийн шилдэг компанийн ерөнхийлөгч ноён Хироюки Цуганэ манай улсад айлчилж төгсөгчидтэй уулзаж, шилдэг оюутнуудыг Мирапро компанид  инженерээр ажиллуулах яриа хэлэлцээрийг хийгээд байна. Энэ бүгд манай багш, ажилчдын хамтын ажиллагаа болон оюутнуудын амжилттай суралцаж байгаагийн үр дүн гэж хэлж болно.

Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(77.111.247.247) 2019-09-23 10:02:41
Боловсрол олгон гэдэг чинь энэ шүү дээ.
Erdenetsetseg.B (59.153.114.156) 2019-09-20 15:35:39
Манай Цолмонбаатар багш үнэхээр идэвхитэй,сэтгэл гарган ажиллаж олон саыхан төслүүдийг ажилболгож чадсан.Ойн мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье!