Монголбанк 1933 оноос зээл олгож эхэлжээ

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Түүхэн ойн баярын ёслол өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болсон банкны салбарынхны өдөрлөг, нээлттэй хаалганы өдрөөр эхэллээ.

Банкуудын нийт хөрөнгө ДНБ-ээс даваад байна

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өдөрлөгийг нээж хэлэхдээ, “Одоогоос 95 жилийн өмнө 1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр Зөвлөлт Орос улстай хувь нийлүүлсэн Монголын Худалдаа аж үйлдвэрийн банк байгуулагдсан түүхтэй. Энэ бол Монголбанк байгуулагдсан өдөр. Гэхдээ бид энэ бол Монголбанкны 95 жилийн ой төдийгүй, Монгол Улсад орчин үеийн банкны салбарыг үүсгэн байгуулсны ой хэмээн үзэж өргөнөөр тэмдэглэж байна” гэв.

Тэрээр, өнөөдөр банкны салбар нийтдээ 34 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй байгаа нь Монгол Улсын нэг жилийн ДНБ-ээс давсан үзүүлэлт юм. Банкны салбар Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх, орчин үеийн хурдацтай хөгжиж буй тулгуур салбарын нэг болоод буйг тэмдэглэлээ. Өнөөдрийн байдлаар банкны системээс гарч байгаа нийт зээлийн 30-40 хувь нь хэрэглээнд, 50-60 хувь нь бизнес рүү чиглэж байна. Энэ нь Монголбанкны бодлогын хэрэгжилтийн үр дүнгийн илрэл гэдгийг тэрээр онцолж байлаа.

Өсөлт байгаа цагт хүртээмж бий болно

Өдөрлөгийн үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, “Монголын банкны салбар анх Улсын банк гэсэн ганцхан системтэй байсан бол өнөөдөр Төв банк гэсэн бодлогын нэг, иргэд, ААН, байгууллагуудад үйлчилдэг арилжааны банк гэсэн хоёр шат бүхий тогтолцоотой болтлоо хөгжиж ирлээ. Өнөөдөр Төвбанк мөнгөний бодлогын хүрээнд үүргээ биелүүлж байгаа гэж үзэж болно.

Өнгөрсөн 2018 онд манай эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай гарсныг та бүхэн мэднэ. Энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлтийг ДНБ-тэй харьцуулаад үзэхэд, 8 гаруй хувийн өсөлттэй байна. Энэ үзүүлэлт цаашид улам нэмэгдэх боломжтой. Инфляци гэхэд найман хувиас хэтрэхгүй, бодлогын түвшинд байна. Эдийн засаг эрчимтэй, тогтвортой өсөөд байвал дунд хугацаанд өсөлтөө барьж явах магадлалтай байна” гэв.

Тэрээр эдийн засгийн өсөлтөөс иргэдийн хүлээж буй нийгмийн хүртээмж буюу айл өрх, хүн бүрт оногдох өгөөжийн талаар хэлэхдээ, “Өсөлт байгаа цагт хүртээмж бий болно. Монголбанкны хувьд, бий болсон өсөлтийг хуваарилна гэж байхгүй, энэ бол улсын бий болж буй нөөц бөгөөд хуваарилалт өөр замаар дамжин хийгдэнэ” гэж байв.

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын ёслолд арилжааны банкууд өргөн оролцож, Төв талбайд тус тусын асарт үйл ажиллагаагаа танилцуулж байна. Түүхэн ойн баярын хурал өнөөдөр СТӨ-нд болно.

Тодруулга: Монголбанкны түүхэн цаг үеийн товчооноос дурдвал:

1925 онд үндэсний тэмдэгт төгрөгийг гаргаж байв

1932 онд хугацаатай эргэн төлөгдөх, барьцаатай зээл авч эхэлсэн

1933 онд хувийн аж ахуй нэгжид зээл олгодог болов

1934 онд худалдаачид, малчин иргэдэд зээл олгодог болсон

1940 онд Улсын төсвийн орлого Худалдаа, аж үйлдвэрийн банкаар дамжих болсон

1941 онд урт хугацаатай буюу 2-4 жилийн зээл олгодог болов

1942 онд Худалдаа, аж үйлдвэрийн банк орон нутагт салбар, хэлтэстэй болов

1954 онд  Худалдаа, аж үйлдвэрийн банк нь Улсын банкны Ерөнхий хороо болж үндэсний банктай болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.