Бид дадлагажсан, мэргэшсэн, шинийг бүтээгч инженерүүдийг бэлтгэнэ

ШУТИС, БАС-ийн захирал,  Дэд профессор, доктор (Ph.D), Э.Нинжгаравтай ярилцлаа.

 Барилга архетиктурын сургууль нь хичнээн инженер, мэргэжилтэнгүүд бэлтгэсэн бэ? Мөн салбар тэнхимээ танилцуулаач.       

Юуны өмнө ШУТИС-ийн ууган сургууль болох Барилга Архетектурын сургуулийн 60 жилийн ойн мэндийг нөр их хөдөлмөр дайчлан ажиллаж ирсэн үе үеийн ахмад эрдэмтэн, профессор, багш ажилтан, оюутнууддаа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлье.

Манай сургууль нь 1959 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Барилгын инженерийн ангийг нээснээр Барилга, Архитектурын Сургуулийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Өдгөө Барилгын инженер, Архитектур, Хүрээлэн буй орчин гэсэн 3 чиглэлээр инженерүүдийг бэлтгэдэг 181 профессор, багш ажилтантай бакалавр, магистр, доктор нийлсэн 4000 орчим оюутантай томоохон сургууль болтлоо өсөн дэвжсэн байна.

Танай сургуулийн онцлог,  давуу тал мөн ямар зорилго зорилт тавин ажиллаж байна вэ?

Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц шилдэг шинэ технологийг бүтээн бий болгох, дэлхийн олон их сургуулиуд болон эрдэмтэдтэй хамтран ажиллах, шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдэх чадвартай боловсон хүчин бэлтгэх, судалгаанд суурилсан тэргүүлэх бүрэлдэхүүн сургууль болон хөгжихөд оршино. Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн зүгээс сургалтын лаборатори, ном сурах бичиг, материаллаг бааздаа дүн шинжилгээ хийж, дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх тал дээр томоохон  зорилтуудыг тавин ажиллаж байгааг дурьдахад таатай байна.

Бид бүтээлч, чадварлаг боловсон хүчин болон оюутнуудыхаа мэдлэг, оюуны нөөц бололцоон дээр суурилсан улс орныхоо хөгжлийн хөдөлгүүр нь болохыг эрхэм зорилогоо болгон хичээн ажиллаж байна. Мөн дэлхийн их сургуулиудтай эн зэрэгцэж судалгаа хийх, судалгаагаар дамжуулан төгсөөд гарсан инженерүүд болон суралцаж буй оюутнуудаа дэлхийн жишигт хүрсэн  мэдлэг мэргэжлийг олгоё гэсэн зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.

Бид бүгдийн төгсгөн гаргаж буй инженерүүд зах зээлд маш эрэлт хэрэгцээтэй байна. Удирдлагынхаа хувьд инженерүүдээрээ маш их бахархдаг. Манай сургуулиас төгсөн гарсан инженерүүдийн хүч хөдөлмөрөөр Улаанбааатар хот өнөөдөр Азийн Мега Сити хот болтлоо хөгжиж цэцэглэсэн байгааг харахад миний бахархал төрдөг. Мөн сүүлийн жилүүдэд манай оюутнууд олон улсын тэмцээнд оролцож гайхам амжилтуудыг гаргасан. Гадаадын их дээд сургуулиудтай өрсөлдөх хэмжээний боловсролыг эзэмшиж байна. Саяхан оюутнууд маань Азийн ган гүүрийн тэмцээнд нэгдүгээр байрыг эзлэлээ.  Манай  оюутнууд сэтгэж, бодож, бүтээх чадвар маш өндөр юм аа гэдгийг дэлхийн хэмжээнд харуулсан гэж боддог.

Сургалтын ямар шинэлэг систем нэвтрүүлсэн бэ?

БСШУСЯ-тай хамтраад лабораторын бааз тоног төхөөрөмжийг бэхжүүлж ажиллаж байна. Мөн 2015 оноос Япон улстай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж 150 хүүхдийг Японы улсын их дээд сургуулиудад амжилттай суралцуулж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцаж, төгсөж ирсэн инженерүүд маань дэлхийн жишигт нийцсэн барилгуудыг барьж эхлэнэ. Тиймээс бид хотоо тэлэх цаашилбал засаг захиргааныхаа нэгжийг өргөжүүлэх маягаар хөгжүүлэх нь зүйтэй юм. Дээр үеийнхээ уламжлалаар аймаг, сум, орон нутгаа хөгжүүлдэг тухайн газрын хүмүүсийг тухайн газарт нь хувиарлаж улс орныхоо хэрэгцээнд нь гар бие оролцуулдаг ийм уламжлалууд байсан тэдгээр уламжлалуудаа эргэж харж дагавар хотуудаа хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Мөн сүүлийн үед бидэнд тулгамдаж, хоцрогдож буй асуудлуудын нэг бол  хүрээлэн буй орчны   асуудал. Өнөөдөр бид уул уурхай гэж хошуурч байгаа хэдий ч хэдэн жилийн дараа ундны усны аюулд өртөх магадлал ихтэй гэж хардаг. Тийм учраас иргэн бүрд ус, хог гэсэн асуудлыг суулгаж өгөх шаардлагатай байна.

Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.