Дахин төлөвлөлтийн хүрээнд 1280 айлын орон сууц барих байршлыг батлав

Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг N24.mn сайт тоймлон хүргэж байна.

-2020 оны төсвийн орлогыг 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөгт тооцжээ

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд, өндөр өсөлтийг дэмжихэд чиглэсэн дунд хугацаанд баримтлах бодлого стратегийн хүрээнд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулжээ.Төсвийн алдагдлыг үе шаттайгаар жил дараалан бууруулснаар 2020 онд төсвийн алдагдлыг тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт багтаан ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөсөн байна. Цаашид 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай байхаар төлөвлөжээ.

-Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат-ын эзэмшлийн байранд автомат тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсан нь дуулиан тарив.

 Цагдаагийн хурандаа Э.Бөхбат Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх уг байрыг 2003 худалдаж аваад өргөтгөл барьж, зоогийн газар ажиллуулж байгаад 2007 оноос хойш түрээслүүлжээ. Ажил ихтэйн улмаас байраа түрээслүүлснээс хойш энэ байранд ирээгүй. Манай байрыг анх түрээсэлсэн хүмүүс мөрийтэй тоглоомын газарт давхар түрээслүүлж, дундаас нь ашиг олж байгааг сая мэдлээ хэмээн тайлбарлав. Тиймээс хурандаа Э.Бөхбат энэ хууль бус үйл ажиллагааг шалгуулж, үнэ мөнийг тогтоох хүртэл үүрэгт ажлаасаа түтгэлүэх өргөдлөө өнгөрсөн пүрэв гарагт өгч буйгаа мэдэгдлээ. 

-Дарханы зам удаашрилттай, санхүүжилт бүрэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаатай холбогдуулж мэдээлэл хийлээ

2019 оны зургаадугаар сараас Дарханы замын ажил албан ёсоор эхэлсэн ч замын ажил удаашралтай, санхүүжилт бүрэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй, зам муугаас иргэд тус замд осолдож эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байхад энэ ажилд төрөөс хяналт байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ ажилд Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.

-Дахин төлөвлөлтийн хүрээнд 1280 айлын орон сууц барих байршлыг батлав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг баталлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын зүүн хойно 24 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг байршил нь төвийн төвлөрсөн шугамд холбогдох боломжтойгоороо давуу талтайн дээр амьдарч буй иргэдийн 89 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажуулахыг дэмжсэн аж. Уг байршилд нийт 4600 хүн ам, 1280 өрх, 920 хүүхдийн сургууль, 460 хүүхдийн цэцэрлэг, нэг өрхийн эмнэлэг, нэг амбулаторитой байхаар төлөвлөж байгаа гэнэ. 

-Монгол хүний оюуны чадавхийг харуулахын тулд ШУ-д хөрөнгө оруулахаа амлав

Эрдэмтдийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо "Шинжлэх ухааны салбарт ДНБ-ий 1 хувийг зарцуулах ёстой" гэсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Шинжлэх ухааны салбарт цогц шинэчлэл хийх цаг болсон" хэмээн онцлов. 

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” хоёр өдөр үргэлжилж, төр, хувийн хэвшил, эрдэмтэд нийт 800 төлөөлөгч тулгамдсан асуудлаа хэлэлцэн, хөгжлийн төлөвөө тодорхойллоо. Шинжлэх ухааны салбарт 4277 ажилтан ажиллаж байгаагийн 1917 нь эрдэм шинжилгээний ажилтан байгаа бөгөөд манай улсын шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааны зардлын 67.3 хувь нь цалингийн зардалд, 32.3 хувь нь эрдэм шинжилгээ, судалгааны зардалд зарцуулагдаж байна. Гэтэл хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд нийт зардлынхаа 80 хувийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулж байгаа талаар хурлын үеэр онцолж байлаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.