Польшийн цагдаагийн байгууллагаас манай улсын 69 дипломатч, улстөрч, төрийн албан хаагчийг эрэн сурвалжилж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хууль бус наймаанд нэр холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл хийлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

- Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон талаарх мэдээллийг өгч байсан. Тэр үед хаалттай мэдээлэл байсан. Хилийн чанадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн мэдээлэлтэй хамтатгаж ирүүлсэн байсан. Энэ нь нууцын зэрэглэлд хамаарна. Тиймээс одоо нууцын зэрэглэлгүй мэдээллийг хүлээж авсан. Нийтдээ  69 иргэдийн мэдээлэл байна. Эдгээрээс зарим нь төрийн алба, дипломат албанд, улс төрийн намуудын удирдах түвшний, зарим нь дипломат паспорт ашиглаж хууль бус хэрэгт холбогдсон хүмүүс байгаа. Манай байнгын хорооноос хар тамхи,  мансууруулах бодист оролцож байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох, албанаас нь чөлөөлөх, хуулийн хариуцлага тооцох арга хэмжээ авч байгаа. Монгол Улс дотооддоо хар тамхины хэрэглээг таслан зогсоох, сүлжээ нь олох, хуулийн хариуцлага тооцох чиглэлд байнгын хорооноос чиглэл өгч, хамтарч ажиллаж байгаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос энэ асуудлаар хоёр удаа хуралдаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Нэр холбогдсон хүмүүсийг дипломат албанаас чөлөөлж, хуулийн хариуцлага тооцох чиглэл өгсөн. Гадаадад хэрэгт холбогдсон хүмүүсийг дотооддоо шалгах боломжгүй гэж байгаатай санал нийлэхгүй байна. Тэнд үйлдэгдсэн эрүүгийн гэмт хэрэгтэй холбогдуулж Монгол Улсдаа шалгах чиглэлийг өгсөн. Тэр хүмүүсийн хөрөнгө орлого, хамаарал бүхий этгээдүүдийг шалгах хэрэгтэй хэмээн мэдээлэв.

Хууль бусаар хил дамнасан наймаа хийсэн 69 иргэний мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Үүнд:

1.Х.Даваадоржийг Бельги улсад суух дипломат албанаас чөлөөлөгдсөн. Хууль бус хил дамнасан наймаа хийсэн гэсэн үндэслэлээр. Б.Болор мөн эрэн сурвалжлагдаж байгаа аж.

2. А.Батсайхан БНАЛУ дахь Элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тэрбээр ОХУ-аас их хэмжээний хар тамхийг Европ руу тээвэрлэсэн хэрэгт холбогдож дипломат албанаас чөлөөлжээ.

3. Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Албан үүргээ гүйцэтгэж байгаа эрхээ хэтрүүлэн ашиглаж, тээврийн  хэрэгслийг Хятад улсад татваргүйгээр нэвтрүүлж, ашиглуулсан зөрчил гаргажээ.

4.Б.Баттүшиг Турк улсын Станбул хотод  суугаа Ерөнхий консулын газрын дэд консулын албан тушаал хашиж байхдаа хууль бусаар хар тамхи тээвэрлэж байгаад баригдаж, шалгагдаж байгаа.

5.С.Эрдэнэбаяр Турк улсын Станбул хотод  суугаа Ерөнхий консулын газрын жолоочоор ажиллаж байгаа их хэмжээний хууль бус хар тамхи тээвэрлэсэн хэргээр шалгагдаж байгаа.

6.С.Эрдэнэ БНХАУ-ын Хонконг дахь ЭСЯ-нд ажиллаж байгаад хууль бус наймаа хийсэн хэргээр шалгагдсан байна.

Энэчлэн нийт 69 иргэнийг Польшийн цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа аж. Тэрбээр мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс хэд нь төрийн албанд ажиллаж байна вэ?

-Энэ хүмүүс төрийн албанд ажиллах үндэслэлгүй. Гадаадад улс оронд хууль бус наймаанд оролцоод Монголдоо аж ахуйн нэгж ажиллуулах хэлбэрээр ажилласан бол мөнгө угаах гэмт хэрэг болно. Тиймээс шалгуулж байгаа. Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс дотор одоо ЗГХЭГ-т ажиллаж байгаа хүмүүс ч бий.  Үүнийг ойрын үед УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.