АТГ-аас хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр “ЦАГААДСАН” томоохон хэргүүдийг сэргээх үү?

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Э.Бат-Үүл, Б.Чулуудай, Р.Онон, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 29 авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул цагааджээ

-Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Э.Бат-Үүл, Б.Чулуудай, Р.Онон, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 29 авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул цагааджээ-

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон нөхөд "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан" гэх ганцхан өгүүлбэрийн ард гэмгүй хоцорч, ял завшиж байгаа нь нэгэнт ил болжээ. АТГ-аас хийсэн судалгаагаар 2016-2018 оны хооронд "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан" гэх шалтгаанаар шүүхээс 29 хэргийг цагаатгасан гэх тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр болон Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан, Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон зэрэг олон хүнд холбогдох 29 хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, тэд ялгүй үлдсэн байх юм. 

Тэгвэл тэдэнд "ял завших" боломжийг өнөөгийн эрх баригчид хоёр жилийн өмнө шинэчлэн баталсан Эрүүгийн хуулиар олгосон байдаг. Энэхүү хуульд хэргийн “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааг тоолно” гэж зааж өгсөн нь томоохон мөнгөн дүнтэй, шалгахад цаг хугацаа их шаардагдах авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулиар чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа шинэ Эрүүгийн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.10.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж хуульчилсан байна. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хэн ч ял завших ёсгүй" гэх хатуу байр суурьтай байгаа билээ. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт хүсэлт хүргүүлсэн байдаг. Тэрхүү хүсэлтдээ "Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг хууль хяналтын байгууллага олгож байна. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим хэнд ч алагчлалгүй үйлчлэх ёстой" гэж тодотгосон байдаг. Улмаар УИХ-аас Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргаж, төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж байна.  

Энэхүү ажлыг эрчимжүүлж өнгөрсөн мягмар гарагт АТГ-ын дарга З.Дашдаваа дээрх чиглэлээр байгууллагынхаа удирдах бүрэлдэхүүнд албан даалгавар өгсөн. Тэрбээр төрийн албан хаагчдын үндэслэлгүй хөрөнгөжиж буй байдлыг хөрөнгө, орлогын мэдүүлгээр дамжуулан илрүүлэх ажлыг эрчимжүүлэн шинэлэг арга, аргачлал, технологийг нэвтрүүлэх, 2019 оны байдлаар шүүх, прокуророос буцсан үндэслэл, шалтгааныг тодруулан танилцуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй авлига, ашиг сонирхлын зөрчлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэж байх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох зэрэг нийт 23 чиглэлээр үүрэг болгосон юм. 

Нөгөө талаараа өнөөгийн Засгийн газраас энэхүү хуулийн цоорхой, хийдэл, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн багц хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлнэ” гэх тайлбарыг өгөөд байна. Одоо АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар ажлаа хийх л үлдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.