Аравдугаар сард шатахууны үнэ өсөх магадлалтай

Их гүрнүүдийн улс төрийн үл ойлголцол, Саудын Арабад болсон хэд хэдэн удаагийн халдлагын улмаас газрын тос, тосон бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа талаар эдийн засаг судлаачид анхааруулж байна

Манай улс шатахуун импортлогч орон учраас дэлхийн зах зээлийн төлөв байдал бензиний үнэд шууд нөлөөлнө. Тиймээс ойрын өдрүүдэд дэлхийн газрын тосны салбарт гарч байгаа үйл явдалд анхаарал хандуулъя.

Их гүрнүүдийн улс төрийн үл ойлголцол, Саудын Арабад болсон хэд хэдэн удаагийн халдлагын улмаас газрын тос, тосон бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа талаар эдийн засаг судлаачид анхааруулж байна.

Тухайлбал, энэ сарын 14-нд  Саудын Арабын зүүн хэсэгт  орших, газрын тос экспортлогч дэлхийн хамгийн том компани болох  төрийн өмчит “Saudi Aramco Oil”-ын газрын тос боловсруулах үйлдвэр халдлагад өртсөн. Одоогоор АНУ болон Саудын Арабын тал нисгэгчгүй дроноор үйлдсэн энэхүү террорист халдлагын ард иранууд байсан гэж хардаж буй. Халдлагын улмаас тус улс өдөрт ойролцоогоор 6 сая баррель газрын тосны экспортын алдагдал хүлээж, нийт экспортын 50 хувь зогсонги байдалд орлоо гэсэн тооцоог зах зээлийн шинжээчид гаргажээ. Энэ нь дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн таван хувь сааталд орсон гэсэн үг юм.

Саудын Арабад болсон халдлагын дараа дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ баррель тутамдаа 69 ам.доллар болж нэмэгдэв. Иймд ОПЕК-ийн орнууд шуурхай арга хэмжээ авсны үндсэн дээр энэхүү огцом үнийн өсөлтийг 64 ам.доллар болгож бууруулсан ч, цаашид ханш баррель тутамд 30 болон түүнээс дээш хувиар өснө гэсэн урьдчилсан тооцоог салбарын нэр хүнд бүхий шинжээчид анхааруулж байна.  

Жилийн өмнөх энэ үед дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш баррель тутамд 86.29 ам.долларт хүрч байжээ. Энэ  нь сүүлийн таван жил дэх хамгийн өндөр ханшийн үзүүлэлт юм. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд нэг баррель газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 74.57 ам.доллар хүрч огцом өссөн. Гэвч оны долдугаар сарын 10-нд 59.97 ам.доллар болж буураад байв. Харин халдлагын дараа буюу есдүгээр сарын 20-нд баррель тутмынх нь үнэ огцом нэмэгдэж 69 ам.доллар болоод байгаа юм.

Үүнээс гадна АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш нэмэгдэх бас нэг шалтгаан  болж буй. БНХАУ нь газрын тосны хэрэглээгээр АНУ-ын араас хоёрт ордог. АНУ нь газрын тосны импортоор БНХАУ-ын араас мөн хоёрт бичигддэг.  Нью-Йорк хотноо энэ өдрүүдэд үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дэх хуралдааны индэр дээрээс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд  Трамп БНХАУ-ын худалдааны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж “Энэ асуудалд бид өөрсдөдөө ашиггүй муу тохиролцоо хийхгүй” гэж мэдэгдлээ. Үүнийг зарим олон улсын улс төр судлаачид хоёр орны хооронд өргөн хүрээнд хийгдэж буй худалдааны дайныг эцэслэх хэлэлцээр саатаж, цаашид улам хүндэрч болзошгүй бодит эрсдэл гэж харж байгаа аж.

Мөн АНУ нь Саудын Арабын газрын тосны байгууламжуудад удаа дараа гарсан халдлагуудтай холбоотойгоор Иранд тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ улам бүр чангатгаад буй. Үүний хариуд Ираны тал Ойрхи Дорнодын газрын тосны экспорт хийдэг цорын ганц далайн гарц болох Хормузын хоолойг хаах талаар яриа өрнөж эхэллээ. Дэлхийн улс төрийн эдгээр таагүй нөхцөл байдлын нөлөөгөөр газрын тосны томоохон ханган нийлүүлэгчид болох Иран, Венесуэл, Ливи зэрэг орнуудын экспорт эрс буурах болов.

Дэлхийн газрын тосны салбарт үүсээд буй энэ бүх хүндрэл нь ОХУ, Кувейт тэргүүтэй ОПЕК-ийн бусад орнуудад зах зээлд эзлэх байр сууриа ахиулах боломж болно гэж ажиглагчид үзэж байна.

Дэлхий дахинд болж буй газрын тосны салбар дахь энэ бүх гэнэтийн хүндрэлээс импортлогч улсуудад бензин, түлшний үнэ өсөх бодит шалтгаан болно. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд АНУ-ын хэд хэдэн мужид бензиний үнэ литр тутамдаа 140-147 центээр өсчээ.  

Манай улсын хувьд ОХУ-аас нийт нефтийн бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг импортолдог. Дэлхийн гол нийлүүлэгч орнуудад үүссэн асуудлаас болж Оросын нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, үнэ өсөх хандлага ч ажиглагдаж байгаа юм. хэрвээ үнэ одоогийн түвшиндээ үргэлжилвэл манай улсын бензин шатахууны үнэд шууд нөлөөлж, аравдугаар сард бензиний үнэ 29 ам.доллароор, дизель түлшний үнэ 73 ам.доллароор өсөх нь тодорхой болжээ.

Дэлхийн зах зээл дээрх ханшийн өсөлт нь АНУ-ын зүгээс томоохон газрын тос экспортлогч Иран улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгасантай, мөн Ойрхи Дорнодын улс төрийн нөхцөл байдал тэр дундаа Сири, Ливийн хүндрэл, Латин Америкт Венесуэлийн хямрал нүүрлэсэнтэй холбоотой байв. Үүний дээр манай улсын импортлогчид гаднын улсаас нефтийн бүтээгдэхүүнийг ам.доллараар худалдан авч, төгрөгөөр арилждаг. Мэдээж валютын ханшийн савалгаатай байдлаас болж Монгол Улсад бензиний үнэ тогтвортой байх эсэх таамаглахад бэрх болж ирдэг. Саудын Арабын халдлага, 2018 онд болсон дэлхийн улс төрийн үл ойлголцол гэх мэт манай улсаас үл хамаарах гэнэтийн хүчин зүйлсэд Монголын нефть импортын салбар маш өртөмтгий, нөлөөлөх ямар ч боломжгүй байдаг. Тиймээс дэлхийн зах зээлд өрнөж буй эдгээр эрсдэлүүд нь Монголд шатахууны үнэ өсөх гол шалтгаан болж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg, Scroll.in, Reuters, CNBC 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.