Ахимаг насныханд сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжих 4 аргыг сэтгэл зүйч зөвлөж байна...

Үг үйлдлээрээ үр ачдаа зөв үлгэр дуурайлал байх. Тэдний ирээдүйн сайн сайхны төлөө чадах бүх зүйлээ уужуу сайхан сэтгэлээр зориулж, үр хүүхдээ хайрлах нь настнуудын сэтгэл дүүрэн байх чухал шалтгаан болдог.

-Өөрийн амжилтаа жагсаах

Настай хүмүүс өөрийгөө бусдад хэрэггүй болчих вий эсвэл болчихсон мэт айдсаас болон өөрийгөө хэт их дайчлах, биедээ ахадсан ажил хөдөлмөр эрхлэх гэж эрмэлздэг. Заримдаа санасандаа хүрэхгүйгээсээ болон сэтгэлээр унах, хямрах, гутрах, ганцаардах тохиолдол гардаг. Иймд юун түрүүнд өнгөрсөн болоод одоогийн амьдралдаа өөрийн хийж бүтээсэн зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад үзээрэй. Ажил мэргэжил, амьдрал ахуй, үр хүүхэд, хамаатан садан найз нөхдийнхөө амьдралд зориулан та юу хийж чадсан байна. Эдгээр жагсаалт дунд өөртөө баяр хүргэх маш олон зүйлс байгааг анзаарах болно. Аль хэдийн чухал амжилттай зүйлсийг хийж бүтээсэн гэдгээрээ өөртөө талархах цаг гаргаарай. Өнөөг хүртэл хуримтлуулсан мэдлэг туршлага тань өөр амжилтыг бүтээх боломжтой.

-Унших: Тархины дасгал буюу идэвхтэй уншлага хийж аливааг эргэцүүлэх нь тархины эд эсийн хөгжлийг хадгалж үлдэх ач тустай. Ном уншиж үнэлэлт дүгнэлт өгөх нь биед булчин суухтай адил тархинд шинэ эд эсийн холбоос бий болгон тархины хөгжлийг дэмжиж байдаг. Харин утас болон дэлгэцээр дамжуулагдаж байгаа зүйлсийг үзэх нь эсрэгээрээ тархийг хатингаршуулж, хөшүүн байдал руу оруулж байдаг сөрөг талтай гэдгийг санах нь илүүдэхгүй.

Хүмүүс ихэвчлэн хөгшрөөд юм ойлгохоо болилоо, одоо хөгширсөн хойноо юу ч сурах билээ дээ, сураад ч яах юм гэлцдэг. Судалгаагаар 60 нас хүртэл тархины хөгжил явагддаг ба түүнээс хойш дөнгөж удааширч эхэлдэг бөгөөд тархины хөгжил зогсонги болох нь гагцхүү оюуны идэвхтэй үйл буюу уншиж сэтгээгүйгээс болдог гэсэн байна. Харин сурахад хэзээд оройтохгүй гэж хэлсэн байдагчлан байгалийн сайханд нам гүм орчинд өөрийн сонирхсон номыг уншин сууж бодол эргэцүүлэл төрүүлэх нь сэтгэл зүйн энгийн нөхөн сэргээх эмчилгээ болдог.

-Дасгал хөдөлгөөн хийх

Идэвхтэй хөдөлгөөн хийхдээ хөгжмийн хэмнэл ашиглах нь хүний тархийг сэргээх, шинэ мэдрэмж төрүүлж бий болгох ач холбогдолтой. Учир нь хөгжмийн хэмнэл, дасгал хөдөлгөөн нь хүнд тодорхой сэтгэл хөдлөлийг үүсгэн аз жаргалын гормоныг ялгаруулж өгснөөр хүн баяр хөөрийг мэдэрдэг. Өөрт тохиромжтой дасгал хөдөлгөөн хийх, хөнгөн гүйлт, энгийн өглөөний дасгал, гэр бүлээрээ дасгал хамтдаа хийх, агаарын теннис, гар бөмбөгөөр тоглох, ууланд алхангаа бодол эргэцүүлэл хийх, мөн гэр бүл үр ач нартайгаа хамт тодорхой цагийг өнгөрөөх нь стресс тайлагдах, сэтгэл сэргэх боломжтой.

-Үр удам, хойч үеийнхээ төлөөх үлгэр дууриалал байх

Үг үйлдлээрээ үр ачдаа зөв үлгэр дуурайлал байх. Тэдний ирээдүйн сайн сайхны төлөө чадах бүх зүйлээ уужуу сайхан сэтгэлээр зориулж, үр хүүхдээ хайрлан тэднийг урам зоригоор тэтгэх нь настнуудын сэтгэл дүүрэн байх чухал шалтгаан болдог. Учир нь авахаасаа илүү өгөх нь ерөөлтэй хэмээх амьдралын чухал зарчим дор жинхэнэ аз жаргал, алсын хараа оршин байдаг. Эрүүл амьдралын хэв маягтай, үг хандлагаараа бусдыг хайрладаг, хүндэлдэг, үнэнч шударга, даруу дөлгөөн, эелдэг, өр зөөлөн, тэвчээртэй, өөрийгөө захирдаг байснаар олон олон залуус, үр ач нар настнаас суралцана. Настан та өөрийн үнэтэй өвийг хойч үед ийнхүү дамжуулж, ирээдүйн алсын хараа таных байж, өдөр бүр та байгаагаараа энэ амьдралын үнэтэй бэлэг нь байх юм.

Гэр Бүл Анхаарлын Төвд Байгууллагын

Сэтгэл Зүйч Д.Энхжин

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.