Иргэдийн хүсэлтээр Их дүйчин өдрийг амрах өдөр болгох хуулийн төслийг өргөн барилаа

Өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг хүргэж байна.

-Барьцаагүй бага хүүтэй итгэлийн зээл олгох хуулийн төсөл санаачлав

Энэ долоо хоногийн хамгийн “халуухан” сэдэв яалт ч үгүй шинээр өргөн барьсан хоёр хуулийн төсөл байлаа.

Эхнийх нь  “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өргөн барьсан. Нэмэлтээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгасан бөгөөд үндэслэл нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор нийгмийн сүлжээ, цахим хуудсуудад бухимдсан сэтгэгдлүүд их байлаа. Нийтээр амрах өдрүүд багадаагүй дээр нь эдгээр өдрүүдийг гэнэт шийдвэр гаргаж шилжүүлдэг зэргээс болоод хуулийн төслийг дэмжихгүй иргэд их байв. Үүнийг эсрэгцэн зөв зүйтэй санаачилга байна ч гэх иргэд мэр сэр байсан юм. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар санаачлан боловсруулсан байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ хэмээн заасан бөгөөд одоогийн байдлаар нийт найман өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заажээ.

Харин дараагийнх нь “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төсөл. Монгол Улсын хэмжээнд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20.0 сая төгрөг хүртэлх зээл авсан байна. Итгэлийн зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж олгохоор ийнхүү хуулийн төсөл боловсруулжээ. Итгэлийн зээл барьцаагүй, бага хүүтэй. Хууль санаачлагчид иргэдэд итгэл хүлээлгэх хэрэгтэй гэдгийг онцолж буй. Гэвч эрсдэл үүсвэл хууль санаачилж, өргөн барьсан гишүүд хариуцлага хүлээх эсэх нь асуулт.

-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авлаа.

Чуулганд оролцсон 53 гишүүний 64.2 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэсэн юм. Хууль зүйн байнгын хороо, МАН-ын бүлэг тус тус Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээж байсан ч санал асуулга өөр хариу үзүүллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч УИХ-д тус болж хориг тавьсан гэдгийг чуулганы хуралдааны үеэр хэлж байв.

-Аав хүү хоёр баавгайд бариулж амиа алдав

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газар аав, хүү хоёр баавгайд бариулж амиа алдлаа. 1964 онд төрсөн эрэгтэй О, мөн түүний хүү 8 настай хүү Б нар амиа алдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлээд буй юм. Өнгөрсөн сард Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг сумын төвөөс баруун тийш 30 км зайтай Жараахай хэмээх газарт намаржиж буй малчны хотонд бамбарууш ирсэн билээ. Сүүлийн үед зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирэх болсон, нүүдлийн шувууд олноор үхэж буй тохиолдол ихэссэнтэй холбогдуулан учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, биотехникийн арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагад зөвлөмж чиглэл өгөх үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тушаал гарган байгуулжээ. Ажлын хэсэг өчигдөр хуралдсан бөгөөд хуралд Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн хүндэт Ерөнхийлөгч, баавгай судлаач Харри Ренолдс хүрэлцэн ирж, үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч болох талаар зөвлөлдсөн байна. 

-Шахмал түлшний угааранд 2 хүүхэд, 2 том хүн нас баржээ

16 хүн Хордлогын яаралтай тусламжийн төвд иржээ. Харин ЭХЭМҮТ-д дөрвөн хүүхэд угаарын хордлоготой ирсний гурав нь эмнэлгээс гарсан байна. Харин 15 настай хүүгийн бие хүнд Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн хүүгийн ээж амиа алдсан байна. Харин ХЯТТ-ийн төвд ирсэн эмэгтэйн хоёр, дөрвөн настай хоёр хүүхэд бурхан болжээ. Эдгээр угаартсан иргэд шахмал түлш түлээн унтсан гэж мэдээлэл өгөөд байна. Иймээс Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаан зарлаж дээрх асуудлыг хэлэлцэх гэж байна. Хамгийн сүүлд буюу 21 цагийн орчимд ахин нэг иргэн угаартаж амь насаа алдсан гэх мэдээлэл ирлээ. Бидэнд ирсэн мэдээллээр хоёр хүүхэд, хоёр том хүн хоёр хоногийн дотор угаартаж амь насаа алдсан харамсалтай үйл явдал болоод байна.

-Шинэ гүүрийг хэн гэж нэрлэх вэ?

НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй, Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарцыг нэршүүлэхээр иргэдээс энэ сарын 10-ныг дуустал санал авч буй юм.

Мэдээлэлтэй холбоотойгоор иргэд цахим орчинд нэрийн хувилбараа дэвшүүлж эхэлсэн. Олон хүн “Сарны гүүр” хэмээн нэрлэх санал гаргажээ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьсан тул Найрамдал гүүр гэх нь зөв гэсэн бол Хөгжлийн гүүр, Олимпийн гүүр, Соёмбо гүүр, Паркийн гүүр, Хадган гүүр зэрэг олон санал гаргаад байгаа юм байна.

Зарим иргэн будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр иргэдээсээ асууна гэдэг үгээр бүх зүйлд санал авч байгаад дургүйцэж байгаагаа ч илэрхийлсэн. Ямартай ч иргэдийн саналд үндэслэн шинэ гүүр удахгүй нэртэй болох нь ээ.

-ЗХЖШ-ын даргаар Бригадын Генерал Д.Ганзоригийг томиллоо

Өнгөрсөн баасан гарагт Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч, генерал А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Энэ дагуу энэ долоо хоногт ЗХЖШ-ын шинэ даргаар Д.Ганзоригийг томилох саналыг Ерөнхийлөгч гаргасан.

УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанд 52 гишүүн оролцож байгаагийн 40 нь байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжсэн тул Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилсон. Хуралдааны үеэр өмнөх дарга А.Ганбат томилогдоод зургаан сар болоод ажлаа хүлээлгэн өгч байгаад УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа.Эрүүл мэндийн шалтгаан гэсэн ч цаана нь өөр учир байгаа эсэхийг тодруулах, зургаан сар ажиллах хүнийг анхнаас нь чухал албан тушаалд томилох ёсгүй зэрэг байр суурийг илэрхийлсэн. Мөн албан тушаалыг өргөдөл гаргаад хүлээлгэн өгөх бус өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан  болон үр дүнг нь ч хэлэлцдэг байх ёстой гэсэн саналыг ч гаргаж байв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.