Үндсэн хуулийн өөрчлөлт эрх баригчдын унах нүх үү, аврах шат уу

Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд нэг заалт л гэхэд хэд дахин өөрчлөгдөж, нилээд хэдэн төслийн хувилбар танилцуулсныг нь хийх ажлаа мэдэхгүй мунгинасан гэхээсээ, хийгүй байлгаж хичээснийх хэмээн цагаатгаж болох. Харин ингэж ажил удаан боловсруулсан төслөө баталж чадахгүй ч байж мэдэхээр байдалд ороод буйг нь үнэмлэхүй олонхын арчаагүйнх гэхээс өөр юу гэх билээ

Улс төрд үйл явдал арвинтай, өрнүүн гэхээсээ хөл толгойгүй гэх нь онох халуун өдрүүд үргэлжилж байна. Эргэж буцсан, ээдрээ маапаантай олон олон үйл явдлын сүүдэрт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах, гажуудсан бүхний шалтгаанаар тодорсон засаглалын хямрал эрх мэдлийн бруу хуваарилалтыг засаж, залруулан, байранд нь тавих итгэл найдвар алсарлаа. Эрх баригчдын бүрэн эрхийнхээ хугацаанд хууль тогтоох чиглэлд хийхээр зорьсон хамгийн том ажил нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. МАН ч засгийн эрх авангуутаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд ханцуй шамлаж, 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээн асууж шийдвэрлэнэ” хэмээн заасан. Үүнээс ч илүү том шалтгаан бий. Шилжилтийн үеийн Үндсэн хуулиа сайжруулах, өнгөрсөн хугацаанд холилдож, бантагнасан төрийн тогтолцоог засах зайлшгүй шаардлага байна гэж улстөрчид, эрдэмтэн, судлаачид бүх түвшиндээ санал нэгдээд багагүй хугацаа өнгөрч байна.

Үндсэн хуулийг өөрчлөх нь ганц энэ удаагийн парламентын, өнөөгийн УИХ-ын даргын мөрөөдөл биш. Үе үеийн эрх баригчид чухам үүнийг л хүсэж, янз бүрээр оролдож үзсэн байдаг. Тодрхой хэлбэл, Сүүлийн таван парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ямар нэг байдлаар ярьж, зарим нь төсөл боловсруулж, бэлэн болгосон УИХ-аар хэлэлцүүлж чадаагүй, төсөл нь цаас болоод үлдсэн. Бүр тодруулбал 1999, 2000, 2011, 2012, 2015 онд гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар оролдож, төсөл боловсруулж байв. Эдгээрээс цорын ганц нь буюу 2000 оны оролдлого амжилт олж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт болон туссан. Түүнээс хойш хамгийн амжилттай явсан нь (энэ удаагийнхыг ороцуулахгүйгээр) 2015 онд Н.Батбаяр тэргүүтэй гишүүдийн санаачилж, боловсруулсан төсөл. Уг төсөлд гишүүдийн олонх нь гарын үсэг зурж, УИХ-д өргөн барих хэмжээнд очсон ч парламентаар хэлэлцэгдэх хувь дутсан билээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гэж улстөрчид, эрдэмтэн, судлаачид бүх түвшиндээ санал нэгддэг хэрнээ яг хийх болохоороо тал тийшээ хараад суучихдаг, нэг нэгэндээ саад тээг тавиад урагш гишгүүлдэггүй. Өмнөх парламентийн үед Н.Батбаяр тэргүүтэй гишүүдийн боловсруулсан төслийг “УИХ-ыг 99 гишүүнтэй, таван жилийн хугацаатай болгох гэнэ” хэмээн шоолж, баалж байгаад парламентийн босгоор давуулаагүй билээ. Тэдэнд УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналыг авах хэмжээний дэмжлэг байгаагүй учраас уг төсөл хол явахгүй нь эхнээсээ л тодорхой байсан.

Парламент нь олон намын төлөөлөлтэй, Засгийн газрыг хамтарч бүрдүүлж байх үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцвэл талуудын байр суурийг тэгш тусгах ардчиллын зарчим хангагдана хэмээн тайлбарлах хүн олон байдаг. Гэвч бодит байдал дээр улс төрийн хүчнүүд өрсөлдөгчөө оноо өгөхийг хүсдэггүй учраас ийм томоохон асуудлаар нэгнийхээ санаачилсныг дэмжхээсээ илүү саад болдог. Үүнийг бид Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн 2015 оны оролдлого болон бусад олон зүйлээс хангалттай харж буй билээ.

Харин нэг нам үнэмлэхүй олон байхад Үндсэн хуулийн өөрчлөлт оролдлого амжилтанд хүрэх магадлал хамгийн өндөр. Түүх сөхвөл 1992 онд үндсэн хууль баталсан 430 депатутын 390 гаруй нь МАХН (хуучнаар)-ын гишүүн байсан юм. 1999 онд “Ардчилсан холбоо” эвсэл УИХ-д 50 суудалтай байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлт оруулж, тэр нь ҮХЦ дээр унасан. 2000 онд МАХН парламентад 72 гишүүнтэй байхдаа цэргийн шийдвэрийг хүлээж авахгүй хэмээн шийдэж, “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн автор болсон. Үүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг байнга ярьж ирсэн ч өнөөгийнх шиг урагшилсан нь үгүй. Иймээс нэг нам дангаараа баталж чадахуйц тооны суудалтай байхдаа л Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийвэл хийнэ, өнөөдөр бол “Эцэг хууль”-аа өөрчлөх хамгийн таатай цаг үе гэж судлаачид хэлж байсан удаатай. УИХ-д үнэмлэхүй олонх болсон, хуулт тогтоох, шийдвэр гарагах тал дээр юунд ч торохгүй, чухам л уулыг эргүүлж, учыг эрчлүүлэх хүчтэй мэт харагдаж асан эрх баригчдыг Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэхэд олон нийт ч эргэлзээгүй. Шилжилтийн үеийн үндсэн хуулиа сайжруулж, өнгөрсөн хугацаанд холилдож, бантагнасан төрийн тогтолцоог засах өөрчлөлтийг өнөө хэр тэднээс хүлээсээр байгаа.

УИХ-д үнэмлэхүй олонхын суудалтай эрх баригчид ч энэ таатай цаг үе, хувьсгалын тохироог ашиглахаар Үндсэн хуулийн өөрчлөх ажилд хамаг хүчээ дайчилж, бүрэн эрхийнхээ дөрвөн жилийг зарцуулж буй. Энэ ажилдаа эрдэмтэн, судлаачдыг оролцуулж, олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэн, тал талын байр суурийг сонсох зэргээр тун өргөн хүрээтэй, бас чиг ул суурьтай ажиллахыг оролдсон. Гэвч намын дотоод хагарал, бас бус зүйлээс болоод эхлүүлсэн ажлаа дуусгаж чадаагүй, цаашид ч амжилттайгаар дуусгаж чадах, эсэх нь туйлын эргэлзээтэй болоод явчихлаа.

Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд нэг заалт л гэхэд хэд дахин өөрчлөгдөж, нилээд хэдэн төслийн хувилбар танилцуулсныг нь хийх ажлаа мэдэхгүй мунгинасан гэхээсээ, хийгүй байлгаж хичээснийх хэмээн цагаатгаж болох. Харин ингэж ажил удаан боловсруулсан төслөө баталж чадахгүй ч байж мэдэхээр байдалд ороод буйг нь үнэмлэхүй олонхын арчаагүйнх гэхэс өөр юу гэх билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч хэлэн парламент дамжин яригдсан “Эцэг хуулийг өөрчлөх” ажлыг өөрөөрөө “овоглож”, Монголын төрийн гажуудсан тогтолцоог засахад хувь нэмрээ оруулсан хэмээн түүхэнд нэрээ үлдээх том амбийцтай. Тэрбээр өнгөрсөн хавар УИХ-ын даргын албыг аваад “Бидэнд ухрах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ” хэмээн мэдэгдэж гурван жил шахам судлах боловсруулах шатандаа “зүүрмэглэсэн” Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн бариулсан. Эхний хэлэлцүүлэгийг саадгүй явуулахад ч түүний хүчин чармайлт багагүй үүрэг гүйцэтгэсэн. Гэвч бүрэн эрхийн хугацаагаа бүтэн зориулж буй энэ ажил тодорхой үр дүнд хүрээгүйгээр барахгүй цаашид үр дүнд хүрэх, эсэх нь ч эргэлзээ төрүүлж байна.

Олон хүн эвгүй бол оорцог хүний идэш болдгийг энэ парламенд хамгийн тодоор харууллаа. 64 суудалтай олонхоор ганц хүн хэрхэн наадаж болдгийг Ерөнхийлөгч бодитоор үзүүлэв. Эцэст нь "Үнэхээр бүтэхгүй бүхэн Үндсэн хуулиас болж байгаа юм бол, хуулиа өөрчлөөд байдал дээрдэх нь үнэн аваас өөрчлөлтөө хийг” гэсэн хандлага олон нийтэд давамгайлсан энэ таатай үед, олон жил ярьсан, олон парламентчийн мөрөөдсөн Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг энэ УИХ тавиад туучихад ойртлоо. Сонгууль дөхөж, улс төр улам “улайсах” цаг юу юугүй хаяанд тулсан нь Үндсэн хууль өөрчлөх ажил бүтэлтэй болоход эргэлзэх бас нэг шалтгаан нэмж байна. Энэ парламент, үнэмлэхүй олонхын нүүр тахлах ганц ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Үүнийг нь бүтэлгүйтүүлэх сонирхолсөрөг хүчинд лавтайяа амилж байгаа. АН-ынхан “УИХ эрх баригчдын ганц бүлэгтэй, сөрөг хүчингүй болсноор  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чадамжаа алдсан. Сөрөг хүчингүй эрх баригч Үндсэн хуулийг өөрчлөх гэвэл бид эсэргүүцнэ. УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх хүчин, дээр нь Ерөнхийлөгч нэгдмэл саналтай байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ хэлэлцэх ёстой” хэмээн мэдэгдсэн нь сайны ёр л лав биш.

Үндсэн хуулийн өөрчлөлт бол замын ноход хуцаж л байг, жингийн цуваа явж л байя гэдэг зарчмаар хандах асуудал биш. “Үндсэн хууль бол ард түмний зөвшөлцлийн гэрээ” гэдэг. Энэ нь нийгмийн бүх тал, олон нийт, улс төрийн намууд нэгдсэн байр суурьт хүрч байж уг хуулийг өөрчлөх ёстой гэсэн санаа. Гэтэл нөхцөл байдал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлторуулахаар ажиллаж буй хүмүүст улам л ашиггүй тал руу өөрчлөгдсөөр байгаа нь энэ ажил бүтэлтэй болно гэх итгэлийг улам сулруулж байна. “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хууль болох уу, багагүй хөрөнгө, хүч, цаг хугацаа, парламентийн бүрэн эрхийн хугацааг “залгисан” энэ ажил хэнд ч хэрэггүй цаас болоход улам ойртсоор. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж чадвал ирэх сонгуульд эрх баригчдын аврах шат, эс чадвал улам гүнд унах нүх нь болох билээ.

А.Амина

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.