Геологи, уул уурхайн салбарт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг эзэмшүүлнэ

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, профессор Л.Пүрэвтэй ярилцлаа

Салбар тэнхимээ танилцуулаач. Мөн ирээдүйд ямар зорилт зорилго тавин ажиллаж байна вэ?

Манай салбар сургууль нь Монгол улсын тэргүүлэгч салбар болох уул уурхай технологи, Геологи, Гидрогеологи, Геодизи, Газрын тос өрөмдлөг, Эрдэсийн боловсруулалт инженерчлэлийн гээд 5 салбар, 10 судалгааны төвтэйгөөр сургалт үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөгийн байдлаар 3000 гаруй оюутан, 140 гаруй багш, ажилчидтай. Бакалавр , магистер, докторын төвшинд 13 хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Мөн уул уурхайн зөвлөх инженерийн сургалтуудтай. Бид манлайлагч боловсон хүчинг бэлтгэн гаргаж улс орны бүтээн байгуулалт, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулсаар ирсэн. Бидний эрхэм зорилго бол олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн  манлайлагч мэргэжилтэн, инженерүүд бэлтгэн гаргах юм. Бид уул уурхайн салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний их сургууль байж улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулна.

Танай сургууль бусад сургуулиас юугаараа онцлог вэ?

ГУУС бол Монгол улсад анхны Геологи уул уурхайн инженерийг бэлтгэсэн. Манай сургуулийг төгсөн гарсан инженерүүд уул уурхайн удирдах албан тушаалтнаас эхлээд инженер, техникийн ажилтан гээд бүх төвшинд ажиллаж байгаа. Жишээ нь Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Таван Толгой , Шивээ овоогийн уурхай гээд Монголын томоохон үйлдвэр, уул уурхайн компаниудад ажилладаг. Шинээр төгсөн гарч буй инженерүүдийн хувьд ажлын байр хангалттай байдаг. Зарим тохиолдолд компаниуд манай оюутнуудыг төгсхөөс нь өмнө судлаад ажилд авдаг.

Манай улсад Геологи, Уул уурхайн салбар ямархуу төвшинд явж байна вэ? Та боловсон хүчнээ бэлтгэн гаргадаг хүний хувьд тодорхойлвол.

Сүүлийн жилүүдэд улсын төсвөөр хийдэг геологи хайгуулын ажил багассан. Томоохон хувийн компаниудын хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Уул уурхайн хувьд зохих төвшиндөө явж байна гэж харж байгаа. Гадны томоохон хөрөнгө оруулалттай уул уурхайн үйлдвэрүүд ашиглалтанд ороод үүнд манайхаас төгсөн гарсан  инженерүүд ажиллаж байна. Монгол улсад уул уурхай хөгжөөд 90 гаруй жил болсон байна. Уул уурхайн салбар цаашаа үргэлжлээд явах нь үнэн. Энэ салбараас Монгол Улсын эдийн засаг хамааралтай. Гэхдээ  уул уурхайг хөгжлийн цор ганц гарц гэж харж болохгүй. Ганцхан өнөөдөр нөхцөл байдалтайгаа эвлэрээд энэ салбарыг хамгийн бодитой харж, эрүүлээр хөтлөөд дээрээс нь төсвийн хөрөнгө оруулалтаараа дараагийн салбаруудыг тэтгээд гаргаад ирэх хэрэгтэй.

Хамтарсан чиглэлээр ямар ямар сургалт хөтөлбөрүүд явуулж байгаа вэ?

Салбар сургуулийн хөгжлийн хүрээнд олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг эзэмшүүлэхийн тулд 2011 оноос хойш гадаадын ижил төстэй сургуулиаудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан. Германы уул уурхайн академтай хамтарсан 3+2 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлээд нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ жилийн хувьд 4 оюутан сурахаар бэлтгэлээ хангасан. Жил бүр 4-5 оюутан явж суралцдаг. Мөн геодизи мэргэжлээр БНХАУ-ын ШУТИС-тай 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэн оюутнуудаа жил бүр явуулж байна. Эхний 2 жил тухайн нутаг орныхоо хэлийг нарийн судалдаг үүний дараа шалгалт өгөөд үндсэн мэргэжлээрээ суралцаж төгсдөг.

Сургалтын чанарыг дээшлүүлэх багш нарын бүтээлч идэвхийг нэмэгдүүлэх мөн төгсөгчидтэйгээ хамтарч ажиллах тал дээр тодорхой төлөвлөгөөг гаргаж жилийн өмнөөс ойг угтаж ажилласан. Манай сургуультай хамтарч ажилладаг уул уурхайн үйлдвэрүүд туслалцаа үзүүлж лаборатор кабинетүүдийг байгуулж өгч байгаа. Жишээ нь Эрдэнэд дрийлэнг ХХК, Эрдэнэс Таван Толгой ХХК, Авентис ХХК гэх мэт манай төгсөгчид захирлаар нь ажилладаг компаниуд сургуулийн орчин болоод материаллаг баазыг бэхжүүлэх тал дээр туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Ингээд ШУТИС үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын мэндийг ГУУС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд, эрдэмтэн багш, хамтран ажилладаг байгууллагууддаа өргөн дэвшүүлье.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (103.212.116.142) 2019-10-10 01:45:46
like