Д.Цогтбаатар: Асуудал надад биш энэ улстөрд л байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хот, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотуудад Элчин сайдын яам байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүнд их унаж байна. Ийм байхад шинээр Элчин сайдын яам, Консулын газар байгуулах шаардлага бий юу. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-2016 онд Монгол Улс өрөнд баригдсан, модоо барьсан, Элчин сайдын яам ажиллуулах мантай байлаа. Яах аргагүй засгийн бодлого хэмнэлтийн горимд шилжсэн байсан. Манжуурын тухайд гэхэд долоо хоногт таван удаа шууд нислэг явж байна гэдэг нь гурван орны хилийн зааг, хүн амын зорчилт нэмэгдсэн гэсэн үг. Хүн, бизнесийн урсгалаа дагаж нээх нь зөв. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар дипломатууд гэмт хэрэгт холбогдсон асуудлаар мэдээлэл өгсөн. Тамхи, хар тамхи зэрэг асуудалд холбогдсон хүмүүсийг бүгдийг нь ажлаас чөлөөлсөн. Байнгын хорооноос ирүүлсэн чиглэлийн дагуу бид ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Элчин сайд, Консулын газрын удирдлагуудын томилгооны асуудал юу болж байна вэ. Бараг 10 орчим хувь нь Элчин сайдгүй, Ерөнхий консулгүй байна. Тэгэхээр Монгол Улсын эрх ашгийг хамгаалах асуудлыг Элчин сайд хариуцаж байгаа. Хэрэв томилгооны асуудал дээр хууль эрх зүйн болон тогтолцооны хямралаас болж асуудал үүсээд байгаа бол яамны зүгээс бодлогын санаачлага гаргаж, хууль санаачлах боломж байхгүй юм уу. Мөн Элчин сайдтай холбоотойгоор мэргэжлийн хүн томилуулахгүй, гацааж байгаа асуудлыг ил тод мэдээлээд явах боломж байна уу. Яагаад гэвэл ил, далдгүй Элчин сайдын томилгоо бэлэг болсон гэж ярьж байна шүү дээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Дэлхийгээр дүүрэн Элчин сайдгүй Элчин сайдын яам байгаа юм шиг ярьж байна. Дипломат алба өөрөө залгамж чанартай, дараагийн Элчин сайд томилогдсоны дараа өмнөх нь ажлаа өгдөг. Долоон цэвэр мэргэжлийн дипломат Элчин төлөөлөгчийг томилуулах саналаа өгсөн. Гэтэл би хичнээн их улс төрийн ил далд лобби, шахаан дундуур явсан гэж бодож байна. Мэргэжлийн хүмүүсийг оруулсан байгаа, батлаад өгөөч. Москвад Элчин сайд байхгүй, бусад газар бол хугацаа нь дууссан ч дараагийн хүнээ томилогдохыг хүлээгээд ажлаа хийж байгаа Элчин сайдууд бий. Асуудал Д.Цогтбаатарт бус Монголын балиартсан улстөрд л байгаа шүү дээ.

Ингээд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотуудад Элчин сайдын яам байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
N24 (202.55.188.36) 2019-10-10 18:16:41
Сайд юм уу СААД юм уу наадах чинь? 70кг хар тамхины хэрэг хэний үед ил болов оо?