Б.Бат-Эрдэнэ: Дипломат эрх ямба эдлээд Монгол Улсын нэрийг шороотой хутгаж байна

УИХ-ын чуулганы /2019.10.10-ний өдрийн/ нэгдсэн хуралдаанаар “БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хот, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотуудад Элчин сайдын яам байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Гадаад харилцааны яаманд анхаарал хандуулахгүй бол болохгүй талаар өмнө нь ярьж байсан. Тус яаманд ажиллаж байсан УИХ-ын гишүүд өөрснөө хамгаалаад байна лээ. Үндсэн ГХЯ –ны ажилтнуудын дундаас ийм асууудал гараагүй, өөр байгууллагаас ирсэн хүмүүсээс гарч байгаа. Тээврийн ажилчдаас хамаг асуудал гарч байна гэх мэтчилэн бурууг бусадруу чихдэг, тохдог ийм хандлагаар асуудалд хандаж байна. Тэгэхээр ийм байж болмооргүй юм шиг санагдаж байна. Гадаад харилцааны яамны ажилтнуудын хандлага улс орноо ард түмнээ гэсэн чин сэтгэл ямар байна гэдэг нь шүүмжлэх, хэлэх ёстой асуудал мөн үү гэвэл мөн юм.

Олон удаа гадаад дотоод явж байхад харж ажиглагдаж байгаа зүйл бол яг өөрснийхөө хүмүүсийг хүний ёсноос гадуур хүний хэмжээнд үнэлдэг ийм улсууд шүү.

Би гадаадад томилогдсон консулын газруудаар бараг ордоггүй. Консулуудын байж байгаа хандлага бол тодорхой харагддаг. Үүн дэээрээ эрс өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Гадаад харилцаа өргөжсөн гадагш дотогш явж буй монгол иргэд олон байна зарим нь ажилладаг, сурдаг, ажил амьдарлын янз бүрийн шалтгаанаар явдаг тэнд байгаа монгол иргэдийн эрх ашиг маш ихээр хөндөгдөж байна зарим нь үхэл хагацал өвчин зовлонгоос өгсүүлээд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу олон асуудлууд тулгарч байгаа. Хууль эрх зүйн талаасаа болон бусад чиглэлээр дэмжлэг туслалцаа авахыг хүссэн хүмүүс олон байгаа. Тэр болгонд тун хангалтгүй хандаж байна гэж би дүгнэдэг.

Европод явж байсан ч ажиглагдаж байна, азийн орнуудад явж байхад ч ажиглагдаж л байдаг. Цаад талд нь ямар байдал байгаа вэ гэхээр монгол төрийн өмнөөс өчнөөн төсөв зардал гаргаж зараад, дипломат эрх ямба эдлээд, байр сууц гээл бүх зүйлсээр хангуулаад сууж байгаа эдгээр хүмүүс юунд холбогдож байгаа билээ юунд орооцолдож байгаа билээ ярьж хэлэхийн арга байхгүй хууль бус үйл ажиллагаануудад оролцоод улс орныхоо нэр хүндийг гадаадад өргөж олон улсынхаа харилцааг авч явах битгий хэл бүр газарт унагаж шороотой хутгачихаад явж байгаа шүү. Ийм зүйлийг хэлэхээс яах вэ.

Энэ асуудлаа ярихаар өмнөөс хэдэрлээд дайраад давшлаад зарим их хурлын гишүүд гадаа үүдэнд халширсан сууж байна. ЗГ-ын хариуцсан сайд нь загнаад байх юм, загнаж зандруулаад бид яаж саналаа өгөх билээ гээд.

Ийм байдлаар хандаж болохгүй. Тиймээс Беларус улсад элчин сайдын яам нээх энэ асуудлыг дэмжмээр байдаг. Гэтэл цаад талд нь Европын гол зангилаа ахиад л бахь байдгаараа хууль бус буруу наймаа үйл ажиллагаанд оролцоод эхэлвэл яах вэ.

Сүүлд нь асуудалд хариуцлага ярихаар бие биерүүгээ чихээд өөрсөддөө ямар ч буруу өгдөггүй бүх зүйлд бусад буруутай гэж хэлээд суудаг. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо нилээн хатуу байр суурин дээр асуудлыг авч хэлэлцсэн түүнээс хойш тодорхой цаг хугацаа өнгөрлөө, ямар ажил арга хэмжээ зохион байгуулсан юм, энэ нь ойлгомжгүй гадаад харилцааны сайдын өнөөдрийн өгч байгааа тайлбараас тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй авч хэрэгжүүлсэн ажилгүй байгаа юм байна гэсэн ойлголттой байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүнд их унаж байна. Ийм байхад шинээр Элчин сайдын яам, Консулын газар байгуулах шаардлага бий юу. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-2016 онд Монгол Улс өрөнд баригдсан, модоо барьсан, Элчин сайдын яам ажиллуулах мантай байлаа. Яах аргагүй засгийн бодлого хэмнэлтийн горимд шилжсэн байсан. Манжуурын тухайд гэхэд долоо хоногт таван удаа шууд нислэг явж байна гэдэг нь гурван орны хилийн зааг, хүн амын зорчилт нэмэгдсэн гэсэн үг. Хүн, бизнесийн урсгалаа дагаж нээх нь зөв. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар дипломатууд гэмт хэрэгт холбогдсон асуудлаар мэдээлэл өгсөн. Тамхи, хар тамхи зэрэг асуудалд холбогдсон хүмүүсийг бүгдийг нь ажлаас чөлөөлсөн. Байнгын хорооноос ирүүлсэн чиглэлийн дагуу бид ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Элчин сайд, Консулын газрын удирдлагуудын томилгооны асуудал юу болж байна вэ. Бараг 10 орчим хувь нь Элчин сайдгүй, Ерөнхий консулгүй байна. Тэгэхээр Монгол Улсын эрх ашгийг хамгаалах асуудлыг Элчин сайд хариуцаж байгаа. Хэрэв томилгооны асуудал дээр хууль эрх зүйн болон тогтолцооны хямралаас болж асуудал үүсээд байгаа бол яамны зүгээс бодлогын санаачлага гаргаж, хууль санаачлах боломж байхгүй юм уу. Мөн Элчин сайдтай холбоотойгоор мэргэжлийн хүн томилуулахгүй, гацааж байгаа асуудлыг ил тод мэдээлээд явах боломж байна уу. Яагаад гэвэл ил, далдгүй Элчин сайдын томилгоо бэлэг болсон гэж ярьж байна шүү дээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Дэлхийгээр дүүрэн Элчин сайдгүй Элчин сайдын яам байгаа юм шиг ярьж байна. Дипломат алба өөрөө залгамж чанартай, дараагийн Элчин сайд томилогдсоны дараа өмнөх нь ажлаа өгдөг. Долоон цэвэр мэргэжлийн дипломат Элчин төлөөлөгчийг томилуулах саналаа өгсөн. Гэтэл би хичнээн их улс төрийн ил далд лобби, шахаан дундуур явсан гэж бодож байна. Мэргэжлийн хүмүүсийг оруулсан байгаа, батлаад өгөөч. Москвад Элчин сайд байхгүй, бусад газар бол хугацаа нь дууссан ч дараагийн хүнээ томилогдохыг хүлээгээд ажлаа хийж байгаа Элчин сайдууд бий. Асуудал Д.Цогтбаатарт бус Монголын балиартсан улстөрд л байгаа шүү дээ.

Ингээд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотуудад Элчин сайдын яам байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.