Допинг илэрсэн бөхчүүдийн цолыг хураахаар шийдвэрлэв

Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэж, бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал зэрэг шийдвэр гаргажээ.

Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас хоёр бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэн билээ. БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд болон тав давж цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын асуудлыг Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар хэлэлцлээ. Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэж, бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал зэрэг шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Э.Оюунболд болон Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгож, тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгохоор болсон байна. Э.Оюунболдод унасан А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга цол, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн аж. Мөн Д.Цэрэнтогтоход унасан О.Хангайд чимэг олгох юм байна.

Түүнчлэн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын барилдах эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэрлэсэн ба Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.