Хөргүүрийн ферон алдагдсаны улмаас 40 гаруй хүн хорджээ

“Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрт хөргүүрийн ферон алдагдсаны улмаас 40 гаруй хүн хорджээ

Баянхонгор аймгийн төв, Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрт энэ сарын 25-ны 09:30 минут орчимд “Хүн ухаан алдсан, бие нь муудсан” гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу яаралтай тусламжийн баг очиход тус үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдсан, хоёр хүн хүнд, 38 хүн хөнгөн байдлаар хордлогод өртсөн байсныг эмнэлэгт яаралтай хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээ хийж, үзлэг шинжилгээнд хамруулжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд МХЕГ-аас мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж байна. Урьдчилсан байдлаар агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй аж. Прокурорын хяналтан дор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран үйлдвэрт үзлэг, шинжилгээг үргэлжлүүлэн хийж, ослын хор уршгийг арилгахаар ажиллаж байна.

Тухайн өдрийн 18:30 цагийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2 хүн, дотрын тасагт 1 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай тусламжийн хэсэг дээр 6 хүн эмчилгээ хийлгэж, ажиглалтад байна. Бусад хүмүүсийн биеийн байдал сайжирсан хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.