Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болохыг дэмжих үү

Сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилдэг гэх шүүмжлэл гардаг ч энэ байдал өнгөрсөн 20 гаруй жилд арилсангүй.

Парламент он дуусахтай зэрэгцэн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төвөллөөд буй. Сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилдөг гэх шүүмжлэл гардаг ч энэ байдал өнгөрсөн 20 гаруй жилд арилсангүй. Энэ удаагийн парламент ч өмнөх жишгийг даьтаж байна. УИХ-ын даргын захирамжааар сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, Л.Энх-Амгалан гишүүн ахалж буй. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн мэдүүлэх байсан ч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хойшилжээ.

УИХ дахь АН-ын зөвлөлөөс сонгуулийн тогтолцоог холимог болгох заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгахыг шаардаж буй. Үүнтэй холбоотойгоор зөвшилцөх ажлын хэсэг ажиллаж байгаа ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. сонгуулийн холимог тогтолцоотой холбоотой хоёр намын төлөөллийн байр суурийг хүргье.

Ж.Эрдэнэбат: Намын жагсаалтаар нэр дэвших боломжийг нээж өгөх хэрэгтэй

-Намын жагсаалтаар баахан хүн УИХ-ын гишүүн болох нь гэх буруу ойлголт нийгэмд явж байна. Сонгуулийн холимог тогтолцоо гэдэг бол жагсаалтаар орж ирэх нэрийг ямар ч байдлаар өөрчлөх боломжтой гэсэн үг. Ялангуяа жагсаалтаар орж ирж байгаа нэр дэвшигчид улс орны бодлогын асуудалд голтой ханддаг туршлагатай улстөрчид, салбарын эрдэмтэн, мэргэд, хуульчид байх ёстой. Тэднийг намын жагсаалтаар нэр дэвших үүд хаалгыг зайлшгүй нээж өгөх хэрэгтэй. Энэ удаагийн УИХ бодлогын хэмжээний улстөрчдийг бүрдүүлж чадаагүйгээс алдаж байгаа зүйлүүд бий. Тиймээс энэ талаасаа сонгуулийн тогтолцоог холимог болгох санал тавьж байгаа юм.

Я.Содбаатар: Намын жагсаалтыг дэмжихгүй

-АН-аас гаргасан энэ саналыг бүлэг дотроо дахин ярилцах байх. Одоогоор бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаа. зөвшилцөх ажлыг хэсэг хуралдаад бүлэгт хувилбараа танилцуулах байх. Би хувьдаа, намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн байр суурьтай байна. Өмнө ч манай намын бүлэг Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд ямар ч тохиолдолд хүнээ сонгодог буюу можаритар тогтолцоотой байхыг дэмжсэн. Ингэхдээ улс нэг, бүс нэг тойрог байх уу эсвэл жижиг, том мажаритар байх уу гэдгээ сонгоод явъя гэж байгаа.

С.Заяа

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.