Ч.Хүрэлбаатар: УИХ АМНАТ-ыг буцааж сэргээж өгнө гэдэгт итгэлтэй байна

Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан.

Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа нүүрснээс авах татварын зохицуулалтыг хүчингүй болгосон. Үүнээс үүдэж, ирэх оны төсөвт 1. 2 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрөхгүй болох эрсдэл үүссэнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Түүнээс дараах тодруулгыг авлаа.

-АМНАТ-ыг эргэж сэргээх хуулийн төслийг хэзээ хэлэлцэх вэ. Яаралтай горимоор хэлэлцэж, батлахгүй бол ирэх оны төсвийн орлого бүрдүүлэлтэд хор нөлөөтэй шийдвэр гарчихсан юм уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц Их суудлын хуралдаанаараа гаргасан. Тодорхой хэлбэл, Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан.

Олон улсын нэр томьёогоор рояалти Монголд бол AMHAT гэсэн татвартай. Цэцийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх нь тодорхойгүй болсон.

Дээр нь хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг нь авч хаясан байна. Ингээд Монгол Улсад 2020 оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж байсан нь эргэлзээтэй болж эхэллээ. Үүнээс гадна 2018 оны төсвийн гүйцэтгэлээр нэг их наяд 64 тэрбум төгрөгийн АМНАТ-ыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

2019 оны эхний есөн сарын байдлаар төсөвт нэг их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсан татварыг хүчингүй болгосон хорлонтой шийдвэр гаргалаа.

-Нэр дурдагдаад байгаа лобби хийсэн компаниуд хэдий хэмжээний татвар төлсөн бэ?

-Зарим хүн үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж яриад байгаа. Тухайлбал, “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос тонн нүүрсийг 72 ам.доллароор авч байгаа.

Дотооддоо худалдаж байгаа учраас АМНАТ-ыг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ “Страто” гэдэг компани бус “Эрдэнэс Тавантолгой” төлж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ 92 ам.доллароор гаргадаг. Үүнээс найман хувийн АМНАТ төлдөг.

Харин “Страто” компани 2.5 хувь шингэсэн үнээр аваад, боловсруулаад гаргахдаа 6.5 хувиар буюу Ашигт малтмалын тухай хуульд давхардуулахгүй гэж заасан учраас 2.5-аа хасаад үндсэндээ дөрвөн хувийн AMHAT төлдөг.  “Эрдэнэс Тавантолгой” найман хувь төлж байхад тэд дөрвөн хувийн татвар төлж байна. Тэгсэн хэр нь боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихгүй байна гэдэг өрөөсгөл.

АМНАТ бол Монгол Улсад 2006 оноос төлөгдөөд явж байгаа татвар.

-Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрээс үүдэж, энэ оны хүлээгдэж буй тесвийн орлогын бүрдүүлэлт хэд орчим төгрөгөөр буурах тооцоо байна вэ?

-Засгийн газрын хуралдаанаар ороод үүнийг засъя гэсэн чинь дэгээрээ УИХ өөрчлөлт хийх ёстой юм байна. Тэгэхээр УИХ энэ ажлыг хийгээд явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллаж байна.

Дунд нь хоног алдахгүй байхаар зохицуулаад гаргаж болно. Сангийн яам, Засгийн газрын зүгээс 1.3 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлэхгүй байж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Үүнийг компаниуд төлөөд ирсэн татвар. Тиймээс эргүүлээд сэргээж өгнө гэдэгт би итгэлтэй байна. AMHAT бол Монгол Улсаас экспортод гаргаж байгаа зэс, төмөр, нүүрс, цайр зэрэг бүхий л бүтээгдэхүүнээсээ авдаг. Ингээд орлогоо 1.3 их наяд байна гэж тооцож гаргасан.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны байр суурь АМНАТ дээр зөрүүтэй байгаа гэсэн. Асуудал юундаа байгаа юм бол?

-Мэдэхгүй. Би тийм зүйл сонсоогүй. Энэ хуулийг анх Д.Сумъяабазар сайд өргөн мэдүүлсэн. Тэгэхдээ Засгийн газраас санал аваад санал нэгтэйгээр өргөн барьсан. Тэр санал хэвээрээ байгаа. Засгийн газар нэгдсэн нэг байр суурьтай байгаа.

С.Заяа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.